Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 48

 

“Б- З- ХХК” ББСБ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00061/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн  321 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч “Б- З- ХХК” ББСБ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч  Д.А-,

                   Б.Т-,

                   О.Т- нарт холбогдох

“Зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 37.786.080 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

“Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Д.А- нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №00-2016146 тоот Барьцаат зээлийн гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл тул хүчин Т- бусад тооцуулах,

2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №00-2016147 тоот Барьцаат зээлийн гэрээг хүчин Т- бус байх хэлцэл болохыг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Ч-, өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Ч-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-, хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-гийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч “Б- З- ХХК” ББСБ-ын захирал Ш.Ч-, түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага нь 4263219 тоот регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 341 дүгээр тогтоолоор банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг хугацаагүй явуулах тусгай зөвшөөрөлтэй Банк бус санхүүгийн байгууллага юм. Зээлдэгч Д.А-, хамтран зээл хариуцагч Б.Т- нар нь манай байгууллагаас 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ОЮ92012010 тоот регистрийн дугаартай, О- овогтой Т-ийн өмчлөлийн Ү-2005000714 улсын бүртгэлийн дугаар бүхий Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1 дүгээр баг, 017 дугаар ангийн туслах аж ахуй 00 тоот хаягтай 219.2 м.кв талбай бүхий үнээний фермийн зориулалттай байрыг, 80301408 дугаар бүхий талбарын дугаартай, №000451859 тоот гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт /үл хөдлөх хөрөнгийг/ барьцаалан №00-201646 тоот баталгаат ипотекийн гэрээ болон барьцаат зээлийн гэрээ байгуулан гэрээний дагуу 10.000.000 төгрөгийн зээлийг өөрийн бизнесийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, сарын 2.5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай бизнесийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 10.000.000 төгрөгийн зээл авсан. Мөн зээлдэгч Д.А-, хамтран зээл хариуцагч Б.Т- нар нь тус ББСБ-аас 206 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан №00-2016147 тоот Баталгаат ипотекийн гэрээ болон барьцаат зээлийн гэрээ байгуулан гэрээний дагуу 5.000.000 төгрөгийн зээлийг өөрийн бизнесийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар сарын 5,0 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, бизнесийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 5,0 сая төгрөгийн зээл авсан. Баталгаат ипотекийн болон зээлийн гэрээг нотариатаар баталгаажуулж, Ипотекийнг гэрээг Улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн болно. 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №00-2016146 тоот Барьцаат зээлийн гэрээний хавсралт №01-ээр баталсан эргэн төлөлтийн хуваарийн дагуу 10 000 000 төгрөгийн зээлээс 2016.6.15-ны өдөр 125.000 төгрөг, 2016.08.26-ны өдөр 250.000 төгрөг, 2019.9.12-ны өдөр 250.000 төгрөг, 2019.09.29-ний өдөр 250.000 төгрөг, 2016.11.16-ны өдөр 250.000 төгрөг, 2016.12.22-ны өдөр 100.000 төгрөг, 2017.01.31-ний өдөр 80.000 төгрөг, 2017.05.01-ний өдөр 100.000 төгрөг, 2017.05.31-ний өдөр 100.000 төгрөг, 2017.6.30-ны өдөр 100.000 төгрөг, бүгд 1.605.000 төгрөгийн зээлийн хүү, алдангид төлж, зээлээс нэг ч төгрөг төлөөгүй байна. Энэ зээлийн үлдэгдэл 10.000.000 төгрөг хэвээрээ байна.

            2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №00-2016147 тоот Барьцаат зээлийн гэрээний хавсралт №01-ээр баталсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу 5.000.000 төгрөгийн зээлээс 2016.6.30-ны өдөр 208.340 төгрөг, 2017.02.27-ны өдөр 100.000 төгрөг, 2018.11.12-ны өдөр 800.000 төгрөг, 2018.12.31-ний өдөр 50.000 төгрөг, бүгд 1.158.340 төгрөгийн зээл, зээлийн хүү, алдангид төлсөн байна. Энэ зээлийн үлдэгдэл 4.629.999 төгрөг байна.

2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр авсан 10.000.000 төгрөгийн өдрийн зээлийн хүү 8333.33 /10 000 000*2,5хувь/30 хоног/ төгрөг зээл авснаас хойш 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 1297 хоног 10.808.329 төгрөгийн зээлийн хүүнээс төлсөн 1 603.250 төгрөгийн хүүг хасахад 9 205 079 төгрөгийн хуримтлагдсан зээлийн хүү үлдэж байна. Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцоход 2.018.331 төгрөг, бүгд 16.739.986 төгрөг төлөх тооцоо гарч байна. Нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг тохирч болно.

Зээлдэгч Д.А-, хамтран зээл хариуцагч Б.Т- нараас үндсэн зээлийн үлдэгдэл 14.629.999 төгрөг, зээлийн хүү 19.296.735 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.859.346 төгрөг, бүгд 37.786.080 төгрөгийн зээлийн төлбөр төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү.

Хэрэв дээрх зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаанд тавьсан ОЮ92012010 регистрийн дугаартай О-ын Т-ийн өмчлөлийн Ү-2005000714 улсын бүртгэлийн дугаар бүхий Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1 дүгээр баг, 017 дугаар ангийн туслах аж ахуй 00 тоот хаягтай 219.2 м.кв талбай бүхий үнээний фермийн зориулалттай байрыг, 80301408 дугаар бүхий талбарын дугаартай, №000451859 тоот гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт уг үл хөдлөх хөрөнгийн үнээр нэхэмжлэлийн 1 шаардлагыг хангуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-, түүний өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасн тайлбартаа:

Бодит байдал дээр 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 10.000.000 төгрөгийн зээл авсан зүйл огт байхгүй юм. Харин 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр №00-2015972 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 10.000.000 төгрөг сарын 5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай авсан. Үүний төлөлтийг тухай бүр нь чадахаараа л төлж явсан боловч “Б- З- ХХК” ББСБ нь уг төлөлтийг зөвхөн хүүнд тооцон суутгаж явсан үндсэн төлөлтөөс маань огт хасагдахгүй байсан. Ингээд жилийн дараа ББСБ-ын захирал Ш.Ч- дуудаж хугацаандаа зээлээ төлөөгүй гэж загнасан. Тэгээд ... манайх хүү багатай төслийн зээл өгч байгаа, хүүг чинь багасгаж 2,5 хувь болгоё, хүү багасаж байгаа учраас шинээр гэрээнд гарын үсэг зур ... гээд миний 2015 онд авсан зээлийг хаасан мэт болгоод дахин 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр №00-2016146 дугаартай барьцаат зээлийн гэрээнд болон мөн өдрийн баталгаат ипотекийн гэрээнд тус тус гарын үсэг зуруулсан. Тухайн үед зээлийг хугацаанд нь төлж дуусгаж чадаагүйдээ айж эмээгээд мөн хүү нь багасаж байна гэж ойлгоод гарын үсэг зурсан. 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр №00-2015972 дугаартай барьцаат зээлийн гэрээний хүү нь хуримтлагдаж нэмэгдүүлсэн хүү тооцсоор яваад 5.000.000 төгрөг болсон байна гэж Ш.Ч- захирал хэлээд ... манайх чамаас болж алдагдалд орох ёсгүй учраас хуримтлагдсан хүү 5.000.000 төгрөгт чинь банкны зээлийн хүү тооцно гээд 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр №00-2016147 дугаартай барьцаат зээлийн гэрээнд 5.000.000 төгрөг зээлдүүлсэн мэтээр хуурамж гэрээ байгуулж гарын үсэг зуруулсан. Харин бодит байдал дээр энэ 5.000.000 төгрөг зээлдүүлсэн мэтээр хуурамч гэрээ байгуулж гарын үсэг зуруулсан. Энэ 5.000.000 төгрөгийн зээлийг авсан асуудал огт байхгүй юм. Анх 10 сая төгрөгийн зээл авч, тодорхой хэмжээгээр төлж байсан ч одоо надаас анх авсан дүнгээс бараг 4 дахин их мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А- нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Д.А-, Б.Т- бид анх буюу нэг л удаа “Б- З- ХХК” ББСБ-аас 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр №00-2015972 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж 10 сая төгрөг сарын 5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацааатай зээл авсан. Энэ гэрээний үүрэгтэй холбоотойгоор мөн өдөр буюу 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр №00-2015972 тоот Баталгаат ипотекийн гэрээ байгуулсан. Зээлийнхээ төлөлтийг тухай бүр нь чадахаараа л төлж явсан боловч “Б- З- ХХК” ББСБ нь уг төлөлтийг зөвхөн хүүнд тооцож суутгаж явсаар үндсэн төлөлтөөс маань огт хасагдахгүй байсан. Тухайн үед зээлийг хугацаанд нь төлж дуусгаж чадаагүйдээ айж эмээгээд мөн хүү нь багасаж байна гэж ойлгоод гарын үсэг зурсан.

Бодит байдал дээр 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 10 сая төгрөгийн зээл авсан зүйл огт байхгүй, харин 2015 онд авсан зээлийн хүү 10 хувийг багасаж 5 хувийн хүү болгож байна гэж ойлгож баярлаад төөрөгдсөний улмаас гэрээнд гарын үсэг зурсан юм. Иймд 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №00-2016146 тоот Барьцаат зээлийн гэрээ нь хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.2-т зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцлийг хүчин Т- бусад тооцож өгнө үү.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг зөрчсөн. Иймд 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №00-2016147 дугаартай Барьцаат зээлийн гэрээгээр зээлдүүлэгч 5 сая төгрөгийн зээл олгох, зээлдэгч бид 5 сая төгрөгийн зээл авах хүсэл зориг хэн хэнд маань байгаагүй. Өөрөөр хэлбэл хүүгээс хүү тооцож байгаа гэрээ юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар хүчин Т- бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч “Б- З- ХХК” ББСБ-ын гүйцэтгэх захирал Ш.Ч- нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэл гаргасан Д.А-, Б.Т-, О.Т- нарын сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №00-2016146 дугаартай Барьцаат зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу зээлдэгч Д.А-, Б.Т- нар нь ямар нэгэн шахалт шаардлагагүйгээр өөрсдөө хүү багатай зээл хүссэн учраас 10 сая төгрөгийн зээлийг олгосон. Зээлдэгч Д.А-, Б.Т- нарыг төөрөгдүүлсэн зүйл байхгүй. Зээлдэгч Д.А-д ашигтайгаар 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №00-2016146 дугаартай Барьцаат зээлийн гэрээг 2.5 хувийн хүүтэй олгосон. Уг төслийн зээлийн дээд хэмжээ 10 сая төгрөг байсан учраас 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр №00-2016147 дугаартай Барьцаат зээлийн гэрээгээр 5 сая төгрөгийг 5 хувийн хүүтэй олгосон.

Манай байгууллага нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр бэлнээр 10 сая төгрөг мөн өдөр 5 сая төгрөг нийт 15 сая төгрөг зээлдэгч Д.А-д олгосон. Зээлдэгчийн хүлээн авсан зарлагын баримт, гарын үсэг хавтаст хэрэгт байгаа болно. Харин зээлдэгч Д.А- хэлэхдээ ... би сарын 5 хувийн хүүтэй 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №002015972 тоот Барьцаат зээлийн гэрээгээр 10 сая төгрөг авсан гэдэг. Энэ 10 сая төгрөгийн үндсэн төлбөрт 9.733.298 төгрөг, зээлийн хүүнд 3.402.864 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 680.578 төгрөг, нийт 13.816.740 төгрөгийг зээлдэгч Д.А- орлогын баримтаар төлсөн нь тогтоогдож байгаа юм. Д.А- өөрөө хүсч 2.5 хувийн хүүтэй зээл авчхаад сарын 5 хувийн хүүтэй урьд нь авсан зээлээ эргүүлэн төлчхөөд одоо болохоор зээл аваагүй мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй байна гэв.гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дүгээр сарын 17-ны өдрийн 321 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д тус тус зааснаар “Б- З- ХХК” ББСБ-ын нэхэмжлэлтэй Д.А-, Б.Т-, О.Т- нарт холбогдох зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 37.786.080 төгрөг гаргуулах, хариуцагч нарын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №00-2016146 тоот Барьцаат зээлийн гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл тул хүчин Т- бусад тооцуулах, 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №00-2016147 тоот Барьцаат зээлийн гэрээг хүчин Т- бус байх хэлцэл болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 417.080 төгрөг, хариуцагчийн төлсөн 232.950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Ч-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нар давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. ...Шүүх 2015 онд зээл хүсч байсан өргөдөл, эргэн төлөх чадварыг нотолсон баримтууд байна гэж үзсэн нь нэхэмжлэгч “Б- З- ХХК” ББСБ-ын гаргаж өгсөн дээрх нотлох баримтыг шүүх анзайрч үзэлгүйгээр он сарыг хооронд нь хольж хийсвэр ойлголтоор шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

“Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай” хуулийн 23-р зүйлийн 23.1-т, 23.2-т заасан бүрдүүлэлтийг хавтас хэрэгт өгсөн нотлох баримтуудаар бүрэн дүүрэн хангагдсан болно.

2. “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгамж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно гэж заасны дагуу “Б- З- ХХК” ББСБ зээлдэгч Д.А-, хамтран зээлдэгч Б.Т- нарын хооронд байгуулсан 2016.05.31-ны өдрийн №00-2016146, №002016147 тоот Барьцаат зээлийн гэрээнүүдийн Нэг. Ерөнхий нөхцөлийн 1.2-т “Зээл олголтыг зээлийн дүнгээр бэлнээр олгосон өдрөөр, зээлийн эргэн төлөлтийг зээлдэгч төлбөрийг ББСБ-д бэлнээр авчирч тушаасан өдрөөр, бэлэн бусаар гүйцэтгэсэн нөхцөлд төлбөр ББСБ дахь зээлийн дансанд орсон өдрөөр тус тус тооцно” гэсэн хуулийн болон гэрээний зохицуулалт байгааг шүүгч анзаарч үзэлгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

3. Иймд талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 196-рзүйлийн 196.1.1, 196.1.2-д, мөн хуулийн 451 -р зүйлийн 451.1, 451. 2, 451. 3-д зааснаар Болорзоос ББСБ-ын 2016,05,31-ны өдрийн №00-2016146, №002016147 тоот Барьцаат зээлийн гэрээнүүдийн 1.2-д заасны дагуу бэлэн мөнгө Д.А-д өгсөн зарлагын баримтууд, Д.А-гаас “Б- З- ХХК” ББСБ-д зээл төлсөн орлогын баримтууд байгаа болно

4. Зээлдэгч Д.А-, хамтран зээлдэгч Б.Т- нар нь 2016.05.31-ний өдрйин №00-2016146 тоо 10.000.000 төгрөгийн зээл төлөх графикийг зөрчиж, үндсэн зээл төлөөгүй, зээлийн хүүнд 1.603.250 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1.750 төгрөг бүгд 1.605.000 төгрөг төлсөн нь хавтаст хэрэг байгаа төлбөрийн баримтууд, зээлийн дансны хуулгаар нотлогдож байна.

Зээлдэгч Д.А-, Б.Т- нар нь 2016.05.31-ны өдрийн №00-2016147 тоот 5,0 сая төгрөгийн зээл төлөх графикийг зөрчиж, дутуу төлсөн ба үндсэн зээлд 370.001 төгрөг, зээлийн хүүнд 716.673 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 71.666 төгрөг бүгд 1.158.340 төгрөг төлсөн нь хавтаст хэрэг байгаа баримтууд, зээлийн дансны хуулгаар нотлогдож байна. Д.А- , Б.Т- нар нь “Б- З- ХХК” ББСБ-ын 2016,05,31-ны өдрийн №00-2016146, №00-2016147 тоот Барьцаат зээлийн гэрээнүүдийн дагуу зээл авч, эргэн төлөх хуваарийн дагуу төлбөрийг бэлнээр болон бэлэн бусаар 14 удаа төлсөн нь зээлүүдийг хүлээн зөвшөөрч байгаа нь харагдаж, зээлийн гэрээнүүд биеллээ олсныг гэрчилж байна.

Иймд Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт хавтаст хэрэгт өгсөн нэхэмжлэгчийн нотлох баримтыг дутуу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэж тайлбарласан хуулийн болон гэрээний зохицуулалтыг анхаарч үзэлгүйгээр 2020 оны 03-р сарын 17-ны өдрийн 321-р шүүхийн шийдвэр гаргасан  нь үндэслэлгүй учир шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, “Б- З- ХХК” ББСБ-ын нэхэмжилсэн 37.786.080 төгрөгийг зээлдэгч Д.А-, хамтран зээлдэгч Б.Т- нараас гаргуулж, “Б- З- ХХК” ББСБ -ын 2016.05.31-ны өдрийн №00-2016146 тоот Баталгаат ипотекийн гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Б- З- ХХК” ББСБ хариуцагч Д.А-, Б.Т-, О.Т- нарт холбогдуулан 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2016146, 2016147 дугаартай гэрээнүүдийн үндсэн үүрэг 14.629.999 төгрөг, зээлийн хүү 19.296.735 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.859.346 төгрөг нийт 37.786.080 төгрөг гаргуулах, хариуцагчидийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А- 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2016146, 2016147 дугаартай гэрээнүүд болон баьцаат зээлийн гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн тул хүчин Т- бус байх хэлцэл болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Хариуцагчид дээрх 2 гэрээний дагуу нэг ч төгрөг аваагүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн анхан шатны шүүхийг гэрээний зохицуулалтыг анхаарч үзээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу, буруу үнэлсэн гэсэн давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч, бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Анх зээлдэгч Д.А-, Б.Т- нар “Б- З- ХХК” ББСБ-аас 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 2015972 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 10.000.000 төгрөг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай бизнесийн зориулалтаар зээлж авсан байна.

