Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2024/02755

 
   

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч:  “” СӨХ,

          Хариуцагч:   Д*******гийн М******* /рд:*******/-д холбогдох,

          1,272,648 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.У*******, хариуцагчийн төлөөлөгч Ё.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч “” СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б.У******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч сууц өмчлөгчдийн холбоо нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасны дагуу анх 2022 оны 5 дугаар сарын 14-ны өдөр СӨХ нь Баянзүрх дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны оршин суугчдын олонхын санал, шийдвэрээр үүсгэн байгуулагдсан.

Улмаар Баянзүрх дүүргийн хөгжлийн төв, татварын албанд бүртгүүлж гэрчилгээ, тамга, харилцах данс нээлгэж 2022 оны 7-р сараас эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ийнхүү үйл ажиллагаа явуулж эхлэхдээ Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн тогтоол болон бүх гишүүдийн хурлаар сууц өмчлөгчдийн төлөх төлбөрийг тогтоосон.

Гэтэл тус сууц өмчлөгчдийн холбоонд (СӨХ) харьяалагддаг *******-р байрны дараах оршин суугч СӨХ-ны төлбөрөө төлдөггүй, төлөхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр СӨХ-ны төлбөрийг төлөхгүй хууль бус үйлдэл гаргаж байна.

Оршин суугчийн нэр

Хаалганы

дугаар

Төлөөгүй он, сар

Мөнгөн дүн

Д.М*******

*******-р байрны 311 тоот

2022.7 сараас 2024.3-р сар дуустал

1,272,648

 

Учир нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 зэх хэсэг “хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр хүчин төгөлдөр болох бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогүй эсрэг санал өгсөн гишүүд /оршин уугчид/ биелүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчиж байна.

Түүнчлэн дээрх оршин суугч нь СӨХ-ны төлбөрөө төлөхгүй байгаа нь хотхоны *******, , *******, , , ,, дугаар байрны нийт 562 өрхийн оршин суугч нарын эрх ашгийг хөндөж байна. Өөрөөр хэлбэл энэ оршин суугч төлбөрөө төлөхгүй байгаагаас үүдэн сууц өмчлөгчдийн холбоо хэвийн үйл ажиллагаа явуулж чадахгүй байдалд хүрч хугацаандаа төлбөрөө төлж байгаа оршин суугч нар хохирч байна.

Иймд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4 дэх хэсэг болон Иргэний хуулийн 148.2, мөн уг хуулийн 149.2 дахь хэсэгт заасны *******-р байрны 311 тоотод оршин суугч Д.М*******гээс 2022 оны 7-р сараас 2024 оны 3-р сар дуустал хугацааны СӨХ-ны төлбөр болох 1,272,648 төгрөгийг гаргуулж өгнө

1а. СӨХ үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа талаарх баримтуудыг гаргаж байна. Манай СӨХ нь байгуулагдаад 1 жил 9 сар болж байна. Хариуцагч нь шинэ СӨХ байгуулагдсанаас хойш 2 л удаа төлөлт хийсэн. СӨХ-н үйл ажиллагаа тогтмол явагдаж байгаа. Төлбөр төлөхгүй байгаа шалтгааныг цэвэрлэгээ хийдэггүй, гадна фасад дулаалж өгөх, зогсоолыг багасгасан гэж тайлбарласан байдаг. Бид цэвэрлэгээг тогтмол хийдэг. Ил зогсоолын шугамын хувьд 90 градусаар тавьдаг байсан ба оршин суугчид хүсэлт гаргаснаар зураасыг ташуу болсон. Энэ нь машины угаар болон явган хүний зам багассантай холбоотой. Ингэснээр нэг оршин суугч хүний эрхийн комисст өргөдөл өгч шалгуулсан байсан. Зураас нь стандарт зөрчсөн зүйл байхгүй гэж замын цагдаа дүгнэсэн. Зураас далий болсноор зогсоол багассан боловч оршин суугчдын хүсэлтээр хийсэн. Фасадын хувьд зураг дээр байгаа энэ айлын гаднах зураг юм. Бид үйл ажиллагаа эхлээд эхний цалинг 2022 оны 7 сард хувиасаа олгож байсан. Үйл ажиллагаагаа доголдуулахгүй гэж хувиасаа төлсөн. Гадна талыг дулаалахгүй бол төлбөр төлөхгүй гэдэг. Өмнөх СӨХ нь барилгын компанийн охин компани байсан. Тэр үед дулаалуулах үйлчилгээ авсан байдаг. Бидний зүгээс гадна фасадыг засах шаардлагагүй гэж үзэж байгаа юм. Хэрэв засвар хийх бол нийтэд нь засах болох юм. Ашиглалтад ороод 6 жил болж байгаа бөгөөд гэмтсэн зүйл байхгүй. Анхнаасаа фасад нь хөндий хийгдсэн ба асуухад учир нь цаана нь байгаа шилэн хөвөнг мөөгөнцөр болохгүй байхад зориулсан гэсэн. Түүнчлэн бид засвар хийх боломжгүй байгаа юм. СӨХ-н төлбөр нь өмнөх СӨХ-н жишгээр тооцсон. Анх байгуулагдахдаа дүрмээ баталсан. 2021.5.14-нд оршин суугчдын хурал болж  өөрсдийн СӨХ байгуулахаар шийдсэн. Төлбөр дээр 2 төлбөр өөрчлөгддөг. Нийтийн эзэмшлийн ус болон цахилгааны төлбөр өөр өөр байдаг. Харуул, цэвэрлэгээ тус бүр 10,000, лифт 5,000 гэх зэргээр тооцоод 2022.7-2024.3 сарын дуусах хүртэл нийт 1,272,648 төгрөг гаргуулна. ад хандаад нэг удаа засуулсан гэж байна. Улмаар үүнээс өөрөөр засах боломжгүй гэсэн байна. Тэгэхээр бид ямар арга хэмжээ авах нь ойлгомжгүй. Ер нь 1 болон 2 давхрын айл хүйтэн байдаг. Инженер нь фасад нь хөндий байх ёстой юм гэсэн. Хариуцагчийн орон сууц нь 126,7 м.кв юм. Хариуцагч нь гаражгүй гэв.

2.         Хариуцагчийн төлөөлөгч Ё.М******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д******* овогтой М*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эхнэр Ёндонлодой овогтой М******* миний бие Баянзүрх дүүргийн 26-р хорооны хотхоны СӨХ-ийн гаргасан нэхэмжлэлд хариу тайлбар өгч байна. Бид 2020 оны 2-р сарын сүүлд тус байрыг худалдаж авч байсан бөгөөд тухайн үед хавар болж байсан учир жавар энэ тэр сайн мэдэгдэхгүй байсан билээ. Манай байршил хамгийн захын 2 фасадын зааг бөгөөд гадна хананаас дулаан алдалттай, шал руугаа хүйтэн нь өрөөний тэг дунд болтол тэс хүйтэн 2-3 дах өвлөө арай ядан өнгөрөөлөө. 3 жил болоод тухайн СӨХ манайх хүлээж авах ёстой гээд Жигүүр Гранд ХХК-ны охин компаниас хууль бусаар эрхийг авсан гэж үзэж байна. Манайх анхнаасаа энэ СӨХ-ийг хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь бид өчнөөн төчнөөн хөрөнгөөр амьдрах байр худалдаж авчхаад байж ийм хохиролтой өвөл гэр орондоо тухтай амьдарч чадахгүй байна.

Бидэнд ийм оршин суугчдаа боддоггүй СӨХ шаардлагагүй ээ.

•               Автомашины зогсоол олон машин зогсдог зогсоолыг цөөхөн болгож үргүй зардал гарган цөөхөн болгож тэмдэг тавиад зогсоол олдохгүй байрны хажууд машин тавихаар шар наалт наагаад СӨХ-ийн дансанд торгууль хий гэж дарамталдаг. Машин тэрэгнээс салахгүй том шар наалт наадаг.

•               53-р байрны 1 давхрын хаалга бариулгүй *******р осол болбол бид гарч болохооргүй түгжигдэхээр болоод удаж байна. 1 давхар руу алхаад буугаад түгжээтэй байхаар нь буцаад 2 давхартаа гарч лифт дууддаг. Орцны код хийх хийдэг цоож байнга эвдрэлтэй, онгорхой байдаг.

