Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2019/00720

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***************** оршин суух Б  овогт В.Б /************** /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын НҮАнд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 24ий өдөр хүлээн авч, 155/2019/00699/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нэхэмжлэгч В., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г , хариуцагч Л.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие В. нь 2006 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын НҮАнд жижүүрээр орж ажиллаад нийтдээ 13 жил тасралтгүй ажилласан. Энэ тасралтгүй 13 жил ажиллах хугацаандаа би ажилдаа алдаа дутагдал гаргаж арга хэмжээ авагдаж байгаагүй, ажлаа нэр төртэй сайн хийж гүйцэтгэж байсан. Гэтэл миний жижүүртэй байх хугацаанд буюу 2019 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын арын харалдаа байсан 2 саадан дотроос 2 ширхэг 70-80 смын гацуур мод алдагдсан байсан. Иймд би тухайн өдрийн 14 цагт Цагдаагийн байгууллагад мэдэгдэж энэ талаар тэмдэглүүлж дэслэгч Г.Хуншагай гэдэг алба хаагчид цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн. Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын НҮАны дарга ажилтай Л.Б, тухайн өдөр намайг дуудаад чи нэг дэх өдөр гэхэд мод авчирч тарихгүй бол ажлаас чинь хална гэхээр нь заасан хугацаанд нь 2 ширхэг гацуур модыг авчирч суулгасан. Цагдаагийн газраас Жаргалан рестораны камерыг шүүгээд Мөрөн сумын 3-14-14 тоотод оршин суух бүдүүн Даймаа гэдэг хүн мод хулгай хийснийг олж тогтоосон байсан. Би мод хулгай хийсэн хүнтэй нь очиж уулзаад, чи хулгай хийсэн модоо аваачиж суулга чамаас болж би ажлаасаа халагдах дээрээ тулаад байна гэж хэлэхэд мод хулгай хийсэн хүн модоо авчирч суулгасан. Ингээд байгууллага хохиролгүй болсон ба алдсан 2 модыг 4 болгож суулгасан. Би ажлаас халагдах тушаалыг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр бичиг хэргийн ажилтан Болороос авсан. Намайг үндэслэлгүйгээр үл ялих шалтгаанаар халсан гэж би үзэж байна. Учир нь би хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй байна. Би мод алдсан асуудлыг Цагдаагийн байгууллагад тэмдэглүүлж, хулгай хийсэн хүнийг олуулж мөн модыг буцаан суулгуулж би өөрөө ч модыг төлсөн. Миний хариуцан ажиллаж байгаа объект том хэмжээтэй гадна, дотор байгаа бүхий эд зүйлийг харж хандаж хамгаалж байдаг. Хулгай хийх гэж байгаа хүн намайг дотор эд зүйлийг шалгаад эсвэл байгууллагын нөгөө талд явж байхад хэдхэн хормын дотор модыг хулгай хийсэн нь дамжиггүй. Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар нь тухайн мод алдсан газрыг хянах хяналтын камер байхгүйгээс мөн энэ асуудал үүссэн гэж үзэх үндэслэлтэй юм. Гэтэл бусдын 2 ширхэг мод хулгай хийсний төлөө намайг ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халж байгаа нь үндэслэлгүй, хууль бусаар намайг ажлаас нь буруу байна. Иймд намайг Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын НҮАны жижүүрийн албан тушаалд буцаан томилох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч В. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2006 оноос хойш Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газарт жижүүрээр нийт 13 жил ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа архи ууж, ажлаа тасалж, алдаа дутагдал гаргаж байгаагүй. 