Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/546

 

Д.У, Б.О нарт холбогдох  эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Д.У-ын өмгөөлөгч Б.Зулбаяр,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч С.Дондов,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/177 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.У-ын өмгөөлөгч Б.Зулбаяр, шүүгдэгч Б.О нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн шүүгдэгч Д.У, Б.О нарт холбогдох 2010 00000 0890 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

З овгийн Д-ын У, 1986 оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “А” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 402 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим 6 сарыг нэмж нэгтгэн 5 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 он 7 дугаар сарын 22-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн хорих ялаас 3 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж, үлдэх 1 жил 9 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялаас 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 89 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 759 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан;

Ш овгийн Б-ийн О, 1980 оны ... дугаар сарын ...-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, “Х” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр  хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Д.У нь 2020 оны 3 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16  дугаар хороо,... дугаар ... орон сууцны зүүн талын автомашины зогсоолд байрлуулсан иргэн Р.О-ийн эзэмшлийн ХХ-ХХ ААА улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1.530.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2020 оны 9 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоот хашаанд болон тус хашаанд байсан контейнерт нэвтэрч, ХХ-ХХ ААА улсын дугаартай “Тоёота Королла Аксио” загварын тээврийн хэрэгсэл ашиглаж, тай төмөр 1000 ширхэг, цахилгааны шитний хайрцаг 1 ширхэг, урбелник 1 ширхэг, 380 вольтын автомат 3 ширхэг, панелын анкерууд 20 ширхэг, шрүпп 3 боодол зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Ч.С-д нийт 581.331 төгрөгийн хохирол учруулсан,

Д.У, Б.О нар нь бүлэглэн 2020 оны 9 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоот хашаанд болон тус хашаанд байсан контейнерт нэвтэрч, ХХ-ХХ ААА улсын дугаартай “Тоёота Королла Аксио” загварын тээврийн хэрэгсэл ашиглан барилгын пум төмөр 10 ширхгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газар: Д.У, Б.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З овогт Д-ын У, Ш овогт Б-ийн О нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасныг баримтлан шүүгдэгч Д.У-ыг 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.О-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Д.У-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс тоолохоор, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У нь хохирогч Р.О-д 1.500.000 төгрөг, хохирогч Ч.С-д 590.000 төгрөг, шүүгдэгч Б.О нь хохирогч Ч.С-д 300.000 төгрөгийн эд зүйлийг буцаан өгч хохирол нөхөн төлсөн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан Тоёота Королла Аксио загварын хх-хх ААА улсын дугаартай автомашины үнэ болох нийт 11.800.000 төгрөгийг шүүгдэгч Д.У-оос 5.900.000 төгрөг, Б.О-оос 5.900.000 төгрөг гаргуулж улсын орлого болгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний  баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2020 оны 9 дүгээр сарын 08-нд Д.У-г “Зарах пум байна. хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх гээд мөнгөний хэрэг гараад байна. Ах намайг хашаанаасаа пум аваад зар гэсэн юм” гэсний дагуу ахынх нь хашаанаас 10 ширхэг пумыг 1 ширхгийг нь 15.000 төгрөгөөр тооцож худалдан авлаа гэж ойлгосон. Маргааш өглөө нь манай аав Д.Б  Д.У-д 150.000 төгрөгийг бэлнээр өгсөн. гэтэл энэ нь худлаа болж эрүүгийн хэрэг үүсгэгдэн, хохирогчид 10 ширхэг пум төмрийг хэрэг явдал болсны маргааш хүлээлгэн өгсөн. Би буруу хүн дагаж, буруу зүйл хийсэндээ маш их гэмшиж байна. цаашид ийм байдалд дахин орохгүй өөрийн ажил амьдралаа сайжруулан хичээн ажиллах болно. Би Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж, жижиг бизнес эрхэлдэг. Энэ бизнесээрээ амьдралаа авч явдаг. Би эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг ба эхнэр минь 1 сарын дараа төрөх гэж байгаа. манай зуслан Налайх дүүрэгт байрладаг. Иймд нялх хүүхдээ агаарт гаргах зайлшгүй шаардлагатай байдлыг минь харгалзан үзэж, зорчих эрхийг хязгаарлах хэсэгт Налайх дүүргийг хамааруулахгүй байхыг хүсэж байна. Миний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч дүгнэлт хийж байгаа байдал болон ар гэрийн байдлыг харгалзан үзээд надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг жил болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.У-ын өмгөөлөгч Б.Зулбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.У нь гэм буруугийн хувьд маргаагүй. Шүүгдэгч Д.У-ыг урьд өмнө Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж хорих ялаас хасуулж хугацааны өмнө тэнсэн суллагдсан байна гэж үзээд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Д.У-ыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулаагүй. Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зүйлд хорих ялаас чөлөөлөгдсөн бол гэж тодорхой бичсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ялаас хөнгөрүүлж хасах болон ялаас чөлөөлөх ойлголтыг салгаж хуульчилсан. Гэтэл Д.У-ыг урьд өмнө ялаас 2 жил хасуулж байсантай холбоотойгоор Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Д.У-ыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч С.Дондов тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасныг үндэслэн 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан. Миний үйлчлүүлэгчийн гэр нь Налайх дүүрэгт байдаг. Өнөөдөр охин нь төрсөн. Хүүхдээ агаар, салхинд гаргах зайлшгүй шаардлагатай байгаа. Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээ гэмшиж байгаа байдлыг нь харгалзан үзнэ үү. ...” гэв.

Прокурор Н.Пүрэвтогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.У-ын хувьд 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, хорих ялаасаа хасуулж байсан. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй гэж заасан. Иймд Д.У-ыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй. Б.О-ын хувьд мөрдөн шалгах ажиллагааны шат болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэг байдлыг нь харгалзан үзэж, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын хамгийн багаар буюу 2 жилийн хорих ял оногдуулсан. Үүнийг мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн байгаа. Б.О-ын хувьд Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягтай. Анхан шатны шүүх Б.О-ын оршин суух хаяг, амьдрах нөхцөл, эрүүл мэндийн тусламж авах, нийгмийн харилцаанд оролцох боломж зэргийг нь харгалзан үзэж ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь шүүгдэгч нарын учруулсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэрэгт тохирсон гэж үзэж байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.У-ын өмгөөлөгч Б.Зулбаяр, шүүгдэгч Б.О нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.У, Б.О нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдов.

Анхан шатны шүүх 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байх бөгөөд хэргийн 2 дугаар хавтасны 226-231 дүгээр талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлийг үзвэл тэмдэглэлийн 5, 7, 9 дүгээр талууд байхгүй, 4, 6, 8 дугаар талууд тус бүр хоёр удаа хэвлэгдсэн байна. Өөрөөр хэлбэл шүүх хуралдааны тэмдэглэлийн хуудсуудыг хэрэгт дутуу хавсаргасан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д заасан “хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл, түүнд хавсаргасан нотлох баримт байгаагүй” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарч байна.

Шүүх хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн нэр, хэлэлцэж байгаа хэргийн дугаар, шүүгдэгчийн биеийн байцаалт зэрэг шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгасан шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт байхгүй нь дээд шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, зөвтгөн залруулах боломжгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гарсан учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.У, Б.О нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч Б.О-ын гаргасан “...зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлэх...”, шүүгдэгч Д.У-ын өмгөөлөгч Б.Зулбаярын гаргасан “...шүүгдэгч Д.У-ыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах...” агуулга бүхий давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

Хэргийн 1 дүгээр хавтасны 230 дугаар талд авагдсан шүүгдэгч Д.У-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст тэрээр 2009, 2015 онд Өршөөл үзүүлэх тухай хуульд тус тус хамрагдсан талаар тэмдэглэгдсэн байх ба хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул прокурор энэхүү баримтыг шүүхэд шинээр гаргаж өгөх замаар шинжлэн судлуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/177 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.У, Б.О нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцтэл шүүгдэгч Д.У-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ

                        ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