•               Хэрвээ энэ барилгыг хүлээж авсан бол гадна талын фасадыг янзалж дулаалж өгөх. Бид цэвэрлэгээ үйлчилгээгээр тохь тухтай байж чадахгүй түүнээс илүү хохиролтой амьдарч байгаа тул мөнгө төлж чадахгүй ээ. Хүүхдүүд ханиаднаас салахгүй бөөн эмчилгээ, миний бие энэ жил жингээ цестид өвчнөөр өвдөөд хүйтэрсэн цагаас л бөөн эмчилгээ хийлгэсэн. Бид энэ их хохирлоо хэнээр төлүүлэх вэ. Харин ч энэ СӨХ-өөс нэхэмжилж авмаар байна. Өглөө сэрэхэд гадаа унтаж байгаа юм шиг л босдог үнэндээ тохь тух байхгүй хэцүү байдаг.

Тус СӨХ-д манайх энэ гадна талаа янзлуулахаас нааш мөнгө төлөхгүй, хэрвээ энэ барилгыг хүлээгээд авсан бол энэ Сөх энэ дулаалгыг хариуцаж янзлах ёстой. Мөн өөрсдийн дүрмийн 2.1.7-д арга хэмжээ авч өгөхөө заасан үүргээ биелүүлдэггүй. Бидэнтэй хамтарч барилга барьсан компанитай нэгдэж шаардъя гэдгийг удаа дараа хэлсэн ч тоохгүй өөрийн авах мөнгийг л бодож байна. Бид энэ СӨХ хүлээж авснаар барьсан компани ч янзалж өгөхгүй, энэ СӨХ ч хариуцахгүй бид цаашид тохь тухгүй өвлийг гадаа байгаа мэт өнгөрөөж байна.

ын дулааны инженер ирээд багажаар хэмжилт хийгээд хананаас дулаан алдаж байгааг багажаар хэмжээд дулаан алдагдалд зөндөө байгааг хэмжээд нэмж пар тавих боломж судлаад радиатор нэмэх боломжгүй байгааг хүртэл хэлээд байгаа. Энэ жил бол өргөдлөө бичдэгээрээ бичээд аас л дулаалж өгөхийг хүсээд яваад байтал арга хэмжээ авч өгч чадахгүй байгаа тул өвлийн хүйтэн эхлэнгүүт нь Мэргэжлийн хяналтын байгууллага, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагад хандаж арга хэмжээгээ авна. Бид шинэ байр *******д гадна фасадаас дулаан алдаад, өвлийн хүйтэнд л энэ зовлон мэдэгдээд арга хэмжээ авна дулаалах байх гэсээр ид хүйтэн энэ 3 жилийн турш өнгөрлөө. Холбогдох газрууд энэ зовлонг ойлгохгүй байгаа тул өгөх мөнгөн дээрээ л боож хаахаас бидэнд өөр арга алга . нь гадна фасадыг дулаалж өгсөн хэдий ч өөрчлөлт гэрт мэдэгдэхгүй байна. Тэгээд л утсаа авдаггүй арга хэмжээ авч өгдөггүй хүмүүсийн хойноос хөөцөлдсөөр байтал сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохироод байна. Иймд энэ СӨХ-ийг хүлээн зөвшөөхгүй мөнгө төлөхгүй арга хэмжээ авч чадахгүй хүмүүст цаашид ч мөнгө төлөхгүй ээ.

•               Дулаалга хийх инженерийн утас: утсаа авдаггүй яриад дандаа хойш тавьсаар өвлийг дуусгадаг. Борлуулалтын менежер Ба . Дулаалга хэмжилт хийж байх үеийн зураг хөрөг дараагүй байна.

•               “” ХХК-д удаа дараа өргөдөл гаргаж өгсөн баримт нь эхнийх нь зургаар бусад нь компани дээрээ байгаа.

