| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2024/03004/И |
| Дугаар | 101/ШШ2024/02882 |
| Огноо | 2024-05-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2024/02882
| 2024 05 29 | 101/ШШ2024/02882 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “*******” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “*******” ХХК /рд:*******/-д холбогдох
35,533,333 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Л.*******, өмгөөлөгч Х.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК-ны захирал Г.Намхайренчин өөрийн эд хөрөнгүүдийг “*******” ХХК-ны захирал Ө.Гансэлэмд 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарын 31 -ны өдрийн хооронд хөлслөхөөр болж, түр хугацаагаар эд хөрөнгөө шилжүүлсэн байна.
Ингээд хөлслөхөөр шилжүүлсэн техник хэрэгслүүд нь 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн хооронд дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ, тухайлбал.
- LIUGONG 3 далангийн индүү, ******* улсын дугаартай, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 31 хоног, нэг өдрийн түрээс 466,667 буюу 14.466.667,
- FOTON өөрөө буулгагч, ******* улсын дугаартай, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 25 хоног, нэг өдрийн түрээс 400.000, буюу 10.000.000,
- SEM авто ачигч, ******* улсын дугаартай, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 28 хоног, нэг өдрийн түрээс 400.000 төгрөг, буюу 11.200.000,
- LIUGONG далангийн индүү, улсын дугаартай, 2023 оны 01 дүгээр сарын 21-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр хүртэл 1 хоног, нэг өдрийн түрээс 466.667 буюу 466.667,
- SEM авто ачигч, ******* улсын дугаартай, 2023 оны 01 дүгээр сарын 21-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр хүртэл 11 хоног, нэг өдрийн түрээс 400,000 төгрөг буюу 4.400.000 төгрөг болж байгаа бөгөөд нийт 40.533.333 төгрөгийн ажлыг эд хөрөнгө хөлслөх үед хийсэн байдаг юм.
Үүнээс “*******” ХХК-нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ажлын гүйцэтгэлээс 5.000.000 сая төгрөгийг бидэнд өгсөн болов ч үлдэгдэл төлбөрөө шилжүүлээгүй болно.
Иймд эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 35.533.333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа тул бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү
1а. Хариуцагч нь шүүх хуралдаанд ирээгүй тул хуулийн 100-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлнэ. Нэхэмжлэгч нь хариуцагчид 2023.12-2024.1 хугацаанд 5 техник хөлслүүлсэн. 35,533,333 төгрөг гаргуулна. Энэ зөвхөн үндсэн төлбөр юм. Мөн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж өгнө үү.
1б. Хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй тул хуулийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх саналтай. Хариуцагч нь ирсэнгүй. Хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан боловч тайлбар гаргаагүй, хуралд ирээгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчтай эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан. Улмаар 5 төрлийн эд хөрөнгө түрээсэлж холбогдох баримтыг шүүхэд ирүүлсэн. Иймд хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрсөн гэж үзэхээр байх тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: нэхэмжлэх /хх6/, гүйцэтгэлийн төлбөрийн мэдээ /хх7/, цагийн бүртгэл /хх8/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 35,533,333 төгрөг гаргуулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь гэрээний үүргийн үндсэн төлбөрт 35,533,333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч “*******” ХХК нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэгтэй танилцсан. Улмаар хариуцагчийн төлөөлөгч Ө.Гансэлэмийн нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа шүүхэд мэдэгдсэн хаягаар өнөөдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тус хаягт оршин суудаггүй талаар холбогдох баримт хэрэгт авагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д зааснаар хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хаягаа өөрчилбөл энэ тал шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Ийнхүү мэдэгдээгүй тохиолдолд шүүх сүүлд мэдэгдсэн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэх бөгөөд түүнийг хүргүүлсэнд тооцно.
Мөн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өнөөдрийн шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн.
Гэвч хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
4. Нэхэмжлэгч нь 5 ширхэг эд хөрөнгийг хөлслүүлсэн гэж нэхэмжлэлд тайлбарласан байна. Гэвч нэхэмжлэлд дурдсан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд зам барилгын ажилд зориулж 5 төрлийн тусгай зориулалтын техникийг ашиглуулжээ.
Үүнээс үзэхэд зохигчдын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй гэх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар уг хэлцэл нь хүчин төгөлдөр бус юм.
5. Хариуцагч нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул мөн зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.
5а. Тодруулбал, хариуцагч нь 5 ширхэг тусгай зориулалтын техникийг өөрийн аж ахуйн үйл ажиллагаанд ашигласан эсэх талаар маргаагүй. Мөн нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн гүйцэтгэлийн төлбөрийн мэдээ, цагийн бүртгэлийн талаар маргаагүй. /хх7,8/
6. Дээрхээс үзэхэд хариуцагч нь бусдын эд хөрөнгийг өөрийн үйл ажиллагаанд ашигласнаараа үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч “*******” ХХК-с 35,533,333 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 335,617 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 335,617 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД