Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2024/02446

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ОНӨААТҮГ /рд:******* /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* овогт *******ийн *******, /ИБД:*******/-д холбогдох,

2,672,934 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ОНӨААТҮГ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.******* нь ******* ОНӨААТҮГ нийтийн тээврийн автобусны жолоочоор ажиллаж байх үедээ буюу 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр ар гэрт гачигдал гарсан тул цалингийн урьдчилгаа болгож 3,000,000 төгрөг олгох хүсэлтийг захиргаанд гаргасан.

Хүсэлтийн дагуу 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр А.*******ийн Голомт банк дах ******* тоот дансанд шилжүүлсэн ба үүнээс 327,066 төгрөг төлж үлдэх 2,672,934 төгрөгийг төлөөгүй. А.******* автобусны жолоочоор ажиллаж байгаад 2019.03.22-ний өдөр ажлаас гарсан. Манай байгууллага өр төлбөрөө барагдуулах талаар нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа байхгүй, эрэн сурвалжилж хаягийг тогтоосон. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ОНӨААТҮГ-н захиргаанд А.*******ийн гаргасан хүсэлт, авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, А.*******ийг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоох тухай Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг, А.*******ийн Цагдаагийн байгууллагад гаргасан баталгаа, А.*******ийг ажлаас халсан Нийслэлийн ******* ОНӨААТҮГ даргын тушаал, итгэмжлэл зэрэг баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч нотлох баримт ирүүлээгүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* ОНӨААТҮГазар нь хариуцагч А.*******ид холбогдуулан цалингийн урьдчилгаа болгож өгсөн 2,672,934 төгрөгийг гаргуулах шаардлага гаргажээ.

3. Шүүх иргэний хэрэг үүсгэн хариуцагч А.*******ид 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг хөтлөх журамтай танилцуулж, хэргийн материалтай танилцуулсан байна.

4. Хариуцагч А.******* хариу тайлбарыг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дотор ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнд шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхэд за гэсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

6. А.******* нь ******* ОНӨААТҮГ-т Тээвэрлэлт, үйлчилгээний хэлтсийн 3 дугаар хэсгийн нийтийн тээврийн автобусны жолоочоор ажиллаж байгаад 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа техникийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас хариуцлага алдаж өөрийн эзэмшиж байсан автобусыг эвдэж байгууллагад хохирол учруулсан ноцтой зөрчил гаргасан тул 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн болох нь тухайн байгууллагын даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар тогтоогдож байна. /хх-8/

7. Хариуцагч А.******* нь дээрх байгууллагад ажиллаж байхдаа ар гэрийн гачигдлын улмаас цалингийн урьдчилгаа авах хүсэлтийг байгууллагадаа гаргаж, түүнд цалингийн урьдчилгаанд 3,000,000 төгрөг өгч, үүнээс цалингаас 327,066 төгрөг суутган төлж, одоо 2,672,934 төгрөг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан А.*******ийн байгууллагадаа гаргасан хүсэлт, нэхэмжлэгч байгууллагын авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан баримтаар тус тус тогтоогдож байна. /хх-4-5/

8. Хариуцагч дээрх үйл баримтыг үгүйсгэсэн тайлбар, нотлох баримтыг гаргаагүй байна.

9. Шүүх дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд, нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаатай байсан боловч хөдөлмөрийн гэрээг тодорхой үндэслэлээр цуцалж, хариуцагч цалингийн урьдчилгаанд авсан мөнгөө буцаан төлөх үүргээ биелээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар мөнгөө буцаан шаардах эрхтэй гэж үзлээ.

Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жилд хамаарна гэж үзлээ, нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч оршин суух хаягтаа байхгүй, шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж хариуцагчийн хаягийг тодруулж шүүхэд хандсан байна.

Иймд хариуцагч А.*******оос 2,672,934 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн 57,720 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 57,720 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.*******оос 2,672,934 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ОНӨААТҮГ-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 57,720 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