| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2110000000505 |
| Дугаар | 2022/ДШМ/584 |
| Огноо | 2022-06-02 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Г.Мижиддорж |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2022/ДШМ/584
Ж.Гад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Мөнхөө, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Мижиддорж,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У, түүний өмгөөлөгч Ө.Учрал,
шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Ж.Тамир, Ц.Гансүх,
нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж, шүүгч Х.Одбаяр, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 2022/ШЦТ/255 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Ж.Тамир, Ц.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ж.Гад холбогдох 2110000000505 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Т овгийн Жын Г, 1970 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Төв аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Авто зам болон аэродромын барилгын инженер, Бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй, Буянт-Ухаа дахь Олон Улсын нисэх буудлын Үйлдвэрлэлийн зохицуулалтын албанд аэродромын үзлэг, аюулгүй ажиллагааны инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;
Шүүгдэгч Ж.Г нь - тоот буюу - “М” ХХК-ийн эзэмшлийн хашаанд дахь Монгол гэрт 2021 оны 6 дугаар сарын 4-нөөс 2021 оны 6 дугаар сарын 5-нд шилжих шөнө иргэн Х.Бтай маргалдан зодож, биед нь гавлын дагз, баруун чамархай, зүүн зулай ясны хугарал, тархины няцрал, аалзан хальсны доорх цус харвалт, нүүр, их биеийн мөчдийн шарх, зулгаралт, цус хуралт гэмтлийг учруулан амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ж.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Т овогт Жын Гыг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт Жын Гыг 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гад оногдуулсан 10 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гын 2021 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 305 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний өгсөн мэдүүлгийг дутуу бичиж, найруулга зүй, үг үсгийн алдаа гаргасан байна. Энэ нь гэрт ус асгарсан байсан гэдгийг цус асгарсан гэж бичсэн. Хохирогч над руу дайрсан үйлдлийг мөн адил Дамдинрагчаагийн Дамдинсүрэн рүү хохирогч хутга барин “би буриад хүний хүүхэд, чамайг ална” гэж дайрсан үйлдэл нь давтагдсан болох нь 2022 оны 1 дүгээр сарын 19-нд Дамдинсүрэнгийн гэрчээр өгсөн мэдүүлгээр тодорхойлогдож байна гэснийг орхигдуулсан. Гэрч Гын 2021 оны 6 дугаар сарын 5-ны өдөр өгсөн мэдүүлгийг хавтас хэрэгт хавсаргаагүй. Мөн хэргийн газарт хиам зүсэж байсан хутга гэрт байсан дэвсгэр даавууны хамт алга болгож, нотлох баримтыг устгагдсан гэснийг миний мэдүүлэгт орхигдуулсан. Хохирогч 0(I) дүгээр бүлгийн цустай гэж жолооны үнэмлэх дээр байгаа. Задлан шинжилгээний дүгнэлт дээр хохирогч 2021 оны 6 дугаар сарын 6-ны 00 цаг 40 минутад нас бараад BIII бүлгийн цустай гэсэн шинжээчийн дүгнэлт буруу байна гэж хэлсэн боловч үгийг минь шүүх хуралдаан дээр авч хэлэлцээгүйд гомдолтой байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У, гэрч Д.Д нарын мэдүүлэг хоорондоо зөрдөг, утсаар ярьсан, хашаанд орж ирсэн цагууд зөрүүтэй байгаа ба гэрч Д.Д 11 цагт хэргийн газарт ирж нотлох баримт болох хутга, дэвсгэр даавууг нууж, над руу хутга барин дайрсан эд мөрийн баримт болон цусыг цэвэрлэж, нотлох баримтыг устгасан нь тэд нарын мэдүүлэг өгсөн байдал, цаг хугацааг тооцоход тодорхой байгаа. Шүүх эдгээрийг нарийн судалж шийдээгүйд гомдолтой байна.
