Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 46

 

“А- Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/01163/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  03 дугаар сарын 09-ний өдрийн 296 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “А- Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.М-,

                   Н.У- нарт холбогдох

"Зээлийн гэрээний үүрэгт нийт 83.910.028,7 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч Т.М- давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваа илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч-, хариуцагч Т.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.М-, Н.У- нар нь манай банктай 2018 оны 04 сарын 09-ний өдөр 2121000252 тоот зээлийн болон зээлийн барьцааны гэрээг байгуулан 73.500.000 төгрөгийн зээлийг орон сууц худалдан авах зориулалтаар жилийн 19.8 хувийн хүүтэйгээр 240 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Ү-2003019682 эрхийн бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сумын 9-р баг, 4-р хороолол, 12-р байрны 47 тоот 77.59 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалуулсан.

Зээлдэгч Т.М-, Н.У- нар нь зээлийн гэрээний үүргээ үл биелүүлэн зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй бөгөөд энэ талаар банкнаас удаа дараа мэдэгдэл өгч, зээлээ төлөхийг шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийг төлөөгүй болно.

Иймд зээлдэгч Т.М-, Н.У- нартай байгуулсан зээл, барьцааны гэрээг цуцалж үндсэн зээл 73.312.514,97 төгрөг, зээлийн хүү 10.588.603,25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 910.48 төгрөг, нотариатын зардал 8.000,00 төгрөг, нийт 83.910.028,7 төгрөгийг гаргуулах, хариуцагч нар төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ү-2003019682 эрхийн бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сумын 9-р баг, 4-р хороолол, 12-р байрны 47 тоот 77.59 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нар А- Б-ны Дархан салбартай 2018 оны 04 сарын 09-ний өдөр 2121000252 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 73.500.000 төгрөгийн зээлийг орон сууц худалдах, худалдан авах зориулалтаар жилийн 19.8%-ийн хүүтэйгээр 240 сарын хугацаатайгаар зээлсэн.

Зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш үндсэн зээлд 187.485,03 төгрөг, үндсэн хүүнд 11,538,649 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4.455,61 төгрөг, нийт 11.730.589,6 төгрөг төлсөн байна.

Учир нь бид 2018 онд олсон орлогоо банкны зээлэнд өгсөн хэдий ч үндсэн зээлээс маань 187.485 төгрөг л хасагдсан байна. Ингээд харахад зээлийн хүүнээс гарч чадахгүй хүнд нөхцөлтэй байна. 2019 оноос ажил төрөлгүй болж, идэх хоол хүнс хомсдон, хэдэн төгрөг хаанаа ч хүрэлцэхээргүй болж улмаар банкны зээлээ хугацаандаа төлж чадахааргүй нөхцөл байдал үүссэн.

Т.М- нь саяхнаас ажилд орж орлоготой золгох гэж байгаа ба нэхэмжилж байгаа үндсэн зээл болох 83.910.028 төгрөгөөс 61.769.410 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч, 22.140.617 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь банкны хүү хэт өндөр, зээлдэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэж байгаа тул хүүнд төлсөн 11.538.649 төгрөгийг үндсэн зээлэнд тооцуулах хүсэлтэй байна.

Хэрэв барьцаа хөрөнгөөр А- Б- нь үүргийн гүйцэтгэл хангах юм бол хариуцагч болох эхнэр бид хоёр хүүхдүүдтэйгээ орох оронгүй болж ихэд хүнд байдалд орохоор байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 296 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т зааснаар хариуцагч Т.М-, Н.У- нараас 83.910.028,7 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А- Б-” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Т.М-, Н.У- нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Т.М-, Н.У- нарын өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003019682 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 4-р хороолол, 12-р байр, 47 тоот хаягт байрлах 77.59 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж болохыг мэдэгдэж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 647.700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т.М-, Н.У- нараас улсын тэмдэгтийн хураамжид 647.700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А- Б-” ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.М- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Т.М- миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх “А- Б-” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 83.910.028,7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Миний бие нь А- Б-ны Дархан салбартай 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 2121000252 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 73.500.000 төгрөгийн зээлийг орон сууц худалдах, худалдан авах зориулалтаар жилийн 19,8%-ийн хүүтэйгээр 240 сар буюу 20 жилийн хугацаатайгаар зээлсэн.

Зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш үндсэн зээлэнд 187.485,03 төгрөг, үндсэн хүүнд 11.538.649 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4.455,61 төгрөг, нийт 11.730.589,6 төгрөг төлснөөс харахад ихэнх мөнгө маань хүүнд тооцогдсон байна.

