Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 704

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Ш.Алтанцэцэг,

хохирогч С.Ц,

шүүгдэгч Х.Б г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн овогт Х н Б д холбогдох эрүүгийн 2017 2501 2194 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, овогт Х н Б

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Агора зочид буудалд С.Ц той хамт архи ууж согтуурсан үедээ маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ялихгүй зүйлээс болж найзыгаа цохисондоо гэмшиж байна гэв.

Хохирогч С.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гомдол саналгүй. Одоо шүүгдэгчээс 500.000 төгрөгийг авахаар болсон гэв.

Хохирогч С.Ц ын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр найз З тэй уулзахаар хороололд байх нэг засварын газар руу 19.00 цаг өнгөрч байхад явсан. Би нэг шил юм авч ороод хувааж уусан. Тэгээд Агора гээд буудалд өрөө аваад хоёр шил архи авч орсон. Архиа уугаад сууж байхад Буурал буюу Б нь чи наадахаа аягалчих гэж тушаангуй хэлээд тэнд ч шоронд орж байсан, тэр атаманыг таних уу гэгчлэн яриал байсан ба сүүлд нь чи одоо яв энд хамгийн ахмад нь би байна гэхээр нь хоёр татчихаад явлаа гээд сууж байхад баруун гартаа барьсан ундаа хийж байсан шаазан аягаараа миний баруун дээд зулай хэсэгт нэг удаа цохисон. Ингээд би босож ирээд барьцалдаад цааш түлхэж суулгаад гарч цагдаагийн дуудлага өгсөн. Б нь цагдаа сэргийлэх гэхгүй байж бай, би мөнгийг нь зохицуулна гэж хэлээд 200,000 төгрөг өгснийг зураг авхуулахад хэрэглэсэн. Надад хагалгааны зардалыг өгнө гэсэн боловч түүнээс хойш ярихгүй таг чиг болж сүүлдээ чи өгдөг газараа өг гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 14-17 дугаар хуудас/,

Гэрч Д.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Харх инвестэд өөрийн машины кропыг солиулаад байж байхад манай байранд амьдардаг Ц гэх залуу уулзах гэж ирсэн. Б бид 3 тэнд 1 шил архи уугаад Агора нэртэй зочид буудалд ороод 2-3 шил юм уусан байх. Тэр үед зочид буудалд хоёр хүүхэн орж ирсэн байсан ба чухам хэн дуудаж авч ирсэнийг сайн мэдэхгүй байна, би нэлээд согтуу байсан. Ингээд зочид буудалд архиа уугаад сууж байхад Цэдэнсодномын найз гэх залуу нэг шил архи ирснийг хувааж уугаад би маш их согтсон. Тэгээд нэг мэдэхэд л Б, Ц хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би салгаад буцаад суусан. Тэгээд Батсүх гарт байсан аягаараа Ц ын толгой тус газар цохисон гээд хэрэлдэж байсан, би цохиж байхыг хараагүй. Сүүлд сонсоход тэнд байсан 2 хүүхнээс болж маргадсан гэж сонссон. Өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 18 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн ¹7951 дүгнэлтэд “С.Ц ын биед дух ясны хөндийн урд ханын хугарад, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 23 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 27 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Агора зочид буудалд С.Ц тэй хамт архи ууж согтуурсан үедээ маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Х.Б д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Х.Б д холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Х.Б д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Иргэний хуульд зааснаар Х.Б ээс 500.000 төгрөг гаргуулж, хохирогч С.Ц д олгохоор шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.