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд баталгаат ипотекийн гэрээ байгуулж О.Т-ийн өмчлөлийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 219.2 метр квадрат талбайтай фермийн барилга, мөн эзэмшлийн 0.78 га газрын хамт барьцаалжээ.

Зээлдэгч Д.А-, Б.Т- нар тус зээлийг хуваарийн дагуу төлж байсан болох нь хэргийн  66-83  дугаар талд авагдсан баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд  2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нийт 13.816.740 төгрөг төлж зээлийг бүрэн хаасан тухай баримт хэргийн 84 дүгээр талд авагдсан байна.

2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр дахин Төслийн зээл авахыг хүсч “Б- З- ХХК” ББСБ-д өргөдөл гаргаж, зээл төлөх орлогоо нотолж 2015 оны жилийн эцсийн мал тооллогын А данс, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 453 тоот дүгнэлт, Орон сууц түрээслэх гэрээ, Дархан сумын 8 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлөх төлбөргүй болохыг баталсан тодорхойлолт, “Номин тав трейд” ХХК-тай байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1361 дугаартай “Худалдааны хамтран ажиллах гэрээ”, Дархан сумын 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 11Б байр 42 тоотын орон сууц, Хонгор сумын 1 дүгээр багт байрлах Үнээний фермийн барилга зэргийг захиран зарцуулах эрхийг О.Т-өөс Д.А-д 2016 оны 05 дугаар сарын 24,31-ний өдрүүдэд олгосон итгэмжлэлүүд, бизнесээ өргөжүүлэх, орлогоо нэмэгдүүлэх талаарх асуулгыг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр бөглөж гарын үсгээр баталгаажуулсан баримт зэрэг бичгийн нотлох баримтууд хэргийн 85-95 дугаар талд авагджээ.

Эдгээр баримтуудыг үндэслэн “Б- З- ХХК” ББСБ-аас 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 10.000.000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, бизнесийн эргэлтийн хөрөнгөө сайжруулах зориулалтаар, 5.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, бизнесийн эргэлтийн хөрөнгөө сайжруулах зориулалтаар  тус тус олгосон байна.

Зээлдэгч Д.А- зээлийн 10.000.000 болон 5.000.000 төгрөгийг бэлнээр хүлээн авч, үйлчилгээний хураамж, шимтгэлийн орлогод 105.000, 50.000 төгрөг тус тус төлсөн болох нь хэргийн 25-28 дугаар талд авагдсан “Кассын зарлагын ордер” гэсэн баримтуудаар нотлогдоно.

Мөн зээлдэгч Д.А- 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 10.000.000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүүнд 1.603.250 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1.750 төгрөг, 5.000.000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүүнд 716.673 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 71.666 төгрөг тус тус төлсөн болох нь хэргийн 29,30 дугаар талд авагдсан “Зээлийн дансны хуулга”-аар нотлогдож байна.

Эдгээр нотлох баримтуудаар хариуцагчийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Б- З- ХХК” ББСБ-тай байгуулсан гэрээгээр нэг ч төгрөг аваагүй бөгөөд ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэсэн тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байна.

Мөн  нэхэмжлэгч “Б- З- ХХК” ББСБ зээлийн эргэн төлөлтийн талаар хяналт хийж, тухай бүр тэмдэглэл хөтөлж байсан ба зээл эргэн төлөх тухай мэдэгдлийг зээлдэгч Д.А-д хүргүүлж байжээ.  

