Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
Хэргийн индекс | 101/2023/06454/И |
Дугаар | 101/ШШ2024/02225 |
Огноо | 2024-04-24 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2024/02225
2024 04 24 101/ШШ2024/02225
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* овогт *******ийн ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******ын ******* /ИБД:*******/-д холбогдох,
95,048,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Д.******* миний бие 2022 оны намар 10 сард Сэлэнгэ аймгаас байцаа намрын бөөний үнээр худалдан авч хавар ногоо үнэ орох үеэр зарах зорилгоор 84 тн 282 кг байцаа худалдан авсан.
Тэгээд ногооны зориулалттай зоорь түрээслүүлнэ гэсэн утга бүхий Ц.******* гэсэн facebook хаягаас Ногооны зоорь сонирхогчид гэсэн групп байсан , ногооны зоорь түрээслүүлнэ 800 тн гэсэн пост зарын дагуу холбогдож 2023 оны 10-р сарын 25-28-ны өдрийн хооронд байцаагаа зөөвөрлөн авч ирж зооринд хийгээд зоорь түрээсийн төлбөрт сард 2,460,000 төгрөгийг түүний хаан банкны тоот дансаар сар бүр төлж хавар 5-р сарын сүүл хүртэл зооринд хийхээр болоод хадгалуулсан.
Тэгээд хавар 2023 оны 5-р сарын сүүлээр ирж байцаагаа авах гэтэл ихэнх нь муудсан, худалдах боломжгүй болсон байсан. Тухайн үед зоорь хариуцаж байсан гэж хүнд болон *******т хэлж хэд хоног хүн хөлсөлж ангилж ялгаж байж нийт 84,282 тн байцайнаас 10,888 тн байцааг ялгаж зах зээлийн ханшаас маш хямд үнээр буюу 1 кг байцааг 800 төгрөгөөр үнэлж зарсан. Гэвч үлдэгдэл буюу 73,114 тн байцааг зарж борлуулах боломжгүй, муудсан байсан тул арга буюу орхиод байцааны үнийг төлөөд хохиролгүй болгохыг удаа дараа шаардсан боловч үр дүн гараагүй. Хавар зоорины байцааны үнэ ханш бөөний үнэ нь 1 кг нь 1300-1500 төгрөгийн үнэтэй, жижиглэнгийн үнэ 2000-2500 төгрөг байсан.
Иймд Ц.*******аас 73 тн 114 кг байцааг 1 кг-ийг 1,300 төгрөгөөр тооцон нийтдээ 95,048,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.******* надад өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би өөрөө газар тариалангийн бизнес эрхлээд 3 жил болж байна, тухайн жилд байцаа тарьсан боловч санасан хэмжээнд хүрээгүй, 2022 оны 9 сард *******, фэсбүүкт зар тавьсан байсан, 800 тонны багтаамжтай хүнсний ногооны зоорь түрээслүүлнэ гэсэн зар тавьсан байсан, 1 тонныг 30,000 төгрөгөөр хадгална гэж тохирсон, 10 сарын дундуур хадгалалтын байцааг хадгалдаг, 100 тонныг сарын 3 сая төгрөгөөр хадгалахаар ярьж байсан боловч тийм хэмжээний байцаа олдоогүй. Би өөрөө Сэлэнгэ аймагт очиж 84 тонн 262 кг байцаа худалдаж аваад зооринд хийсэн. Би өөрөө урьд нь 2020, 2021 онд өдий хэмжээний байцаа хадгалж 800-900 төгрөгөөр худалдаж аваад 6 сард гаргаж зараад түрээсийн зардлаа дараад ашиг олсон туршлага байдаг. Хөргүүртэй стандарт зооринд хадгалахаар ямар ч эрсдэлгүй юм байна гэж ойлгоод *******тай аман тохиролцоо хийж байцаагаа хадгалсан. Хадгалалтын байцааг намар хямд байхад аваад хавар 5-6 сард гаргаж эрэлт ихтэй үед борлуулж, үнийн зөрүү харж ашгаа олдог юм. Би 1 кг-аас 500-800 төгрөгийн ашиг олно гэж харж байсан, би өөрөө Хөвсгөлд хөргүүргүй зоорьтой юм.
Би байцаагаа 2022 оны 10 сарын 25-28-ны хооронд 84 тонн 260 кг байцааг зооринд хийж, 2 тонн 260 кг хаягдал гарна гэж тооцоод 82 тонн байцаагаар тооцоогоо хийе гээд сарын эцэст 2,460,000 төгрөгийг өгч байхаар *******тай аман тохироо хийсэн, 2022 оны 11 сарын 19-нд 2,460,000 төгрөг, 2022 оны 12 сарын 29-нд 2,460,000 төгрөг, 2023 оны 02 сарын 13-ны өдөр 2.460.000 төгрөг, 2023 оны 03 сарын 13-нд 2,460,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2,460,000 төгрөг, нийт 12,300,000 төгрөгийг *******ын хаан банкны данс руу хийсэн.
