Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2021/0027

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, З.О*******, Д.Б*******, Х.Д*******, Ч.Э******* нарын нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яаманд холбогдох Эрүүл ахуйн тухай хуульд заасан Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ-г Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газарт хийгээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: ...бидний нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Эрүүл ахуйн тухай хуулийн дагуу хариуцагчид Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийлгэхийг даалгах бөгөөд эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийлгэх шалтгаан, үндэслэл нь нэхэмжлэл иргэдийн амьдарч буй орчинд бий болоод удаж буй цагаан тоос бөгөөд түүний хүний эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөө, өнөөгийн бодит нөхцөл байдлыг тогтоолгож, түүнийг бууруулах, яаралтай арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад даалгах юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан ажил үүргийг хийж байгаа тухай нотлох баримтуудыг ирүүлсэн мөн нэхэмжлэгч иргэдийн энэхүү ажиллагааны явцад оролцоог нь хангах, холбогдох мэдээллийг хангах тухай зөвшилцөн хариуцагч байгууллагаас 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №18 тоот Мэдээлэл хүргүүлэх тухай албан бичгээр бидэнтэй хамтран ажиллах тухайгаа албажуулсан тул нэхэмжлэгчийн хувьд энэхүү нөхцөл байдал, үндэслэлийг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн

66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно мөн зүйлийн 66.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана , гэж тус тус заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтээ ийнхүү бичгээр гаргаж байгаа болно.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан энэхүү хүсэлтийг хүлээн авч холбогдох журмын дагуу шийдвэрлэж өгнө үү....гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу нэхэмжлэгч З.О******* нар нь Эрүүл мэндийн яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох; мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай үр дагаврыг нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тайлбарлан танилцуулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч З.О*******, Д.Б*******, Х.Д*******, Ч.Э******* нар нь Эрүүл ахуйн тухай хуульд заасан Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ-г Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газарт хийгээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Эрүүл мэндийн яаманд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ Л.БАТБААТАР