Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сеймуратын Еркеш |
Хэргийн индекс | 110/2023/0058/З |
Дугаар | 110/ШШ2024/0008 |
Огноо | 2024-02-22 |
Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 110/ШШ2024/0008
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Р өрхийн эрүүл мэндийн төв /БГБХН/-ийн “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/391 дүгээр захирамжаар баталсан ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээний хэрэгжилтэд хагас жилээр өгсөн үнэлгээний Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн 1.1.1, 1.1.3, 1.1.4, 1.1.5, 1.1.6, 1.2.1, 1.2.2, 1.2.3, 1.2.6, 1.2.7, 1.2.8, Төвийн удирдлага, манлайлал бүлгийн 2.1, 2.3, 2.4, 2.5, 2.6 дах шалгуур үзүүлэлтийн оноо, бүлэг тус бүрийн оноо, хувь , нийт хувь, 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн илтгэх хуудас буюу “Өрхийн эрүүл мэндийн төвтэй хийсэн гэрээний хагас жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний дүнгийн хуудас”, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай мэдэгдэх хуудсыг тус тус хүчингүй болгох” шаардлагатай нэхэмжлэлийн зарим хэсэг үндэслэлтэй байна.
2. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Энэ хуулийн 14.2.1-д заасан тусгай зөвшөөрөл бүхий өрхийн эрүүл мэндийн төв нь аймгийн төв, нийслэлд, сум, тосгоны эрүүл мэндийн төв нь сум, тосгонд өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ”, 5.4-т “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам, гэрээний загвар, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, 5.5-д “Энэ хуулийн 5.4-т заасан журам, бусад үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар хэрэгжүүлнэ” гэж,
Эрүүл мэндийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/104 дүгээр тушаалаар баталсан “Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх,хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам”-ын /цаашид журмын гэх/ 1.2-т “Гэрээний захиалагч тал нь аймаг, нийслэлийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга, гүйцэтгэгч тал нь Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга байх бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга батламжилж, талууд хамтран ажиллах гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг дүгнэх,хяналт тавих, гэрээг сунгах эсхүл дуусгавар болгоход энэхүү журмыг баримтална”, 1.4-т “Төвтэй байгуулах гэрээний салшгүй хэсэг нь гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт байна. Төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга, Эрүүл мэндийн газар нь гэрээг дүгнэнэ”, 3.1-т “Гэрээний хэрэгжилтийг жил бүрийн зургаадугаар, арван хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор дүгнэнэ”, 3.2-т “Гэрээг аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан талуудын төлөөлөл оролцсон 7-9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ил тод, шударга, нээлттэй зарчмыг баримтлан тэгш эрхтэй оролцон дүгнэх ба гэрээний гүйцэтгэл, үр дүнг үйлчлэх хүрээний хүн амд танилцуулна”, 3.4-т “Ажлын хэсэг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж, гэрээ дүгнэх хуваарийг аймаг, нийслэлийн Засаг дарга батална”, 3.7-д “Ажлын хэсэг нь төвтэй байгуулсан гэрээний болон захиалагч талуудын гэрээнд тусгасан үүргийн хэрэгжилтэд тус тус үнэлгээ хийж, дүгнэлт өгнө”, 6.1-д “Гэрээний хэрэгжилтийг дүгнэсэн “Илтгэх хуудас”-нд талууд тус тус гарын үсэг зурж, эрх бүхий этгээд тамга, тэмдэг дарж баталгаажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно” гэж тус тус заажээ.
3. Нэхэмжлэгч Р өрхийн эрүүл мэндийн төв /БГБХН/ нь 2028 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сунгасан эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх ба 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр захиалагч тал болох Баян-Өлгий аймгийн Засаг даргын батламжилснаар захиалагч тал Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, гүйцэтгэгч тал Р өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гүйцэтгэх гэрээг 1 жилээр байгуулсан байна.
Аймгийн Эрүүл мэндийн газрын даргаас өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хийсэн гэрээний хэрэгжилтийг 2023 оны 06 дугаар сарын 12-оос эхлэн дүгнэх талаар 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 387 дугаар албан бичгээр Р өрхийн эрүүл мэндийн төвд мэдэгдсэн байх боловч Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн дарга С.Нээс баруун бүсийн өрхийн эмч, мэргэжилтнүүдийн уулзалт, сургалт, спортын арга хэмжээ Увс аймагт зохион байгуулагдах гэж байгаатай холбоотойгоор гэрээний хагас жилийн үнэлгээг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс хойш зохион байгуулах хүсэлт гаргажээ.
Үүний дагуу ажлын хэсэг нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Р өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гэрээний хэрэгжилтийг хагас жилээр дүгнэж, үнэлгээ хийхээр төвийн байранд очиж ажилласан байх ба тухайн өдөр өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудад гэрээний хэрэгжилтийн үнэлгээг “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлэг 44,18 оноо буюу 32,69%, Төвийн удирдлага, манлайлал бүлэг 18,35 оноо буюу 13,63%, нийт оноо /ерөнхий дүн/ 46,3% буюу “Хангалтгүй”” гэж танилцуулсан байна.
Улмаар ажлын хэсгийн гэрээний хэрэгжилтэд өгсөн уг үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн аймгийн Эрүүл мэндийн газрын даргаас 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Р өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гэрээг цуцалсан агуулгатай 01 дугаартай мэдэгдэх хуудсыг гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 19-23, 101, 103, 104, 132 дах тал, 3 дах хавтаст хэргийн 235 дах тал/ тус тус тогтоогдсон.
4. Нэхэмжлэгчээс “Журамд заасан албан тушаалтнуудыг оролцуулахгүйгээр ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан аймгийн Засаг даргын 2022 оны захирамж нь хууль бус бөгөөд хэрэгжээд дууссан, 2023 онд аймгийн Засаг даргаас гэрээний талуудын төлөөлөл оролцсон ажлын хэсгийг шинээр байгуулаагүй, мөн ажлын хэсгийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж, гэрээний хэрэгжилтийг дүгнэх хуваарийг батлаагүй байхад гэрээний хэрэгжилтийг дүгнэсэн нь болон аймгийн Засаг даргын зөвшөөрөлгүйгээр Эрүүл мэндийн газрын дарга дангаараа гэрээг цуцалсан нь тус тус хууль, журамд нийцээгүй, 2022 оны аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсгийн 2023 оны гэрээний хагас жилийн хэрэгжилтэд өгсөн үнэлгээ, дүгнэлт нь үндэслэлгүй, буруу, журмын дагуу үнэлээгүй” гэж маргасан.
5. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/391 дүгээр захирамжаар өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээг дүгнэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсан байх ба уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд “Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам”-ын 3.3-т заасан албан тушаалтнуудаас аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн хэлтсийн албан тушаалтнаас бусад албан тушаалтны төлөөллийг оруулсан, харин уг албан тушаалтны оронд аймгийн Эрүүл мэндийн газрын санхүү, эдийн засаг хариуцсан албан тушаалтныг оруулсан байна.
2023 оны эхний 6 сарын хугацаанд аймгийн Засаг даргаас өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гэрээг дүгнэх ажлын хэсгийг шинээр байгуулаагүй, мөн ажлын хэсгийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж, гэрээг дүгнэх хуваарийг батлаагүй байх бөгөөд 2022 оны захирамжаар батлагдсан ажлын хэсэг нь дээр дурдсан өрхийн эрүүл мэндийн төвүүдээс гаргасан хүсэлтийн дагуу журмын 3.1-т заасан хугацаанаас хойш буюу 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Р өрхийн эрүүл эндийн төвийн гэрээг дүгнэсэн нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 83-84, 236, 4 дэх хавтаст хэргийн 35-36 дах тал/ тогтоогдож байна.
Иймд, Р өрхийн эрүүл мэндийн төвтэй 2023 онд байгуулсан гэрээний хэрэгжилтийг хагас жилээр дүгнэх үед эрх бүхий этгээд болох аймгийн Засаг даргаас ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинээр баталсан захирамж гаргаагүй бөгөөд аймгийн Засаг даргын 2022 оны А/391 дүгээр захирамж хүчинтэй байсан нь нотлогдсон.
Мөн уг 2022 оны А/391 дүгээр захирамжаар баталсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд журамд заасан албан тушаалтнуудын төлөөлөл орсон нь тогтоогдож байгаагаас гадна аймгийн Эрүүл мэндийн газрын санхүү, эдийн засаг хариуцсан албан тушаалтныг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулснаас болон гэрээг дүгнэх хуваарийг аймгийн Засаг дарга батлаагүйгээс болж нэхэмжлэгч талын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.
6. Хариуцагч талаас хариу тайлбарын хамт ажлын хэсгийн гишүүдийн гарын үсэг зурж баталгаажуулсан “Өрхийн эрүүл мэндийн төвтэй хийсэн гурвалсан гэрээний хагас жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний дүнгийн хуудас”, “Раушан өрхийн эрүүл мэндийн төвийн 2023 оны хагас жилийн гүйцэтгэлийн гэрээнд хийсэн дүн шинжилгээ, 2023 он 07 дугаар сарын 04” гэсэн баримт бичгүүдийг ирүүлсэн.
Энэхүү “Раушан өрхийн эрүүл мэндийн төвийн 2023 оны хагас жилийн гүйцэтгэлийн гэрээнд хийсэн дүн шинжилгээ,2023 он 07 дугаар сарын 04” гэсэн баримт бичигт үнэлгээний үндэслэл болон өгсөн үнэлгээг /гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт бүрийн оноо, бүлэг тус бүрийн оноо, хувь, мөн ерөнхий дүн/ тодорхой тусгасан байх ба “Өрхийн эрүүл мэндийн төвтэй хийсэн гурвалсан гэрээний хагас жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний дүнгийн хуудас” нь журмын 6.1-т заасан гэрээний хэрэгжилтийг дүгнэсэн үнэлгээг баталгаажуулсан илтгэх хуудас гэж хариуцагч талаас тайлбарласан болно.
7. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 13 дугаар зүйлийн 13.1-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 25 дугаар зүйлийн 25.1-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна: 25.1.1. ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах; 25.1.2. оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах; 25.1.3. шинжээч оролцуулан дүгнэлт гаргуулах; 25.1.4. гэрч, гуравдагч этгээдээс тайлбар гаргуулах; 25.1.5. баримт бичиг болон хууль, бусад шийдвэртэй танилцах, хуулбарлах;25.1.6.шаардлагатай бол туршилт хийх; 25.1.7. оролцогчийн хүсэлтээр зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах”, 29 дүгээр зүйлийн 29.1-т “Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивт хадгална”, 31 дүгээр зүйлийн 31.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахтай холбоотой мэдээлэл өгөх үүрэгтэй”, 31.2-т “Оролцогчоос гаргасан хүсэлт, тайлбар, мэдээлэл зэрэг нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад бүрэн бус, эсхүл буруу бичигдсэн байвал захиргааны байгууллага оролцогчид холбогдох зөвлөгөө өгөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулсан.
Мөн Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/104 дүгээр тушаалаар баталсан “Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам”-ын 1.3-т “Гэрээг байгуулахдаа ил тод, нээлттэй, харилцан зөвшилцөх, хэрэгжилтийг үнэлэхдээ бодит нотолгоо, тоон мэдээлэлд үндэслэн шударга үнэлж, хяналт тавих, гэрээг сунгах эсхүл дуусгавар болгохдоо бодит гүйцэтгэлд үндэслэж, аливаа хөндлөнгийн нөлөөллөөс хараат бус байх зарчмыг тус тус мөрдөнө”, 3.8-д “Гэрээний гүйцэтгэлийг дүгнэх аргачлал нь хэмжигдэхүйц, бодит үр дүнд үндэслэсэн байна”, 3.11-т “ Ажлын хэсгийн гишүүн бүр гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтээр үнэлгээ хийх ба гишүүдийн өгсөн онооны нийлбэрийн дунджаар тухайн төвийн гэрээний хэрэгжилтийн ерөнхий дүнг тооцно”, 3.12-т “Гэрээний хэрэгжилтийг дүгнэхдээ гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэд хамаарахгүй баримт бичиг, бусад материалыг өрхийн эрүүл мэндийн төвөөс шаардахыг хориглоно”, 4.1-т “Өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гэрээний хэрэгжилтийг энэхүү тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ”, 4.6-д “Шалгуур үзүүлэлт бүрийн нийлбэр онооны дунджаар тухайн бүлгийн, бүлэг бүрийн нийлбэр оноогоор гэрээний хэрэгжилтийн нийт оноо /ерөнхий дүн/ гарна”, 4.7-д “Шалгуур үзүүлэлтийн 1, 3, 10, 11, 13 дах үзүүлэлтийн нийлбэр онооны дунджийг 2 дахин үржүүлж буюу 10 оноогоор дүгнэнэ”, 4.11-д “Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн оноо 100 оноо буюу 74%–ийг эзлэх бөгөөд 69,9 ба түүнээс доош оноо авсан тохиолдолд “Хангалтгүй””, 4.12-т “Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэд төвийн удирдлага, манлайлал бүлгийн оноо 35 оноо буюу 26%–ийг эзлэх бөгөөд 24,5 ба түүнээс доош оноо авсан тохиолдолд “Хангалтгүй”” гэж тус тус заажээ.
Мөн журмын 4.4, 4.5 дах заалтад тоо, чанарын үзүүлэлтээр хэмжигдэх болон хувиар илэрхийлэгдэх шалгуур үзүүлэлтийг ямар арга, аргачлалаар тооцох талаар нарийвчлан зохицуулсан байна.
8. Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/104 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд”-ийн дагуу Р өрхийн эрүүл мэндийн төвтэй 2023 онд байгуулсан гэрээний хэрэгжилтийг хагас жилээр дүгнэсэн ажлын хэсгийн үнэлгээ, дүгнэлтийн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу өгсөн оноо буюу үнэлгээний хувьд:
8.1. “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд”-ийн 1.1.1. Үйлчлэх хүрээний хүн амын эрүүл мэндийн хяналт гэсэн хэсгийн 1.1-ийн 1. Судалгаа, төлөвлөлтийн хэрэгжилтийн хувь гэсэн шалгуур үзүүлэлтэд 1,5 оноо, 2. Хяналтад хамрагдсан хувь гэсэн шалгуур үзүүлэлтэд 0,8 оноо, 3. Эрүүл мэндийн бүлэг дээшилсэн хүний тоо гэсэн шалгуур үзүүлэлтэд 0 оноо тус тус өгсөн байх ба уг шалгуур үзүүлэлтийн “Үйл ажиллагаа” хэсэгт “Үйлчлэх хүрээний нийт хүн амыг эрүүл мэндийн 5 бүлгээр ангилж, бүртгэсэн, хяналтад авч, дүгнэлт бичсэн, авсан арга хэмжээний үр дүнд 1,2 дугаар бүлэгт шилжсэн хүний тоо нэмэгдсэн” гэж тусгасан байна.
Шалгуур үзүүлэлтүүдийн 1.1.1 дэх хэсгийн 1.1-ийн 1,2 дах шалгуур үзүүлэлтэд өгсөн онооны хувьд хариуцагч ажлын хэсгийн гишүүнээс “...Маржан эмчийн хийсэн тухайн өрхийн эрүүл мэндийн төвийн төлөвлөгөө байсан. ...Хүн амыг 5 бүлгээр ангилсан судалгааны хувьд К.Еркегүл эмч өөрийнхөө судалгааг үзүүлсэн гэдгийг өмнө нь хэлсэн. Үлдсэн 2 эмч нь судалгаагаа үзүүлээгүй. Нэхэмжлэгчээс шүүхэд 3 хавтас бүхий судалгаа гаргаж өгсөн байна. Надад өгсөн нь 1 хавтас судалгаа байсан. ...тухайн шалгалтын үеэр 3 эмчээс 5 бүлгээр ангилсан судалгаагаа гаргаж өгөөд 3 эмчийн судалгааны 1-5 дугаар бүлгийн хүний тоо нь тэдний өөрсдийнх нь гаргаж өгсөн хагас жилийн тайланд тусгасан тоотой таарсан тохиолдолд бүтэн оноог өгөх боломжтой байсан. ...1.1-ийн 2 дахь хэсэг нь хяналтад хамрагдсан хувь гэсэн байгаа. Хяналтад хамрагдсан хувийг би тодорхойлоогүй. Учир нь тус төв нь хүн амыг 5 бүлгээр ангилсан судалгааны хүрээнд хэдэн хүнийг хяналтад хамруулсан талаар тайландаа тусгасан байх ёстой байсан. Хэрэв тайлан өгсөн бол би эмчийн үзлэгийн журнал, үзлэгтэй холбоотой бүх бичиг баримтуудыг үзсэний үндсэн дээр хэдэн хүнээс хэдийг нь хяналтад хамруулсан нь бодитой эсэхийг шалгаад хувийг нь гаргах байсан. ... Идэвхтэй хяналтын картын хувьд миний бие тухайн үед шаардаж үзээгүй. Энэ нь миний алдаа байсан. Уг нь журамд үзэх ёстой гэж заасан байгаа. Судалгаагаа бүрэн дүүрэн гаргаагүй учир хяналтад хамрагдсан бүх хүний идэвхтэй хяналтын карт байгаа гэж бодоогүй. Идэвхтэй хяналтын картыг үзсэн бол хувийг гаргах боломжтой” гэсэн тайлбар гаргасан.
Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримт /3 дах хавтаст хэргийн 125,126 дах тал/ болох аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн статистикийн тоо мэдээгээр Р өрхийн эрүүл мэндийн төв нь 6958 хүн амтай, 1 дүгээр бүлгийн 2953, 2 дугаар бүлгийн 3155, 3 дугаар бүлгийн 660, 4 дүгээр бүлгийн 165, 5 дугаар бүлгийн 25 хүнтэй бөгөөд 2023 оны эхний 6 сарын байдлаар үзлэг хийсэн тоо 9261, үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 3650, амбулаторийн үзлэг 3364, идэвхтэй хяналт 806, гэрийн идэвхтэй хяналт 1394, гэрийн дуудлагын үзлэг 47, мөн эрт илрүүлгийн үзлэг хийсэн тоо 2458 /анх, давтан/, 439 эмэгтэйг жирэмсний хяналтад авсан байна.
Цахим бүртгэл буюу www.e-hospital.mn. программд байгаа бүртгэлээр /3 дах хавтаст хэргийн 11-18, 35-40, 41-65, 66-105, 162-180,181-195,196-197 дах тал/ 384 ахмад настан урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан, 469 нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан, 675 хүүхэд урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгт хамрагдсан, хөнгөлөлттэй эмийн жорыг 1196 удаа олгосон, 169 хүн сэргээн засах тусламж үйлчилгээнд хамрагдсан, мөн уг программд үзлэгт хамрагдсан 6-17 насны хүүхэд, өсвөр үеийнхний эрт илрүүлгийн маягтууд, 2023 оны 1-5 дугаар сарын хугацааны эмчийн үзлэгийн бүртгэл, 2023 оны 1-6 дугаар сарын хугацааны урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан иргэдийн бүртгэл, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүртгэл байгаа болох нь тус тус тогтоогдсон.
Нэхэмжлэгчээс үйлчлэх хүрээний хүн амыг 5 бүлгээр ангилсан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн,нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд, хүүхдийн судалгаа, бүртгэлүүд, урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн бүртгэлүүдийг /цаасан/ хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн ба хариуцагчаас гэрээний хэрэгжилтийг дүгнэх үед холбогдох зарим нотлох баримтуудыг нэхэмжлэгчээс гаргаж өгөөгүй гэх боловч уг тайлбараа нотолж чадаагүй болно.
Мөн “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд”-ийн 1.1.1 дэх хэсгийн 1.1-ийн 1,2,3 дахь шалгуур үзүүлэлтэд хамааралтай “Мэдээллийн эх сурвалж” хэсэгт заасан идэвхтэй хяналтын картыг үзээгүй болох нь хариуцагч ажлын хэсгийн гишүүний өөрийнх нь тайлбараар тогтоогдож байна.
Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч талаас гэрээний хэрэгжилтийг дүгнэх үед хүн амын эрүүл мэндийг сайжруулах арга хэмжээний тайланг тусдаа гаргаж өгөөгүй байх боловч дээр дурдсан нотлох баримтууд болон идэвхтэй хяналтын картыг үзсэний үндсэн дээр үйлчлэх хүрээний нийт хүн амыг эрүүл мэндийн 5 бүлгээр ангилж, бүртгэсэн болон хяналтад хамрагдсан хувийг тодорхойлж, улмаар журамд заасан аргачлалаар оноо өгөх ёстой байтал 1 дэх шалгуур үзүүлэлтэд 1,5 оноо, 2 дах шалгуур үзүүлэлтэд 0,8 оноо өгсөн нь үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд болон журамд нийцээгүй байна.
Шалгуур үзүүлэлтүүдийн 1.1.1 дэх хэсгийн 1.1-ийн 3. Эрүүл мэндийн бүлэг дээшилсэн хүний тоо гэсэн шалгуур үзүүлэлтийн хувьд уг шалгуур үзүүлэлтэд хамааралтай “Мэдээллийн эх сурвалж”-д заасан идэвхтэй хяналтын тайланг нэхэмжлэгч талаас гэрээний хэрэгжилтийг дүгнэх үед гаргаж өгөөгүй байх боловч дээр дурдсан нотлох баримтуудыг үзэх, мөн төвийн эмч,ажилтнуудаас тайлбар гаргуулах зэргээр эрүүл мэндийн бүлэг дээшилсэн хүний тоог тодорхойлох боломжтой байсан, улмаар 1, 2 дугаар бүлэгт шилжсэн хүний тоо нэмэгдсэн эсэхийг тодорхойлсны үндсэн дээр журамд заасан аргачлалын дагуу оноо өгөх ёстой байтал 0 оноо өгсөн нь үндэслэлгүй байна.
Шалгуур үзүүлэлтүүдийн 1.1.1 дэх хэсгийн 1.2.-ын 1. Хүүхдийн гэрээр эргэлтийн хувь гэсэн шалгуур үзүүлэлтэд 1 оноо, 2. Үүнээс: Нярайг эхний 7 хоногт гэрээр үзлэг хийж, дүгнэлт бичсэн хүүхдийн хувь гэсэн шалгуур үзүүлэлтэд 5 оноо, 3. 2 хүртэлх сартай хүүхдийг 6-аас доошгүй удаа гэрээр үзлэг хийсэн хувь, 4. 2-12 сартай хүүхдийг сард 1-ээс доошгүй удаа үзэж, улирал бүр дүгнэлт бичсэн хувь , 5. 1-3 настай хүүхдийг улиралд 1 удаа үзэж, хагас жил тутам дүгнэлт бичсэн хувь, 6. 3-5 настай хүүхдийг хагас жилд 1-ээс дээш удаа үзэж, жил тутам дүгнэлт бичсэн хувь гэсэн шалгуур үзүүлэлтэд тус бүр 0 оноо өгсөн байна.
Хариуцагч ажлын хэсгийн гишүүнээс “1.2-ын шалгуур үзүүлэлтийн 2 дах хэсэг буюу нярайг эхний 7 хоногт гэрээр үзлэг хийж, дүгнэлт бичсэн хүүхдийн хувь гэсэн хэсэгт гэрийн эргэлтийн график төлөвлөгөөг гаргаж үзүүлсэн. ӨЭ-3А гэдэг нь хүүхдийн өсөлт хөгжлийг хянах карт гэсэн баримт бичиг байгаа.Энэ карт нь 1.2-д заасан шалгуур үзүүлэлтийн 3, 4, 5, 6 дах хэсгүүдэд хамааралтай. ...1.2-ын 3, 4, 5, 6 дугаар хэсгүүдийн хувьд тухайн үед ажиллаж байгаа 3 эмчийн хүүхдийн өсөлт, хөгжлийн хяналтын карт буюу ӨЭ-3А маягтуудыг эмхэтгэсэн журналыг үзүүлсэн. Би түүвэрлэн 10 маягт үзсэн гэж өмнө нь хэлсэн.Тухайн тайлбартаа 2 сараас хойших хэсэг нь бөглөгдөөгүй гэж андуурч хэлсэн байна. Өөрөөр хэлбэл 1 сар гэсэн хэсэг нь бөглөгдсөн байсан, үүнээс хойших хэсгүүд нь бөглөгдөөгүй байсан. 1 сар нь бөглөгдсөн байгаа тул 1.2-ын 3 дахь хэсэгт хуваарилагдсан оноог өгөх ёстой байжээ.Харин ӨЭ-3А маягтын 2 сараас эхэлсэн хэсгүүдэд нь ямар ч тэмдэглэгээ байхгүй байсан учраас 4,5,6 дах хэсгүүдэд 0 оноо өгсөн. Миний хувьд насны бүлэг тус бүрээс 10 карт үзэх ёстой гэдгийг мэдээгүй ба нийтдээ 10 карт үзэх ёстой гэж ойлгосон. Хэрэв 1.2-ын 3, 4, 5, 6 гэсэн шалгуур үзүүлэлтийн хувьд 40 карт үзсэн байсан бол үр дүн нь ямар байх байсныг одоо хэлэх боломжгүй байна. 1.2-ын 1 дэх хэсэгт 1 оноо өгсөн ба үүнийг би уг бүлэгт хамаарах нийт 5 үзүүлэлтийн 1 үзүүлэлт нь байгаа гэж үзээд 1 оноо өгсөн” гэсэн тайлбар гаргасан.
“Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд”-ийн 1.1.1 дэх хэсгийн 1.2-ын 1 дэх шалгуур үзүүлэлтэд “Насны бүлэг бүрээс 10 хяналтын картыг түүвэрлэн үзнэ” гэж, “Мэдээллийн эх сурвалж” хэсэгт “0-5 хүртэлх насны хүүхдийн судалгаа, өрх, сум , тосгоны эрүүл мэндийн төвүүдэд хөтлөгдөх бүртгэлийн маягт /ӨЭ-3А, ӨЭ-3Б/” гэж тус тус заажээ.
Хариуцагч ажлын хэсгийн гишүүн нь шалгуур үзүүлэлтэд зааснаар 0-5 хүртэлх насны 5 бүлгийн хүүхдийн нярайгаас бусад 4 бүлэг тус бүрээс 10 хяналтын карт буюу 40 хяналтын карт үзсэний үндсэн дээр уг 4 бүлэг тус бүрийн хүүхдийн үзлэг, дүгнэлтийн хувийг гаргаж, журамд заасан аргачлалын дагуу оноо өгөх ёстой байтал 4 бүлгээс нийтдээ 10 хяналтын карт үзэж, үүнийг үндэслэн оноо өгсөн нь журамд нийцээгүй, үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, 2 хүртэлх сар, 2-12 сар, 1-3 нас, 3-5 настай гэсэн 4 бүлэг тус бүрээс 10 хяналтын карт үзэх ёстой байтал 4 бүлгээс нийтдээ 10 хяналтын карт үзэж, тухайн үзсэн 10 хяналтын картын 2 хүртэлх сартай хүүхдийг гэрээр үзлэг хийсэн хэсэг нь үзлэг хийгдсэн тэмдэглэгээтэй байхад 0 оноо өгсөн, мөн үлдсэн 3 насны бүлгийн хүүхдийг үзлэг хийсэн тэмдэглэгээгүй байсан гэсэн үндэслэлээр 0 оноо өгсөн нь тус тус үндэслэлгүй байна.