Гэрч Д.Д, У хоёр намайг сэрэхэд Д гэрийн зүүн талаар хойш гарч, гэрийн хоймроос цэвэрлэгээ хийж эхэлсэн ба У ч гэсэн гэрийн зүүн үүдэнд зогсож байгаад асгарсан усыг арчиж эхэлсэн. Хэргийн газрын нотлох баримтыг цэвэрлэж устгасан, мөн хувцас болон заазуурыг гялгар уутанд хийж, гаргаж нууж, гурав хоногийн дараа олдсон зэрэг хэргийн ул мөрийг арилгах шалтгаан болж байгааг шүүх авч хэлэлцээгүйд гомдолтой байна.
Мөн гэрч Гын өгсөн мэдүүлэгт би тэр хүнтэй ямар ч юм яриагүй гэж мэдүүлэг өгсөн ба хашаан дотор хүмүүс газар шорооны ажил хийж байсан гэж гэрчлээд байхад тэр хүмүүсээс гэрчийн мэдүүлэг аваагүйд гомдолтой байна.
Мөн гэрчээр миний эхнэр С, охин Ө, хүү Ө нарын надтай утсаар ярьсан “аав чинь согтуу юм шиг байсан” гэсэн мэдүүлэг нь утасны цаанаас намайг согтуу байсныг нотлох боломжгүй тул шүүхэд гэрчийн мэдүүлгээр авч үзэж байгаа нь хууль бус тул гомдолтой байна.
Шинжээч Б.Дгийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2703 дугаартай дүгнэлтэд талийгаачийн өмсөж байсан хувцаснаас цус болсон толбуудыг гурваас дөрвөн удаагийн давтамжтай шинжлэхэд 0(I) бүлгийн цус илэрсэн, мөн талийгаачийн хавтас хэрэгт хавсаргасан жолооны үнэмлэхийн хуулбар дээр 0(I) бүлгийн цустай байгаа нь талийгаач Х.Б 0(I) бүлгийн цустай болох нь нотлогдож байна. Харин эд мөрийн баримт болох шар алаг иштэй заазуур дээрээс B(III) бүлгийн цус илэрсэн. 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 654 дугаартай химийн лабораторийн F000546644 гэсэн хуруу шилнээс авсан шинжилгээний дүгнэлтээр Ж.Гын цусны бүлгийн дүгнэлттэй тохирч байна. Шинжээч Ц.Ганболдын 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 4894 дугаартай дүгнэлтээр Ж.Гын биед үүссэн шархууд нь мохоо зүйлээр үүссэн гэдгийг шүүх дээр тайлбарлахдаа “мохоо зүйлээр үүссэн гэж алдаа гаргасан байна. Хурц иртэй зүйлээр үүсгэгдэнэ гэж нотолсон цагдаагийн газарт миний биед хийсэн дүгнэлттэй тохирч байна. Мөн гэрч Д.Д, Б.У хоёр миний биед болон гар дээр зүсэгдсэн шархнаас гарсан цусыг боож цэвэрлэж өгсөн нь над руу хутга, заазуур барьж миний биед гэмтэл учруулсан нь нотлогдоод байхад шүүх дээр авч үзээгүйд гомдолтой байна.
Шинжээч Б.Шинэбаяр 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 2712 дугаартай дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн эд мөрийн баримт болох заазуур дээрээс авсан цустай хөвөн дээрх ДНХ-ийн тогтоц нь Ж.Гын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн хөвөн дээрх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн хөвөн дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь химийн лабораторийн 2689 дугаартай Ж.Г гэх хүний цусны ДНХ-ийн тогтоц нь тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн хөвөн дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь биологийн лабораторийн 3264 дугаартай Х.Б гэж хаягласан, хатаасан цусны ДНХ-тай тохирохгүй байна гэсэн дүгнэлт гаргасан хүн тус бүрийн ДНХ шинжилгээний дугаар өөр өөр байгаа нь тодорхой байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 3447 дугаартай хэргийн газраас хураан авсан шар өнгийн иштэй заазуур дээрээс B(III) бүлгийн цус илэрсэн цусны тогтоц нь 2712 дугаартай цусны ДНХ-тай тохирч байна гэсэн нь заазууран дээрээс миний бүлгийн цусны ДНХ-ийн шинжилгээний дугаартай тохирч байгааг шинжээч Б.Шинэбаяр тухайн үед нэр, дугаар андууран 2712 гэх хоёр адил дугаараар бичсэн нь нотлогдоод байна гэж шүүхэд мэдэгдээд байхад авч хэлэлцээгүйд гомдолтой байна.
