| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2024/02479/И |
| Дугаар | 101/ШШ2024/02684 |
| Огноо | 2024-05-17 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2024/02684
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК /рд:*******/-д холбогдох,
27,891,685 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* ХХК нь ******* ХХК-тай байгуулсан Геодезийн хэмжилтийн ажил боловсруулах ажлын гэрээний гүйцэтгэлийн ажлын үнэ, ажлын хөлс 21,583,000 төгрөг, гэрээний гүйцэтгээгүй үнийн дүнгээс тооцсон алданги /хоногийн 0,3%, 2024.01.01-нээс 2024.03.05-ны дуустал/ 65 хоногийн 4,208,685 төгрөг, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр 2,100,000 төгрөг, нийт 27,891,685 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулж ******* ХХК-д олгуулах.
2022.04.25-ны өдөр ******* ХХК нь ******* ХХК-тай NoАГ-*******-ГБГ тоот Геодезийн хэмжилтийн ажил боловсруулах ажлын гэрээг байгуулсан. ******* ХХК нь гэрээнд заасан хугацаандаа ажлаа дуусгаад 2022.12.31-нд гэрээгээ дүгнэх гэхэд ******* ХХК-ийн захирал Т.Ганчимэг нь гэрээгээ 2023.12.31-нийг хүртэл сунгах хүсэлт тавьснаар ажлаа үргэлжлүүлсэн. Ингээд 2023.12.31-нд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Гүлжайна нь гэрээний гүйцэтгэлийн ажлын үнэ, ажлын хөлс болох 21,583,000 төгрөгөө авахаар ******* ХХК-д удаа дараа очиход захирал Ганчимэг нь олдохгүй, холбогдохгүй байсан ба тус компанийн инженер Билгүүн нь бид төлбөр хийх боломжгүй боллоо гэж мэдэгдсэн.
NoАГ-*******-ГБГ тоот Геодезийн хэмжилтийн ажил боловсруулах ажлын гэрээ -ний 6.1-д: Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3%-тай тэнцэх алдангийг нөгөө талдаа төлөх хариуцлагыг хүлээнэ гэсний дагуу хугацаа хэтэрсэн 65 хоногийн алданги төлөгдөөгүй үнийн дүнгийн 19,5% буюу 4,208,685 төгрөг болж байна.
******* ХХК нь ******* ХХК-тай Ажлын гүйцэтгэл хүлээлцсэн актыг тухай бүрд нь хийж ажлыг хүлээлгэн өгсөн болно.
Нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд хийсэн гэрээний тайлан хавтаст хэрэгт байгаа, инженерүүд нь ажлаас халагдсан байсан, инженерийнх нь хаяг байхгүй, инженер нь хаягаа өгөхгүй, 2023 оны цалингаа аваагүй, эднийх төлж чадахгүй гээд ирээгүй, хавтаст хэрэгт байгаа гэрээ дүгнэсэн баримтыг шүүхэд өгсөн байгаа. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Гурван Бухат Групп ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд А.Санжаадорж миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба тус ажиллагаатай холбогдуулан дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн зүгээс Геодезийн хэмжилтийн ажил боловсруулах ажлын гэрээ -ний гүйцэтгэлийн ажлын үнэ, ажлын хөлс 21,583,000.00, гэрээний гүйцэтгээгүй үнийн дүнгээс тооцсон алданги 4,208,685.007, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр 2,100,000.007 нийт 27,891,685.007-ийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан байна.
Гэвч нэхэмжлэгч ******* ХХК нь Геодезийн хэмжилтийн ажил боловсруулах ажлын гэрээ -ний 4.1-т заасны дагуу ...захиалагчаас тавьсан шаардлагад нийцүүлэн, хэмжилтийн ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгнө... мөн тус гэрээний 3.2-т заасны дагуу Гүйцэтгэгч тал хэмжилтийн ажлын гүйцэтгэлийн акт үйлдэн Захиалагч талын инженерээр хянуулж баталгаажуулан сар бүрийн 25-ны дотор Захиалагч талд ажлын гүйцэтгэлийн акт, нэхэмжлэхийн хамт хүлээлгэн өгнө гэж заасны дагуу Гурван Бухат Групп ХХК-д хэмжилтийн ажлын гүйцэтгэлийн акт үйлдэн Захиалагч талын инженерээр хянуулж баталгаажуулсан акт өнөөдрийг хүртэл ирээгүй ба 2024 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр Гурван Бухат Групп ХХК-ийн зүгээс ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч, инженер нартай уулзаж харилцан тохиролцоонд хүрэхээр уулзалт хийсэн боловч нэхэмжлэгч ******* ХХК-ийн зүгээс ажил хүлээлцсэн акт байхгүй, гаргаж өгөх боломжгүй гэсэн хариуг өгсөн.
Хариуцагч Гурван Бухат Групп ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч талтай байгуулсан Геодезийн хэмжилтийн ажил боловсруулах ажлын гэрээний дагуу хэмжилтийн ажлын гүйцэтгэлийн акт үйлдэн Захиалагч талын инженерээр хянуулж баталгаажуулан хүлээлгэн өгч тооцоо нийлсэн акт үйлдэж гарсан дүнг төлөхөд ямар ч асуудалгүй болохыг мэдэгдэж байна.
