Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 136/ШШ2024/00327

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, ** дугаар баг, Дэнж ***** тоотод байрлах, Б б ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.О эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.О ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ********* ХХК иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.О эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

1.Дорноговь аймаг Айраг сум * дүгээр баг Цагаан дөрвөлж гудамж **** тоот, түр оршин суугаа хаяг: Дорноговь аймаг Сайншанд сум * дугаар баг *** тоот хаягтай Д.О нь **** ХХК-д үйлчлэгчээр ажиллах хугацаандаа дэлгүүрийн бараанаас зээлээр худалдан авалт хийж цалингаасаа суутгуулдаг байсан бөгөөд ажиллах хугацаандаа удаа дараа ажил тасалж өр төлбөр нэмэгдсээр байсан. Гэтэл хэл сураггүй ажлаа хаяж ажиллахаа больсон ба өр төлбөрөө барагдуулаагүй үлдсэн тул нийт 2,535,550 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Д.О эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 42 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан тэмдэглэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О иргэний үнэмлэхийн хуулбар, хөлсөөр ажиллах гэрээний хуулбар, Д.О иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Учир нь:

2.Нэхэмжлэгч ***** ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.О оршин суух хаягийг тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан хаягт Д.О нь оршин суудаггүй талаар Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 42 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан тэмдэглэл, Д.О байгуулсан зээлийн гэрээг нотлох баримтаар тэрээр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ 133.1.9 нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах 155 дугаар зүйлийн 155.3 хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана.

5.Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж хуульчилсан.

6.Иймд нэхэмжлэгч ******** ХХК иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.От эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Д.О эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

7.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Б овогт Д О /РД:*********/ эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Д.О эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