Гэм буруугийн талаар улсын яллагч намайг иргэн Х.Бтай маргалдан зодож, биед нь гэмтэл учруулж амь насыг нь хохироосон хангалттай нотлох баримтуудаар тогтоогдсон гэсэн нь хохирогчтой юунаас болж маргалдаж зодолдсон эх сурвалж нь тодорхойгүй байхад маргалдан зодолдсон гэж өнгөцхөн дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
Хэргийн газарт байсан бор алаг иштэй хутга алга болж, гэрч Д.Д яагаад нотлох баримтыг устгаж ажил руугаа авч явсан гэж худал мэдүүлээд байгаа нь одоо болтол хэргийн газар байсан хутга олдохгүй байгаа нь худал мэдүүлэг өгч байгаа нь нотлогдож байна.
Гэтэл гурав хоногийн дараа цагдаагийн бие бүрэлдэхүүн ирж хэрэг болсон газарт дахин үзлэг хийхэд нөгөө бор алаг иштэй хутга олдоогүй. Гэрч Д.Д нь эд мөрийн баримтыг нуун дарагдуулж байгаа нь өөрийнх нь өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.
Иргэдийн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд “шүүгдэгч Ж.Гын хүний амь насыг хөнөөсөн гэм буруутай гэж үзэж байна. Яагаад гэхээр энэ хүн нэг хундага архи уусан, харин амь хохирогч өөрийн хөл дээр тогтож чадахгүй, согтуу байсан байна. Тэр хүний үйлдлээс нэг удаагийн үйлдлээр холдох боломжтой байсан нотлох баримтыг харахад үнэхээр цочирдлоо, байж боломжгүй зүйл байна. Тийм учраас шүүгдэгч гэм буруутай гэж үзэж байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан нь тухайн шүүх хурлын явцад миний бие 1 рунк архи ууж гэдгийг ойлгосон нь сайн боловч намайг унтаж байхад хохирогч мэс барьж дайрсан, өөрийн биед өвдөлт мэдрээд сэрж, өөрт тулгарсан байдалд айж цочирдож, өөрийгөө хамгаалахаар ноцолдон цочирдож, сэтгэл санаа давчдаж, цааш нь юу болсныг санахгүй байгааг ойлгож авч хэлэлцээгүйд гомдолтой байна.