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр шилжих шөнө би цэцэрлэгээс 2 ширхэг зулзган хуш мод алдсан. Хуш мод алдагдсан болохыг бид өглөө нь мэдсэн. Би найзынхаа алдсан 2 модтой нийлээд 4 мод суулгаж байгууллагаа хохиролгүй болгосон. Дараа нь хулгай хийсэн хүнийг олж уулзаад модоо суулгаарай гэсэн чинь авсан модоо суулгасан байсан. Нийтдээ алдсан 2 модоо би 4 болгож суулгасан. Надад ямар нэгэн арга хэмжээ авч мэдэгдэл өгөхгүйгээр шууд ажлаас халсан. Тэр байтугай ажлын хариуцлага алдсан хүмүүс ажлаа хийгээд л явдаг. Би архи уудаггүй, бусад ажилчидтайгаа эв найрамдалтай харилцаатай байдаг байсан. Би мод алдагдах өдөр захиргааны Б корпусын жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед гадна талыг хянах камер байхгүй, өмнө нь засвар хийгээд урагшаа харсан камерыг нь авчихсан, хэрэг гардаг өдөр урагшаа, хойшоо харсан хоёр камер хоёулаа ажиллахгүй байсан. Би 24 цаг хүртэл байгууллагынхаа гадна талыг шалгаж, 24 цагаас хойш би дотор камераа ажиглаад сууж байсан. Энэ хугацаанд л хулгайч тэр хэргийг хийсэн байсан. Би мод алдчихна гэж бодоогүй. Би байгууллагынхаа хохирлыг төлсөн ба өөрийгөө ноцтой хохирол учруулсан гэж үзэхгүй байна. Одоо манай байгууллага хохиролгүй болсон. Иймд намайг ажилд минь эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Л.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2019 оны 06 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө В.Баттулгын жижүүртэй байх хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын Б,, корпусын жижүүрээр үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдрийн 00 цаг 20 минутын орчимд портер автомашин А,, корпусын баруун хойноос орж ирж 2 мод, эргээд хойд талын туслах замаар эргэж Б,, корпусын өмнө талаас 2 мод аваад оронд нь өөр мод суулгаж орхисон байсан. Энэ үйл явдлыг өглөө хүртэл огт мэдээгүй байсан ба байгууллагын тарьсан 100 ширхэг гацуур мод тус бүртээ номертой, 1 модыг 1 ажилтан хариуцан ургуулж байгаа. Мод алдагдсан талаар мод хариуцсан ажилтнууд эхэлж мэдэж камер шүүж үзэхэд машинаар орж ирээд аваад явсан байсан. Энэ хүртэл А, Б,, корпуст гарч байсан жижүүрүүд огт мэдээгүй байсан. Энэ байдал нь тухайн ажилтнууд өөрсдийн хариуцсан ажилдаа хэрхэн хандаж ажиллаж байсан нь харагдаж байгаа. Өмнө нь ч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын хариуцлага алдаж ажлаас чөлөөлөгдөх тухай яригдаж байсан. Гаргаж байсан алдаандаа дүгнэлт хийгээгүй байдлаас зөрчил давтагдсан. Хулгайн хэргийг шалгуулахаар Цагдаагийн газарт В. нь гомдол гаргасан ба гаргасан гомдлоо өөрөө буцаан татсан байдаг. Төрийн байгууллагын ажилтан хэргийг шалгах эрх бүхий этгээд өөрийн санаачлагаар ажлаа хийхээс татгалзаж гомдлоо татах талаар зөвлөгөө өгөөгүй байх гэж бодож байна. Аймгийн Засаг даргын тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлд Албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл,,-ийг зааж өгсөн ба 10.1.9-д Байгууллагын дотоод аюулгүй байдлыг үл хангаж, байгууллагын нууцлал, харуул хамгаалалт, сонор сэрэмжийг алдагдахуйц болзошгүй аливаа эрсдлийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх тодорхой арга хэмжээ авч ажиллаагүй,, байдал нь хөдөлмөрийн дотоод журмын 9.1.8-д заасан холбогдох хууль тогтоомж болон энэ журамд заасан хориглох үйл ажиллагааг зөрчсөн ноцтой зөрчил болсон. Нөгөө талаас хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т Ажилтан хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсвэл хөдөлмөрийн гэрээнд заасан дараах зөрчлийг гаргавал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан нотцой зөрчил гэж үзэж энэхүү гэрээг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцлах үндэслэл болно. Үүнд:

3.3.3-т Ажил олгогч байгууллагын мэдлийн эд хөрөнгийг удирдлагын зөвшөөрөлгүйгээр ажлын байрнаас авч гарах, хүнд дамжуулан эзэмшүүлэх, үрэгдүүлэх, чанар байдлыг муутгах, ажлын хариуцлагагүй байдлаас шалтгаалан байгууллагын эд хөрөнгө алдаж, дутагдуулсан үйлдэл нь хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцохоор заасан. Ажилтан В. нь ажлын байранд үндсэн чиг үүргийг ажлаа хийж гүйцэтгэх явцдаа ажилдаа хайнга хандасны улмаас хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан тул ажил олгогчийн хувьд хуульд заасан эрх хэмжээний хүрээнд сахилгын шийтгэл ногдуулах шийдвэрийг гаргаж шийдвэрлэсэн гэжээ.