•               Бие даарснаас болж өвдөж эмчилгээ хийлгэсэн бичиг, баримт

2023-11-23 Монос-Улаанбаатар ВЫ76501439           8  220

2023-12-16 Цахиур төмөр       РХ21251973                        53 850

2023-12-01 Монос-Улаанбаатар          15  620

2023-12-07  Цахиур төмөр                   16 865

2023-12-14 Монос-Улаанбаатар                  43 384,6

2023-12-11  Цахиур төмөр агар                  27 560

2023-12-09  Цахиур төмөр агар                 19  460

2023-12-09  Цахиур төмөр агар                 66 880

2024-01-18 Монос-Улаанбаатар                           7 200

2024-01-26 Цахиур төмөр агар 2076771*******                          40 440

2024-01-08 Цахиур төмөр агар                     25     200

2024-01-26 Сор мед клиник                          80     000

2024-01-30 Монос-Улаанбаатар                      68 020

2024-01-30 Монос-Улаанбаатар КК98122                      19 500

2024-02-02 Монос-Улаанбаатар                    6 600

2024- 02- 04 Аагфарма                                       48 950

2024-02-18 Цахиур төмөр агар                              173 193

2024-02-24 Цахиур төмөр агар                                  83   535

Нийт                                         804 477,6

Зөвхөн өнгөрсөн өвөл буюу гэр бүлийн нэг гишүүний худалдан авалтын и-баримтаар нотлогдож буй зардал төдийгүй гэрийн хэрэглээнд даарч хөрж тухгүй амьдарснаас үүдэлтэй эрүүл мэнд, сэтгэл санаа, мөнгө хөрөнгө, цаг хугацаагаар ямар хохирч байгааг тооцоход хэцүү байна. Иймд бидний энэ их хохирлыг барагдуулж өгнө үү.

2а. Шинэ баримттай танилцлаа хурлыг үргэлжлүүлэх боломжтой. Нэхэмжлэлээс 609,000 төгрөгийг зөвшөөрнө.  Үйл ажиллагааны засварын төлбөрийг зөвшөөрөхгүй. Учир нь 2020.12 сараас эхлээд манай гадна талаасаа дулаан алдаад өрөөний шал хүйтэн байдаг болсон. Өвөл гэртээ тав духтай амьдарч чаддаггүй. Тухайн үед барьсан компанид хүсэлт өгөөд шилэн хөвөн хийлгэсэн боловч нэмэр болоогүй. Би барьсан компанид л өргөдөл гаргаад яваад байсан юм. Шинэ СӨХ байгуулагдаад бид нарыг тоохгүй болсон. Барилга 3 жил болоод барьсан компани нь хариуцахаа больсон. Энэ талаар удаа дараа хэлсэн боловч арга хэмжээ *******гүй. Дүрэм дээр нь тав духтай амьдруулна гэсэн байдаг. Энэ үүргээ биелүүлээгүй тул төлөхгүй байгаа юм. Би нотлох баримт авчраагүй. Барьсан компани нь засахгүй бол дулаан алдана гэсэн. СӨХ нь хамтдаа оршин суугчийн төлөө явах ёстой л гэж бодож байгаа юм. Хуримтлал болон засварын мөнгө гэж авдаг. Гаднаас хараад засахгүй юм байна. Дотор нь ямар хэцүү байгааг ойлгохгүй байна. Байрыг барьцаанд тавьчихсан тул гэрчилгээ гаргаж өгөөгүй. Зарах хүсэлгүй байгаа юм. Хамтарч явахгүй байж мөнгө нэхээд байгаад харамсаж байна. Манайх гаражгүй. 311 тоотын оршин суугч гэдэгтээ маргаангүй. Энэ нь манай өмчлөлийн байр юм. Манайх 126,7 м.кв талбайтай юм. Гаднаас дулаан алддаг гэж маргаж байгаа бөгөөд тооцоолол дээр маргаангүй гэв.

3.         Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс: гэрчилгээний хуулбар /хх4/, бүх гишүүдийн хурлын тогтоолын хуулбар /хх5/, СӨХ-н дүрмийн хуулбар /хх6-9/, нэхэмжлэх /хх10/, Төрийн банкны нэхэмжлэхийн хуулбар /хх11-14/, төлбөрийн тооцоолол /хх38-40/, оршин суугчдын үнэлгээ /хх43-50/, 2 ширхэг гэрэл зураг /хх51, 52/, 2023-2024 оны ажлын тайлан /тусдаа/

3б. Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх25-29/

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

   ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 1,272,648 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

2.         Нэхэмжлэгч “Парк вью” СӨХ нь 2022 оны 07 дугаар сараас 2024 оны 03 дугаар сарыг дуусах хүртэл хугацаанд орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд нийт 1,272,648 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

3.         Хариуцагч Д.М*******гийн төлөөлөгч Ё.М******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Улмаар тэрээр шүүх хуралдаанд төлбөрөөс үйл ажиллагаа, засвар үйлчилгээний хэсгийг эс зөвшөөрч, үлдэх хэсэг буюу нийт 609,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрсөн.