Иргэдийн төлөөлөгч С.Б нь хохирогчийг хөл дээрээ тогтож чадахааргүй согтуу байсан гэж үзэж байгаа нь хүн хараагүй учир нотлогдохгүй. Харин шинжээч эмч М.Энхбаярын шүүх хуралдаан дээр “хохирогч хүнд зэргийн согтолттой гэдгийг тодорхойлсон. Хүнд зэргийн согтолттой хүн үйлдэл, хөдөлгөөн хийх нь архи ууж дассан байдал, тухайн хүний биеийн байдал олон зүйлээс хамаардаг. Зарим хүн өөрийн рефлекс үйлдэл хийх чадвартай ч өөрийн үйлдлээ мэдэрдэггүй” гэсэн дүгнэлт гаргасан нь тухай үед хохирогч маань 2020 онд Д.Дамдинсүрэн гэдэг хүн рүү миний хэвтсэн орон дээр унтаж байхад нь архи уусны улмаас хутга барьж “би буриад цустай хүний хүү, чамайг ална” гэж дайрсан үйлдэл нь над руу мэс барьж дайрсан үйлдлээр дахин давтагдаж байгаа нь нотлогдож байгаа тул иргэдийн төлөөлөгч С.Бгийн шүүх хуралдаан дээр ярьсан зүйл үндэслэлгүй гэж үзэж байна. Миний биеэ хамгаалсан үйл явдлаас болж эрдэнэт хүний амь нас хохирсонд харамсаж байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Гол нь намайг яллаж байгаа эрүүгийн зүйл анги нь болсон бодит байдалтай нийцэж байх ёстой. Энэ талаар маргаж, прокурорт 6 удаа албан бичиг хүргүүлсэн боловч прокуророос шүүхийн шатанд шийдвэрлэнэ гэсэн хариу өгсөн. Шүүхэд тухайн хэргийн ээдрээтэй нөхцөл байдлыг шалгуулахаар 3 удаа албан бичгээр хандсаар байтал мөрдөн шалгах ажиллагаа буруу хийгдэж, үйлдлүүдийг прокурор болон шүүхийн шатанд авч хэлэлцээгүй, зөвхөн хохирогч талын худал, гүтгэсэн мэдүүлгийг үндэслэн намайг буруутган, мөн хохирогчийн өмгөөлөгч Ө.Учралын “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна, тиймээс хаалттай хорих байгууллагад 10 жил хорих ял оногдуулах саналтай байна.” гэснийг шүүх үндэслэл болгон шууд дэмжиж ял оногдуулж байгаа нь хэт нэг талыг баримталсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж, миний хэрэгт холбогдолтой материалууд болон шүүх хуралдаан явагдсан хуурцагт бичлэг, шүүх хуралдааны тэмдэглэл, миний гомдолд дурдсан зүйлүүдтэй танилцаж, надад тохиолдсон хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ж.Гын өмгөөлөгч Ж.Тамир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэлтэй дүгнээгүй гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэрэг нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, уг санаа зорилгоо хэрэгжүүлсэн үйлдэл, уг үйлдлээс учирсан гэмтлийн улмаас хохирогч үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалсан эмчилгээ, сувилгаа, бусад байдлаар учирсан хүнд гэмтэлтэй шууд шалтгаант холбоогүй хүндрэл үүсч нас барсан зэргээр тус тус ялгагдана. Өөрөөр хэлбэл, хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Энэ нь амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан зэвсэг хэрэгслийн онцлог, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн, хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх тухайн үеийн гэмт этгээдийн зан үйл зэрэг шинжүүд хамаардаг. Шүүгдэгч Ж.Г нь амь хохирогч Х.Бын биед гэмтэл учруулсан үйлдэл, түүндээ хандсан сэтгэхүйн харьцаа, үүний улмаас учирсан гэмтлийн зэргийг нэгдмэл байдлаар дүгнэсний эцэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан Хүнийг санаатай алах гэмт хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйл Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, 2 дахь хэсгийн 2.5-д заасан энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг ялган зүйлчилхээр байна. Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч Ж.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад ааснаар хөнгөрүүлэн зүйлчилж гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн байр суурьтайгаар шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцсон. Учир нь, прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд авагдсан нотлох баримтуудаас үзэхээр, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №1078 дугаар шинжээчийн дүгнэлтийн 3-т “Х.Бын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын дагз, баруун чамархай, зүүн зулай ясны хугарал, тархины няцрал, аалзан хальсны доорх цус харвалт, нүүр, их бие мөчдийн шарх, зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо” 2-т “дээрх гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэсэн байна. Дүгнэлтийн 5-т “Талийгаач нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас төвийн гаралтай зүрх судас, амьсгалын дутагдалд орж нас баржээ.” гэж шинжээч эмч М.Энхбаяр дүгнэлт гаргасан. /1хх 176/, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн шинжээч эмч М.Энхбаярын өгсөн мэдүүлэгт “..Гавал ясны хугарал тархины гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хүч үйлчилсэн цэг нь дагзны ар хэсэгт байна. Уг хүч үйлчлэлээс гавлын ясны хугарал, тархины няцрал, аалзан хальсны доорх цус хуралт гэмтэл нь үүссэн байна. Хуйхан дахь шарх нь хурц иш иp ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...” /1хх 179-180, 3хх 70/. Шинжээч эмч М.Энхбаярын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт “... Дагз, чамархай, зулай ясны хугарал зэрэг гэмтэл нь анх хүч үйлчилсэн цэгийг зааж байгаа. Тархины няцрал гэмтэл нь анх хүч үйлчилсэн цэгийг баталж байна гэсэн үг ... аалзан хальсны доорх цус харвалт гэмтэл нь тархинд ямар хүчээр доргилт авсан бэ гэдгийг баталдаг. Иймд эдгээр гэмтлүүд нь аль түрүүлж үүссэн гэх зүйл байхгүй, нэг удаагийн үйлчлэлээр нэг зэрэг үүсгэгдсэн гэмтлүүд юм. Савж унах, мөргөх үед үүсэж болно. Тухайн гэмтлийг авсны дараа үйл хөдлөл хийх боломжгүй. Гэхдээ хэсэг хугацаанд амьд байна, энэ хугацаанд эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь нас аврагдах боломжтой байж болно, баруун зулайн хуйх, баруун чамархайн хуйханд том хэмжээний няцарсан шарх гэмтэл нь үхэлд хүргэхэд нөлөөлж болно. Талийгаач нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан гэдэг нь тархинд аалзан хальсан дахь гэмтлүүд аажмаар зузаарч тархийг дарж эхэлнэ. Гавал нь тэлэхгүй тул тархийг шахаж өгдөг. Амьсгал зүрх судасны төв нь тархины суурь хэсэгт байдаг. Тархины уртавтар тархийг шахаж амьсгал зүрх судасны төвийг гэмтээж, амьсгал зүрх судасны дутагдалд оруулсан. Өөрөөр хэлбэл, тархины гэмтлээс амьдралын амин чухал зүрх судас, амьсгалын үйл ажиллагаа алдагдаж нас барсан, ...үхэлд хүргэсэн тархины гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүснэ, бусад гэмтлүүд олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, ...тархины гэмтлийн улмаас уушги хавагнасан. Энэ нь гэмтлээс үүссэн хүндрэл юм. ...Хохирогчийн амь нас аврагдах боломжтой эсэхэд хариулахад шүүх хуралдаанд суух явцад гэмтэл авснаас хойш нэлээд хугацаагаар ямар нэгэн байдлаар эмнэлгийн тусламж авахгүй байсан болов уу гэж ойлгосон. ...” гэх, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2689 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Ж.