| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2024/00359/И |
| Дугаар | 136/ШШ2024/00328 |
| Огноо | 2024-08-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 136/ШШ2024/00328
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, * дүгээр баг, Ганзамын **** тоотод оршин суух, Х Т овогт Ш У,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Ч эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Ш.У,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ш.У иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Ч эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие Т овогтой Ч 1988 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулж эхнэр нөхөр болсон. Улмаар 7 жил хамтран амьдарч 1995 оноос хойш хамтын амьдралаа дуусгавар болгосон. Энэ хүн 1995 оноос хойш ор сураггүй болсон. Иргэний үнэмлэх, бусад баримт бичиг нь одоогоор олдоогүй. Ч харсан, уулзсан, хүн байхгүй ба ах дүү хамаатан садан нар нь ч сураг олоогүй байгаа. 2000-2003 оны хооронд Улаанбаатар хот Баянгол дүүрэг төмөр замын вокзал орчимд учир битүүлгээр нас барсан байдалтай олдсон гэж телевизороор гарсан тухай найз Д.Д сонссон. Миний бие Х.А 1998 оноос хойш одоог хүртэл хамтран амьдарч байна. Х.А гэрлэлтээ батлуулах хүсэлтэй байна. Иймд гэрлэлтийн баталгаагаа цуцлуулах хүсэлтэй байгаа тул Т.Чэрэн сурвалжилж өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн ажлын албаны 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02/243 дугаартай тодорхойлолт, Т.Ч зураг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Учир нь:
2.Нэхэмжлэгч Ш.У нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Ч оршин суух хаягийг тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ш.У Т.Ч 1988 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Тэрээ Т.Ч 1995 оноос хойш салж тусдаа амьдарсан, гэрлэлтээ цуцлуулахад оршин суугаа хаяг тодорхойгүй, Т.Ч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ 133.1.9 нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах 155 дугаар зүйлийн 155.3 хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана.
Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж хуульчилсан.
Иймд нэхэмжлэгч Ш.У иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Ч эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Т.Ч эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Т Ч /РД:********/ эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Т.Ч эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