Тухайн үед анх гэрээ хийх үед А- Б-ны эдийн засагч нь эхний 5 сар зээлийн төлөлтөд 1.200.000 төгрөгийг хугацаандаа төлөөд байвал зээлийг чинь ипотекийн зээл рүү шилжүүлэх боломжтой, тэгэх юм бол түүнээс цааш сард 500.000 төгрөгийг л төлөөд явж болно гэж гэрээ хийхэд тайлбарласан учраас эхнэр Н.У-тэй ярилцан гэрээгээ байгуулахаар болсон.

Ингээд зээлийн эргэн төлөлтийн явцад миний бие том машин барьж байхдаа машинтайгаа осолд орж, цаашлаад ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. Иймээс манай гэр бүл орлогын эх үүсвэргүй болж, 2019 оноос эхлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарь алдагдаж эхэлсэн. Уг учир байдлаа ч банкинд хэлж байсан.

Тус орон сууцны зээлийн гэрээний 5.2.8-д “Зээлдэгчийн санхүү, эдийн засгийн байдалд хүндрэл учирч, түүний үйл ажиллагааны буруугаас зээл хугацаандаа төлөгдөхгүй болсон нь ажиглагдсан” тохиолдол Банк гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй гэж заасан байна. Гэвч А- Б- нь биднийг орлогын эх үүсвэргүй, төлбөрийн чадваргүйг мэдсэн атлаа бүхэл бүтэн 2019 оны 1 дүгээр сараас шүүхэд өгөх өдөр /2019 оны 11 дүгээр сар/ хүртэл банк ямар нэгэн арга хэмжээ авах боломжтой байсан ч аваагүй нь хүү тооцох зорилготой гэж харагдаж байна.

Иймд хариуцагч тал үндсэн зээл 73.312.514,97 төгрөг, үндсэн хүү 10.588.603,25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 910.48 төгрөг, нотариатын зардал 8.000 төгрөг, нийт 83.910.028,7 төгрөгөөс үндсэн хүүгээс 5.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

            Нэхэмжлэгч “А- Б-” ХХК нь зээл, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал зэрэгт нийт 83.910.028,7 төгрөгийг гаргуулах, хариуцагч нар төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Т.М-, Н.У- нараас 61.769.41 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 22.140.617 төгрөгийг эс зөвшөөрч, үүнээс хүүнд төлсөн 11.538.649 төгрөгийг үндсэн зээлд тооцуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг эс зөвшөөрч мэтгэлцжээ.

            А- Б-ны Дархан салбар нь Т.М-, Н.У- нартай 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулан 73.500.000 төгрөгийг 19.8 хувийн хүүтэй, 240 сарын буюу 20 жилийн хугацаатай олгосон бөгөөд зээлийн барьцаанд Т.М-, Н.У- нарын өмчлөлийн Дархан-Уул аймаг дахь 77.59м.кв 3 өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хх-ийн 7-15-р тал/

            Зээлдэгч Т.М-, Н.У- нар 2018 оны 05 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл зээлийн төлбөрийн төлөлтийг гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу төлж байгаагүй болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга /хх-ийн 18-19-р тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Хариуцагч Т.М- нь зээл зээлийн хүү төлөх хувиарийг танилцуулаагүй, уг хувиарт гарын үсгийг дуурайлган зурсан материалыг нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн гэж маргадаг боловч энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 648 дугаар кримналистикийн шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдсэн байна. /хх-ийн 54-71-р тал/

Зохигчдийн хооронд банкны зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба хариуцагч тал зээлдэгчийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т тус тус зааснаар гэрээнээс татгалзах, зээлийн төлбөрийн үлдэгдлийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч нараас зээлийн төлбөрийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн болон бусад зардлын хамт гаргуулан шийдвэрлэсэн нь зөв байна.

Мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар барьцааны эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахуулахаар шийдвэрлэсэн Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчдийн хоорондох маргаанд зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч М.М- осолд орж зээлийн эргэн төлөлтийн хувиар алдагдсан талаар зээлийн гэрээнд заасны дагуу банкинд мэдэгдсээр байтал банк 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сар хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул нэхэмжлэлийн үнийн дүнгийн үндсэн хүүгээс 5.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж давж заалдах гомдол гаргасан хэдий ч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаж анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдээгүй тул гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах хууль зүйн боломжгүй юм.

Иймд хариуцагч Т.М-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 296 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.М-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

 

                    ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                              АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                            ГҮЙЦЭТГЭГЧ ШҮҮГЧ                              О.НАРАНГЭРЭЛ

                                                               ШҮҮГЧИД                              Л.АМАРСАНАА

                                                                                                              М.МӨНХДАВАА