Мөн шалгуур үзүүлэлтэд заасан нярай, 2 хүртэлх сар, 2-12 сар,1-3 нас, 3-5 нас гэсэн 5 насны бүлэг тус бүрийн хүүхдийн үзлэг, дүгнэлтийн хувийг дээрх байдлаар тодорхойлон, оноо өгсний дараа 1.1.1 дэх хэсгийн 1.2-ын 1 дэх шалгуур үзүүлэлт буюу хүүхдийн гэрээр эргэлтийн хувийг тодорхойлон оноо өгөхөөр байгаа тул уг үзүүлэлтэд 1 оноо өгсөн нь мөн үндэслэлгүй, журамд нийцээгүй байна.
Үүнээс гадна нэхэмжлэгчээс нотлох баримтаар ирүүлсэн “Хүүхдийн өсөлт, хөгжлийн хяналтын карт/ ӨЭ-3А маягт/”-уудад 0-5 хүртэлх насны хүүхдэд үзлэг хийсэн талаар тэмдэглэгээтэй байх ба хариуцагчаас үзсэн гэх 10 хяналтын картад 2-12 сар,1-3 нас,3-5 насны хүүхдэд үзлэг хийсэн талаар тэмдэглэгээгүй байсан гэдгийг нотлох баримтыг гаргаж өгөөгүйг дурдах нь зүйтэй.
“Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд”-ийн 1.1.1.Үйлчлэх хүрээний хүн амын эрүүл мэндийн хяналт буюу 1 дэх шалгуур үзүүлэлт нь дотроо 2 хэсэгт хуваагдсан, нийт 9 шалгуур үзүүлэлттэй, 10 оноогоор дүгнэхээр заасан бөгөөд хариуцагч ажлын хэсгийн гишүүнээс уг шалгуур үзүүлэлтэд нийтдээ 1,7 оноо өгсөн нь дээрх байдлаар үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд болон журамд нийцээгүй байна гэж дүгнэлээ.
8.2. “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд”-ийн 1.1.3. Тухайн харьяаны хүн амын урьдчилан сэргийлэх үзлэгийн хэсэг нь дотроо 3 хэсэгт хуваагдсан, нийт 8 шалгуур үзүүлэлттэй, 10 оноогоор дүгнэхээр заасан байх ба ажлын хэсгээс 8 үзүүлэлт тус бүрд 0 оноо, нийт 0 оноо өгсөн байна.
Хариуцагч ажлын хэсгийн гишүүнээс “Сайдын баталсан журамд ямар баримт гаргаж өгөхийг тодорхой зааж өгсөн байгаа тул бид нар зөвхөн тэр хүрээнд шалгана. Өөрөөр хэлбэл цахим сайт болон бусад зүйлсээс харах ёсгүй... Төлөвлөгөө, тайлан байхгүйгээс гадна тухайн хагас жилийн тайланд байгаа тоонууд нь статистикийн тоо, бодит байдлаас зөрүүтэй байгаа. Шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөөгүй, хагас жилийн тайлангаа хамгаалж чадаагүй тул 0 оноо өгсөн” гэсэн тайлбар гаргасан.
Хэрэгт авагдсан нотлох баримт болох аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн статистикийн тоо мэдээгээр Р өрхийн эрүүл мэндийн төв нь 6958 хүн амтай бөгөөд 2023 оны эхний 6 сарын байдлаар урьдчилан сэргийлэх үзлэг 3650, эрт илрүүлгийн үзлэг /анх, давтан/ 2458 удаа хийсэн байна.
Цахим бүртгэл буюу www.e-hospital.mn. программд байгаа бүртгэлээр 384 ахмад настан урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан, 469 нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан, 675 хүүхэд урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгт хамрагдсан, хөнгөлөлттэй эмийн жорыг 1196 удаа олгосон,169 хүн сэргээн засах тусламж үйлчилгээнд хамрагдсан, мөн уг программд үзлэгт хамрагдсан 6-17 насны хүүхэд, өсвөр үеийнхний эрт илрүүлгийн маягтууд, 2023 оны 1-5 дугаар сарын хугацааны эмчийн үзлэгийн бүртгэл, 2023 оны 1-6 дугаар сарын хугацааны урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан иргэдийн бүртгэл, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүртгэл байгаа болох нь тус тус тогтоогдсон.
Мөн нэхэмжлэгчээс урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн бүртгэлүүд, хүүхдийн судалгаа, бүртгэлүүд, даатгуулагчид үзүүлэх сэргээн засах тусламж үйлчилгээний хуудас, өвчний түүх /цаасан/-ийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн ба хариуцагчаас гэрээний хэрэгжилтийг дүгнэх үед холбогдох нотлох баримтуудыг нэхэмжлэгчээс гаргаж өгөөгүй гэх боловч үүнийг нотолж чадаагүй болно.
Шалгуур үзүүлэлтүүдийн 1.1.3 буюу 3 дахь шалгуур үзүүлэлтийн хувьд “Үйл ажиллагаа” хэсэгт заасан тухайн харьяаны хүн амын урьдчилан сэргийлэх үзлэгийн хамралт, өсвөр насны хүүхдийн үзлэг, шинжилгээний хамралт, 18 хүртэлх насны хүүхдийн амны хөндийн үзлэгийн хамралтыг тодорхой хувьд хүргэсэн эсэх, эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээ хэрэгжүүлсэн эсэхийг холбогдох мэдээллийн эх сурвалжийг үндэслэн дүгнэж,үүний дагуу журамд заасан аргачлалаар тооцон оноо өгөхөөр байгаа.
Дээрх байдлаар цахим бүртгэл буюу www.e-hospital.mn. программаас 2023 оны 1-6 дугаар сарын хугацааны урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан иргэдийн бүртгэл, мөн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд болон урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдийн бүртгэл гарч байгаа энэ тохиолдолд тухайн харьяаны хүн амын болон хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэгийн хамралтын хувийг тодорхойлох боломжтой байсан, улмаар уг гарсан хувьтай холбоотойгоор журамд заасан аргачлалаар тооцон оноог өгөх ёстой байжээ гэж үзлээ.
Цахим программд дээрх холбогдох бүртгэлүүдээс гадна 6-17 насны хүүхэд, өсвөр үеийнхний эрт илрүүлгийн маягтууд, хөнгөлөлттэй эмийн жор олгосон, сэргээн засах тусламж, үйлчилгээнд хамруулсан бүртгэл, 2023 оны 1-5 дугаар сарын хугацааны эмчийн үзлэгийн бүртгэл байсан, мөн нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн бүртгэл, судалгаанууд, даатгуулагчид үзүүлэх сэргээн засах тусламж үйлчилгээний хуудас, өвчний түүх зэргийг үндэслэн эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээний хэрэгжилтийг гаргах боломжтой, улмаар хэрэгжилтийн үр дүнг үндэслэн журамд заасан аргачлалаар тооцон оноог өгөх ёстой байжээ.
Түүнчлэн журмын 4.7-д зааснаар 1.1.3 буюу 3 дахь шалгуур үзүүлэлтийн нийлбэр онооны дунджийг 2 дахин үржүүлж 10 оноогоор дүгнэхээр заасан байгааг дурдах нь зүйтэй.
Гэтэл тухайн харьяаны хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан, эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээ авсан, энэ талаар холбогдох мэдээлэл, баримт бичгүүд байхад уг шалгуур үзүүлэлтэд 0 оноо тавьсан нь үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй байна гэж үзлээ.
8.3. “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд”-ийн 1.1.4. Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгийн хамралт гэсэн хэсгийн 4.1-ийн 1. Цусны даралт ихсэх өвчинг эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан хүн ам, хувиар, 2. Чихрийн шижинг эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан хүн ам, хувиар гэсэн шалгуур үзүүлэлтэд тус бүр 4 оноо, 3. Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан хүн ам, хувиар, 4. Хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан хүн ам, бодит тоо гэсэн шалгуур үзүүлэлтэд тус бүр 0 оноо өгсөн байна.
Хариуцагч ажлын хэсгийн гишүүнээс цусны даралт ихсэх өвчинг эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан хүн ам- 52,7 хувь, чихрийн шижинг эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан хүн ам-50 хувь гэж дүгнэсэн ба тухайн 2 шалгуур үзүүлэлтийн хувьд тус бүр 1 оноо хассан үндэслэлээ “маягтууд байхгүй байсан, хагас жилийн тайлангаас статистик тоо баримтууд зөрүүтэй байсан” гэж тайлбарласан.
Шалгуур үзүүлэлтүүдийн 1.1.4 буюу 4 дэх шалгуур үзүүлэлтийн хувьд “Үйл ажиллагаа” хэсэгт “Тухайн жилд зорилтот бүлгийн хүн амыг эрт илрүүлэг үзлэгт 100 хувь хамруулсан байна”, “Мэдээллийн эх сурвалж” хэсэгт “Цахим программ” гэж тус тус заасан ба нэхэмжлэгч, хариуцагч нараас хагас жилийн хувьд “50 хувь хамруулсан байх” талаар маргаагүй болно.
Уг шалгуур үзүүлэлтэд заасан “зорилтот бүлгийн хүн амыг эрт илрүүлэг үзлэгт 100 хувь /хагас жилийн байдлаар 50 хувь /хамруулсан байх” гэсэн зорилтот түвшиндээ бүрэн хүрсэн байхад дээрх үндэслэлээр тус бүр 1 оноо хассан нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, зорилтот түвшиндээ бүрэн хүрсэн тохиолдолд 5 оноогоор үнэлэхээр журмын 4.5.1-д заасан байх тул уг 2 шалгуур үзүүлэлтэд тус бүр 4 оноо өгсөн нь журамд заасан үнэлэх аргачлалтай нийцэхгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримт /2 дах хавтаст хэргийн 188-191 дэх тал,3 дах хавтаст хэргийн 147 дэх тал/ болох аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн статистикийн тоо мэдээгээр тус өрхийн эрүүл мэндийн төвийн харьяаны умайн хүзүүний болон хөхний хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах ёстой болон хамрагдсан хүний тоо /хагас жилийн байдлаар/ гарч байгаа, мөн хариуцагч ажлын хэсгээс цахим бүртгэлээр умайн хүзүүний эрт илрүүлгийн үзлэгт 129, хөхний хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэгт 466 хүн хамрагдсан гэсэн тайлбар ирүүлсэн.
Нэхэмжлэгчээс умайн хүзүүний болон хөхний хорт хавдрын илрүүлэг үзлэгийн бүртгэл 3 ширхэг дэвтрийг нотлох баримтаар ирүүлж, уг 2 эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан хүнийг www.screening.gov.mn цахим программд бүртгэж байсан боловч одоогоор хаалттай байна гэсэн тайлбар гаргасан, мөн цахим бүртгэл буюу www.e-hospital.mn. программд 2023 оны 1-5 дугаар сарын хугацааны эмчийн үзлэгийн бүртгэл байгаа бөгөөд уг бүртгэлд үзлэгийн төрөл, өвчний онош гэсэн холбогдох мэдээллүүд байгаа нь тогтоогдсон.
Хариуцагч ажлын хэсгийн гишүүнээс “гэрээний хэрэгжилтийг хянах үед эдгээр баримт бичгүүдийг гаргаж өгөөгүй, төвийн ажилтан нь “умайн хүзүүний болон хөхний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан хүний бүртгэлийг www.e-hospital.mn программаас өөр программд оруулдаг ба уг программд нэвтрэх эрхийг өөр хүн хариуцна” гээд үзүүлээгүй” гэсэн тайлбар гаргасан.
Гэвч хариуцагч уг тайлбараа нотлох баримтыг гаргаж өгөөгүй, тухайн холбогдох ажилтнаас энэ талаар тайлбар гаргуулаагүй байх бөгөөд дээрх статистикийн тоо мэдээ, цахим программын бүртгэл, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтуудаас үзэхэд умайн хүзүүний болон хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэгт хүн амыг огт хамруулаагүй гэж үзэх үндэслэлгүй байх тул шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулж, хүн амын үзлэгт хамрагдсан хувийг тодорхойлж,үүний дагуу үнэлгээ өгөх ёстой байжээ гэж үзлээ.
8.4. “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд”-ийн 1.1.5. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ гэсэн хэсгийн 5.1-ийн 1. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалтын хувь, 2. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эрүүлжилтийн хувь гэсэн шалгуур үзүүлэлтэд тус бүр 0 оноо, 3. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бүртгэл шинэчлэгдсэн эсэх гэсэн шалгуур үзүүлэлтэд 2 оноо, 4. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг гэр бүл төлөвлөлтөд хамруулсан хувь гэсэн шалгуур үзүүлэлтэд 3 оноо өгсөн байна.
Хариуцагч ажлын хэсгийн гишүүнээс “нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан судалгаа, бүртгэл байхгүй тул урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалтын хувийг гаргах боломжгүй гэж үзээд 0 оноо тавьсан, ... Шалгалт хийх үед журамд заасан баримт бичгүүдийг бэлэн байлгах ёстой. Тухайн үед өрхийн эрүүл мэндийн төвөөс журамд заасан баримт бичгүүдийг гаргаж өгөөгүйгээс гадна өөр мэдээллийн эх сурвалж буюу цахим бүртгэл, бусад баримт байгаа, үүнийг үзээрэй гэж хэлээгүй” гэсэн тайлбар гаргасан.
Шалгуур үзүүлэлтүүдийн 1.1.5 буюу 5 дах шалгуур үзүүлэлтийн хувьд “Үйл ажиллагаа” хэсэгт “Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг >70 %-д урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна” гэж заасан ба нэхэмжлэгч, хариуцагч нараас хагас жилийн хувьд “35 хувь хамруулсан байх” талаар маргаагүй болно.
Хэрэгт авагдсан нотлох баримт болох цахим бүртгэл буюу www.e-hospital.mn. программд байгаа бүртгэлээр 2023 оны эхний 6 сарын байдлаар урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн тоо 469 болох нь тогтоогдож байгаа ба гэрээний хэрэгжилтийг дүгнэх үед цахим программд байгаа бүртгэлийг үзээгүй болох нь хариуцагч ажлын хэсгийн гишүүний өөрийнх нь тайлбараар тогтоогдсон.
