Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2024/02051

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 17 101/ШШ2024/02051

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК /рд: *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* овогт *******гийн ******* /ИБД:*******/-д холбогдох

 

2,288,175.39 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Т.******* нь манай компанитай 2022 оны 09-р сарын 29-ний өдөр ******* тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,849,900 төгрөгийг сарын 2.79%-ийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч Т.******* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Samsung Galaxy A73 White 128GB SM-A736BZWDSKZ загварын гар утсыг ******* ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.

Зээлдэгч Т.******* нь ******* тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2023 оны 12-р сарын 14-ний байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 1,682,808.8 төгрөг төлөх байснаас нийт 330,000 төгрөг төлж, 1,352,808.8 төгрөгийг зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зорчин 423 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч Т.******* нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зорчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй.

Зээлдэгч Т.******* нь ******* тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь 2023 оны 12-р сарын 14-ний байдлаар үндсэн зээл 1,849,900 төгрөг, зээлийн хүү 438,275.39 төгрөг, нийт 2,288,175.39 төгрөгийн зээлийн өртэй болоод байна.

Нэхэмжлэлийн шаардлага: Иймд зээлдэгч Т.*******аас зээлийн гэрээний үүрэгт 2,288,175.39 төгрөгийн өр төлбөрийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж хамт ******* ХХК-д гаргуулж өгнө үү.гэв.

 

2.Нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч шүүхэд хариу тайлбар, нотлох баримт ирүүлээгүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Т.*******ад холбогдуулан барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тул зээл 1,849,900 төгрөг, хүү 438,275.39 төгрөг, нийт 2,288,175.39 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

3. Шүүх иргэний хэрэг үүсгэн хариуцагч Т.*******ад 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг хөтлөх журамтай танилцуулж, хэргийн материалтай танилцуулсан байна.

4. Хариуцагч Т.******* хариу тайлбарыг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхээр залгахад утсаа аваагүй, хуралдааны товыг мессеж илгээж, мөн оршин суух хаягаар мэдэгдэх хуудас, харьяалах хорооны Засаг даргаар дамжуулан тус тус мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

6. 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №******* барьцаат зээлийн гэрээгээр зээлдүүлэгч ******* ХХК-иас зээлдэгч Т.******* 1,849,900 төгрөгийг, сарын 2,79 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлж, зээл, хүүг эргэн төлөлтийн хуваарь гаргажээ. /хх-8-11/

Нэхэмжлэгч ******* ХХК нь Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд хамаарахгүй тул талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зохицуулалтын хүрээнд хамаарна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т зааснаар зээлийн гэрээг хүүтэй байхаар бичгээр байгуулсан байна.

Хариуцагч нь гар утас авах зорилгоор зээл авч, нэхэмжлэгч мөнгөн хөрөнгийг бараа борлуулагчийн данс руу бэлэн бусаар шилжүүлэхээр гэрээнд зааж, барьцаалуулагч нь зээлээр худалдан авсан эд хөрөнгө болон бусад өөрийн эзэмшлийн хөрөнгийг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан боловч нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт мөнгө шаардаж, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй байна.

Гэрээний хугацаа 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дуусах боловч гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор Барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4-т зааснаар нэхэмжлэгч гэрээг цуцалж, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэг шаардсан байна.

Хариуцагч хэрэгт авагдсан нотлох баримтыг үгүйсгэж маргасан тайлбар, баримт гаргаагүй, хариуцагч 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээл 1,849,900 төгрөгөөс төлсөн байх ёстой үндсэн зээл 963,741.76 төгрөг, төлсөн байх ёстой хүү 389,067.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,754.19 төгрөг, нийт 1,371,562.99 төгрөг төлсөн байх ёстойгоос 330,000 төгрөг төлсөн талаар зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга баримтад тусгажээ.

Нэхэмжлэгч нь Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд биш тул нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй ба зээлийн тооцооллыг шүүх хийхдээ нэмэгдүүлэн хүүгийн төлбөрийг хасч тооцов.

Иймд үндсэн зээл 1,849,900 төгрөг, 423 хоногийн хүү 727,560 төгрөг бодогдсоноос хүүнд төлсөн 330,000 төгрөгийг хасч, хүүний үлдэгдэл 397,560 төгрөг, нийт 2,247,460 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 40,715 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн 51,561 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 50,909 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.*******аас үндсэн зээл 1,849,900 төгрөг, хүү 397,560 төгрөг, нийт 2,247,460 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,561 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 50,909 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