Иймд хариуцагч Гурван Бухат Групп ХХК-ийн зүгээс хэмжилтийн ажлын гүйцэтгэлийн акт үйлдэн захиалагч талын инженерээр хянуулж баталгаажуулсан тохиолдолд гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, актын дагуу гарсан дүнг төлөхөд асуудалгүй болно.гэжээ.
3. Нэхэмжлэгч нь итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, тусгай зөвшөөрөл, Геодезийн хэмжилтийн ажил боловсруулах гэрээ, ажлын гүйцэтгэлийн актууд, тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцооны үлдэгдлийн баталгаа баримтуудыг гаргаж өгсөн, хариуцагч талаас нотлох баримт бүрдүүлж өгөөгүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Геодезийн хэмжилтийн ажил боловсруулах ажлын гэрээний гүйцэтгэлийн ажлын үнэ, ажлын хөлс 21,583,000 төгрөг, гэрээний гүйцэтгээгүй үнийн дүнгээс тооцсон алданги 4,208,685 төгрөг, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр 2,100,000 төгрөг, нийт 27,891,685 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч ******* ХХК нь хэмжилтийн ажлын гүйцэтгэлийн акт үйлдэн захиалагч талын инженерээр хянуулж баталгаажуулсан тохиолдолд гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, актын дагуу гарсан дүнг төлөхөд асуудалгүй болно гэсэн тайлбар гаргаж маргаж байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч ******* ХХК нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Геодезийн хэмжилтийн ажил боловсруулах ажлын №АГ-*******-ГБГ гэрээг байгуулагдсан байна. /хх-11-12/
Уг гэрээгээр гүйцэтгэгч ******* ХХК нь Зоорьтой, 16 давхар бүхий Арга билэг төслийн A, B, С, D, E блокийн машины нэгдсэн зогсоол, Plus apartment төслийн А блок, Florence төслийн С, D блок барилгын тэг тэнхлэг газарт шилжүүлэн суулгах хэмжилтийн ажлыг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хийж гүйцэтгэхээр, хэмжилтийн ажлын хөлс гүйцэтгэсэн давхар бүрийн тэг тэнхлэгийн ажлаар тооцогдох ба нэг давхарт хийх тэг тэнхлэгийн үнэ 300,000 төгрөг, 0.00 түвшинөөс доош хэмжилтийн үнэ 500,000 төгрөг байна, хэмжилтийн ажлын нийт үнэ нь Гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлээр тодорхойлогдоно гэж тохиролцож, захиалагч ******* ХХК нь гэрээний үнийг төлөх үүрэг хүлээжээ.
6. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байна.
Нэхэмжлэгч Глобал лэнд ворк ХХК нь гэрээний үүргээ биелүүлж хэмжилтийн ажлаа хийж гүйцэтгэн ажлын гүйцэтгэлийн актыг үйлдсэн байна. /хх-33/
Дээрх актаас үзэхэд 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн, тооцооны үлдэгдлийг баталгаа баримтыг ******* ХХК болон бусад компаниудтай хийжээ. /хх-14-21/
Талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлд захиалагчийн эрх, үүргийг зохицуулсан ба захиалагчийн хувьд хэмжилтийн ажлын гүйцэтгэлийг тухай бүр шалгаж, хөндлөнгийн хяналт тавих ба шаардлагатай тохиолдолд дахин хэмжилт хийх, шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд ажлын хэмжилтийг хүлээн авахаас татгалзах, гэрээг цуцлах эрхтэй байхаар заажээ.
Гэтэл хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, ажил хүлээлцсэн акт байхгүй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтыг үгүйсгэх баримт гаргаагүй, ажил гүйцэтгэгчээс захиалагчийн хувьд ажлын үр дүнг шаардсан, акт үйлдэхийг шаардсан, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан баримтгүй, гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой гэрээнээс татгалзах, цуцлах зэрэг мэдэгдэл хүргүүлсэн талаарх баримтгүй, гэрээний үүргээ шаардсан эсэх нь тодорхойгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан хариуцагч өөрийн татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Иймээс хууль болон гэрээнд зааснаар хариуцагч ******* ХХК нь ажлын хөлс 21,583,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзлээ.
Гэрээний хугацааг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байхаар гэрээний 2.2-т заасан боловч гэрээг дахин 1 жилийн хугацаагаар сунгасан гэж нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч маргаагүй байна.
Алдангийн тухайд, гэрээний 6.1-т Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алдангийг нөгөө талдаа төлөх хариуцлага хүлээхээр заасан тул гэрээний хугацааг 1 жилээр сунгасан гэж үзэн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр гэрээний хугацаа дуусгавар болсон гэж тооцон 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 65 хоногийн хугацаа хэтрүүлсэн алданги 4,208,685 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрт 2,100,000 төгрөгт гаргуулах шаардлага нь Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хамаарахгүй, нэхэмжлэгч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргээ хэрэгжүүлэхтэй хамааралтай тул хангах үндэслэлгүй гэж үзсэн.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамаарах баримтыг үндэслэн ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 21,583,000 төгрөг, алданги 4,208,685 төгрөг нийт 25,791,685 төгрөг гаргуулж, үлдэх 2,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн 297,409 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 286,908 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч ******* ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 21,583,000 төгрөг, алданги 4,208,685 төгрөг нийт 25,791,685 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,409 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 286,908 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