Хариуцагч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь манай байгууллагад 13 жил ажилласан ба бид үүнээс 10 гаруй жилд нь хамтарч ажиллаж байна. Энэ хугацаанд тодорхой хэмжээгээр алдаа дутагдал гаргаж байсан. Өмнө нь ажлаас халагдах, ажлын хариуцлагын талаар яригдаж байсан. Гаднаас орж ирсэн хүнийг сугадаад удаан хугацаагаар ярилцаад суучихдаг, энэ хүнийг ээлжтэй байх үеэр ариун цэврийн өрөөний суултуур хагарч байсан. Мөн хүмүүс энэ хүнийг ажилдаа тэнцэхгүй байна ажлаас нь хал гэж удаа дараа шаардаж байсан. Би нэхэмжлэгчид хэлж яриад сануулахад тушаал битгий гаргаач гэж гуйж байсан. Өөрөө энэ талаараа мэдэж байгаа байх. Би энэ хүний амьдрал ахуйг бодоод удаа дараа сануулж байсан. Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын ажилчид долоо хоног бүрийн даваа гаригийн өглөө бүр сонсгол хийдэг. Дараа нь хэлтсүүд тус тусдаа сонсгол хийдэг. Үүн дээр жижүүрийн ажлын хариуцлагыг долоо хоног бүр хэлж ярьж өөрт нь сануулдаг. Үүнийг өөрөө үгүйсгэхгүй байх. Мөрөн хотын 210 жилийн ойг тохиолдуулан аймгийн хэмжээнд Төлөвлөлт сайтай хотоос тохижилт сайтай хот болох аяны хүрээнд болзолт уралдаан зарласан байсан. Үүний хүрээнд байгууллагууд тодорхой ажил хийсэн. Энэ хүрээнд манай байгууллагаас ажлын хэсэг байгуулагдаад ажил хэрэг болгож 100 ширхэг гацуур модыг Улаан-Уул сумаас татан авч ирж байгууллагынхаа гадна талбайд тарьсан. Моднуудаа ажилчиддаа хариуцуулан өгөөд бүх модоо дугаарласан. Ингээд 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр шилжих шөнө мод алга болсон гээд ажлаар яриа гарсан байсан. Үндсэндээ 4 ширхэг мод алдагдсан байсан. Захиргааны байрны А,Б корпусын урдаас, Б корпусын ар талаас 1 мод, ард талын цэцэрлэгийн хашаанаас 1 мод, нийт 4 ширхэг мод аваад явсан байсан. Хойд талд байсан жижиг модыг нь урд талд нь суулгаад явчихсан байсан. Мэргэжилтнүүд өглөө болгон хариуцсан модоо усалж арчилдаг. Өглөө ирээд модоо услах гэтэл мод алга болсон байсан, ингээд Хөвсгөл аймгийн засаг даргын Тамгын газрын жижүүрийн ажлын хариуцлага сул байна гэдэг яриа, шуугиан гарч эхэлсэн. Тэгээд А корпусын жижүүрээс асуухад бас энэ хүнтэй яриа нь зөрсөн. Энэ хүн 2 цагаас 3 цагийн хооронд мод алдагдсан гэж хэлсэн боловч шөнийн 24 цагийн үед мод алдагдсан байсан. 24 цагийн үед нэг портер машин ирээд 5 минут хүрэхгүй хугацаанд ирээд модыг хулгайлаад аваад явсан бичлэг байдаг. Жижүүр Мөнх-Эрдэнийг би цагдаад мэдэгд гэж хэлсэн. Тэгээд Мөнх-Эрдэнэ надад эргэж мэдэгдэхдээ би Б цагдаад мэдэгд гэж хэллээ гэсэн хариуг надад хэлсэн. Дараа нь би цагдаагаас мэдээлэл өгсөн үү гэж асуухад цагдаагаас хүмүүс ирээд Жаргалан рестораны камерыг шалгаж үзсэн ба хулгай хийсэн хүнийг нь олж тогтоосон. Өнгөрсөн онд Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газарт 334,000,000 төгрөгийн гадна пасад, 00 өрөөний засвар хийгдэж, камержуулалт хийгдсэн ба энэ онд мөн 250,000,000 төгрөгийн засварын ажил үргэлжлэн хийгдэж байгаа. Үүний хүрээнд гадна тохижилтын ажил, засварын ажил хийгдэж байгаа. Үүний улмаас гадна суурилуулсан камеруудыг авсан байсан. Тэгээд үүнтэй холбоотой жижүүрүүдийг ажлын хариуцлагаа сайжруулж ажиллаарай гэж удаа дараа сануулж байхад В. хариуцлагатай хандаагүй. Зөвхөн үүднээсээ мод алдаж, модыг ухаад аваад явж байгааг мэдэхгүй байгаа нь туйлын хариуцлагагүй байна. Ийм учраас ажилдаа тэнцэхгүй байна гэж 2 жижүүрийг ажлаас чөлөөлсөн. Энэ үед 2 жижүүрийг дуудаж уулзахад нэгэнт хариуцлага алдсан учир яриад байх зүйл байхгүй гэж хэлж байсан.  тухайн үед тэтгэмжтэй холбоотой зүйл ярьж л байсан. Мөнх-Эрдэнэ бол юм хэлээгүй гараад явсан. Баттулгын талаар хамт олны хурал дээр ярьсан. Үүнтэй өөрөө танилцаад гарын үсгээ зурсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч В. нь хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын НҮАнд холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гарган, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

