Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 677

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор,

улсын яллагч И.Ариунсанаа,

шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн овогт М ийн Э д холбогдох эрүүгийн 1706 0000 00168 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилтай, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, овогт М ийн Э

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч М.Э нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз захын урд Ж.Б, Ж.Ба нарыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Ж.Ба н мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 13 цагийн үед дүү Б бид хоёр нэг шил архи хувааж уучихаад Б ийг Цайз захын буудлаас суулгаж өгөх гээд явж байтал улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Чэйзер маркийн машин гарцны хойно зогсож байснаа бид хоёрыг цонхоороо зайл гэхээр нь би байж бай гарцаар гарах гэж байна гэсэн чинь намайг холд гээд салаавчаа гаргахаар нь чи аав шигээ хүнд салаавч гаргалаа би чам шиг хүүтэй гээд гарыг нь бариад авсан. Тэгсэн бууж ирээд намайг зүүн тал руу хүчтэй нэг цохисон би баруун талын машиныг налаад унасан. Тэгээд би босож ирээд барилцаад авахад уг залуу намайг чирж унагааж цээж рүү болон бие рүү цохисон би архи уусан байсан болохоор муухан санаж байна. Тэгээд манай дүү Б бид хоёрыг салгах гээд голоор ороод бас тухайн залууд зодуулсан юм. Тэгээд цагдаа дуудсан энэ хооронд миний халаасанд байсан Нокиа маркийг гар утас, шинээр авсан тамхи хоёр алга болчихсон байсан. Б зодуулсан уурандаа тэр залуугийн машиных нь хойд талын их гэрлийг өшиглөөд хагалчихсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 4-7 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ах Б ын хамт цайз зах дээр явж байхад манай ах нэг машины жолоочтой маргалдаад манай ахыг газар унагаачихсан. Тэгэхээр нь би ахыг өмөөрөөд салгах гэтэл нөгөө залуу нь миний нүд рүү цохиод хамраас цус гаргасан. Тэгэхээр нь цагдаа дуудсан. Цагдааг хүлээж байх зуур би тэр залуугийн машиных нь арын дохиог өшиглөтөл хагарчихсан гэж ярьж байсан. Тухайн үед ах бид хоёр согтуу байсан бөгөөд би болсон явдлыг сайн санахгүй байна. Ямар ч байсан тэр жолооч залуу ах бид хоёрыг хоёуланг нь зодсон бөгөөд өндөр биетэй хүн байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 8-11 дүгээр хуудас/,

Шүүгдэгч М.Э н мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13 цагийн үед Цайз дээрээс өөрийн Тоёото Чэйзэр авто машинаараа хөдлөх гэтэл Б, Ба нар машины урд талд зогсчихоод хөдлөхгүй байсан. Тэгэхээр нь би цонхоороо холдооч ээ гэхэд тэр хоёр хүний гарцан дээр хүн дайрлаа гэхээр нь наадах чинь гарц биш зогсоол гээд маргалдсан. Тэр хоёр намайг хэл амаар доромжлоод Ба гэгч нь машины цонхоор ам руу салаавч өгөөд цохисон. Тэгэхээр нь би машинаас буугаад Ба гэгчтэй барилцаж аваад байж байтал дүү Батмөнх гэгч нь хажуунаас орж ирж цохисон. Тэгэхээр нь би Ба ын нүүр рүү цохисон. Б нь миний машины гэрлийг хагалчихаад зугтах гэхээр нь би барьж аваад түлхэж унагаасан...” гэх мэдүүлэг. /хэргийн 42-43 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн ¹12715 дүгнэлтэд “Ж.Ба ын биед зүүн гарын бугуйд зөөлөн эдийн няцрал, баруун бугуй, зүүн гарын 5-р хуруунд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт, зуралт, зүүн доод 6-р шүдний хөндлөн хугарал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 18 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн ¹12716 дүгнэлтэд “Ж.Б ийн биед зүүн нүдний доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 15 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 21 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 20 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч М.Э нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз захын урд Ж.Б, Ж.Ба нарыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.Э  д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч М.Э д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.