Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2024/02254

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 24 101/ШШ2024/02254

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Г.Бямбажаргал, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ******* овогт *******ын *******ы /рд:*******/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* СӨХ-д /ГД:*******/ холбогдох

 

Гэм хорын хохиролд 19,638,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч иргэн Х.******* /РД: *******/ нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхоны -р байр, тоотод гэр бүлийн хамт оршин сууж байнга амьдардаг болно. Мөн тус ******* хотхоны -р байрны В1 давхрын 8, 9 номерын авто зогсоолыг хууль ёсоор өмчилж байна.

Нэхэмжлэгч нь ******* хотхонд оршин сууж эхлэсэн цагаасаа хариуцагч "******* СӨХ-оос тогтоосон дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардал буюу СӨХ-ны төлбөрөө цаг тухай бүрт нь төлж ирсэн ба аливаа төлбөрийн зөрчилгүй болно. Нэхэмжлэгч нь хариуцагчид СӨХ-ны төлбөрт сар бүр 145,018 төгрөгийг төлдөг.

Иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар сууц өмчлөгчдийн холбоо буюу СӨХ нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах, засвар үйличлгээг хариуцах үндсэн үүрэгтэй.

Нэхэмжлэгч Х.******* нь 2023 оны 12 сарын 14-ний өдрийн орой 21 цаг 15 минутын орчимд өөрийн өмчлөлийн УБЛ улсын дугаартай, LEXUS 570 маркийн автомашинтайгаа В1 давхарт байрлах авто зогсоол руу орох үедээ автомашины орох гарах налуу зорчих хэсэгт тогтсон цас мөсөн дээр халтирч гулсан авто зогсоол бүхий байрны ханыг мөргөж зогссон ба үүний улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн автомашинд эвдрэл, гэмтэл учирсан байдаг. Энэхүү явдал нь гагцхүү хариуцагч ******* СӨХ нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн арчлалт, цэвэрлэгээг хийж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүйн улмаас цас ихээр тогтож, халтиргаа гулгаа үүссэнтэй шууд холбоотой юм. Энэ талаар тухайн үед нь нэхэмжлэгч ******* СӨХ-д даруй мэдэгдэж, СӨХ-өөс тухайн үед тогтсон цас, мөсийг цэвэрлэсэн байдаг.

Нэхэмжлэгч нь энэ үед өөрийн том хүүтэйгээ хамт автомашинд зорчиж явсан ба жолоо барьж байсан нэхэмжлэгч нь зам тээврийн дүрэм, журам зөрчөөгүй, архи согтууруулах ундааны зүйлс огт хэрэглээгүй байсан болно. Энэ үед цагдаад дуудлага өгч, жолоочийг архи согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн эсэхийг хүртэл шалгуулсан байдаг ба цагдаагийн зүгээс зам тээврийн зөрчил биш тул нэхэмжлэгчийг СӨХ-тойгоо асуудлаа шийдвэрлээрэй гэж мэдэгдсэн байдаг.

Хариуцагч ******* СӨХ-өөс дундын өмчлөлийн эд хөрөнгийн арчлалт, цэвэрлэгээг хийж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн дээрх асуудлаас болж нэхэмжлэгчийн өмчлөлийн автомашинд учирсан хохирол 18,552,600 төгрөг болохыг хөндлөнгийн байгууллага болох Итгэлт хөрөнгө ХХК-иас үнэлж тогтоосон. Энэхүү үнэлгээг гаргуулах төлбөр 1,086,000 төгрөг болсон ба үүнийг нэхэмжлэгч нь бүрэн хариуцаж төлсөн болно. Нэхэмжлэгчээс учирсан хохирол, гэм хорыг төлж барагдуулахыг хариуцагчаас шаардаж, үүссэн асуудлыг эвийн журмаар харилцан тохиролцож шийдвэрлэхийг эрмэлзэж, удаа дараа түүнд хандсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн үр дүн гарахгүй байгаа тул ийнхүү шүүхэд хандаж байна.

Иймд Иргэний хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг үндэслэн хариуцагч ******* СӨХ-оос нийт 19,638,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.*******д олгож өгнө үү.

Жолоочийн ур чадварын талаар маргаж байгаа боловч Зөрчил шалгах ажиллагааны явцад жолоочийг замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзсэн, СӨХ саяхан тайлан тооцоогоо танилцуулахад 50 орчим сая төгрөгийн хуримтлал үүссэн гэж тайлагнасан гэв.

 

2. Хариуцагч ******* СӨХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн **-р хорооны ******* хотхоны -р байр, тоотод оршин суух иргэн *******ын *******гаас тус ******* СӨХ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцсанаар дор дурдсан хариу тайлбар гаргаж байна.

1. Нэхэмжлэлд дурдсанаар сууц өмчлөгчдийн холбоо нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах чиг үүрэгтэй байгууллагын хувьд цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол хийж ирсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дундаа өмчлөх эд хөрөнгийн арчлалт цэвэрлэгээг хийж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй гэж буруутгасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн ганц машин авто зогсоол руу орж гардаггүй. Оршин суугчдын машинууд бүгд орж гарч байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан шиг ийм асуудал огт гарч байгаагүй.

2. Нэхэмжлэгч авто зогсоол руу орох үедээ халтирч гулсан хана мөргөж машиндаа гэмтэл учирсан хохирол нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Зам тээврийн дүрэм журам зөрчөөгүй гэдгийг ямар баримт нотолгоог үндэслэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Жолооч өөрөө автомашинаа эрсдэлээс хамгаалж зорчих ёстой, осол аваарын үед нэн даруй зогсох арга хэмжээг авах ёстой гэж ойлгож байна.

3. СӨХ нь ашгийн төлөө байгууллага биш, зөвхөн оршин суугчдын дундын өмчлөлийн ашиглалт хэвийн байдлыг хангах үүрэгтэй, энэ үүргээ оршин суугчдын төлөх төлбөрөөр биелүүлдэг. Хохирол нөхөн төлөх ямар ч боломжгүй болохыг нэхэмжлэгч ойлгож байгаа.

Дээр дурдсан үндэслэлүүдийн дагуу нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. СӨХ нь өөрийн эд хөрөнгөгүй, цэвэрлэгээ үйлчилгээ хийж үүргээ биелүүлж байсан тул гэм хорыг хариуцахгүй, жолоочийн ур чадвараас шалтгаалж өөрт нь хохирол учруулсан тул нэхэмжлэлийг хариуцахгүй гэж үзэж байна гэв.

3. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Х.******* нь СӨХ-ийн өр төлбөргүй гэсэн ******* СӨХ-ийн тодорхойлолт, хөрөнгийн үнэлгээний төлбөр төлсөн баримт, Итгэлт хөрөнгө ХХК-ийн үнэлгээний тайлан, үнийн санал, граж доторх цагдаагийн ажилтан, драйгер бүхий нэхэмжлэгчийн зураг, автомашины зураг, грашид байгаа нөхцөл байдлыг харуулсан зурагнууд, Зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалаас хуулбарласан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Х.*******ы хүсэлт, граж дотор цагдаагийн ажилтан нь Х.*******ыг драйгер үлээлгэсэн зураг, машины эвдрэлийг харуулсан зураг, СӨХ-ийн захирал Х.гийн иргэний үнэмлэхний хуулбар, холбогдогч ******* СӨХ-ийн захирал Х.гаас авсан мэдүүлэг, хохирогч Х.*******аас авсан мэдүүлэг, оршин суугчдын группэд гарсан мэдээлэл, ******* СӨХ-өөс Цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлт, байрны гадна талбайд цас цэвэрлэж байгаа байдлыг харуулсан зураг, эрх бүхий албан тушаалтны гаргасан магадлагаа, эрх бүхий албан тушаалтны магадлагааг оролцогч нарт танилцуулсан тэмдэглэл, Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тэмдэглэл, Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас, торгуулийг төлсөн интернэт гүйлгээний мэдээлэл, Эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас, бичлэг бүхий Сиди-1 ширхэг, хариуцагч талаас СӨХ-ийн гэрчилгээ, итгэмжлэл, хариу тайлбар зэргийг гаргаж өгсөн, шүүхийн журмаар бичлэг бүхий Сидины бичлэгт үзлэг хийсэн.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч ******* СӨХ-д холбогдуулан гэм хорын хохиролд 19,638,600 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, хариуцагч тал нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн арчлалт, цэвэрлэгээг хийж гүйцэтгэх үүргээ хариуцагч ******* СӨХ нь биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, хариуцагч нь Сууц өмчлөгчдийн холбоо бол хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, өөрийн эд хөрөнгөгүй, цэвэрлэгээ арчилгаа хийж байсан, жолоочийн ур чадвараас хамаарч хохирол учирсан тул СӨХ хариуцахгүй гэж тайлбарлаж байна.

3. Шүүх хуралдаанд сонгогдсон иргэдийн төлөөлөгч ирээгүй, нэхэмжлэгч, хариуцагч тал түүний эзгүйд шийдвэрлүүлэх тайлбар гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шийдвэрлэв.

Хэрэгт дараах үйл баримтууд тогтоогдож байна.

4.Нэхэмжлэгч Х.******* нь 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 21:45 цагийн үед өөрийн эзэмшлийн УБЛ улсын дугаартай, LEXUS.LX570-J200 маркийн автомашин жолоодож Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ******* хотхоны В1 давхарт байрлах автозогсоол руу орох явцдаа замын налуу хэсэгт тогтсон цас мөсөн дээр гулгасны улмаас хана мөргөж дээрх автомашинд хохирол учирсан байна.