2023 оны 1 сард зоорин дээр очиж байцаагаа үзэхэд сайхан ногоон хэвээрээ өөрчлөлт ороогүй байсан, би Хөвсгөлд байдаг тул муудна гэж огт бодоогүй, 2023 оны 5 сарын 25-нд Хөвсгөлөөс 5 хүн аваад гараад зооринд иртэл байцаан дээгүүр гялгар цаас дэвссэн, бороо цас орсон юм шиг, шалбааган дотор байсан. *******тай ярихад миний утсыг авахгүй байсан, г дуудсан гайгүйг нь түүж аваач гэж хэлсэн, үлдэгдлийг бид төлье гэсэн тохироотой бид 3 хоног ажиллаад 10 тонн 886 кг байцааг ялгаж аваад Улаанбаатарт байцааны ченжид зарсан боловч 2 тонн 264 кг буцаж ирсэн. *******, нартай холбогдоход утсаа авахаа больсон, цагдаад өгөөд шалгаад иргэний журмаар шүүхэд ханд гэсэн хариу өгсөн.
Нийт 73 тонн 114 кг байцааг 1 кг-ийг 1300 төгрөгөөр үнэлээд 95,048,200 төгрөгийг нэхэмжилж байна.
Анх байцааг 800-850 төгрөгөөр нийт 67,409,600 төгрөгөөр худалдан авсан 1825 шуудайг 6,384,000 төгрөгөөр тооцож ачуулсан, зоорин дээр ирээд ачигчийн мөнгө 1,250,000 төгрөгийн зардал гаргасан. Нийт 75,043,600 төгрөгийн бодит зардал гарсан.
Нийтэд илэрхий баримт статистикийн 1212.мн сайтаас 2023.05-06 сарын байцааны үнэ 1300-1500 төгрөг байсан. Банкнаас зээл авч хүүгийн зардал, тээврийн зардал, олох байсан ашиг зэрэг нь байцааны үнэнд орж, хавар зарах үнээр нэхэмжилсэн.
Зооринд 5 сард ороход ууршуулагчаас ус гойжиж усны гуталтай орж байсан, 2023 оны 5 сарын 24-нд байцаа зүгээр байсан гэж гар утасны бичлэг дээр хэлж байсан боловч гэрчээр асуугдахдаа өөр өөрөөр юм ярьсан байсан. илт худлаа яриад байна. Ууршуулагч доогуураа ханзарч ус нь гоожсон байсан, тэр нь доороо хаялгатай ус нь гадагшаа гарах ёстой байхад тэрийг нь ус нь дотроо гоожиснийг янзлаагүй байсан. Байцаагаа авах үеийн градусыг би хараагүй, учир нь тэр градус нь ил байдаггүй.
Иймд миний нэхэмжилсэн 95,048,200 төгрөгийг хариуцагч Ц.*******аас гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Д.*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Д.******* нь зарын дагуу агуулах түрээслэхээр холбогдож 2022 оны 12 дугаар сар хүртэл хугацааны агуулах түрээсэлж байцаа хадгална гэж хэлсэн. Ногоо хадгалах зорилгоор манай агуулахыг түрээсэлсэн ногоочид өөрсдийн ногоог арчлан хамгаалж, муудсан хэсгийг ангилж цэвэрлэдэг байсан. Гэтэл ******* нь манай агуулахыг түрээслэн авч ногоогоо байрлуулсан атлаа анх тохирсон ёсоор 2022 оны 12 дугаар сард аваагүй, ногоогоо эргэж тойрч байгаагүй бөгөөд хавар ирж байцайгаа ялган авч, муудаж үлдсэн хэсгийг манай агуулахад үлдээж, дараа ирж авна гээд явсан. Үүнээс хойш Д.******* нь дахин ирж муудсан ногоогоо аваагүй бөгөөд бид өөрсдийн хүчээр агуулахаа цэвэрлэж авсан. Миний хувьд агуулах түрээсэлсэн болохоос Д.*******ийн өмнө түүний байцааг хадгалах, арчлах үүрэг хүлээгээгүй юм. Иймд хадгалалтын гэрээний үүрэг зөрчсөн хэмээн 95,048,200 төгрөг нэхэмжилж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нь хадгалуулсан байцаагаа өөрөө үзэж хараагүй юм байна лээ, өөр хүмүүс Сэлэнгэ аймгаас зөөвөрлөж авчирсан байсан, ямар чанартай, хир хэмжээтэй байцааг авчирч зооринд буулгасныг нэхэмжлэгч өөрөө тодорхойлж чадахгүй байгаа. Хэдэн төгрөгөөр байцаа худалдан авсан нь тодорхойгүй, бодит байдалд *******ийн өөрийнх нь хэлсэн температурт, нөхцөлд хадгалсан, өөрөө градусаа утсаар хэлж тэр нөхцөлөөр нь хадгалсан. Анх тохирсон хугацаа болох цагаан сарын өмнө ирж байцаагаа авна гэсэн боловч аваагүй, *******ийн хувьд хэдий хэмжээний байцаа хадгалсан, хөлдсөн хайрагдсан эсэхийг нь өөрөө мэдэхгүй. 