Хариуцагч ажлын хэсгийн гишүүний тайлбарласнаар статистикийн тоо мэдээгээр тус өрхөд харьяалалтай 1403 нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд байгаа ба үүнээс урьдчилан сэргийлэх үзлэгт 469 нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд хамрагдсан нь тогтоогдож байгаа тохиолдолд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан хувийг тодорхойлж, улмаар уг гарсан хувьтай холбоотойгоор журамд заасан аргачлалаар тооцон оноог өгөх ёстой байтал 1.1.5 дах хэсгийн 5.1-ийн 1 дэх шалгуур үзүүлэлтэд 0 оноо өгсөн нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь уг шалгуур үзүүлэлтэд үнэлгээ өгөхөд шаардлагатай нотлох баримтыг цуглуулаагүй буюу цахим программд байгаа бүртгэлийг үзээгүй, холбогдох ажилтнаас энэ талаар тодруулаагүй байх ба дээр дурдсан статистикийн тоо мэдээ, цахим программын бүртгэл зэрэг нотлох баримтуудаас үзэхэд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн тодорхой хувийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан нь тогтоогдож байх тул шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулж, үзлэгт хамрагдсан хувийг тодорхойлж,үүний дагуу үнэлгээ өгөх ёстой байжээ гэж үзлээ.
1.1.5 дах хэсгийн 5.1-ийн 2. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эрүүлжилтийн хувь гэсэн шалгуур үзүүлэлтийн хувьд хариуцагч ажлын хэсгийн гишүүнээс “Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан судалгаа байхгүй учраас эрүүлжилтийн хувийг гаргах боломжгүй гэж үзсэн. Энэхүү судалгаа,бүртгэлийг идэвхтэй хяналтын карт, амбулаторийн карт , эмчийн бүртгэлийн журналтай тулган үзэж дүгнэлт хийж, хувийг нь гаргах боломжтой. Гэтэл энэ тохиолдолд судалгааг гаргаагүй байсан, эмчийн бүртгэлийн журналыг үзүүлээгүй” гэсэн тайлбар гаргасан.
Дээр дурдсанчлан 2023 оны эхний 6 сарын байдлаар урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бүртгэл цахим программд байгаа, мөн эмчийн үзлэгийн бүртгэл цахим программд байгаа болох нь нэхэмжлэгчээс гаргасан 5 хавтас бүртгэлээр тогтоогдож байгаа, харин хариуцагч ажлын хэсгийн гишүүнээс цахим программд байгаа эдгээр бүртгэл, мэдээллийг гэрээний хэрэгжилтийг дүгнэх үед үзээгүй нь тогтоогдож байгаа тул нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эрүүлжилтийн хувийг тодорхойлж, улмаар уг гарсан хувьтай холбоотойгоор журамд заасан аргачлалаар тооцон оноог өгөх ёстой байтал 0 оноо өгсөн нь үндэслэлгүй бөгөөд бодит байдалд нийцээгүй байна.
8.5. “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд”-ийн 1.1.6. Зорилтот бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ гэсэн хэсгийн 6.1.-ийн 1. Ахмад настныг урьдчилан сэргийлэх үзлэгийн хамралтын хувь, 2. Ахмад настныг эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээний хэрэгжилт, 6.2-ын 1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэгийн хамралтын хувь, 2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээний хэрэгжилт гэсэн шалгуур үзүүлэлтэд тус бүр 3 оноо, 6.2-ын 3.Харьяалагдах нутаг дэвсгэрийн асрамжийн газрын анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн байдалд авсан арга хэмжээний хэрэгжилт гэсэн шалгуур үзүүлэлтэд 0 оноо өгсөн байна.
Шалгуур үзүүлэлтүүдийн 1.1.6 буюу 6 дах шалгуур үзүүлэлтийн хувьд “Үйл ажиллагаа” хэсэгт “Ахмад настныг урьдчилан сэргийлэх үзлэгийн хамралт >70%, эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээг зохион байгуулсан байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урьдчилан сэргийлэх үзлэгийн хамралт 80%-иас дээш, эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээг зохион байгуулсан байх” гэж заасан ба нэхэмжлэгч, хариуцагч нараас хагас жилийн хувьд “ахмад настныг 35%, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг 40% хамруулсан байх” талаар маргаагүй болно.
Хариуцагч ажлын хэсгийн гишүүнээс “Ахмад настныг эрүүлжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, эргэлтийн графикийг үзүүлсэн. ...Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө, тайлан үзүүлээгүй. ...Мөн журамд зааснаас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үнэлгээний хуудас, настны өдөр тутмын бие даах чадварын үнэлгээний дэвтрийг үзүүлсэн. ...Даатгуулагчид үзүүлэх сэргээн засах тусламж, үйлчилгээний хуудас гэх баримтыг тухайн үед үзүүлээгүй. Тухайн 2 төрөлд хамаарах иргэдийн журамд заасан судалгаа, тайлан, нэгийнх нь төлөвлөгөө байхгүй байсан учраас дээрх баримтуудыг үзээд үнэлгээ өгөх , хувь гаргах боломжгүй байсан. ... 6.1-ийн 1, 2 дахь хэсэгт тус бүр 3 оноо өгч байгаа үндэслэл нь 1 эмчээс бусад эмч нарын ахмад настны судалгаа байхгүй, хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан байхгүй тул арга хэмжээний хэрэгжилт, хувийг тодорхойлох боломжгүй учраас тус бүр 2 оноо хасаад өгсөн. 6.2-ын 1, 2 дахь хэсэгт тус бүр 3 оноо өгсөн үндэслэл нь 1 эмчээс бусад эмч нарын судалгаа байхгүй, төлөвлөгөө,тайлан байхгүй, арга хэмжээний хэрэгжилтийн хувийг гаргах боломжгүй байсан учраас 2 оноо хассан. ...Би шалгалтын үед цахимаас үзэх талаар хэлээгүй. Учир нь журамд зааснаар цахимаар шалгана гэсэн зүйл байхгүй” гэсэн тайлбар гаргасан.
Хэрэгт авагдсан нотлох баримт /3 дах хавтаст хэргийн 153 дах тал/ болох аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн статистик тоо баримтаар тус өрхийн эрүүл мэндийн төвд харьяалалтай 695 ахмад настан,148 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа, мөн гэрээний хэрэгжилтийг дүгнэх үед ажлын хэсэгт гаргаж өгсөн баримтуудаас гадна ахмад настны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний судалгаа гэсэн 2 ширхэг дэвтэр, ахмад настны эрүүл мэндийг сайжруулах арга хэмжээний тайлан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн эргэлтийн график, даатгуулагчид үзүүлэх сэргээн засах тусламж, үйлчилгээний хуудас гэсэн баримт бичгүүдийг нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн болно.
Түүнчлэн цахим бүртгэл буюу www.e-hospital.mn. программд байгаа бүртгэлээр 2023 оны эхний 6 сарын байдлаар 384 ахмад настан урьдчилан сэргийлэх үзлэгт,169 хүн сэргээн засах тусламж, үйлчилгээнд хамрагдсан нь тус тус тогтоогдсон, мөн уг цахим программд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэний бүртгэл, 2023 оны 1-5 дугаар сарын хугацааны эмчийн үзлэгийн бүртгэл, 2023 оны 1-6 дугаар сарын хугацааны урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан иргэдийн бүртгэл, хөнгөлөлттэй эмийн жор олгосон бүртгэл байгаа болох нь тус тус тогтоогдсон.
Хариуцагчаас “ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний судалгаа байхгүй байсан” гэх боловч уг тайлбараа нотлох баримтыг гаргаж өгөөгүй, энэ талаар холбогдох ажилтнаас тайлбар гаргуулаагүй, мөн цахим программд байгаа бүртгэл, мэдээллийг гэрээний хэрэгжилтийг дүгнэх үед үзээгүй болох нь өөрийнх нь тайлбараар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.
Дээрх байдлаар тухайн 2 шалгуур үзүүлэлтийг дүгнэхэд шаардлагатай бичмэл нотлох баримтуудаас гадна холбогдох цахим бүртгэлүүд байсан нь тогтоогдож байгаа ба хариуцагч ажлын хэсгийн гишүүнээс тухайн нотлох баримтуудыг үндэслэн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувь, эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээний хэрэгжилтийг тус тус тодорхойлж, улмаар уг гарсан хувь, үр дүнтэй нь холбогдуулан журамд заасан аргачлалаар тооцон оноог өгөх ёстой байтал шаардлагатай нотлох баримтыг цуглуулж, үзэхгүйгээр оноо хассан нь үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй гэж үзэхээр байна.
Шалгуур үзүүлэлтүүдийн 1.1.6 дах хэсгийн 6.2-ын 3 дах шалгуур үзүүлэлтийн “Үйл ажиллагаа” хэсэгт “Харьяалагдах нутаг дэвсгэрийн асрамжийн газарт хүрч үйлчилсэн байх” гэсэн заасан, өөрөөр хэлбэл тухайн нутаг дэвсгэрт нь асрамжийн газар байгаа тохиолдолд хүрч үйлчилснээр нь үнэлэхээр заажээ.
Р өрхийн эрүүл мэндийн төвд харьяалагдах нутаг дэвсгэр болох Өлгий сумын 1, 8 дугаар багийн нутаг дэвсгэрт асрамжийн газар байхгүй байхад хариуцагч ажлын хэсгийн гишүүнээс “тухайн өрхөд харьяалалтай асрамжийн төв байхгүй” гэсэн шалтгаанаар буюу нэхэмжлэгчээс шалтгаалахгүй үндэслэлээр 0 оноо өгсөн нь үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд нийцээгүй байна.
Түүнчлэн Р өрхийн эрүүл мэндийн төвд харьяалагдах нутаг дэвсгэрт асрамжийн газар байхгүй байхад тус өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэд “харьяалагдах нутаг дэвсгэрийн асрамжийн газарт хүрч үйлчилсэн байх” гэсэн үзүүлэлтийг оруулж дүгнэснийг буруу гэж үзэхээр байна.
8.6. “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд”-ийн 1.2.1.Оношилгоо, эмчилгээний технологийн мөрдөлт гэсэн хэсгийн 7.1-ийн 1.Тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлсэн тоо гэсэн шалгуур үзүүлэлтэд 4 оноо, 2. Стандарт, зааврын мөрдөлтийн хувь гэсэн шалгуур үзүүлэлтэд 3 оноо, 7.2-ын 1.Мэргэшсэн лабораторийн мэргэжилтэнтэй гэсэн шалгуур үзүүлэлтэд 5 оноо, 2. Урвалж бодис, оношлуураар хангагдсан хувь гэсэн шалгуур үзүүлэлтэд 3 оноо өгсөн байна.
Шалгуур үзүүлэлтүүдийн 1.2.1 дэх хэсгийн 7.1-ийн 1 дэх шалгуур үзүүлэлтийн “Үйл ажиллагаа” хэсэгт “Тусламж, үйлчилгээний төрөл, оношилгоо, эмчилгээний 1-ээс доошгүй технологийг нэвтрүүлсэн байна” гэж заасан, өөрөөр хэлбэл тусламж, үйлчилгээний төрөл, оношилгооны технологи, эмчилгээний технологиос тус бүр 1-ийг биш, аль нэгээс нь 1-ийг нэвтрүүлсэн байх шаардлагыг тусгажээ.
Хариуцагч ажлын хэсгийн гишүүний тайлбараар тус өрхийн эрүүл мэндийн төв нь тусламж, үйлчилгээний төрөл, оношилгооны технологиос тус бүр 1-ийг нэвтрүүлсэн нь тогтоогдож байгаа буюу тавьсан зорилт, арга хэмжээний хүрэх түвшинд хүрсэн байгаа тул 4 оноо тавьсан нь үндэслэлгүй, журмын 4.4.1-д заасантай нийцээгүй байна, мөн хариуцагчаас уг шалгуур үзүүлэлтэд өгсөн оноо нь нэмэгдэхээр байсан гэдгийг хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй.
Шалгуур үзүүлэлтүүдийн 1.2.1 дэх хэсгийн 7.1-ийн 2. Стандарт, зааврын мөрдөлтийн хувь гэсэн шалгуур үзүүлэлтийн хувьд хариуцагч ажлын хэсгийн гишүүнээс “Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 2 дугаар хүснэгт болох жагсаалтад заасан зайлшгүй шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийн 85 хувь нь байсан” гэсэн тайлбар гаргасан.
Журмын 4.5.2-т зааснаар тодорхой үр дүнд хүрсэн буюу 80-89% байгаа тохиолдолд 4 оноо өгөхөөр заасан байх тул 3 оноо өгсөн нь үндэслэлгүй, мөн хариуцагчаас 4 оноо өгөх ёстой байсныг хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй.
Шалгуур үзүүлэлтүүдийн 1.2.1 дэх хэсгийн 7.2-ын 2. Урвалж бодис, оношлуураар хангагдсан хувь гэсэн шалгуур үзүүлэлтийн “Үйл ажиллагаа” хэсэгт “Багцад заасан лабораторийн шинжилгээг бүрэн хийдэг байна” гэж заасан.
Хариуцагч ажлын хэсгийн гишүүнээс “Урвалж бодисууд хангалттай байсан. Харин тус төв нь цусны ба шээсний шинжилгээ хийдэггүй гэж тухайн үед үзсэн байна. Тухайн үед төвөөс лабораторийн шинжилгээний бүртгэлийг гаргаж өгсөн, гэхдээ үүнийг үзсэн эсэхээ санахгүй байна. Харин цусны болон шээсний шинжилгээний аппарат байсныг тухайн үед үзсэн. Сая харахад лабораторийн шинжилгээний бүртгэлд цусны болон шээсний шинжилгээ хийсэн талаар тусгагдсан байна. Энэ хэсэгт яагаад 3 гэсэн оноо тавьснаа санаж хэлж чадахгүй байна. Харин одоо лабораторийн шинжилгээний бүртгэлээс харахад энэ хэсэгт 5 оноог бүрэн тавих ёстой байсан байна” гэсэн тайлбар гаргажээ.