В. нь 2006 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын НҮАнд жижүүрээр томилогдон ажиллаж байгаад хариуцагч байгууллагын даргын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай В.д сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбар, Ванжил овогтой Баттулгын нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын НҮАны даргын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай В.д сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар нь тухайн мод алдсан газрыг хянах хяналтын камер байхгүйгээс энэ асуудал үүссэн гэж үзэх үндэслэлтэй ба бусдын 2 ширхэг мод хулгай хийсний төлөө намайг ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халж байгаа нь үндэслэлгүй, хууль бусаар намайг ажлаас чөлөөлсөн нь буруу юм гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийг Хариуцсан ажилдаа хайнга хандаж, байгууллагын эд хөрөнгийг алдаж, дутагдуулсан, байгууллагын аюулгүй байдлыг үл хангаж, харуул, хамгаалалт, сонор сэрэмжийг алдагдуулахуйц болзошгүй аливаа эрсдлийг тодорхойлж, урьдчилан арга хэмжээ авч ажиллах чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан хориглох үйл ажиллагааг зөрчиж, хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халах тухай сахилгын шийтгэлийг ногдуулсан гэх үндэслэлээр тайлбар гарган маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын НҮАны даргын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай В.д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар нэхэмжлэгчийг Хариуцсан ажилдаа хайнга хандаж, байгууллагын эд хөрөнгийг алдаж, дутагдуулсан, байгууллагын аюулгүй байдлыг үл хангаж, харуул, хамгаалалт, сонор сэрэмжийг алдагдуулахуйц болзошгүй аливаа эрсдлийг тодорхойлж, урьдчилан арга хэмжээ авч ажиллах чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан хориглох үйл ажиллагааг зөрчиж, хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3, 43 дугаар зүйлийн 43.1, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5, 43 дугаар зүйлийн 43.1, 94 дүгээр зүйлийн 94.1, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.8, 10.1.9, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, 3.3.3 дахь заалтуудыг тус тус баримтлан ажлаас чөлөөлсөн байх ба ажил олгогчийн дээрх тушаал нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас халах үндэслэл нь тухайн тушаалд баримталсан хуулийн зохицуулалттай тохирч байх ёстой боловч уг тушаал хуулийн шаардлага хангаагүй байна.

Учир нь хариуцагч нь В.д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар нэхэмжлэгч В.тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-ийн аль тохирох заалтыг удирдлага болгон ажлаас чөлөөлөх тушаал гаргах нь зүйтэй байсан бөгөөд хуулийн энэхүү шаардлагыг хангалгүйгээр ажилтныг ажлаас чөлөөлсөн нь буруу байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын НҮАны даргын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай В.д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалагдсан ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул В.Б Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын НҮАны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч В.Б Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын НҮАны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын НҮАнаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыгИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН