Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/37

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 23-ны өдөр                    2022/ДШМ/37                        Хэрлэн сум

 

Т.Ц-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0037

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Алтаннавч даргалж, шүүгч З.Энхцэцэг, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Ж.Батбаатар,

Шүүгдэгч Т.Ц-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр, И.Чимэдбаяр /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн даргалж, шүүгч Э.Одхүү, М.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч И.Чимэдбадамын гаргасан давж заалдах гомдлоор Т.Ц-т холбогдох эрүүгийн 2139001780206 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч Т.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 06 дугаар сарын 02-ны шөнө 02 цагийн орчимд Ю.А-ын гэрт Э.Ж-тэй маргалдаж улмаар хутгыг зэвсэг болгон хэрэглэн хутгалж түүний эрүүл мэндэд цээжний хөндийд нэвтэрсэн хутгалагдсан шарх, зүрхний булчин, үнхэлцэг хальсны хатгагдсан шарх, үнхэлцэг хальсан доторх цусан хураа, цээжний хөндийн цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Т.Ц-ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Ц-ыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-т оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тус тус заан шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Чимэдбадам давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Т.Ц- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, гэмшиж хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Мөн хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна.

Т.Ц- нь өрх толгойлсон 6-17 насны насанд хүрээгүй хүүхэдтэй, эдгээр хүүхдүүдийг түүний нагац өвөө, эмээ нарын асрамжид өгсөн бөгөөд эдгээр хүмүүс нь өндөр насны хүмүүс юм.

Миний бие дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг хэрэглэж 1.3 жилийн хорих ялыг, мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар 2 жилийг тус тус хасах дүгнэлт шүүх хурал дээр гаргасан. Энэ дүгнэлтээ дэмжиж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас 1.3 жилийн хорих ялыг хасч 1 жил 7 сарын хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Чимэдбадам давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн  11.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна.

Т.Ц- нь Э.Ж-ийн биед хүнд хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд харин энэ үйлдэлдээ хандсан сэтгэхүйн хандлага нь сэтгэл санаа нь цочрон давчидсан шинжтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйл заалтад заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэх зүйлчлэлээр зүйлчилж өгнө үү.

Энэ хэрэгт хэргийн газрын үзлэг, гэрч, хохирогчоос мэдүүлэг авах, сэтгэцийн мэргэжлийн эмчээр шинжилгээ хийлгэх зэрэг нэмэлт ажиллагаа хийлгэх  шаардлагатай тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв. 

 

Шүүгдэгч Т.Ц-  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Хэргийг дахин шалгуулах хүсэлттэй байна, өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Т.Ц- нь хууль зүйн буруу зөвлөгөө авснаас хорих ял авчихлаа, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд хэргийн бодит байдалтай нийцээгүй, энэ байдлыг минь давж заалдах шатны шүүхэд уламжилж өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Мөн Т.Ц-ын ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү” гэв.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын Ж.Батбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн өмгөөлөгч хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх хүсэлтийг гаргаж байна. Гэхдээ яг ямар ажиллагаа хийлгэх талаар тодорхой ярихгүй байна.

Т.Ц-ын үйлдсэн гэмт хэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон учир хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс Т.Ц-ыг гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан заалтыг хэрэглээгүй.

Чимэдбадам өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлэгт сэтгэцийн эмч томилж дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтээр Т.Ц- хэрэг гарах үед сэтгэл санаа нь цочрон давчдаагүй гэдэг нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч И.Чимэдбадамын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр түүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Шүүгдэгч Т.Ц- нь согтуугаар 2021 оны 06 дугаар сарын 02-ны шөнө 02 цагийн орчимд Ю.А-ын гэрт Э.Ж-тэй маргалдаж, улмаар түүнийг хутгалж эрүүл мэндэд нь цээжний хөндийд нэвтэрсэн хутгалагдсан шарх, зүрхний булчин, үнхэлцэг, хальсны хатгагдсан шарх, үнхэлцэг хальсан доторх цусан хураа, цээжний хөндийн цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хавтаст хэргийн 05 хуудас/,

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 07-09 хуудас/,

 

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 хавтаст хэргийн 12 хуудас/,

 

- Хохирогч Э.Ж-ийн: “...З, Т.Ц- бид гурав хоёр том пиво хувааж уугаад байж байхад надтай Т.Ц- маргалдсан. ...намайг гэрийн хойно байрлах орон дээр сууж байхад Т.Ц- гэрийн баруун талд байсан ширээн дээр байсан бор өнгийн модон иштэй хутгыг баруун гартаа барьж ирээд миний зүүн хөхний дээд хэсэгт нэг удаа хутгалсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 18-22 хуудас/,

 

Гэрч Ж.Б-н: “...Ю.А- бид хоёр 2021 оны 06 дугаар сарын 03-ны шилжих шөнө 02 цагийн үед гэрт ороход Э.Ж- хойд орон дээр цээжин хэсэг нь цус болсон Мөрөн сумын эмч Э үзлэг хийж байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 30-31 хуудас/,

 

- Гэрч Б.З-н: “...2021 оны 06 дугаар сарын 03-ны шилжих шөнө 02 цагийн үед гэнэт Т.Ц- “би хүн алчихлаа” гээд орилж чарлахаар нь сэрээд хартал Э.Ж- хойд орон дээр хэвтчихсэн цээжнээс нь цус гарч байсан. Тэгээд Т.Ц- гараад явсан. Нэг мэдэхэд цагдаа, эмнэлгийн хүмүүс ирсэн байсан. ...тэр үед Э.Ж-, Т.Ц- бид гурван пиво уусан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 34-39 хуудас/,

 

-  Гэрч Ю.А-ын: “...2021 оны 06 дугаар сарын 02-ны шөнө ...намайг гэртээ ирэхэд Э.Ж- манай гэрийн хойд талын орон дээр цээж хэсэгтээ хутгалуулсан их цус алдсан байдалтай хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 42-43 хуудас/,

 

- Гэрч Т.Э-н: “...2021 оны 06 дугаар сарын 02-ны орой 19 цагийн үед Мөрөн суманд байдаг эгч Т.Ц-ынд хонохоор ирсэн. ...намайг унтаж байхад Т.Ц- эгч гаднаас орилсоор ороод ирсэн. ...юу болсон талаар асуухад орилоод юм ярьж өгөхгүй “би хүн дүрчих шиг боллоо” гэж хэлэхээр нь “хаана юу болсон юм бэ”  гэхэд “Ю.А-ынд” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ю.А- ахынд гүйгээд очиход хойд талынх нь буйдан дээр нэг залуу цээж нүцгэн цус, өтгөн, шингэнтэйгээ холилдчихсон, цээжиндээ хутгалуулсан байдалтай хэвтэж байсан... шөнийн 01 цагийн үед орж ирэв үү гэж бодсон, пиво уух нь уусан байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 49-51 хуудас/,

 

- Гэрч З.О-н: “...2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн үед аймгаас хоёр хүүхэдтэйгээ Мөрөн суманд Т.Ц-ынд очсон юм. ...Т.Ц-ын гэрийн хаалгаар нэг залуу 2-3 удаа шагайгаад байхаар нь Т.Ц-т энэ юун хүн юм гэхэд найз нь зүс таньдаг юм, гарч уулзчихаад ирье гээд гараад явсан. ...40 орчим минутын дараа аягүй айдастай, уйлчихсан “би хүн алчихлаа ш дээ” гэсээр орж ирэхээр тэврээд тайвшруулсан...” гэх мэдүүлэг  /1 хавтаст хэргийн 59-61 хуудас/,

 

- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 299 дугаартай “...Э.Ж-ийн биед цээжний хөндий нэвтэрсэн хутгалагдсан шарх, зүрхний булчин, үнхэлцэг хальсны хатгагдсан шарх, үнхэлцэг хальсан доторх цусан хураа, цээжний хөндийн цусан хураа гэмтлүүд тогтоогдлоо...

...Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д  зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт  /1 хавтаст хэргийн 65-66 хуудас/,

 

- Хохирогч Э.Ж-ийн өвчний түүх /1 хавтаст хэргийн 69-116 хуудас/,

 

- Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, шинжилгээ /1 хавтаст хэргийн 133-135 хуудас/,

 

- Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 45 дугаартай “...Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаартай дүгнэлтэд “Т.Ц- хэрэг үйлдэгдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаж, сэтгэцийн хэвийн байдал нь алдагдсан шинж тэмдэг илрээгүй байна” гэсэн нь үндэслэлтэй...” гэх шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /2 хавтаст хэргийн 61-65 хуудас/,

 

Яллагдагч Т.Ц-ын: “...би Э.Ж-тэй өмнө нь 2-3 удаа уулзаж байсан. 2021 оны 06 сарын 02-ны орой ...Э.Ж-тэй уулзаад ...биений юм ирэхгүй болохоор нь би Э.Ж-өд би “хүүхэдтэй болсон байна, хэрвээ чамайг архи уугаад байх юм бол би хүүхдээ авхуулна” гэж хэлсэн. ...Э.Ж- “чи миний хүүхдийг гаргачихгүй алах гэлээ” гээд уурлаад над руу пивоны сав аваад шидэхээр нь “чи яаж байгаа юм бэ” гэхэд “би чамайг алчихъя л даа” гээд над руу шилэн аяга аваад шидсэн. ...Э.Ж-ийн “намайг эцэггүй хоёр хүүхэд гаргачхаад миний хүүхдийг гаргаад өгөхөд яадаг юм бэ” гэж хэлсэн үгийг сонсоод би цочролд орсон, нэг мэдэхэд гарт маань утга байж байсан. Би хутга яаж аваад Э.Ж-ийг хаана нь хутгалснаа бол санахгүй байна. ...би жирэмсэн болоогүй гэдгээ дараа нь мэдсэн....би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 144-147 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Ц-ын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийг зөв зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шүүгдэгч Т.Ц-ыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-т оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасч шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаалгах” агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд:

 

Шүүгдэгч Т.Ц-ын сэтгэцийн эрүүл мэндийн талаар Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 45 дугаартай “...Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаартай “Т.Ц- хэрэг үйлдэгдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаж, сэтгэцийн хэвийн байдал нь алдагдсан шинж тэмдэг илрээгүй байна” гэсэн нь үндэслэлтэй...” гэсэн шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /2 хавтаст хэргийн 61-65 хуудас/ гарсан байх тул дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна.

 

Мөн өмгөөлөгч нар Т.Ц-т холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаах шаардлагатай гэж гомдол, тайлбараа гаргаж байгаа боловч ямар нөхцөл байдлыг тогтоолгохоор мөрдөн шалгах ямар ажиллагаа хийлгүүлэх хүсэлттэй байгаа нь тодорхойгүй, хүсэлт гаргаагүй байна.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Т.Ц-т холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолж тогтоосон, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь хохирогчид хүчээр дарлагдсан, хүндээр доромжлогдсон, түүний болон ойр дотных нь хүмүүсийн эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, өөр ямар нэг хууль бус үйлдэл хийсний улмаас шүүгдэгч сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон гэх байдал хавтаст хэргийн хүрээнд тогтоогдоогүй байна гэж үзээд зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-ын цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Я.АЛТАННАВЧ

           

                           ШҮҮГЧИД                                                  З.ЭНХЦЭЦЭГ

 

                                                                                              Б.ДЭНСМАА