Хэрэгт лабораторийн шинжилгээний бүртгэл нотлох баримтаар авагдсан ба уг бүртгэлд цусны болон шээсний шинжилгээ хийсэн талаар бүртгэлүүд байгаа, өөрөөр хэлбэл, зорилтот түвшиндээ бүрэн хүрсэн байх тул хариуцагчаас 3 оноо өгсөн нь үндэслэлгүй, журмын 4.5.1-д заасантай нийцээгүй байна.
8.7. “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд”-ийн 1.2.2. Бүртгэгдсэн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ гэсэн хэсгийн 8.1-ийн 1. Эрүүл мэндийн 3, 4 дүгээр бүлгийн хүн амыг тусламж, үйлчилгээнд хамруулсан хувь, 2. Эрүүл мэндийн 5 дугаар бүлгийн хүн амын хөнгөвчлөх болон гэрийн эмчилгээнд хамрагдсан хувь гэсэн үзүүлэлтэд тус бүр 0 оноо өгсөн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримт болох аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн статистикийн тоо мэдээгээр Р өрхийн эрүүл мэндийн төв нь 6958 хүн амтай, 3 дугаар бүлгийн 660, 4 дүгээр бүлгийн 165, 5 дугаар бүлгийн 25 хүнтэй бөгөөд 2023 оны эхний 6 сарын байдлаар үзлэг хийсэн тоо 9261, үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 3650, амбулаторийн үзлэг 3364, идэвхтэй хяналт 806, гэрийн идэвхтэй хяналт 1394, гэрийн дуудлагын үзлэг 47, мөн эрт илрүүлгийн үзлэг хийсэн тоо 2458 /анх, давтан/, 439 эмэгтэйг жирэмсний хяналтад авсан байна.
Цахим бүртгэл буюу www.e-hospital.mn. программд байгаа бүртгэлээр 384 ахмад настан урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан, 469 нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан, 675 хүүхэд урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгт хамрагдсан, хөнгөлөлттэй эмийн жорыг 1196 удаа олгосон, 169 хүн сэргээн засах тусламж үйлчилгээнд хамрагдсан, мөн уг программд 2023 оны 1-5 дугаар сарын хугацааны эмчийн үзлэгийн бүртгэл, 2023 оны 1-6 дугаар сарын хугацааны урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан иргэдийн бүртгэл, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүртгэл байгаа болох нь тус тус тогтоогдсон.
Гэтэл хариуцагч нь дээрх холбогдох баримт бичгүүдийг үндэслэн эрүүл мэндийн 3, 4 дүгээр бүлгийн хүн амыг тусламж, үйлчилгээнд хамруулсан, эрүүл мэндийн 5 дугаар бүлгийн хүн амын хөнгөвчлөх болон гэрийн эмчилгээнд хамрагдсан хувийг тодорхойлж, улмаар журамд заасан аргачлалаар үнэлээгүй, өөрөөр хэлбэл үнэлгээ өгөхөд шаардлагатай нотлох баримтыг цуглуулаагүй буюу холбогдох баримт бичгүүдийг үзэхгүйгээр, холбогдох ажилтнаас тайлбар, тодруулга авахгүйгээр тухайн арга хэмжээний хэрэгжилтэд 0 оноо өгсөн нь үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд нийцээгүй байна.
8.8. “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд”-ийн 1.2.3. Яаралтай тусламж, үйлчилгээ гэсэн хэсгийн 9.1-ийн 1. Яаралтай тусламжийн арга хэмжээний хэрэгжилт, 2. Яаралтай тусламжид шаардлагатай эм, тариа, багаж, тоног төхөөрөмжийн хангалтын хувь гэсэн шалгуур үзүүлэлтэд тус бүр 2,2 оноо, 3. Яаралтай тусламжийн богино хугацааны сургалтад хамрагдсан мэргэжилтний тоо гэсэн шалгуур үзүүлэлтэд 2,5 оноо өгсөн байна.
Хариуцагч ажлын хэсгийн гишүүнээс “Яаралтай тусламжид шаардлагатай эм, тариа шүүгээн дотор байсан. ...Яаралтай тусламжид холбогдолтой 11 багаж, тоног төхөөрөмж байх ёстойгоос 5 нь байсан. Харин зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, ургийн монитор, билиметр, сорох төхөөрөмж, дефибрилятор, амбу байхгүй байсан. Шүүгээг харуулаагүй тул тэнд нь юу байсныг мэдэхгүй. Энэ хэсэгт өрхийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжид холбогдолтой тоног төхөөрөмжийн 45 хувь байгаа, 55 хувь байхгүй гэж үзсэн. Ингээд 5 оноог 100 хувь гэж үзээд байгаа 45 хувийг тооцож үзээд 2,2 оноо өгсөн.Харин энэ хэсэгт эмийн бэлэн байдлын хэсэгт оноо өгөхгүй орхигдуулсан гэдгийг зөвшөөрч байна ” гэсэн тайлбар гаргасан.
Шалгуур үзүүлэлтүүдийн 1.2.3 дах хэсгийн 9.1-ийн 2 дах шалгуур үзүүлэлтийн хувьд яаралтай тусламжид шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөс гадна эм, тарианы хангалтын хувийг тодорхойлон оноо өгөхөөр заасан байгаа.
Гэтэл яаралтай тусламжид шаардлагатай эм, тариа бүрэн байхад хариуцагч ажлын хэсгийн гишүүнээс эм, тарианы хангалтын хувийг харгалзан үзэхгүйгээр зөвхөн яаралтай тусламжид шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийн хангалтын хувийг үндэслэн оноо өгсөн нь үндэслэлгүй, мөн хариуцагчаас энэ хэсэгт оноо нэмж өгөх ёстой байсныг хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн гэрээний хэрэгжилтийг дүгнэх үед хариуцагч ажлын хэсгийн гишүүн О.Айбота нь “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд”-ийн 2.5. Тоног төхөөрөмжийн хангалт, ашиглалт, баталгаажилт гэсэн хэсгийн 20.1-ийн 1. Стандартад заасан тоног төхөөрөмжөөр хангагдсан хувь, 2. Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, баталгаажилтад хамрагдсан хувь гэсэн шалгуур үзүүлэлтэд үнэлгээ хийсэн байх ба ингэхдээ зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, билиметрээр 100 хувь хангагдсан гэж үзээд тус бүр 5 оноо өгсөн болох нь тогтоогдож байгаа, мөн нэхэмжлэгчээс тухайн 2 багаж, тоног төхөөрөмж байгаа гэсэн тайлбар гаргасан.
Дээрх байдлаар яаралтай тусламжид холбогдолтой байх ёстой 11 багаж, тоног төхөөрөмжөөс 7 нь байгаа болох нь тогтоогдож байгаа, мөн яаралтай тусламжид шаардлагатай эм, тариа бүрэн байхад 2,2 оноо өгсөн нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй, журамд нийцээгүй байна, өөрөөр хэлбэл эдгээрийг үндэслэн яаралтай тусламжид шаардлагатай эм, тариа, багаж, тоног төхөөрөмжийн хангалтын хувийг тодорхойлон журамд заасан аргачлалаар тооцон оноог өгөх байжээ.
Шалгуур үзүүлэлтүүдийн 1.2.3 дах хэсгийн 9.1-ийн 3. Яаралтай тусламжийн богино хугацааны сургалтад хамрагдсан мэргэжилтний тоо гэсэн шалгуур үзүүлэлтийн хувьд тус өрхийн эрүүл мэндийн төвийн бүх эмч, ажилтнууд нь яаралтай тусламжийн богино хугацааны сургалтад хамрагдсан талаар хариуцагчаас маргахгүй байгаа ба “Тусламж, үйлчилгээ үзүүлэх бэлэн байдлыг хангаж, ур чадвар эзэмшсэн байх гэсэн шаардлага нь 3 дах хэсэгт хамааралтай гэж үзээд сургалтын үр дүнгийн байдлыг харгалзаад оноо хассан” гэсэн тайлбар гаргасан.
Гэтэл шалгуур үзүүлэлтүүдийн 1.2.3 дах хэсгийн 9.1-ийн 1. Яаралтай тусламжийн арга хэмжээний хэрэгжилт гэсэн шалгуур үзүүлэлтийг дүгнэхдээ “Тусламж , үйлчилгээ үзүүлэх бэлэн байдлыг хангаж, ур чадвар эзэмшсэн байна” гэсэн “Үйл ажиллагаа” хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаж оноо хассан байх бөгөөд 1.2.3-ын дах хэсгийн 9.1-ийн 3. Яаралтай тусламжийн богино хугацааны сургалтад хамрагдсан мэргэжилтний тоо гэсэн шалгуур үзүүлэлтийн хувьд зөвхөн сургалтад хамрагдсан мэргэжилтний тоог үндэслэн оноо өгөхөөр заасан байхад дээрх үндэслэлээр дахин оноо хассан нь үндэслэлгүй байна гэж үзлээ.
8.9. “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд”-ийн 1.2.6. Сэргээн засах тусламж, үйлчилгээ гэсэн хэсгийн 12.1-ийн 1. Сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх сургагдсан эмнэлгийн мэргэжилтэнтэй гэсэн шалгуур үзүүлэлтэд 5 оноо, 2. Тусламж, үйлчилгээ үзүүлэх өрөөтэй, 3. Амбулаториор болон гэрээр сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлсэн арга хэмжээний хэрэгжилт гэсэн шалгуур үзүүлэлтэд тус бүр 3 оноо өгсөн байна.
Шалгуур үзүүлэлтүүдийн 1.2.6 дах хэсгийн 12.1-ийн 2. Тусламж, үйлчилгээ үзүүлэх өрөөтэй гэсэн шалгуур үзүүлэлтийн талаар хариуцагч ажлын хэсгийн гишүүнээс “Стандартад зааснаар 16 ширхэг багаж , тоног төхөөрөмж байх ёстой. Үүнээс 9 нь байсан. ...Тухайн өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд уламжлалт эмчилгээ хийх, сэргээн засах эмчилгээ хийх ганцхан өрөөтэй байсан.Зориулалтын тусдаа өрөөгүй ч гэсэн сэргээн засах үйлчилгээ үзүүлж байгаа өрөөтэй байсан гэдгээр, мөн тоног төхөөрөмжүүдийн зарим нь байхгүй байсан учраас тодорхой хэмжээгээр оноо хасаж, 3 оноо өгсөн” гэсэн тайлбар гаргасан.
Шалгуур үзүүлэлтүүдийн 1.2.6 дах хэсгийн 12.1-ийн 2.Тусламж, үйлчилгээ үзүүлэх өрөөтэй байх гэсэн шалгуур үзүүлэлтийн агуулгаас үзэхэд заавал тусдаа өрөөтэй байх гэсэн шаардлага тавигдаагүй байгаагаас гадна “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд”-ийн 1.2.9. Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ гэсэн шалгуур үзүүлэлтэд “уламжлалт эмчилгээний өрөөтэй байх” гэсэн үзүүлэлт байхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн гэрээний хэрэгжилтийг дүгнэх үед хариуцагч ажлын хэсгийн гишүүн О.Айбота нь “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд”-ийн 2.5.Тоног төхөөрөмжийн хангалт, ашиглалт, баталгаажилт гэсэн хэсгийн шалгуур үзүүлэлтүүдийг дүгнэж, үнэлгээ хийжээ.
Уг үнэлгээгээр стандартад заасан тоног, төхөөрөмжийн хангалт гэсэн шалгуур үзүүлэлтийн хувьд “хүзүүний татлага” байна гэж үзээд 5 оноо өгсөн болох нь тогтоогдож байгаа, мөн нэхэмжлэгчээс тухайн багаж, тоног төхөөрөмж байгаа гэсэн тайлбар гаргасан тул “Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагаа” MNS 5292:2017 Монгол улсын стандартад заасан “Сэргээн засах хэсэг”-т хамааралтай зайлшгүй шаардлагатай 16 багаж, тоног төхөөрөмжөөс 10 байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Дээрх байдлаар шалгуур үзүүлэлтүүдийн 1.2.6 дах хэсгийн 12.1-ийн 2. Тусламж, үйлчилгээ үзүүлэх өрөөтэй байх гэсэн шалгуур үзүүлэлтийн хувьд гол шаардлага болох өрөө нь байгаа, мөн ихэнх буюу 10 тоног төхөөрөмж байхад ямар аргачлалаар хэрхэн тооцож 3 оноо өгсөн нь ойлгомжгүй, мөн сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх зориулалтын тусдаа өрөөгүй гэж оноо хассан нь үндэслэлгүй байна.
Шалгуур үзүүлэлтүүдийн 1.2.6 дах хэсгийн 12.1-ийн 3.Амбулаториор болон гэрээр сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлсэн арга хэмжээний хэрэгжилт гэсэн шалгуур үзүүлэлтийн хувьд хариуцагч ажлын хэсгийн гишүүнээс “...сэргээн засах тусламж, үйлчилгээнд хамрагдсан үйлчлүүлэгчийн бүртгэлийг үзүүлсэн. Тухайн бүртгэлд нь 160 хүн байсан. Энэ тоо нь нийгмийн даатгалын хэлтсээс санхүүжилт авахаар өгсөн 169 гэдэг тооноос зөрүүтэй байсан. Цахим программд орж шалгаагүй, зөвхөн бүртгэлээс үзсэн. ...Тайлан байхгүй,арга хэмжээний хэрэгжилтэд тайлан бичиж, дүгнэлт бичээгүй, тоо нь зөрүүтэй байсан гэсэн үндэслэлээр 2 оноо хассан” гэсэн тайлбар гаргасан.