10 сарын сүүлээр 25, 28-ны өдрүүдэд байцаа авчирсан ба энэнээс хойш байцаа эхнээсээ муудаж эхэлж байгаа талаар нь *******т хэлж бичлэг хүртэл явуулсан байсан, агаар сэлгэлт хийж миний хийсэн температурт байлгахад зүгээр гэж хэлсэн, 5 сард өөрөө ирж ялгаж цэвэрлээд муудаагүйг авч яваад бусдыг нь үлдээгээд явсныг зоорийн хүмүүс цэвэрлэж хаясан. Байцаагаа авчирсан цаг хугацаанаас хойш 1 удаа ирээд дахиж ирээгүй, хадгалалтын гэрээний үүргийг хариуцагч яаж зөрсөн гэдгийг тогтоож чадаагүй, нэхэмжлэгчийн тайлбарыг нотолсон зүйл байхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Анх хэдэн төгрөгөөр авсан нь тодорхойгүй, үлдсэн байцааг 1300 төгрөгөөр тооцож байгаа нь хаанаас гарч ирсэн үнэ гэдэг нь тодорхойгүй, анх худалдаж авсан үнэ нь хохирол болох уу зарах үнэ хохирол болох уу гэдэг нь тодорхойгүй. Бодит хохирол нь 800-850 төгрөгөөр тооцогдох уу, 1300 төгрөгөөр тооцогдох уу гэдэг нь тодорхойгүй байна. Хадгалуулчхаад огтоос эргэж тойрохгүй хаяж явсны дараа надад хохирол учруулсан гэж байгаа нь зохимжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгч тал хавтаст хэргийн 1-5 хуудас, хүсэлт, түүнд хавсаргасан байцааны гэрэл зураг 51-52 хуудас, тэмдэглэлийн дэвтрийн хуудас 69-70, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тухай прокурорын тогтоол, мөрдөгчийн тогтоол, гэрч Г.гийн мэдүүлэг, мөрдөгчийн хариу мэдэгдэх хуудас 71-78 хуудас, Хаан банкин дахь нэхэмжлэгчийн дансны хуулга баримт 85-88 хуудас, нэхэмжлэгчийн тооцооны дэвтэр-1 ширхэг, сиди 1 ширхэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагч тал нотлох баримт бүрдүүлж өгөөгүй,
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт болох гэрчүүдийн мэдүүлэг 42-47 хуудас, нэхэмжлэгчийн байцаа худалдан авсан гэх хүмүүстэй харилцсан гэх фейсбүүк чатад үзлэг хийсэн тэмдэглэл хх-62-67 хуудас, гэрч Г.гын мэдүүлэг 102-106 хуудас зэрэг баримтууд авагдсан.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ц.*******т холбогдуулан хадгалалтын гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол болох байцааны үнэ 95,048,200 төгрөг гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, агуулах түрээсэлсэн болохоос Д.*******ийн өмнө түүний байцааг хадгалах, арчлах үүрэг хүлээгээгүй гэж маргажээ.
Хэргийн үйл баримтаар,
4. Ногооны зоорь сонирхогчид нэртэй фейсбүүкийн группэд тавьсан ногооны зоорь түрээслүүлнэ 800тн 88882006 гэсэн зарын дагуу нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ц.*******тай холбогдон уг зооринд байцаа хадгалахаар тохиролцжээ.
Уг тохиролцооны дагуу нэхэмжлэгч Д.******* нь 2023 оны 10 дугаар сарын 25-28-ны өдрийн хооронд байцаагаа зөөвөрлөн авч ирж зооринд хийгээд зоорь түрээсийн төлбөрт сард 2,460,000 төгрөгийг Ц.*******ын Хаан банкны тоот дансаар сар бүр төлж байхаар амаар тохирч, нийт 12,300,000 төгрөгийг төлсөн баримт авагдсан байна.
5. Дээрх үйл баримт, тайлбараас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-т заасан Хадгалалтын гэрээний харилцаа үүссэн байна гэж үзлээ.
Хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээх ба талууд хадгалалтын гэрээг хариу төлбөртэй, төлбөргүй аль ч хэлбэрээр хийж болохоор хуульд заажээ.
6. Талууд 800 тонны багтаамжтай зоорины нэг хэсэгт байцаа хадгалсан, уг байцаа муудсан, муудсан байцааг нэхэмжлэгч ялгаж заримыг авч явсан, үлдэх байцааг хариуцагч цэвэрлэж хаясан үйл баримтын талаар маргаагүй, харин зооринд хадгалуулсан байцааны хэмжээ, анх ирэхдээ хайрагдаж муудсан байсан эсэх, хадгалалтын явцад байцаа муудсан эсэх, байцаа муудсан талаар хадгалагч нь хадгалуулагчид мэдэгдэж байсан эсэхэд талууд маргаантай байна.
7. Хэрэгт авагдсан Хаан банкин дахь Д.*******ийн дансны хуулганаас үзэхэд;
2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 2,460,000 төгрөг,
2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 2,460,000 төгрөг,
2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 2,460,000 төгрөг,
2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 2,460,000 төгрөг,
2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2,460,000 төгрөг, нийт 12,300,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******ээс хариуцагч Ц.*******т түрээс байцаа гэх утгатай шилжүүлсэн, уг мөнгөний талаар хариуцагч маргаагүй байна.
8.Зооринд байцааг хадгалуулахдаа ямар нэгэн бичгийн баримт үйлдээгүй, байцаа ачиж ирсэн ачааны дагалдах бичиг баримтгүй, шинж байдлыг тодорхойлсон баримт үйлдээгүй байна.
Гэрч О., Н., П. нарын мэдүүлэгт 2022 оны намар 10 сард нэхэмжлэгчийн хэлснээр Сэлэнгэ аймгаас байцаа ачиж Улаанбаатарт буулгаж хураасан, ойролцоогоор 80 тонн байцаа хураасан, 2023 оны 5 сард байцаа ялгахаар зооринд очиход муудчихсан байсан 9-10 тонн орчим байцаа ялгаж авсан талаар мэдүүлсэн байна.
Шүүх зооринд хадгалуулсан байцааны хэмжээг тооцож гаргахдаа гэрчийн мэдүүлэг, төлсөн мөнгөний хэмжээг харьцуулан дараах байдлаар тодорхойллоо.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа байцааны үнийг зөвшөөрөхгүй байгаа боловч 82 тонноор тооцож 1 тонныг 30,000 төгрөгөөр тооцож, 1 сард төлөх хадгалалтын төлбөрт 2,460,000 төгрөг, нийт 12,300,000 төгрөг авсан тул 82 тонн байцаа хадгалуулсан гэж тооцож, үүнээс ялгаж авсан гэх 10 тонн 886 кг байцааг хасч үлдэх 71 тонн 114 кг байцааг анх худалдаж авсан үнэ 800 төгрөгөөр тооцож, 56,891,200 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлтэй гэж үзлээ.
Харин нэхэмжлэгч нь байцааг хавар худалдах үнээр тооцож хохирол нэхэмжилсэн боловч энэ талаарх баримтгүй, байцаа хадгалуулсантай холбоотой бусад хохирол нотлогдоогүй тул нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.3.6.-д зааснаар хадгалуулсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахад шаардлагатай бүх арга хэмжээг хадгалагч авах, 422.3.4.-т шаардлагатай тохиолдолд хадгалуулагчид урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр хадгалж байгаа эд хөрөнгийн хадгалалтын журмыг өөрчлөх үүрэгтэй байна.
Гэрч Г.гийн мэдүүлэгт хадгалалтын нөхцөлийг хадгалуулагчийн хэлсэн температурт хадгалсан, байцаа муудах үед нэхэмжлэгчид хэлж агаар сэлгэлт хийж байсан, бичлэг явуулж байсан гэх боловч гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдохгүй, хариуцагч баримтаар нотлоогүй тул хадгалагчийг шаардлагатай арга хэмжээг авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариуцагч нь байцааг хадгалахаар зөвшөөрч хүлээн авч хадгалсан, хадгалалтын төлбөрт хөлс авсан тул Иргэний хуулийн 424 дүгээр зүйлийн 424.1, 424.2-т зааснаар хариуцагч хохирлыг хариуцах үндэслэлтэй гэж үзсэн.
Иймд хариуцагч Ц.*******аас 56,891,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгож, нэхэмжлэлээс 38,157,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн 633,191 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 442,406 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 424 дугаар зүйлийн 424.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.*******аас 56,891,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгож, нэхэмжлэлээс 38,157,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 633,191 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 442,406 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