Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 656

 

Г.Ж-ны нэхэмжлэлтэй                                                                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/00253 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Ж-ны нэхэмжлэлтэй, хариуцагч “ҮУПК” УТҮГ-т холбогдох

Сахилгын шийтгэл ногдуулсан Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/110 тоот болон 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/156 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дэлгэрмаа, түүний өмгөөлөгч М.Сосорбарам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Ж-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ж-н нь Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн захирлын 2001 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 55 тоот тушаалаар оёдлын багшийн ажилд анх томилогдсоноос хойш 18 жил тус сургуульд тасралтгүй ажиллаж байна. Ажиллах хугацаандаа 2013 оноос тус сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийн саналаар ҮЭХорооны даргаар сонгогдон 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл ажилласан юм. 2015 онд тус сургуулийн захирлаар Б.Даваажав гэх хүн ХНХЯамны сайдын тушаалаар томилогдон ажиллаж эхэлсэн ба ажиллах хугацаандаа 2019 оны 8 дугаар сарын байдлаар тус сургуулийн нийт 86 багшийг ажлаас нь халсан юм. Захирал С.Даваажавын дарамт шахалт, үндэслэлгүй ажлаас халж байгаатай холбоотой маш их гомдол тус сургуулийн ҮЭХороонд ирдэг байсан ба энэ талаар сургуулийн удирдлага буюу захирал Б.Даваажавт тухай бүр хандаж анхааруулж байсан ба Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон томилсон сайд болох Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдад тухайн үед удаа дараа хандаж байсан боловч захирал Б.Даваажавт ямар нэг арга хэмжээ авахгүй байсан юм. 2019 оны 8 дугаар сарын             29-нд Zarig.mn сайтад хандан захирал Б.Даваажавын хийсэн хууль бус үйлдлийг гаргаж хэлсний төлөө тэр өдөр нь С.Даваажав захирал иймэрхүү асуудлаар хэвлэл мэдээллийн байгууллагад ажилтнууд хандвал ажлаас халах арга хэмжээ авна гэсэн утга бүхий заалтыг Хөдөлмөрийн дотоод журамд нэмж оруулж, энэ тухай нийт ажилтнуудын хуралд хэлж анхааруулсан юм. Ийнхүү Zarig.mn-д хандсанаар энэ асуудал олон нийтэд хүрч захирал С.Даваажавын асуудлыг шалгаж үр дүнд хүрэх итгэл найдвар төрсөн юм. Улмаар С.Даваажав захирлын зүгээс дээрх сайтад ярилцлага өгсөн болон холбогдох газруудад шалгуулахаар өргөдөл дээр гарын үсэг зурсан багш нарын эсрэг илт дарамт шахалтыг эхлүүлсэн ба тэдгээр багш нарыг өөрийн сонгож бүрдүүлсэн гишүүдээс бүрдсэн сургуулийн ёс зүйн хороогоор толгой дараалан оруулж багш н.Солонго болон Г.Ж-нд эхний шийтгэл буюу анхааруулах сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Энэ тушаал дээр захирал Б.Даваажав өөрөө гарын үсэг зурсан. Хоёр дахь сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын хувьд: Тараасан гэх эхний албан бичиг нь Хүний Эрхийн Үндэсний комиссод гаргасан өргөдлийн дагуу комисс шалгалт явуулж, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2/30 тоот шаардлагаар захирал С.Даваажавд хуульд заасан хариуцлага тооцохыг ХНХЯамны сайдад мэдэгдэн хүргүүлсэн. Хоёр дахь албан бичиг нь Монголын Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны хяналтын зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 03 тоот албан бичиг байсан ба үүнд тус сургуулийн үйлдвэрчний эвлэл санхүүгийн зөрчил байхгүй, ҮЭ-ийн хороон дарга Г.Ж-ныг санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа бүх гишүүдийн хуралд тавих шаардлагатай гэсэн байсан юм. Гурав дахь бичиг нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны 20019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10/313 тоот албан бичиг байсан ба үүнд 2015 оны 6 сард захирлаар томилогдсоноос хойш нийт 122 багш, ажилтныг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан, сургуулийн захирал Төрийн банкны салбарт бичгээр хүсэлт гарган багш нарын цалин, амралтын мөнгийг өгөлгүй битүүмжилдэг, ажлаас чөлөөлсөн ажилтандаа тушаал болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтрийг нь өгөөгүй, санхүүгийн зөрчил дутагдлын талаар дурдсан байсан юм. Энэ шалгалтаар илэрсэн зөрчлийг холбогдох байгууллагууд захирал С.Даваажавт танилцуулж, 2019 оны 10 дугаар сарын 21-нд захирал С.Даваажавыг ХНХЯамны сайдын тушаалаар ажлаас нь чөлөөлсөн юм. Эдгээр 3 албан бичгүүд бол тус сургуулийн нийт багш, ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийг хангах талаар нийт багш, ажилтнуудын эрх ашигт хамааралтай тус сургуулийн ҮЭ-ийн хорооны зорилго чиг үүрэгт хамаарах албан бичгүүд юм. Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын 05-нд Үйлдвэрчний эвлэлийн хорооны ажлын тайлангаа тавьж, даргын ажлаа өгөхдөө танилцуулсан дээрх 3 албан бичгийг хувилж тараасны төлөө ажлын зөрчил дутагдал гарган ажлаа өгсөн захирал С.Даваажавын даалгавраар Г.Ж-ны цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар хасах шийтгэл оногдуулсан нь Монгол улсын Үндсэн хуульд заасан чөлөөтэй хөдөлмөрлөх, эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд ноцтой халдсан зөрчил юм. Иймд Ражив Гандийн нэрэмжит ҮУПК УТҮГ-ын захирлын 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/110 тоот тушаал болон 2019 оны 11 дүгээр сарын     14-ний өдрийн Б/156 тоот Г.Ж-нд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дэлгэрмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ж-н нь Zarig.mn сайтаар сургуулийн хамт олны нэрийг барьж нотлогдоогүй сөрөг мэдээллийг олон нийтэд түгээсэн, хамт олныг үл хүндэтгэн ёс зүйгүй үг хэллэг хэлж хурлыг хаяж гарсан нь багшийн мөрдөх ёс зүйн дүрмийн 4.3.1, 2.3, 2.4 дүгээр заалтыг зөрчсөн гэж үзэж ёс зүйн хорооны гишүүд Г.Ж-нд сахилгын сануулах шийтгэл авахуулахыг 2019 оны 9 дүгээр сарын 17-нд ёс зүйн хорооны хурлаар шийдвэрлэсэн. Хамт олны хурлыг удаа дараа хаяж гарсан гэдэг нь сургуулийн хамт олны 2019 оны 8 дугаар сарын 30-ны хурлын тэмдэглэлийн 6 дугаар хуудсанд Г.Ж-н хурал хаяж гарав гэсэн тэмдэглэлээр нотлогдоно. Сургуулийн багшийн мэргэжлийн ёс зүйн хорооноос Г.Ж-ны удаа дараа гаргасан ёс зүйн зөрчлийн талаар авч хэлэлцээд хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Г.Ж-нд Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д заасан сахилгын сануулах шийтгэл оногдуулах санал гаргаж захиргаанд уламжилжээ. Сургуулийн багшийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг баримтлан ёс зүйн хорооноос сахилгын шийтгэл оногдуулах эрх бүхий албан тушаалтанд ёс зүйн хорооны дүгнэлтийг гаргасан. Энэхүү дүгнэлтийг үндэслэн сургуулийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 23-ны Б/110 тоот тушаалаар хөдөлмөрийн сахилгын хамгийн бага арга хэмжээ болох сануулгын арга шийтгэл оногдуулсан юм. Г.Ж-н нь гэм буруутай үйлдэлдээ дүгнэлт хийлгүй багш ажилчдын дунд хүний нэр хүндэд халдах зорилготой бичиг тараасан, хамт олны сэтгэл санааг үймүүлж, хамт олны эв нэгдлийг хагалан бутаргах үйл ажиллагаа явуулсан тул 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр захирлын Б/156 тоот тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т зааснаар үндсэн цалинг 3 сарын хугацаатайгаар 20 хувь хасах сахилгын шийтгэл оногдуулсан юм. Г.Ж-нд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний Б/156 тоот тушаалаар сахилгын энэ шийтгэл оногдуулахдаа Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.2.4-ийг удирдлага болгосон юм.  Дээрх 2 тушаал хууль зүйн бүрэн үндэслэлтэй тул Г.Ж-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан ҮУПКийн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/156 тоот тушаалыг хүчингүй болгож, Г.Ж-ны нэхэмжлэлийн шаардлагаас ҮУПКийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/110 тоот тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Ж-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/110 тоот тушаалд "...хамт олны хурлыг удаа дараа хаяж..." гэсэн байгаа. Удаа дараа гэдгийг 2 буюу түүнээс дээш удаа гэж ойлгоно. Ийм үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Мөн "...хамт олноо хараан доромжилсон..." гэсэн нь хичээлийн жил эхлэхийн өмнө буюу 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр (өмнөх өдөр нь сургуулийн захирал С.Даваажавын хууль бус үйл ажиллагаа буюу ажилчдад бэлгийн дарамт үзүүлдэг, захирлаар томилогдсоноос хойш үндэслэлгүйгээр 86 багш ажилтнуудыг ажлаас халсан, шүүхийн шийдвэр биелүүлж ажилд нь эргүүлж томилохгүй байгаа г.м/-ны талаар нийт хамт олны хурлыг хийхдээ тушаалын үндэслэлд дурдсанчлан нийт хамт олны доромжилсон зүйл огт яриагүй. 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хурлын дугаар 04 тоот тэмдэглэлд захирал С.Даваажавын багш Г.Ж-ныг доромжилсон яриа огт тэмдэглэгдээгүй байсан. Ийм нэг талын баримтыг шүүх шууд нотлох баримтаар үнэлснээр нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлэх зарчим алдагдаж нэг талын байр сууринаас буруу үнэлж дүгнэсэн байна. Багш Г.Ж-н болон бусад багш нар захирал С.Даваажавын хууль бус зүйлүүдийг өмнөх өдөр нь мэдээлсэнд С.Даваажав захирал өсөрхөж нийт хамт олны хурал дээр Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн "4.1, 6.1 дэх хэсгийг зөрчиж анхнаасаа нийт хамт олны хурал дээр захиргаа, удирдлагын санаачлагаар тус сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны асуудлыг оруулж ирж захирал албан тушаалдаа эрдэж нийт хамт олны өмнө багш Г.Ж-ныг хэл амаар доромжилсноос захирал С.Даваажав болон Г.Ж-н хоёрын хооронд маргаан үүссэн. 2019 оны 8 дугаар сарын 30-ны №04 тоот хурлын тэмдэглэлд хэлэлцсэн асуудлын 3 дугаарт сургуулийн эрхэм зорилго гэдэг дээр нэмээд өмнөх өдөр нь мэдээлэл хийсэнтэй шууд холбоотой багш ажилчдын амыг хаах зорилгоор Хөдөлмөрийн дотоод журмын 7.8.9 буюу олон нийтэд сургуулийн талаар мэдээлэл тараавал ажлаас халах зохицуулалт орж байгааг танилцуулаад Г.