Уг 1.2.6 дах хэсгийн шалгуур үзүүлэлтүүдийн “Мэдээллийн эх сурвалж” хэсэгт “Стандарт, сэргээн засах тусламж үйлчилгээнд хамрагдсан үйлчлүүлэгчийн бүртгэл, цахим программ, сэргээн засах тоног төхөөрөмж”, “Үйл ажиллагаа” хэсэгт “Жил бүр сэргээн засах тусламж, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлж, тусламж, үйлчилгээ үзүүлсэн хүний тоо нэмэгдсэн байна” гэж заасан.
Хэрэгт авагдсан цахим бүртгэл буюу www.e-hospital.mn. программд байгаа бүртгэлээр 2023 оны эхний 6 сарын байдлаар сэргээн засах тусламж үйлчилгээнд 169 хүн хамрагдсан нь тогтоогдсон, гэтэл ажлын хэсгийн гишүүнээс цахим программд орж шалгахгүйгээр, тоо нь зөрүүтэй байсан гэсэн үндэслэлээр оноо хассан нь үндэслэлгүй, бодит байдал, журамд нийцэхгүй байна.
Нэхэмжлэгчээс 2022 оны эхний хагас жилд 137 хүнийг сэргээн засах тусламж, үйлчилгээнд хамруулсан гэсэн тайлбар гаргасан ба 2023 оны эхний хагас жилийн байдлаар 169 хүнийг сэргээн засах тусламж, үйлчилгээнд хамруулсан нь тогтоогдож байгаа тул хариуцагчаас тусламж , үйлчилгээ үзүүлсэн хүний тоо нэмэгдсэн эсэхийг тодорхойлж, улмаар уг гарсан үр дүнтэй холбоотойгоор журамд заасан аргачлалаар тооцон оноог өгөх ёстой байжээ.
8.10. “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд”-ийн 1.2.7. Гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ гэсэн хэсэг буюу 13 дах шалгуур үзүүлэлтэд 2 оноо өгсөн ба хариуцагч ажлын хэсгийн гишүүнээс “журмын 4.7-д зааснаар тухайн шалгуур үзүүлэлтийн нийлбэр онооны дунджийг 2 дахин үржүүлж дүгнээгүй” болохоо хүлээн зөвшөөрсөн, өөрөөр хэлбэл уг шалгуур үзүүлэлтийн доторх 4 үзүүлэлтэд өгсөн онооны нийлбэрийн дунджийг 2 дахин үржүүлж буюу нийт 4 оноо өгөх ёстой байжээ.
8.11. “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд”-ийн 1.2.8. Өдрийн эмчилгээ гэсэн хэсгийн 14.1-ийн 1.Эрүүл ахуйн шаардлага хангасан өдрийн эмчилгээний өрөөтэй гэсэн шалгуур үзүүлэлтэд 5 оноо, 2. Өдрийн эмчилгээний арга хэмжээний хэрэгжилт, 3. Өвчний түүх бичилтийн стандарт мөрдөлтийн хувь гэсэн шалгуур үзүүлэлтэд тус бүр 3 оноо өгсөн байна.
“Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд”-ийн 1.2.8 дах хэсэг буюу 14 дэх шалгуур үзүүлэлтийн “Үйл ажиллагаа” хэсэгт “Өдрийн эмчилгээг хийж, эмчилгээнд хамрагдах хүний тоог нэмэгдүүлэн, үр дүнг тооцсон байна” гэж заасан.
Хариуцагч ажлын хэсгийн гишүүнээс 1.2.8 дах хэсгийн 14.1-ийн 2 дах шалгуур үзүүлэлтийн хувьд өдрийн эмчилгээнд хамрагдах хүний тоо өмнөх оноос нэмэгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн, өөрөөр хэлбэл зорилт, арга хэмжээний хүрэх түвшинд хүрсэн байхад оноо хассан нь үндэслэлгүй, журмын 4.4.1-д нийцээгүй байна.
9. Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/104 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд”-ийн дагуу Р өрхийн эрүүл мэндийн төвтэй 2023 онд байгуулсан гэрээний хэрэгжилтийг хагас жилээр дүгнэсэн ажлын хэсгийн үнэлгээ, дүгнэлтийн 2. Төвийн удирдлага, манлайлал бүлгийн шалгуур үзүүлэлтийн дагуу өгсөн оноо буюу үнэлгээний хувьд:
9.1. “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд”-ийн 2.1.Засаглал, удирдлагын манлайлал хэсгийн 16.1-ийн 1. Тулгамдсан асуудлыг хамт олны түвшинд хэлэлцэж шийдвэрлэсэн эсэх гэсэн шалгуур үзүүлэлтэд 4 оноо, 2. Хамт олны зүгээс гомдол гараагүй байх гэсэн шалгуур үзүүлэлтэд 2 оноо, 3. Ёс зүйн зөрчил гаргаагүй байх гэсэн шалгуур үзүүлэлтэд 4 оноо, 4. Хамт олны сэтгэл ханамжийн хувь гэсэн шалгуур үзүүлэлтэд 2 оноо, 5. Нөхөрлөлийн гишүүнд хамрагдсан эмнэлгийн мэргэжилтний хувь гэсэн шалгуур үзүүлэлтэд 4 оноо, 16.2-ын 1. Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн хувь, 2. Сэтгэл ханамжийн судалгааны мөрөөр хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилт гэсэн шалгуур үзүүлэлтэд тус бүр 2 оноо, 3. Хөндлөнгийн хяналт хийлгэсэн эсэх гэсэн шалгуур үзүүлэлтэд 0 оноо өгсөн байна.
Шалгуур үзүүлэлтүүдийн 2.1 дэх хэсгийн 16.1-ийн 3. Ёс зүйн зөрчил гаргаагүй байх гэсэн шалгуур үзүүлэлтийн хувьд хариуцагч ажлын хэсгийн ахлагчаас “1 оноо хассан үндэслэл нь нөхөрлөлийн гишүүдийн эв нэгдлийг хангаж ажиллаж чадаагүй,5-6 хүн гомдол гаргаж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзсэн. Мөн аймгийн Засаг даргад Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны ерөнхийлөгчөөс С.Нийн ёс зүйн зөрчилтэй холбоотой албан бичиг ирсэн учраас 1 оноо хасах үндэслэл болгосон” гэж тайлбарласан ба тухайн албан бичгийг нотлох баримтаар /3 дах хавтаст хэргийн 28-29 дэх тал / ирүүлсэн.
Уг Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 68 дугаар албан бичиг нь “С.Н олон зөрчил гаргаж байсан талаар гомдлыг хүлээн авч, түүнийг өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллах ёс зүйгүй, хамт олныг удирдах чадваргүй талаар байр сууриа илэрхийлж байсан. Иймээс өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулах гэрээг цуцалж, шинээр өрхийн эрүүл мэндийн төв байгуулах талаар бүрэн эрх бүхий этгээд болох аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын даргад хандсан” агуулгатай аймгийн Засаг даргад хаягласан хүсэлт байна.
Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эмнэлгийн мэргэжилтний болон анагаах ухааны Ёс зүйн хяналтын хороо, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн дэргэд ёс зүйн салбар хороо, эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургууль, тусгай мэргэжлийн төвийн дэргэд Анагаах ухааны ёс зүйн хяналтын салбар хороо тус тус ажиллана. Ёс зүйн хяналтын хороо, салбар хорооны үлгэрчилсэн дүрэм, анагаах ухааны болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, 26.4-т “Ёс зүйн салбар хороо нь эмнэлгийн мэргэжилтний болон анагаах ухааны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эмнэлгийн мэргэжилтэнд хууль тогтоомжийн дагуу шийтгэл ногдуулах саналыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлнэ” гэж тус тус заажээ.
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлыг аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хороо шалгах, шийтгэл ногдуулах эсэх асуудлыг холбогдох эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэхээр тус тус зохицуулсан байх тул Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны дээрх агуулга бүхий албан бичгийг үндэслэн ёс зүйн зөрчилтэй гэж үзэж, оноо хассан нь үндэслэлгүй байна.
Мөн хариуцагчийн “ажлаас халагдсан 5-6 хүн гомдол гаргаж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзсэн” гэх үндэслэлийн хувьд шалгуур үзүүлэлтүүдийн 2.1 дэх хэсгийн 16.1-ийн 2. Хамт олны зүгээс гомдол гараагүй байх гэсэн шалгуур үзүүлэлтэд энэхүү үндэслэлээр 3 оноо хассан мөртлөө “Ёс зүйн зөрчил гаргаагүй байх” гэсэн үзүүлэлтэд дахин үндэслэл болгож, оноо хассан нь үндэслэлгүй байна.
Шалгуур үзүүлэлтүүдийн 2.1 дэх хэсгийн 16.1 /Төвийн дарга нь дэмжлэгт удирдлагыг нэвтрүүлэн, манлайлан ажиллах” гэсэн зорилт/ -ийн 4. Хамт олны сэтгэл ханамжийн хувь гэсэн шалгуур үзүүлэлтийн “Мэдээллийн эх сурвалж” хэсэгт “ажилтнуудаас авсан сэтгэл ханамжийн асуумж судалгаа” гэсэн байх ба хариуцагч ажлын хэсгийн ахлагчаас “сэтгэл ханамжийн асуумж судалгаа аваагүй, бүтэц, орон тоо, цалин урамшууллын талаар хамт олноос гаргасан гомдол, саналыг үндэслэн 3 оноог хассан” гэсэн тайлбар гаргасан.
Гэтэл шалгуур үзүүлэлтэд ажилтнуудаас сэтгэл ханамжийн асуумж судалгаа авч үнэлэхээр заасан бөгөөд гэрээний хэрэгжилтийг дүгнэх үед ажлын хэсгийн 1 гишүүн нь тус төвийн эмч, эмнэлгийн ажилтан 8 хүнээс “Дэмжлэгт удирдлага”-ын хүрээнд сэтгэл ханамжийн судалгаа авсан болох нь тогтоогдож байна.
Уг судалгааны дүнгээр “Ерөнхий сэтгэл ханамж”-ийн хувьд 1 ажилтан “муу”, 7 ажилтан “сайн” гэж үнэлсэн /3 дах хавтаст хэргийн 20-27 дах тал/ байх тул уг судалгааны дүнг үндэслэн хамт олны сэтгэл ханамжийн хувийг тодорхойлж, улмаар уг гарсан хувьтай холбоотойгоор журамд заасан аргачлалаар тооцон оноог өгөх ёстой байжээ гэж үзлээ.
Мөн гэрээний хэрэгжилтийг дүгнэх үед хамт олноос гомдол, санал гаргасан талаарх нотлох баримтыг хариуцагч талаас гаргаж өгөөгүйгээс гадна 2.1 дэх хэсгийн 16.1-ийн 2. Хамт олны зүгээс гомдол гараагүй байх гэсэн тусдаа шалгуур үзүүлэлт байгааг дурдах нь зүйтэй.
Шалгуур үзүүлэлтүүдийн 2.1 дэх хэсгийн 16.2-ын /Иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх гэсэн зорилт/ 3. Хөндлөнгийн хяналт хийлгэсэн эсэх гэсэн шалгуур үзүүлэлтийн хувьд хариуцагч ажлын хэсгийн ахлагчаас “Хөндлөнгийн хяналт хийлгээгүй байсан. Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоогоор хөндлөнгийн хяналт хийлгэх ёстой гэж үзсэн” гэсэн тайлбар гаргасан.
Эрүүл мэндийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/578 дугаар тушаалаар баталсан “Эрүүл мэндийн салбараар үйлчлүүлж буй хэрэглэгчийн сэтгэл ханамжийн үнэлгээ хийх журам” -ын 5.1-т “Эрүүл мэндийн хөгжлийн төв нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд: 5.1.1. Хэрэглэгчийн үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар гүйцэтгүүлнэ” гэж заасан байх тул “Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоогоор хөндлөнгийн хяналт хийлгэх ёстой байсан” гэсэн үндэслэлээр уг шалгуур үзүүлэлтэд 0 оноо өгсөн нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй байна.
Мөн уг 2.1 буюу 16 дах шалгуур үзүүлэлтэд дээрх 8 үзүүлэлтийн онооны нийлбэрийн дунджаар тооцож 2,5 оноо өгсөн болох нь хариуцагч ажлын хэсгийн ахлагчийн тайлбараар тогтоогдож байгаа, харин ажлын хэсэг тус өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээний хэрэгжилтийн үнэлгээг гаргахдаа 16 дах шалгуур үзүүлэлтийн оноог 2,2 гэж тооцоод Төвийн удирдлага, манлайлал бүлгийн оноог 18,35 гэж буруу гаргасан байгааг дурдах нь зүйтэй .
9.2. “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд”-ийн 2.3. Хүний нөөцийн хөгжил гэсэн хэсгийн 18.1-ийн 1. Стандартын дагуу эмнэлгийн мэргэжилтнээр хангагдсан хувь гэсэн шалгуур үзүүлэлтэд 2 оноо, 2. Албан хаагчдын шилжилт хөдөлгөөний хувь гэсэн шалгуур үзүүлэлтэд 0 оноо, 3. 3-аас дээш жил тогтвортой ажилласан эмнэлгийн мэргэжилтний хувь гэсэн шалгуур үзүүлэлтэд 5 оноо, 18.2-ын 1. Хүний нөөцийн төлөвлөгөөний биелэлтийн хувь гэсэн шалгуур үзүүлэлтэд 0 оноо, 2. Өрхийн анагаах ухаан, хүүхэд болон бусад нарийн мэргэжлээр мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтний эзлэх хувь, 3. Багц цагийн биелэлтийн хувь гэсэн шалгуур үзүүлэлтэд тус бүр 1 оноо өгсөн байна.
