Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 658

 

А.Э-ийн нэхэмжлэлтэй                                                                                         иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/02592 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч А.Э-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “К банк” ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах, урамшуулал 3 901 224 төгрөг гаргуулах, орон сууцны зээлийн гэрээний хүүг жилийн 6 хувь, цалингийн зээлийн хүүгийн хэмжээг сарын 1.6 хувь болгохыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Э-, түүний өмгөөлөгч Д.Цэндсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Идэрбулган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч А.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Э- миний бие К банканд 2005 оноос хойш ажиллаж, Тусгай активын хэлтсийн ажилтнаар ажиллаж байгаад тус банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/653 тоот тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас халагдсан. К банкны тусгай актив хариуцсан нэгжийн үйл ажиллагааны журамд заасны дагуу ажиллаж байсан хугацааны 2018 оны 4 дүгээр улирлын болон 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 11 дүгээр сарын 21-ний хооронд чанаргүй зээл болон авилга төрүүлсэнтэй холбоотой, зээлдэгч тус бүрээр гаргахад нийт 173.666.750,88 төгрөг төлүүлсэн ба урамшуулалд 3.901.224.82 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Мөн ажилчдын орон сууцны зээлийн үйл ажиллагааны журмын дагуу 30.000.000 төгрөгийн орон сууцны зээлийн 11\04 тоот гэрээг 2011 оны 5 дугаар сарын 24-нд байгуулж, жилийн 9.6 хувийн хүүтэйгээр 15 жилийн хугацаатайгаар анх авсан юм. Дээрх журмын дагуу уг зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг 2015 оны 8 дугаар сарын 19-нд байгуулж, зээлийн хүүг жилийн 6 хувь болгосон. Мөн 8.000.000 төгрөгийн цапингийн зээлийг сарын 1.3 хувийн хүүтэйгээр жилийн хугацаатай авсан байсан. Гэтэл тус банкны Гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б\653 тоот тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас халсантай холбоотойгоор дээрх зээлийн гэрээнүүдийн нөхцөлд өөрчлөлт оруулж, орон сууцны зээлийн хүү жилийн 6 хувь байсныг жилийн 20.4 хувь болгож цалингийн зээлийн хүүг 1.9 хувийн хүүтэй болгон өөрчилсөн болохыг 2019 оны 1 сард зээлээ төлөхдөө олж мэдсэн болно. Хариуцагч тал зээлийн гэрээний нөхцөлийг өөрчилсөн талаар надад огт хэлж мэдэгдээгүй байсан. Хариуцагчийн энэ үйлдлийг хууль бус гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б\653 тоот тушаалын хууль бус үр дагаврыг арилгуулах өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэх хүсэлтэй байна. Иймд миний зөрчигдсөн эрхийг сэргээж урьд нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг К банканд даалгуулж, урамшуулалд 3.901.224.82 төгрөгийг гаргуулж, үндэслэлгүйгээр ажлаас халсан шийдвэртэй холбогдуулан 11\04 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ болон цалингийн зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж зээлийн хүүг нэмэгдүүлсэн нь хууль бус болсон байх тул хариуцагч К банканд орон сууцны зээлийн гэрээний хүүг жилийн 6 хувь, цалингийн зээлийн хүүгийн хэмжээг сарын 1.6 хувийн хүүтэй болгохыг даалгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “К банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Идэрбулган шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч А.Э- нь тус банкны Тусгай активын хэлтсийн ажилтанаар ажиллаж байсан бөгөөд түүний гаргасан ноцтой зөрчилд үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4- д хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх заалт, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-т харилцан тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч А.Э-ийн үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан үйлдлийн улмаас банканд их хэмжээний хохирол учирсан бөгөөд энэ нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил мөн юм. Эрдэнэцэцэг нь үйл ажиллагааны газрын хууль, эрх зүйн алба болон тусгай активын хэлтэс шүүхийн маргаанд хамтран ажиллах тухай дүрэмд заасан дагуу Давж заалдах шатны шүүхэд гаргах гомдлыг бичиж төлөвлөх үүрэгтэй байсан бөгөөд энэхүү үүргээ биелүүлэлгүй явсаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах сүүлийн өдөр гомдол гаргасан. Ийнхүү гомдол гаргах сүүлийн өдөр давж заалдах гомдол гаргасан нь банк итгэмжлэлээ засах, гомдлыг дахин эрх бүхий этгээдээр зуруулж хүргүүлэх боломжоо алдсан юм. Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.2, Ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1-т заасныг тус тус зөрчсөн. Дээрх шүүхийн маргаантай холбоотой гарсан шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг банкны удирдлагад танилцуулаагүй бөгөөд ТАХ-ийн захирлаар ажиллаж байсан А.Уртнасан энэ тухай удирдлагуудад мэдээлэл өгсөн байдаг. Энэхүү мэдээллийн дагуу банкны Дотоод аудитын газар шалгалт хийж, шалгалтын тайланг банкны Зээлийн хорооны хурал Удирдлагын хорооны хуралд тус тус танилцуулж шийдвэр гаргуулсан. А.Э-ийн шүүхийн шийдвэриин талаар болон давж заалдах гомдол талаар мэдээллээгүй үйлдэл нь К банкны ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 3.1.7-т заасныг тус тус зөрчсөн. А.Э- нь дээрх байдлаар банкны дүрэм, журам зөрчиж хариуцаж буй ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсан үйлдлийг гаргасан. Банк нь А.Э-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон бусад төрлийн гэрээгээр банкны чанаргүй актив төлүүлсэн тохиолдолд урамшуулал олгох талаар ямар нэгэн үүрэг хүлээгээгүй юм. Чанаргүй актив төлүүлсэн урамшуулал гэдэг нь ...журмын дагуу урамшуулал олгох эсэх асуудлыг чанаргүй активын хороогоор эцэслэн шийдвэрлэх өдрийн байдлаар банканд ажиллаж буй ажилтанд л олгохоор зохицуулсан байдаг. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээгээр түүнд урамшуулал олгох талаар ямар ч үүрэг хүлээгээгүй бөгөөд нэхэмжлэгч банкны чанаргүй активын хорооны үйл ажиллагаандаа мөрдөх журмыг үндэслэж ийнхүү нэхэмжлэх эрх зүйн үндэслэлгүй юм. А.Э- нь тус банктай 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан №11/04 тоот К банкны ажилтнуудын орон сууцны зээлийн гэрээг байгуулж 30.000.000 төгрөгийн ажилтнуудын орон сууцны зээл, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ЦБЗГ№ 18/88 тоот ажилтнуудын цалингийн барьцаат зээлийн гэрээг байгуулж 8.000.000 төгрөгийн цалингийн зээлүүдийг тус тус авсан. А.Э- ажлаас чөлөөлөгдсөн тул К банкны ажилтнуудын орон сууцны зээлийн асуудал эрхэлсэн дэд хорооны хурлын 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн №19/01 тоот шийдвэрээр Ажилтны хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон орон сууцны зээлийн үлдэгдэл болох 18.590.457 төгрөгийг 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн жилийн 20.4 хувийн хүүтэй энгийн орон сууцны зээлд шилжүүлсэн. Мөн үйл ажиллагааны газрын дэргэдэх дэд хорооны 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн №18/07 тоот шийдвэрээр ажилтны цалингийн зээлийн үлдэгдэл болох 6.900.789 төгрөгийг 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн жилийн 22.8 хувийн хүүтэй ердийн цалингийн зээлд шилжүүлсэн. Ийнхүү шилжүүлэхдээ К банканд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан ажилтнуудын цалингийн барьцаат зээлийн журам болон ажилтанд зориулсан орон сууцны зээлийн журам-ыг тус тус үндэслэсэн. Орон сууцны болон цалингийн зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт орж хүү нэмэгдэж байгаа тухай зээлдэгчид 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр мэдэгдсэн. 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулсан нэмэлт гэрээг баталгаажуулах тухай мэдэгдэл өгөхөөр холбогдоход зээлдэгч гэрээний өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй, банктай шүүхдэлцэж байгаа гэсэн хариу өгсөн. 2019 оны 2 дугаар сарын 15-нд Монгол шуудангаар мэдэгдэл илгээсэн боловч 2019 оны 5 дугаар сарын 12-нд эзгүй, 2019 оны 5 дугаар сарын 14-нд энэ хаягт тийм хүн байхгүй гэсэн шалтгаанаар уг бичиг банканд буцаж ирсэн. Иймд нэхэмжлэгч А.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан А.Э-ийг “К банк” ХХК-ийн Тусгай активын хэлтсийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан бүх хугацаанд урд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 18.733.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Э-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар А.Э-ийн нэхэмжлэлтэй “К банк” ХХК-д холбогдох чанаргүй зээл болон авлага төлүүлсэн бөгөөд урамшуулал 3,901,224 төгрөг гаргуулах, орон сууцны зээлийн гэрээний хүүг жилийн 6 хувь, цалингийн зээлийн хүүгийн хэмжээг сарын 1.6 хувь болгохыг даалгах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг “К банк” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147.540 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 251.615 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “К банк” ХХК давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  А.Эрдэнэцэгийн ажил үүргийн тодорхойлолтын 1.1.1-т заасан үүргийн дагуу А.Э- нь өөрийн хариуцаж буй зээлтэй холбоотой хийгдэх бүхий л ажиллагааг өөрөө гардан гүйцэтгэх ёстой юм. Үүнд шүүхийн болон шүүхийн бус замаар хийгдэх бүхий л ажил үүргүүд орно. А.Э- нь шүүхэд төлөөлөх итгэмжлэл болон хүсэлт, гомдол зэргийг төлөвлөж, батлуулж, хүргүүлж ажиллах үүрэгтэй бөгөөд түүний хариуцаж буй маргаантай холбоотой үйлдэх баримт бичгийг өөр этгээд гүйцэтгэх ямар ч боломжгүй юм. А.Э-ийн гаргасан ноцтой зөрчилд үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-т заасан заалтын дагуу түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан. Учир нь нэхэмжлэгч А.Э-ийн үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан үйлдлийн улмаас банканд их хэмжээний хохирол учирсан бөгөөд энэ нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил мөн юм. Тусгай активын хэлтэс нь зээлийн хорооны хурал болон удирдлагаас тусгай активын хэлтэст шилжүүлэхээр шийдвэрлэсэн эрсдэлд орж болзошгүй, хугацаанаас өмнө төлүүлэх шаардлагатай хэвийн ангилалд байгаа болон хугацаа хэтэрсэн, чанаргүй активыг төлүүлж, банкны эрсдэлийг бууруулах, зээл авлагыг шуурхай барагдуулах ажлыг хариуцдаг нэгж юм. А.Э-т олгосон 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 668 тоот итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-т "шүүхийн шийдэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах" эрх тусгагдаагүй байхад үүнийг шалгалгүйгээр, итгэмжлэлийг засалгүйгээр давж заалдах шатны шүүхэд гаргах гомдолд өөрөө гарын үсэг зурж өгсөн байдаг. К банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн А/21 тоот тушаалаар К банкны удирдах ажилтны эрх мэдлийн хуваарилалтыг баталсан байдаг. Уг тушаалын нэгдүгээр хавсралтын 1.1.17-т гүйцэтгэх захирал гарын үсэг зурахаар заасан бөгөөд түүний эзгүйд гүйцэтгэх захирлын орлогч, үйл ажиллагааны газрын захирал, хуулийн зөвлөх нар банкийг төлөөлж гарын үсэг зурахаар заасан. Гэтэл А.Э- нь Гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан эрх зүйн баримт бичгийг зөрчиж давж заалдах гомдолд өөрөө гарын үсэг зурсан ноцтой зөрчлийг гаргасан. Энэ нь Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.2, Ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1-т заасныг тус тус зөрчсөн. А.Э-ийн шүүхийн шийдвэрийн талаар болон давж заалдах гомдол буцсан талаар мэдээллээгүй үйлдэл нь К банкны ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 3.1.7-т заасныг тус тус зөрчсөн. А.Э- нь дээрх байдлаар Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, Ёс зүйн дүрэм, ажлын байрны тодорхойлолт, ХЭЗА болон ТАХ-ийн хамтран ажиллах дүрэм, Удирдах ажилтны эрх мэдлийн хуваарилалт, ТАХ-ийн ажиллах журам зэргийг тус тус зөрчиж хариуцаж буй ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсан үйлдлийг гаргасан. А.Э-ийн хариуцаж байсан “Анусервис” ХХК-ийн зээлийн маргаан 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу Канитрон банк нь тус компаниас 957.950.920 төгрөгийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний авлагатай юм. Энэхүү зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Хөх тэнгэр хотхоны 48Б дугаар байрны 4 ширхэг орон сууцыг барьцаалсан байсан. Иймд нэг орон сууцанд ногдох зээлийн төлбөр нь 239.487.730.00 төгрөг болж байгаа бөгөөд А.Э-ийн үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсаны улмаас банк 239.487.730 төгрөгийн үнэлгээ бүхий барьцаа хөрөнгөө алдаж, банканд их хэмжээний хохирол учирсан. Нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шүүх К банкны төв байранд 2019 оны 5 дугаар 21-ний өдөр үзлэг хийсэн бөгөөд уг үзлэгээр банкны архивт байгаа цаасан хувь болон цахим санд байршсан хувь нь шүүхэд гаргаж өгсөн хувьтай тохирч байна гэж дүгнэсэн. Мөн цахим санд өөрчлөлт оруулах тухай бүр программд бүртгэгддэг бөгөөд ёс зүйн дүрэм нь шүүхийн маргааны үед ямар нэгэн өөрчлөлт ороогүй гэдэг нотлогдсон байдаг. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр А.Э-ийн утсанд үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр хэнийх нь мэдэхгүй мэйл хаягаас ирсэн зурган хэлбэртэй ёс зүйн дүрмийг татаж судласан. Нэхэмжлэгч нь уг мэйл хаягийг К банкны ажилтны мэйл хаяг гэж тайлбарлаад тухайн ажилтны гэрчээр асуулгахаар хүсэлт гаргасныг шүүх хангасан боловч гэрч шүүхэд ирээгүй, нэхэмжлэгч гэрчийг шүүхэд авчирч мэдүүлэг өгүүлээгүй, хожим хүсэлтээсээ татгалзсан. Ийнхүү татгалзсан шалтгаанаа банкийг тухайн ажилтныг дарамталсан мэтээр шүүхэд ямар ч баримтгүй худал мэдүүлэг өгч, шүүгчид буруу ойлголтыг төрүүлсэн байдаг. 2 үзлэгийн тэмдэглэл байхад алинд нь үндэслээд байгаа нь тодорхойгүй, бусад баримтанд гэсэн нь ямар баримтуудад үндэслэсэн нь тодорхойгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан ямар ч баримтуудаар банк шүүхэд гаргаж өгсөн журамдаа өөрчлөлт оруулсан гэдэг нь тогтоогдоогүй юм. Нэхэмжлэгч нь ямар ч хамааралгүй албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хангасан бөгөөд энэ тодорхойлолтыг үндэслэж А.Э-ийн хийх ёстой байсан ажил үүргийг өөр этгээдэд хамаатуулан дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь иргэн Б.Мянганбуугийн нэхэмжлэлтэй хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын дагуу сэргээж, хянан хэлэлцэж хэргийг 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хэрэгсэхгүй болгосон тул хохирол арилсан гэж тайлбарласан бөгөөд шүүхээс уг тайлбарын дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул гэм хор учраагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хохирол арилсан үйл явдал нь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцалснаас хойш бий болсон үр дагавар юм. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал нь өөр ажил, албан тушаалд томилогдон ажиллаж байгаа нь тодорхой болсон. Нэхэмжлэгч ч үүнийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд хэзээнээс ямар ажил албан тушаалд томилогдон ажиллаж байгаа талаарх мэдээллийг тодорхой, нотлох баримттайгаар өгөөгүй байхад шүүх нь шийдвэр гарах өдөр хүртэл ажилгүй байсан гэж үзэж нөхөн олговор гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. А.Э-ийн гаргасан зөрчил нь ажилтантай байгуулсан 135/16 тоот хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т "ноцтой зөрчил" гэдэг дараах зөрчлийг хамааруулахаар гэрээний талууд харилцан тохиролцов. Үүнд: 7.4.10-т хамаарч байгаа тул К банкны гүйцэтгэх захирлын Б/653 тоот тушаал хууль ёсны юм. Иймд шийдвэрийн зарим хэсэг болох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

  Нэхэмжлэгч А.Э- нь “К банк” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах, урамшуулал 3.901.224 төгрөг гаргуулах, орон сууцны зээлийн гэрээний хүүг жилийн 6 хувь, цалингийн зээлийн хүүгийн хэмжээг сарын 1.6 хувь болгохыг даалгахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч К банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/653 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, К банкны ёс зүйн дүрмийн 3.1.6, 3.1.7, хөдөлмөрийн гэрээний 7.4.10-т заасан зөрчлүүдийг гаргасан гэж А.Э-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг  2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс цуцалжээ. /хх-ийн 4/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан...” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар заасан.

Хариуцагч К банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/653 дугаар тушаалд ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэнээс гадна  ажилтан К банкны ёс зүйн дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзжээ.

Хариуцагч байгууллагын нэхэмжлэгч А.Э-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.4.10-т “ажилтан үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсаны улмаас банканд бага бус буюу түүнээс дээш хэмжээний хохирол учруулсан, банкны баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, нууц мэдээллийг задруулах болон бусад төрлийн сахилгын ноцтой зөрчил гаргасан” тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцохоор тохиролцсон.

Хөдөлмөрийн гэрээний 7.4.10-т нэрлэн заасан 3 зөрчлийн аль зөрчлийг ажилтан гаргасан болохыг ажил олгогчийн дээрх тушаалд тодорхойлж заагаагүй ба хариуцагч  “...А.Э-ийн үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан үйлдлийн улмаас банканд их хэмжээний хохирол учирсан...” гэж хожим шүүхэд тайлбар гаргаснаар /хх-ийн 17/ тушаалын үндэслэлийг зөвтгөх боломжгүй юм.

Нэхэмжлэгч А.Э- нь Б.Мянганбуугийн нэхэмжлэлтэй К банкинд холбогдох иргэний хэрэгт хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон оролцож байсан  ба түүнд олгогдсон 668 тоот итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д заасан “шүүхийн шийдвэрт давж заалдах, эсхүл хяналтын журмаар гомдол гаргах” эрх олгогдоогүй байснаас Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 181/ШЗ2018/05731 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч К банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. /хх-ийн 38, 39/

Дээрх 668 тоот итгэмжлэлийн эх хувийг хэн үйлдсэнийг бичиг хэргийн бүртгэлээс тодорхойлох боломжгүй болсон нь уг хэрэгт хийсэн ерөнхий аудитор ДАГ-ын захирал М.Батзаяагийн тайланд тусгагдсан байх тул итгэмжлэл алдаатай бичигдсэн явдалд нэхэмжлэгчийг шууд буруутгах үндэслэлгүй байна. /хх-ийн 34-35/

 

Б.Мянганбуугийн нэхэмжлэлтэй К банканд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, уг шийдвэрт хариуцагч К банк давж заалдах гомдол гаргасан боловч уг гомдлыг шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн зэрэг үйл баримт тогтоогдож байгаа боловч дээрх шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжаар хариуцагч байгууллагад “банканд бага бус буюу түүнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин ерөнхий аудитор ДАГ-ын захирал М.Батзаяагийн тайлангийн дүгнэлтэд “... ажилтан А.Э-... нар нь банкны барьцаа хөрөнгөтэй холбоотой үүссэн нөхцөл байдлын талаар банкны удирдлагад цаг хугацаанд нь мэдээлээгүй, нуун дарагдуулсан...”  гэж, К банкны Удирдлагын хорооны хурлын шийдвэрт “Дотоод аудитын газраас хийсэн иргэн Б.Мянганбуу, “Эрмүүн санаа” ХХК-ийн зээлийн төлбөрийг төлүүлэх ажиллагааны хяналтын тайланд үндэслэн дараах ажилтнуудад гаргасан ноцтой зөрчил, үйлдэлд тохирсон холбогдох арга хэмжээ авахыг ҮАГ /Д.Цэндсүрэн/-д үүрэг болгосон”  байна. /хх-ийн 34-37/

Дотоод аудитын газраас хийсэн хяналтын тайлан болон Зээлийн хорооны хурлын шийдвэр, Удирдлагын хорооны хурлын шийдвэр зэргээс үзэхэд ажилтан А.Э- нь “гомдол гаргах эрхгүй гэдгийг шалгалгүйгээр гарын үсэг зурж шүүхэд хүргүүлсэн, зээлийн барьцаа хөрөнгийн эрх зүйн байдалд үүссэн эрсдлийг гүйцэтгэх удирдлагад танилцуулаагүй, хэргийг нуун дарагдуулсан” зэрэг сахилгын зөрчил гаргасан болох нь тогтоогдсон, харин хөдөлмөрийн гэрээний 7.4.10-т заасан “ажилтан ажилдаа хайхрамжгүй хандсан үйлдлийн улмаас банканд их хэмжээний хохирол учруулсан...” гэх зөрчлийг гаргасан болохыг тогтоогоогүй байна. /хх-ийн 34-39/

Гэтэл  хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал нь хөдөлмөрийн гэрээний 7.4.10-т заасан “ажилтан ажилдаа хайхрамжгүй хандсан үйлдлийн улмаас банканд бага бус буюу түүнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэл тогтоогдоогүй байхад А.Э-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохироогүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч А.Э-ийн нэмэгдүүлж гаргасан нэхэмжлэлийн шаардлага, хууль зүйн үндэслэлийн талаар энэ хэргийн хүрээнд хөдөлмөрийн маргаан шийдвэрлэгдсэний дараа хэлэлцэгдэх боломжтой гэж анхан шат шүүхээс тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг дээрх байдлаар залруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/02592 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 251 615 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                                          ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

                                                                                                Н.БАТЗОРИГ