| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэнэдэндоржын Болормаа |
| Хэргийн индекс | 2239000000107 |
| Дугаар | 2022/ДШМ/35 |
| Огноо | 2022-05-18 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 23.1.1, |
| Улсын яллагч | Ж.Б |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2022/ДШМ/35
2022оны 05 сарын 18-өдөр 2022/ДШМ/35 Хэрлэн сум
Г.Ш-т холбогдох
эрүүгийн хэргийн талаар
226/2022/0035/Э
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа, шүүгч О.Баатарсүх, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,
Прокурор Ж.Батбаатар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүүгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЗ/129 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын бичсэн эсэргүүцлээр Г.Ш-т холбогдох эрүүгийн 2239000000107 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч Г.Ш- нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өглөө 06 цагийн орчимд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх байран дотор тус аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Д-ыг албан үүргээ биелүүлэн хийсэн үйлдлийнх нь эсрэг хүч хэрэглэн эсэргүүцэж түлхэн хананд шахаж унагаасан,
- 2022 оны 02 дугаар сарын 22-ны өглөө 06 цагийн орчимд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх байран дотор тус аймаг дахь Цагдаагийн газрын Нийгмийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Д-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулах хүч хэрэглэн эсэргүүцэн хананд шахан түлхэж дарж унагаан М.Д-ын эрүүл мэндэд зүүн шилбэний ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллах дүгнэлтэд “эрүүлжүүлэх байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Д-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэн хананд шахан түлхэж дарж унагаан М.Д-ын эрүүл мэндэд зүүн шилбэний ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэж дурдсан байх ба Г.Ш-ын энэ үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9 дэх заалтад заасан “эрхэлж байгаа албан үүрэгтэй холбогдуулж өөрийг нь” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг шалгах, үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх зэрэг нөхцөл байдлуудыг шалгах шаардлагатай гэж үзэн шүүгдэгч Г.Ш-т холбогдох хэргийг Хэнтий аймгийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Г.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатар давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
Яллагдагч Г.Ш-ыг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өглөө 06 цагийн орчимд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх байран дотор тус аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Д-ыг албан үүргээ биелүүлэн хийсэн үйлдлийнх нь эсрэг хүч хэрэглэн эсэргүүцэж түлхэн хананд шахаж унагаасан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүдэд эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргийн шинж нь хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр, мөн гэрээний үндсэн дээр тухайн этгээдэд олгосон бүрэн эрхийг хууль ёсоор биелүүлж байгаатай нь холбогдуулан хохирогчийн гүйцэтгэж байгаа албан үйл ажиллагааг нь зогсоох, түүнд саад болох, түүнчлэн энэхүү үүрэгтэй нь холбогдуулан эрүүл мэндэд нь халдаж байгаа санаатай үйлдэл байх ёстой.
Өөрөөр хэлбэл бусад төрийн албан хаагч хүнийг түүний албан тушаалаар хүлээсэн үүргээ биелүүлсэнд нь дургүйцэж, чухам үүнтэй нь холбогдуулж гэмтэл учруулсан үйлдлийг хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан гэж үзэж байна.
Харин үйлдэлд албан үүргээ биелүүлсэнд нь дургүйцэж түүнтэй нь холбогдуулан гэмтэл учруулах гэсэн субъектив санаа, зорилго байхгүй өөр сэдэлт, зорилгоор цагдаагийн албан хаагчийн үүргээ гүйцэтгэж байгаа үед эсэргүүцэх явцдаа гэмтэл учруулсан үйлдлийг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэсэн хэргийг тусгайлан хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт “энэ хуульд заасан ”хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх төрийн тусгай хамгаалалтын албаны албан хаагч, хуулиар тусгайлан олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгохоор заасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “нэг хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан байх ба яллагдагч Г.Ш-ыг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өглөө 06 цагийн орчимд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх байран дотор тус аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Д-ыг албан үүргээ биелүүлэн хийсэн үйлдлийнх нь эсрэг хүч хэрэглэн эсэргүүцэж түлхэн хананд шахаж унагаасан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад энэ үйлдэлд нь дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2.9 дэх заалтад заасан “эрхэлж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь” гэсэн хүндрүүлэх нөхцөл байгаа эсэхийг шалгуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг алдагдуулсан, мөн яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Г.Ш-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас яллагдагч Г.Ш-ын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өглөө 06 цагийн орчимд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх байран дотор тус аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Д-ыг албан үүргээ биелүүлэн хийсэн үйлдлийнх нь эсрэг хүч хэрэглэн эсэргүүцэж түлхэн, хананд шахаж унагаасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
- 2022 оны 02 дугаар сарын 22-ны өглөө 06 цагийн орчимд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх байран дотор тус аймаг дахь Цагдаагийн газрын Нийгмийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Д-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулах хүч хэрэглэн эсэргүүцэн хананд шахан түлхэж дарж унагаан М.Д-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Г.Ш-т холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9 дэх заалтад заасан “эрхэлж байгаа албан үүрэгтэй холбогдуулж өөрийг нь” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг шалгуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Цагдаагийн дэд ахлагч М.Д- Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх байрны цагдаагаар ажилладаг, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх байранд албан үүргээ гүйцэтгэж байсан, Г.Ш-ын үйлдлийн улмаас М.Д-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг шалгах зайлшгүй шаардлагатай гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж
- мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-т “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно” гэж тус тус заажээ.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЗ/129 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын бичсэн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №05 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэргийг прокурорт очтол яллагдагч Г.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭНСМАА
ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ
Г.БОЛОРМАА