Шалгуур үзүүлэлтүүдийн 2.3 дах хэсгийн 18.1-ийн 1.Стандартын дагуу эмнэлгийн мэргэжилтнээр хангагдсан хувь гэсэн шалгуур үзүүлэлтийн хувьд хариуцагч ажлын хэсгийн гишүүнээс стандартын дагуу байх ёстой 16 эмнэлгийн мэргэжилтнээс 8 буюу 50 хувь байгаа гэж үзсэн мөртлөө хагас жилийн тайлангаа хамгаалж чадаагүй гэдэг үндэслэлээр оноо хасаж, 2 оноо өгсөн нь үндэслэлгүй, журамд нийцээгүй байна.
Шалгуур үзүүлэлтүүдийн 2.3 дах хэсгийн 18.1-ийн 2.Албан хаагчдын шилжилт хөдөлгөөний хувь гэсэн шалгуур үзүүлэлтийн хувьд хариуцагч ажлын хэсгийн гишүүнээс “Шалгалтаар очиход 6 хүнийг ажлаас халсан байсан. Х.Сандугаш гэж өрх хариуцсан сувилагчийн хувьд ажлаас халагдаж, буцаагаад авсан тушаалтай байсан. Мөн М.А эмчийн чөлөөлөгдсөн тушаал байсан,С.Н дарга ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн эсэхийг мэдэхгүй буцаагаад ажилд орсон байсан. ...Баталсан байгаа 12 орон тооноос тооцоход шилжилт хөдөлгөөн 50-аас дээш хувьтай байсан. Мөн К.Еркегүл эмч ажлаас халагдаж, дахиж орсон байсан” гэсэн тайлбар гаргасан.
Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 дүгээр тушаалаар тус байгууллагын бүтэц, орон тоог дарга 1/М.А/, өрхийн эмч 3 /С.Н, К.Еркегүл, Н.Алтынгүл/, сувилагч 3 /Ш.Сакен, Х.Сандугаш, Ж.Багжан/, дархлаажуулалтын сувилагч 1/Т.Светлана/, нийгмийн эрүүл мэндийн ажилтан 1 /Б.Айнур/, нябо, үйлчлэгч, галч тус бүр 1 гэж баталсан бөгөөд уг орон тоонд эдгээр хүмүүс ажиллаж байжээ.
Р бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор М.Аыг даргын үүрэгт ажлаас чөлөөлж, С.Нийг тус өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилсон байх ба Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр Р бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн даргыг өөрчилсөн бүртгэлийг бүртгэхийг улсын бүртгэгчид даалгаж шийдвэрлэснээр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр С.Нийг төвийн даргаар томилсныг бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /2 дах хавтаст хэргийн 154-158, 159-166, 3 дах хавтаст хэргийн 107-117 дах тал/ нотлогдож байна.
Тус өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан М.Аын 2023 оны 1 дүгээр сараас 6 дугаар сарын хугацаанд өрхийн сувилагч, өдрийн эмчилгээний сувилагч, өрхийн эмч, уламжлалтын эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан гэсэн орон тоонуудад 6 хүнийг томилсон тушаалыг нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй этгээд болох М.А нь хууль, журам, стандартыг зөрчиж, дур мэдэн томилсон гэсэн үндэслэлээр Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын /С.Н/ 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн тушаалуудаар хүчингүй болгосон байх бөгөөд үүнийг эс зөвшөөрч тухайн 6 хүнээс 5 хүн нэхэмжлэл гаргаснаар тус аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болох нь тогтоогдсон /2 дах хавтаст хэргийн 48-59, 64-65 дах тал/.
Дээр дурдсанчлан тус өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд дарга, эмч, эмнэлгийн мэргэжилтэн 9, нябо, үйлчлэгч, галч тус бүр 1 гэсэн нийт 12 орон тоотой байхаар төвийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 дүгээр тушаалаар бүтэц, орон тоог баталсан байх ба ажлын хэсгээс гэрээний хэрэгжилтийг шалгах үед уг батлагдсан дарга 1, өрхийн эмч 3, сувилагч 3, дархлаажуулалтын сувилагч 1, нийгмийн эрүүл мэндийн ажилтан 1, нийт 9 орон тоонд С.Н, К.Еркегүл, Н.Алтынгүл, Айман, Ш.Сакен, Х.Сандугаш, Ж.Багжан, Т.Светлана, Б.Айнур нар ажиллаж байсан, харин М.А ажлаас чөлөөлөгдсөн байсан нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байгаа.
Иймд батлагдсан 12 орон тооны дарга, эмч, эмнэлгийн мэргэжилтний 9 орон тоонд ажиллаж байсан хүнээс М.А чөлөөлөгдсөн, бусад нь ажиллаж байсан нь тогтоогдож байгаа тул хариуцагчийн “Баталсан байгаа 12 орон тооноос тооцоход шилжилт хөдөлгөөн 50-аас дээш хувьтай байсан” гэх үндэслэлээр 0 оноо тавьсан нь үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй байна гэж үзлээ.
9.3. “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд”-ийн 2.4.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын удирдлага хэсгийн 19.1-ийн 1. Магадлан итгэмжлэлд хамрагдсан эсэх гэсэн шалгуур үзүүлэлтэд 5 оноо, 2. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах арга хэмжээний хэрэгжилт гэсэн шалгуур үзүүлэлтэд 2 оноо, 3. Чанар, аюулгүй байдлын сургалтын арга хэмжээний хэрэгжилт, 4.Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой тохиолдлыг бүртгэлийн хэрэгжилт гэсэн шалгуур үзүүлэлтэд тус бүр 2,5 оноо, 19.2-ын 1.Чанарын дотоод хяналтын төлөвлөлтийн хэрэгжилт, 2.Хяналтын хуудас ашиглан үнэлгээ хийж, авсан арга хэмжээний хэрэгжилт гэсэн шалгуур үзүүлэлтэд тус бүр 0 оноо, 19.3-ын 1.Халдварын сэргийлэлт, хяналтын төлөвлөгөөний биелэлтийн хувь гэсэн шалгуур үзүүлэлтэд 2 оноо, 2. Халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах сургалтын арга хэмжээний хэрэгжилт, 3. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварыг илрүүлэх тандалт хийсэн тоо гэсэн шалгуур үзүүлэлтэд тус бүр 0 оноо өгсөн байна.
Шалгуур үзүүлэлтүүдийн 2.4 дэх хэсгийн 19.1-ийн 4.Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой тохиолдлыг бүртгэлийн хэрэгжилт гэсэн шалгуур үзүүлэлтийн “Мэдээллийн эх сурвалж” хэсэгт заасан тохиолдлын бүртгэл /маягт/-ийг өрхийн эрүүл мэндийн төвөөс гаргаж өгсөн байх ба хариуцагч ажлын хэсгийн гишүүнээс “Эмнэл зүйн тохиолдлыг бүртгээгүй гэж оноо хассан. Үүнийг буюу эмнэл зүйн тохиолдол гарсан гэдгийг нотлох зүйл байхгүй. Тиймээс энэ үндэслэлээр оноо хассан нь үндэслэлгүй болжээ” гэж тайлбар гаргасан, өөрөөр хэлбэл уг шалгуур үзүүлэлтэд 2,5 оноо өгсөн нь үндэслэлгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн болно.
Шалгуур үзүүлэлтүүдийн 2.4 дэх хэсгийн 19.2-ын 1. Чанарын дотоод хяналтын төлөвлөлтийн хэрэгжилт гэсэн шалгуур үзүүлэлтийн хувьд “Мэдээллийн эх сурвалж” хэсэгт заасан ижил мэргэжилтний үзлэг хийсэн талаарх тайланг өрхийн эрүүл мэндийн төвөөс гаргаж өгсөн байх ба хариуцагч ажлын хэсгийн гишүүнээс “Ижил мэргэжилтний үзлэг чанарын дотоод хяналтын төлөвлөгөөний ажилд хамаарч байгаа ба надад шалгалтын үеэр ижил мэргэжилтний үзлэгийн тайланг үзүүлсэн.Би тухайн үед ижил мэргэжилтний үзлэгийг чанарын дотоод хяналтын арга хэмжээний хэрэгжилтэд хамруулж үзээгүй байна. Уг нь хамруулж үзэх ёстой. Энэ үзүүлэлтийн дагуу оноо өгөх ёстой байсан байна” гэж 0 оноо өгсөн нь үндэслэлгүйг хүлээн зөвшөөрсөн болно.
9.4. “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд”-ийн 2.5. Тоног, төхөөрөмжийн хангалт, ашиглалт, баталгаажилт гэсэн хэсгийн 20.1-ийн 1.Стандартад заасан тоног, төхөөрөмжөөр хангагдсан хувь, 2. Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, баталгаажилтад хамрагдсан хувь гэсэн шалгуур үзүүлэлтэд нийтдээ 4,2 оноо өгсөн байна.
Нэхэмжлэгчээс “О.Айбота мэргэжилтэн төхөөрөмж тус бүрд 0,5 гэсэн хоёрхон оноог ашиглаж үнэлгээ хийсэн. Сайдын тушаалын дагуу нийт төхөөрөмжийн хангалтыг үндэслэн 1-5 хүртэл оноог ашиглахгүйгээр үнэлгээ өгч, уг аргачлалыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн аймгийн Эрүүл мэндийн газрын эдийн засагч О.Айбота нь ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хууль бусаар томилогдсон албан тушаалтан учраас энэхүү аргачлалыг буруу ашигласан гэж үзэж байгаа” гэж маргасан.
Гэхдээ эрх бүхий этгээд болох аймгийн Засаг даргын шийдвэрээр баталсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд журамд зааснаар эдийн засагч албан тушаалтай хүн орсон байгаагаас гадна тоног, төхөөрөмжийн хангалт, ашиглалт, баталгаажилт гэсэн уг шалгуур үзүүлэлтийн хувьд ажлын хэсгийн гишүүнээс багаж, тоног төхөөрөмж нь байгаа тохиолдолд 5, байхгүй тохиолдолд 0 оноо өгснийг буруутгах боломжгүй тул өгсөн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.
9.5. “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд”-ийн 2.6.Санхүүжилт гэсэн хэсгийн 21.1-ийн 1. Тушаалын хэрэгжилтийн хувь гэсэн шалгуур үзүүлэлтэд 0 оноо, 2. Төсвийн гүйцэтгэлийн мэдээг хугацаанд нь гаргасан тоо /өглөг , авлагын хэмжээнээс хамаарч үнэлэх/ гэсэн шалгуур үзүүлэлтэд 3 оноо, 3.Санхүүгийн тайланг улирал бүр гаргасан байх,аудитад хамруулж дүгнэлт гаргуулсан байх гэсэн шалгуур үзүүлэлтэд 3 оноо, 4. Хуулийн хэрэгжилтийн хувь гэсэн шалгуур үзүүлэлтэд 4 оноо, 5. Хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр ангилж бүртгэсэн хувь гэсэн шалгуур үзүүлэлтэд 5 оноо өгсөн байна.
Шалгуур үзүүлэлтүүдийн 2.6 дах хэсгийн 21.1-ийн 2. Төсвийн гүйцэтгэлийн мэдээг хугацаанд нь гаргасан тоо /өглөг, авлагын хэмжээнээс хамаарч үнэлэх/ гэсэн шалгуур үзүүлэлтийн хувьд хариуцагч ажлын хэсгийн гишүүнээс “хувь хүний орлогын албан татварын 4,2 сая төгрөгийн авлагатай байсан,батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулахгүй байгаа” гэсэн тайлбар гаргасан ба уг шалгуур үзүүлэлтийн “Үйл ажиллагаа” хэсэгт “Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулж, өглөг, авлага үүсгэхгүй ажилласан байна” гэж заажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /2 дах хавтаст хэргийн 258-259, 3 дах хавтаст хэргийн 154-156 дах тал/ тус өрхийн эрүүл мэндийн төв нь төсвийн гүйцэтгэлийн мэдээг хугацаанд нь гаргасан, хувь хүний орлогын албан татварын 4,2 сая төгрөгийн авлагагүй нь тус тус тогтоогдсон, мөн батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулахгүйгээр өглөг, авлага үүсгэсэн талаар хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй тул эдгээр үндэслэлээр оноо хассан нь үндэслэлгүй байна гэж үзлээ .
Шалгуур үзүүлэлтүүдийн 2.6 дах хэсгийн 21.1-ийн 3.Санхүүгийн тайланг улирал бүр гаргасан байх,аудитад хамруулж дүгнэлт гаргуулсан байх гэсэн шалгуур үзүүлэлтийн “Үйл ажиллагаа” хэсэгт /Зөрчилгүй санал дүгнэлт -5, Зөвлөмжтэй -4, Зөрчилтэй буюу акт ,албан шаардлагатай бол -2, Дүгнэлт өгөхөөс татгалзсан бол-0/ гэж заажээ.
Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Төрийн аудитын байгууллага Төсвийн тухай хуульд заасны дагуу улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн байгууллага, төсөв захирагчийн жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан, санхүүгийн нэгтгэсэн тайлан, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн санхүүгийн тайланд аудит хийнэ” гэж заасан.
Жилийн санхүүгийн тайланд аудит хийхээр хуульчилсан ба Р өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд 2020, 2021, 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар “Зөрчилгүй” гэсэн санал дүгнэлт авсан нь тогтоогдож /3 дах хавтаст хэргийн 238-244 дэх тал/ байгаа тул шалгуур үзүүлэлтэд “Зөрчилгүй” санал дүгнэлт авсан тохиолдолд 5 оноо өгөхөөр заасан байхад 3 оноо өгсөн нь үндэслэлгүй байна.