Ж-н нарын багш нар хууль хяналтын байгууллагаар худлаа мэдээлэл тараасан нь нотлогдсон тохиолдолд халах арга хэмжээ авах ёстой гэж эсэргүүцсэнээр зөвтгөж энэ томьёоллоор нь баталсан. Шүүхэд гаргаж өгсөн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №04 тоот хурлын тэмдэглэл бол хариуцагч талын өөрт ашиггүй зүйлийг хасч засварласан, Г.Жаргалсайхны хэлээгүй зүйлийг хэлсэн болгож хүч нэмж шүүхэд гаргаж өгсөн баримт юм. Үүнийг шууд бодит байдлыг нотлох баримт гэж шүүх үзэж алдаатай дүгнэлт хийсэн. Сануулах арга хэмжээ авсан 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 110 тоот тушаалд 2019 оны 9 дүгээр сарын 18 дугаартай дүгнэлтийг үндэслэсэн байхад шүүх өөрийн дураар 2019 оны 9 дугээр сарын 17-ны өдрийн Ёс зүйн хорооны хурлын 2 тоот тэмдэглэл..."-ийг үндэслэл болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлтийг үндэслэсэн байхад шүүх 2019 оны 9 дүгээр  сарын 18-ны өдрийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Мөн шийдвэрийн дүгнэх хэсэгт "... Ажил олгогч нь дээрх дүгнэлтэд үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/110 тоот тушаалаар Г.Ж-нд сахилгын сануулах шийтгэл ногдуулсан бөгөөд энэхүү тушаал нь Ражив Гандийн нэрэмжит ҮУПКийн багшийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 5.1 -д "Дурмийг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон / бодит үйл баримтыг үндэслэлтэй тогтоогоогүй./ Шалгалтаар илэрсэн нотлох баримт хурлын тэмдэглэлүүд нь бүрэн биш, өөрт ашигтай байдлаар найруулан бичгээр буулгаж гаргасан, үүнийгээ нотлох эх сурвалж нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бодитоор шалгасан ямар ч нотлох баримт байхгүй байхад нотлох баримтыг үнэлэхдээ зөвхөн хэлбэр төдий байдлыг нь дүгнэсэн/ гэж шүүх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн байна. Тус сургуулийн захирал С.Даваажав нь сургуулийн багш, ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийг зөрчиж 2-3 жилийн хугацаанд 86 багш ажилтнуудыг ажлаас халсан, ажилтнууддаа бэлгийн дарамт үзүүлдэг, бусад байдлаар хууль зөрчиж байгаа талаар Г.Ж-н багш тус сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын хувьд нийт багш ажилтнуудын эрх ашгийн төлөө тууштай тэмцсэний үр дүнд Хүний эрхийн үндэсний комиссын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2/30 тоот шаардлагаар захирал С.Даваажавын хууль зөрчсөн зүйлүүдийг тогтоож түүнд хариуцлага тооцох. Монголын Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны хяналтын зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 03 тоот албан бичиг, Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №10/313 тоот албан бичгээр /аудитаар шалгасан/ захирал С.Даваажавын хууль зөрчсөн үйлдлүүдийг тогтоож, улмаар захирал С.Даваажавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж арга хэмжээ авсан юм. Сануулах арга хэмжээ авсан тушаалд дурдсан 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 01 тоот дүгнэлтийг үндэслэсэн боловч хавтаст хэрэгт ийм дүгнэлт байхгүй. Тушаалын үндэслэлд дурдсан нийт хамт олны хурлыг удаа дараа хаяж гарсан болон нийт хамт олныг доромжилсон үйл баримт нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Багш Г.Жаргалсайхныг тус сургуулийн ҮЭХорооны даргын хувьд албан тушаалыг нь авахаар санаархаж элдэв явуулга хийж, хариуцлага тооцож арга хэмжээ авсан нь Үйлдвэрчний Эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн заалтуудыг зөрчсөн юм. Иймд шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагад холбогдох Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.Ж-н нь “ҮУПК” УТҮГ-т холбогдуулан сахилгын шийтгэл буруу ногдуулсан үндэслэлээр ҮУПКийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/110 тоот болон 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/156 тоот тушаалуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч байгууллагын захирлын 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/110 тоот тушаалаар хамт олны хурлыг удаа дараа хаяж хамт олноо хараан доромжилсон, багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэгч Г.Ж-нд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, мөн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/156 тоот тушаалаар удирдах дээд албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, тавьсан шаардлагыг эсэргүүцэн хамт олны дунд элдвийн бичиг баримт олшруулан тарааж, бусдыг буруу үйлдэлд өдөөн турхирсан, хамт олны бүтээлч, эвсэг эв нэгдлийг бусниулж зүй бус үйл ажиллагаа явуулж, багшийн ёс зүйн хэм хэмжээг зөрчих үйлдлийг дахин гаргасан гэх үндэслэлээр түүнд үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан зэрэг үйл баримттай холбоотой нотлох баримтууд  хэрэгт авагджээ. /хх-ийн 20, 21, 53-63, 67-73 /

Нэхэмжлэгч Г.Ж-н нь сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай болон ажлаас буруу халсан тухай гомдлыг тус тус Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсэгт тус тус заасан хугацааны дотор шүүхэд гаргасан гэж  үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй ба энэ талаар талууд маргаагүй.

Г.Ж-н нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хамт олны хурлын үеэр хэлэлцэх асуудлын хүрээнд хамаарахгүй асуудлаар бусдад ёс суртахууны буруу үлгэр дуурайлал үзүүлэх хэмжээний зохисгүй үг хэллэг хэрэглэн, хамт олноо үл хүндэтгэн сургуулийн удирдлагатайгаа маргаж, хурлын ажиллагаанд бүрэн оролцолгүй гарч явсан болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний гаргасан зөрчлийг хэлэлцсэн өдрийн хамт олны хурлын 4 тоот, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Багш нарын зөвлөгөөний хурлын 1 тоот, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Ёс зүйн хорооны хурлын 2 тоот тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Г.Ж-ны гаргасан зөрчлийг 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1 тоот дүгнэлтээр 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Ёс зүйн хорооны хурлаар хэлэлцэж, Г.Ж-ныг  ҮУПКийн багшийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 2.3-т мэргэжлийн нэр хүнд, үнэ цэнийг хамгаалах гэж, 2.4-т ёс суртахууны үлгэр дуурайлалтай ажиллах гэж заасан зарчмыг, 4.3.1-д сургууль, суралцагч, эцэг, эх, хамтран ажиллагсдын нэр төрийг гутаах, доромжлохоос зайлсхийх ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж тус тус үзжээ.

 

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.2-д “ажилтан нь ...үүрэгт ажлыг гүйцэтгэхдээ ажил үүрэгтэй холбоотой хууль эрх зүйн акт, дүрэм, журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлэн ажиллах” зөрчсөн тохиолдолд мөн коллежийн багшийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 5.1-д “Дүрмийг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон, шалгалтаар илэрсэн... багшид эрх бүхий албан тушаалтан холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно”, Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.1-д “хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулна” гэж тус тус заасан ба нэхэмжлэгч Г.Ж-н нь уг заалтыг зөрчсөн болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. 

 

Иймд хариуцагч байгууллагын захирлын 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/110 тоот тушаалаар Г.Ж-нд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д заасан заалтад нийцсэн, нэхэмжлэгчийг тушаалд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Харин ажил олгогч нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/156 тоот тушаалаар дутагдалдаа зохих дүгнэлт хийж ажиллахгүй, хамт олны дунд элдвийн бичиг баримт олшруулан тарааж, бусдыг буруу үйлдэлд өдөөн турхирсан, хамт олны бүтээлч, эвсэг эв нэгдлийг бусниулж зүй бус үйл ажиллагаа явуулж, багшийн ёс зүйн хэм хэмжээг зөрчих үйлдлийг дахин гаргасан үндэслэлээр оёдлын мэргэжлийн багш Г.Ж-нд үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Гэвч Г.Ж-нд сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гарахаас өмнө түүний гаргасан гэх дээр дурдсан зөрчлүүдийг хэрхэн тогтоосон, тус байгууллагын багшийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн аль заалтыг зөрчсөн ёс зүйн зөрчил болохыг Ёс зүйн хороо зохих журмын дагуу хэлэлцэн тогтоосон баримтыг ажилтанд танилцуулсан, тайлбар гаргах боломжоор хангасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Энэ талаарх  анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд зохигч энэ  талаар давж заалдах гомдол гаргаагүй болно.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул  хариуцагч байгууллагын захирлын 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/110 тоот тушаалыг хүчингүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангах үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/00253 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Э.ЗОЛЗАЯА

                                         ШҮҮГЧИД                                       Ш.ОЮУНХАНД

                                                                                                Н.БАТЗОРИГ