Эдгээр нотлох баримтууд нь талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн гэрээнүүдэд хамаарах баримт байх ба өмнөх 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээнд хамааралгүй баримт байна гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч “Б- З- ХХК” ББСБ 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн гэрээгээр зээл олгохдоо Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно”, 21.3-т “Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно”, 21.4-т “Зээлдэгчийн зээлийн дансанд  гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж тус тус заасныг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй  талаас нь үнэлж чадаагүй байна.

Тухайлбал: Анхан шатны шүүх хэргийн болсон үйл баримтыг дүгнэхдээ талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулагдахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцохоор, 451 дүгээр зүйлийн 451.1-д ”Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр бак, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж хуульчилсан хуулийн заалтыг хангаагүй, гэрээний зүйл болох мөнгийг шилжүүлээгүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй байх тул нэхэмжлэгч дээрх 2 гэрээний дагуу шаардах эрхгүй байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй, нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн учир дутагдалтай дүгнэлт болжээ гэж үзэхээр байна.

Хэдийгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй байх боловч, нэхэмжлэгч нь шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 28.800.000 төгрөгийн үнийн дүн дээр хариуцагчтай эвлэрэх боломжтой гэж тайлбарлаж,   мэдүүлэг өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” заасантай нийцэж байгаа тул тэр хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхэд хууль зөрчихгүй гэж үзлээ.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэээр хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Талуудын хооронд 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан “Барьцаат зээлийн гэрээ”-нд зээлдэгчийг төлөөлж хариуцагч Д.А-, Б.Т- нар гарын үсэг зурж оролцсон байх бөгөөд хариуцагч О.Т- энэ зээлийн гэрээний оролцогч биш тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх нь зөв байна.

Харин 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2016146 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ”-нд барьцаалуулагчийг төлөөлж, хариуцагч О.Т- гарын үсэг зурж гэрээний нэг тал болон оролцсон байх тул үүргийн гүйцэтгэлийг О.Т-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, эзэмшлийн газраар  хангуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дүгээр сарын 17-ны өдрийн 321 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын

“Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар  “Болор зоос” ББСБ-ын нэхэмжлэлтэй, Б.А-, Б.Т-, О.Т- нарт холбогдох зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, 37.786.080 төгрөг гаргуулах хариуцагч нарын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2016146 тоот Барьцаат зээлийн гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл тул хүчин Т- бусд тооцуулах, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2016147 тоот барьцаат зээлийн гэрээг хүчин Т- бус байх хэлцэл болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэснийг,

 “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Д.А-, Б.Т- нараас 28.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Б- З- ХХК” ББСБ-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 9.786.080 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч О.Т- холбогдох зээлийн гэрээний үүрэг 37.786.080 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан хариуцагч Д.А-, Б.Т-, О.Т- нарын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2016146 тоот Барьцаат зээлийн гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл тул хүчин Т- бусд тооцуулах, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2016147 тоот барьцаат зээлийн гэрээг хүчин Т- бус байх хэлцэл болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Шийдвэрийн ТОГТООХ хэсэгт 2 заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.А-, Б.Т- нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ОЮ92012010 регистрийн дугаартай О-ын Т-ийн өмчлөлийн Ү-2005000714 улсын бүртгэлийн дугаар бүхий Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1 дүгээр баг, 017 дугаар ангийн туслах аж ахуй 00 тоот хаягтай 219.2 м.кв талбай бүхий үнээний фермийн зориулалттай байр, 80301408 дугаар бүхий талбарын дугаартай, №000451859 тоот гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хорих нээлттэй 445 дугаар ангид даалгасугай гэж нэмж,

Шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 2 дугаар  заалтыг 3 болгон өөрчилж уг заалтыг

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  урьчдчилан төлсөн 417.080 төгрөг хариуцагчийн төлсөн 232.950 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг,

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 417.080 төгрөг хариуцагчийн төлсөн 232.950 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А-, Б.Т- нараас 301.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Б- З- ХХК” ББСБ-д олгосугай” гэж,

Шийдвэрийн тогтох хэсгийн 3 дугаар заалтыг 4 болгон өөрчилж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 346.880 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмлэгчид олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                   ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                             АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                           ГҮЙЦЭТГЭГЧ ШҮҮГЧ                              О.НАРАНГЭРЭЛ

                                                              ШҮҮГЧИД                              М.МӨНХДАВАА

                                                                                                             Л.АМАРСАНАА