5. Нэхэмжлэгч Х.******* нь УБЛ улсын дугаартай, LEXUS.LX570-J200 маркийн автомашины эзэмшигч өмчлөгч болох нь нэхэмжлэгчийн тайлбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдсон, мөн нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, **-р хороо, ******* хотхон, -р байр, тоотод оршин сууж, ******* СӨХ-ийн сууц өмчлөгч, СӨХ-ийн төлбөр төлдөг болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан ******* СӨХ-ийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

6. Дээрх ослын талаарх гомдол мэдээллийг Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэс хүлээн авч, жолооч Х.*******ыг архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 00.0 гарсан, холбогдогч ******* СӨХ-ийн захирал Х., хохирогч Х.******* нараас тайлбар мэдүүлэг авч зөрчил шалган шийдвэрлэх зохих ажиллагаа хийж, дараах нөхцөл байдлыг тогтоожээ. Үүнд;

2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 21:45 минутын үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо ******* хотхоны автогражын замд ******* овогтой ******* нь LEXUS.LX570 маркийн УБЛ автомашиныг жолоодон явах үедээ ******* СӨХ-ийн хариуцсан авто замын халтиргаанаас шалтгаалан гулгаж авто гражын хана мөргөж эд хөрөнгийн хохирол учруулсанд Х. захиралтай ******* СӨХ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.3. Зам ашиглалт, хот тохижилтийн асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, замын байгууламж, төмөр замын гарам болон хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна гэснийг зөрсөнөөс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй,

жолооч Х.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй техникийн бүрэн бүтэн байдал алдагдаагүй талаар Эрх бүхий албан тушаалтны магадлагаа гарч, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Улмаар 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсаар ******* СӨХ-ийн гүйцэтгэх захирал Х.г Зөрчлийн тухай хуулиар 200,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, торгуулийг ******* СӨХ төлж барагдуулсан баримт хэрэгт авагджээ.

7. Уг ослын улмаас нэхэмжлэгчийн автомашинд баруун урд их гэрэл, урд буфер, урд буферын араас хөөс, баруун урд нэмэлт гэрлийн арын суурь, баруун урд нэмэлт гэрлийн арын таг, баруун урд крыло, капот, баруун урд их гэрлийн шүршигч, урд буфер тогтоогч зам, баруун урд шанаа, баруун урд под крыло зэрэг эд ангиуд эвдэрч зарим эд ангийг захиалгаар, зарим эд ангийг завсарлах, зарим эд ангийг солих, шууд болон шууд бус зардалд нийт 18,552,600 төгрөгийн зардал гаргах нь Итгэлт хөрөнгө ХХК-ийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

8. Дээрх үйл баримтуудын талаар талууд маргаагүй ба харин уг мөнгийг хариуцагч төлөх үндэслэлтэй эсэхэд талууд маргаж шүүх дараах дүгнэлтийг хийлээ.

******* СӨХ нь Баянзүрх дүүргийн 26-р хороо, ******* хотхоны 330, 331, , -р байруудад сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа явуулдаг болох нь ******* СӨХ-ийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-...машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө нь Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарч байгаа тул осол болсон В1 давхрын автозогсоолын ашиглалт, засвар үйлчилгээг сууц өмчлөгчдийн холбоо хариуцна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.

Хариуцагч ******* СӨХ нь тухайн автозогсоолын орох хэсэг, налуу хэсэгт үүссэн цас, мөсийг хангалттай цэвэрлээгүй, хариуцагчийн энэхүү үйлдлээс шалтгаалж осол гарсан талаар Хялбаршуулсан журмаар Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар нэгэнт тогтоогдсон байна.

Тодруулбал, хариуцагч ******* СӨХ нь тухайн автозогсоолын орох хэсэг, налуу хэсэгт үүссэн цас, мөсийг хангалттай цэвэрлээгүй үйлдлээс шалтгаалж осол гарч нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан нь шалтгаант холбоотой байх тул хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд арилгах үүрэгтэй болно.

Харин тухайн осол болсон үед цас орсны улмаас хальтиргаа гулгаа үүссэн, жолоочийн хувьд авто зогсоол руу орох явцдаа замын нөхцөл байдлыг үнэлэн тодорхой арга хэмжээ авах, эсхүл бусдаас тусламж авч хальтиргаа гулгааг багасгах зэрэг тодорхой арга хэмжээ аваагүй нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т зааснаар гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болох тул шүүх хохирлын хэмжээг 50 хувиар бууруулж, 9,819,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн төлсөн 256,143 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 9,819,300 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 172,059 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасантай нийцнэ гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т зааснаар хариуцагч ******* СӨХ-өөс гэм хорын хохиролд 9,819,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.*******д олгож, нэхэмжлэлээс 9,819,300 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,143 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 172,059 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

ШҮҮГЧИД Г.БЯМБАЖАРГАЛ

 

Б.МАНДАЛБАЯР