4.         “Парк вью” СӨХ-ний бүх гишүүдийн хурлын 2022 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 02 дугаар тогтоолоор тус холбооны дүрмийг баталж, орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг тогтоосон байна. /хх5-9/

Улмаар Баянзүрх дүүргийн Засаг дарга нь мөн оны 06 дугаар сарын 27-ны өдөр тус холбоог бүртгэж гэрчилгээ олгожээ. Энэхүү гэрчилгээ дурдсанаар холбоо нь Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Парк вью хотхонд байрлах *******,,*******, ,, , дугаар байруудыг хариуцан ажиллаж байна. /хх4/

Цаашлаад хариуцагч нь дээрх хотхоны ******* дугаар байрны 311 тоотын өмчлөгч буюу оршин суугч гэх үйл баримтын талаар маргаагүй, зөвшөөрсөн. Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа дээрх хаягт оршин суудаг гэж мэдэгдсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчдын маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй.

Иймд хариуцагчийн “Парк вью” СӨХ-г хүлээн зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

5.         Нэхэмжлэгчийн дээрх бүх гишүүдийн хурлаар баталсан төлбөрөөс үзэхэд айл өрх тус бүр 1 сард цэвэрлэгээ үйлчилгээнд 10,000 төгрөг, хог тээвэрт 4,000 төгрөг, харуул хамгаалалтад 10,000 төгрөг, лифт ашиглалтад 10,000 төгрөг, үйл ажиллагаа, засвар үйлчилгээнд 1 м.кв тутамд 300 төгрөг, гаражийн засвар үйлчилгээнд зуны улиралд 10,000 төгрөг, бусад улиралд 20,000 төгрөг, банкны хураамжид 200 төгрөг тус тус төлөхөөр тогтоосон байна. /хх9/

Улмаар нэхэмжлэгч нь хариуцагчийг 2 дугаар давхарт оршин суудаг гэх үндэслэлээр лифтний төлбөрийг 5,000 төгрөгөөр тооцсон бөгөөд гаражгүй тул энэ талаар төлбөр шаардаагүй гэж тайлбарласан. Хариуцагч нь энэхүү тайлбарыг зөвшөөрсөн бөгөөд үйл ажиллагаа, засвар үйлчилгээнээс бусад зардлыг төлөхийг зөвшөөрч байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нийт 21 сарын төлбөрийн тооцооллын талаар маргаагүй

6.         Хариуцагч нь өөрийн татгалзлын үндэслэлийг өвлийн улиралд гадна талаасаа дулаан ихээр алддаг гэж тайлбарласан. Улмаар барилгыг барьсан “” ХХК-р нэг удаа засвар хийлгэсэн боловч дулаан алдсан хэвээр байгаа гэж тайлбарлаж байна. Тодруулбал, зохигчид барилгын хийц буюу фасадын бүтцээс хамаарч өвлийн улиралд дулаан алдагддаг үйл баримтын талаар маргахгүй байна.

7.         Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д зааснаар холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэх үүрэгтэй.

Хуулийн энэхүү заалтын үгийн шууд утга нь дундын эд хөрөнгө эвдэрч гэмтсэн тохиолдолд засварлаж, хэвийн байдалд оруулахыг ойлгоно. Харин барилгын хийцээс хамаарсан дулаан алдалт нь хуулийн дээрх заалтад хамаарахгүй юм.

Иймд СӨХ нь барилгын хийцтэй холбоотойгоор дулаан алдалтыг засварлах үүрэг хүлээхгүй.

8.         Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3 зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй.

Мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг СӨХ-д төлөх үүрэгтэй.

9.         Хариуцагч нь нэхэмжлэгчийг үүрэгт ажлаа бүрэн гүйцэтгэдэггүй, оршин суугчийн эрх ашгийн төлөө гуравдагч этгээдтэй хамтран ажилладаггүй гэж маргасан. Гэвч энэхүү тайлбар нь дээрх хуульд зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардал төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Харин хариуцагч нь нэхэмжлэгчийг өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа гэж үзвэл энэ талаар жич нэхэмжлэл гаргах эрх нээлттэй юм.

10.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Д.М*******гээс 2022 оны 07 дугаар сараас 2024 оны 03 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны төлбөрт 1,272,648 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Парк вью” СӨХ-д олгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,094 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.094 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан *******гүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.ГАНБОЛД