10. Дээрх байдлаар хариуцагч ажлын хэсгийн Р өрхийн эрүүл мэндийн төвтэй 2023 онд байгуулсан гэрээний хагас жилийн хэрэгжилтэд өгсөн үнэлгээний Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн 1.1.1, 1.1.3, 1.1.4, 1.1.5, 1.1.6, 1.2.1, 1.2.2, 1.2.3, 1.2.6, 1.2.7, 1.2.8, Төвийн удирдлага, манлайлал бүлгийн 2.1, 2.3, 2.4, 2.6 дах шалгуур үзүүлэлтэд өгсөн оноо нь үндэслэлгүй, журамд нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй буюу бодит нотолгоо, тоон мэдээлэлд үндэслээгүй болох нь тогтоогдож байгаа бөгөөд ажлын хэсгээс бодит нөхцөл байдлыг тогтооход буюу шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээ хийхэд ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл шалгуур үзүүлэлт бүрээр үнэлгээ хийхэд буюу шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах, ач холбогдолтой мэдээлэл цуглуулах, оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох, оролцогчийг сонсох, тайлбар гаруулах, оролцогчоос гаргасан хүсэлт, тайлбар, мэдээлэл зэрэг нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад бүрэн бус, эсхүл буруу бичигдсэн байвал оролцогчид холбогдох зөвлөгөө үүргээ тус тус хангалттай хэрэгжүүлээгүй байна.
Түүнчлэн ажлын хэсэг нь захиргааны шийдвэрийн хувийн хэрэгт байвал зохих шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамааралтай баримтуудыг бүрдүүлээгүй, тодруулбал гэрээний хэрэгжилтийг дүгнэх үед өрхийн эрүүл мэндийн төвөөс гаргаж өгсөн гэх баримт бичгүүдийг баталгаажуулаагүй, гаргаж өгөөгүй гэх баримт бичгүүдийн хувьд тайлбар гаргуулах зэргээр баримтжуулаагүй, мөн шалгуур үзүүлэлтүүдтэй холбоотой баримт бичгүүд, тоон мэдээллийн талаар төвийн эмч, ажилтнуудаас гаргасан гэх тайлбар, тодруулгыг баримтжуулаагүй байна.
Хариуцагч ажлын хэсгээс “Гэрээний хэрэгжилтийг дүгнэхдээ гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн “Мэдээллийн эх сурвалж” хэсэгт зааснаас бусад баримт бичиг, материалыг шалгах ёсгүй” гэж маргасан ба Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/104 дүгээр тушаалаар баталсан “Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах,хэрэгжилтийг дүгнэх,хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам”-ын 3.12-т зааснаар гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэд хамаарахгүй баримт бичиг, бусад материалыг шаардахыг хориглосон байна.
Журмын уг заалт болон 1.3, 3.8 дах заалтын агуулгаас үзэхэд гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэд хамааралгүй баримт бичиг, материалыг шаардахгүй, харин хамааралтай бол холбогдох бүх баримт бичиг, бусад материалыг шалгаж, бодит нотолгоо, тоон мэдээллийг үндэслэн дүгнэхээр зохицуулжээ.
Иймд хариуцагч ажлын хэсгийн нэхэмжлэгч Р өрхийн эрүүл мэндийн төвтэй 2023 онд байгуулсан гэрээний хагас жилийн хэрэгжилтийг дүгнэж өгсөн үнэлгээний Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн 1.1.1, 1.1.3, 1.1.4, 1.1.5, 1.1.6, 1.2.1, 1.2.2, 1.2.3, 1.2.6, 1.2.7, 1.2.8, Төвийн удирдлага, манлайлал бүлгийн 2.1, 2.3, 2.4, 2.6 дах шалгуур үзүүлэлтийн дээр дурдсан доторх үзүүлэлт тус бүрд өгсөн оноо нь бодит нөхцөлд тохироогүй, үндэслэлгүй, журамд нийцээгүй тул уг үзүүлэлтүүдийн нийлбэр онооны дунджаар гарсан тухайн шалгуур үзүүлэлтийн оноо, шалгуур үзүүлэлт бүрийн нийлбэр оноогоор гарсан 2 бүлгийн оноо, хувь, бүлэг бүрийн нийлбэр оноог хувьд шилжүүлэн тооцсоноор гарсан гэрээний хэрэгжилтийн ерөнхий дүн нь үндэслэлгүй, бодит нөхцөлд тохироогүй, журамд нийцээгүй байна гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл, ажлын хэсгийн үнэлгээ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/104 дүгээр тушаалаар баталсан “Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам”-ын 1.3, 3.8, 4.1, 4.4, 4.5, 4.6, 4.7, 4.11, 4.12 дах заалтуудтай тус тус нийцэхгүй,хууль бус байна гэж дүгнээд үнэлгээний дээрх хэсгүүд болон үнэлгээг баталгаажуулсан илтгэх хуудсыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Мөн “Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам”-ын 1.4-т “Төвтэй байгуулах гэрээний салшгүй хэсэг нь гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт байна”, 2.4-т “Гэрээг байгуулахдаа аль нэг талаас гэрээний нөхцөлийг тулган шаардах, эсхүл хүрэх боломжгүй шаардлага тавьж болохгүй”, 2.5-д “Төвтэй байгуулах гэрээний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг эрүүл мэндийн анхан шатлалын тусламж, үйлчилгээний багц,тоо хэмжээ,чанарын шалгуур үзүүлэлттэй уялдуулан хүрэх түвшинг тогтоосон байна”, 2.6-д “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журмын дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн өрхийн эрүүл мэндийн төвтэй харилцан тохиролцож, тухайн жилийн төсвийн төлөвлөлттэй уялдуулан гэрээ байгуулна” гэж тус тус заасан.
Эдгээр заалтуудаас үзэхэд өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах үед эрүүл мэндийн анхан шатлалын тусламж, үйлчилгээний багц,тоо хэмжээ,чанарын шалгуур үзүүлэлттэй уялдуулан хүрэх түвшинг тогтоосон гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг 2 талаас тохиролцон баталж,улмаар уг тохиролцсон гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийг дүгнэхээр зохицуулсан байна. Гэтэл Р өрхийн эрүүл мэндийн төвтэй 2023 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан боловч гэрээний салшгүй хэсэг болох гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг журамд зааснаар тохиролцон батлаагүй нь журмын дээрх заалтуудтай нийцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
11. Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/104 дүгээр тушаалаар баталсан “Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам”-ын 5.2-т “Тухайн жилд төвийн гүйцэтгэлийн шалгуурын удирдлага, манлайлал бүлгийн үзүүлэлтээр “Хангалтгүй” дүгнэгдсэн тохиолдолд төвийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлыг “Нөхөрлөлийн тухай хууль”-д заасны дагуу шийдвэрлэх зөвлөмжийг нөхөрлөлд хүргүүлнэ”, 5.3-т “Дараах тохиолдолд төвийн гэрээг шууд цуцална: 5.3.4. Гүйцэтгэгч талын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн нийлбэр оноо нь “Хангалтгүй” гэж дүгнэгдсэн; 5.3.7. Багаар ажиллаагүй, төвийн даргын хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас хүн амд үзүүлэх тусламж, үйлчилгээ алдагдахад хүрсэн ноцтой зөрчил илэрсэн” гэж тус тус заажээ.
Маргаан бүхий захиргааны акт болох аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай мэдэгдэх хуудсанд Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/104 дүгээр тушаалын 5.2,5.3.4,5.3.7 дахь заалтуудыг үндэслэн гэрээг дуусгавар болгосон талаар тусгасан байх боловч хариуцагч аймгийн Эрүүл мэндийн газрын даргаас “Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/104 дүгээр тушаалаар баталсан журмын 5.3.4 дэх заалтыг үндэслэн гэрээг цуцалсан” агуулгатай хариу тайлбар ирүүлсэн ба журмын 5.3.7-д заасан гэрээг цуцлах үндэслэлийн талаар тайлбартаа тусгаагүй, энэ талаар нотлох баримт ирүүлээгүй болно.
Мөн хариуцагч ажлын хэсгийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудад гэрээний хэрэгжилтийг дүгнэсэн үнэлгээг танилцуулсан хурлын тэмдэглэл, 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Өлгий сумд үйл ажиллагаа явуулж байгаа өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хийсэн гэрээний хэрэгжилтийн дүнгийн талаарх хурлын тэмдэглэл, нэхэмжлэгч Р өрхийн эрүүл мэндийн төвийн нэхэмжлэлийн талаарх хариу тайлбар зэргээс үзэхэд журмын 5.3.7-д заасан “...хүн амд үзүүлэх тусламж, үйлчилгээ алдагдахад хүрсэн ноцтой зөрчил илэрсэн” гэсэн гэрээг цуцлах үндэслэлийн талаар огт тусгаагүй, шалгаж тогтоосон талаар нэмэлт тайлбар гаргаагүй болно.
Түүнчлэн хариуцагч Эрүүл мэндийн газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд журмын 5.3.4, 5.3.7-д заасан үндэслэлээр гэрээг цуцалсан гэсэн тайлбар гаргасан боловч 5.3.7-д заасан үндэслэлийн хувьд ”хүн амд үзүүлэх тусламж, үйлчилгээ алдагдахад хүрсэн ноцтой зөрчил илрээгүй боловч шалгуур үзүүлэлтийн “Төвийн удирдлага, манлайлал” бүлгийн оноог үндэслэл болгосон” гэж тайлбарласан.
Эдгээр нөхцөл байдлуудаас үзэхэд хариуцагч аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь Р өрхийн эрүүл мэндийн төвтэй 2023 онд байгуулсан гэрээг “Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам”-ын 5.3.7-д заасан үндэслэлээр бус, харин 5.3.4-т заасан үндэслэлээр цуцалжээ гэж дүгнэсэн болно.
12. Дээрх байдлаар хариуцагч ажлын хэсгийн нэхэмжлэгч Р өрхийн эрүүл мэндийн төвтэй 2023 онд байгуулсан гэрээний хагас жилийн хэрэгжилтийг дүгнэж өгсөн үнэлгээний Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн 1.1.1, 1.1.3, 1.1.4, 1.1.5, 1.1.6, 1.2.1, 1.2.2, 1.2.3, 1.2.6, 1.2.7, 1.2.8 дах шалгуур үзүүлэлтийн оноо, шалгуур үзүүлэлт бүрийн нийлбэр оноогоор гарсан бүлгийн оноо нь хууль бус тул журмын 5.3.4-т заасан “Гүйцэтгэгч талын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн нийлбэр оноо нь “Хангалтгүй” гэж дүгнэгдсэн” гэсэн үндэслэлээр гэрээг цуцалсан шийдвэр /мэдэгдэх хуудас/ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1,24.2,24.4,25 дугаар зүйлийн 25.1, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/104 дүгээр тушаалаар баталсан “Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам”-ын 1.3, 3.8, 4.1, 4.4, 4.5, 4.6, 4.7, 4.11, 4.12, 5.3.4 дах заалтуудтай тус тус нийцэхгүй, хууль бус байна гэж үзлээ.
Мөн Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/104 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулах гэрээний загварын 4.1.3, 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Р өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гэрээний 4.1.3-д тус тус зааснаар захиалагч тал болох аймгийн Засаг дарга нь төвийн үйл ажиллагаанд хяналт тавьж, урамшуулах, хариуцлага тооцож ажиллах эрх,үүрэгтэй байна.
Иймээс “Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам”-ын 1.2, 1.4-т тус тус зааснаар аймгийн Засаг дарга болон Эрүүл мэндийн газрын дарга нь гэрээний захиалагч тал бөгөөд шалгуур үзүүлэлтийг үндэслэн гэрээг дүгнэх эрх бүхий этгээдүүд тул тус аймгийн Эрүүл мэндийн газрын даргын төвийн үйл ажиллагаанд хяналт тавих,хариуцлага тооцох эрх бүхий этгээд болох аймгийн Засаг даргад мэдэгдэхгүйгээр, дангаараа Р өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гэрээг цуцалсан шийдвэр нь журмын дээрх заалтуудтай нийцэхгүй байна.
13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдсон тохиолдолд захиргааны актыг хүчингүй болгохоор зохицуулсан.
Дээрх байдлаар маргаан бүхий захиргааны актууд нь хууль бусаас гадна нэхэмжлэгч Р өрхийн эрүүл мэндийн төвийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх буюу үйл ажиллагаа явуулах, төвийн гишүүдийн хөдөлмөрлөх, цалин хөлс авах зэрэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээний хэрэгжилтэд хагас жилээр өгсөн үнэлгээний Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн 1.1.1, 1.1.3, 1.1.4, 1.1.5, 1.1.6, 1.2.1, 1.2.2, 1.2.3, 1.2.6, 1.2.7, 1.2.8, Төвийн удирдлага, манлайлал бүлгийн 2.1, 2.3, 2.4, 2.6 дах шалгуур үзүүлэлтийн оноо, бүлэг тус бүрийн оноо, хувь , нийт хувийг, 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн илтгэх хуудас буюу “Өрхийн эрүүл мэндийн төвтэй хийсэн гэрээний хагас жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний дүнгийн хуудас”, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай мэдэгдэх хуудсыг тус тус хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох ажлын хэсгийн үнэлгээний Төвийн удирдлага, манлайлал бүлгийн 2.5 дах шалгуур үзүүлэлтийн оноог хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.4 дэх заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/391 дүгээр захирамжаар баталсан ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээний хэрэгжилтэд хагас жилээр өгсөн үнэлгээний Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн 1.1.1, 1.1.3, 1.1.4, 1.1.5, 1.1.6, 1.2.1, 1.2.2, 1.2.3, 1.2.6, 1.2.7, 1.2.8, Төвийн удирдлага, манлайлал бүлгийн 2.1, 2.3, 2.4, 2.6 дах шалгуур үзүүлэлтийн оноо, бүлэг тус бүрийн оноо, хувь , нийт хувь /ерөнхий дүн/, 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн илтгэх хуудас буюу “Өрхийн эрүүл мэндийн төвтэй хийсэн гэрээний хагас жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний дүнгийн хуудас”, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай мэдэгдэх хуудсыг тус тус хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох ажлын хэсгийн үнэлгээний Төвийн удирдлага, манлайлал бүлгийн 2.5 дах шалгуур үзүүлэлтийн оноог хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