Г 51 эр гэсэн цуснаас спиртийн агууламж илрээгүй” гэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уын мэдүүлэг “Ингээд аавынхаа гэрт ирсэн чинь аавын баруун талын орон дээр Г гэх хүн унтаж байсан ба миний хувьд сэрээгээд сайн байна уу. Та хүн аллаа ш дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь Г тухайн үед босч ирээд бага зэрэг согтолттой байсан бөгөөд яана аа юу болчихвоо ах бид 2 төрсөн ах дүүгээс өөрцгүй хүмүүс, ингэх ёсгүй хүмүүсдээ гэж хэлж байсан юм. ...манай аавын хувьд тухайн үед амьсгаатай, согтуу хүн шиг аа, аа гээд дуугарч байсан юм. ...” /1хх 43-44/, шүүхэд өгсөн мэдүүлэгт “...Д эгч залгаад аав нь зодуулсан байдалтай байна, Г тэгж байна хүрээд ирэх үү гээд би очсон. Гэрт очиход сандал эвдэрсэн, ус асгарсан, зурагтын тавиур 2 давхар шилэн ширээ хагараад бяцарсан, нилээн их цус болсон байсан аавын хувцсыг тайлаад хуурай даавуу нөмөргөж, орон дээр гаргаж хэвтүүлсэн. ...бид цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч байхад Банзрагч гэдэг байцаагч Гыг бариад ирсэн байгаа, та нар гарахдаа Гад янз бүрийн юм хэлж, үйлдэл гаргаж болохгүй шүү өөр хаалгаар гараад яваарай, бид холбогдох мэдүүлгээ авна. ...” гэх, гэрч Д.Дгийн “...тэгээл би 2021 оны 6 дугаар сарын 5-ны өглөө ажлаас буух гээд 10 цаг өнгөрч байгаад утсаар нөхөр лүү гээ залгахад манай нөхрийн утас авахгүй 3-4 удаа дуудуулж байгаад дараагийн залгалтад Г нөхрийн утсыг аваад би ах чинь яав гэж асуутал ах бид 2 шөнө 1 цагийн үед ирээд ганц шил юм хувааж уугаад хоорондоо муудалцсан юм шиг байна гэж хэлээд та яаралтай гэртээ ирээ гэж Г хэлсэн. ...” гэх /1хх 52-53/, гэрч Д.Дгийн шүүхэд өгсөн мэдүүлэгт “...Ж.Г утсаар ярихад нь ах чинь эмнэлэгт байгаа гэж хэлсэн. Цагдаагийн ажилтан та нөхрийнхөө нас барсан гэдгийг хэлж болохгүй шүү гэж хэлсэн, би урьд Х.Б, Ж.Г нарыг маргалдаж байсныг, таарамжгүй харилцаа зэргийг хараагүй.” гэх мэдүүлэг, Ж.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг “...Чингэлтэйд байх хашаандаа 00 цагийн үед очоод Б ах, хүү Ө, охин Өлзийбаргал, Г нарын хамт ачаагаа буулгаад Б ахын машинтай бид Нисэх рүү хөдлөөд гэрт нь ирэхэд 2 цаг болж байсан юм. Б ах “ах нь эгчээс нь нууж байгаад зохицуулна гээд, мөн ах нь сэтгэл санаа хэцүү байна” гэхээр нь архиа задлахаар нь “тэгвэл дүү нь нэг татъя” гэхээр нь “наад архи чинь өндөр градустай, за яахав” гэж хэлээд хүүхдийнх нь талаар яриад ууцгаасан. Гурван удаа уусны дараа дахиад аяганд хийгээд өгөхөөр нь нэг татсан. Тэгсэн толгой манараад би гэрийн баруун талын орон дээр унтах гээд хэвтсэн. Нэг сэрсэн Б ах баруун гартаа нийт урт нь ойролцоогоор 20 см урттай, бариул хэсэг нь бордуу, өнгөгүй, төмөр иштэй хутга барьчихсан “чамайг ална шүү, би” гээд миний өмсөж явсан саарал бараан майкаас татахаар нь “Б ахаа, би Ганбаа дүү нь байна” гээд сандраад босоод ирсэн. Шалан дээр ус асгарсан байсан, би халтираад баруун өвдгөөрөө унасан. Тэгээд юу болсныг санахгүй байна. ...Гэрийн зүүн талын орон дээр, Б ах шалан дээр хэвтчихсэн унтаж байгаа байдалтай байсан. Ахын утсыг авахад эхнэр нь байсан. Эхнэрт нь “бид хоёрын хооронд асуудал үүссэн байна. Агсан согтуу агсан тавилцаад” гэж хэлсэн чинь “байж байгаарай би очлоо” гэж хэлсэн. ...Б ахын эхнэр охины хамт орж ирсэн. ...” гэх /1хх 208-213/ болон шүүхэд шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан үйл баримтуудаас үзэхээр шүүгдэгч Ж.Г нь амь хохирогчтой ямар нэг өр, авлага, өс хонзон хувийн таарамжгүй харилцаа тогтоогдоогүй бөгөөд амь хохирогчийг алах санаа сэдэлт зорилго байхгүй байсан болох нь нотлогддог. Талийгаач нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас төвийн гаралтай зүрх судас, амьсгалын дутагдалд орж нас барсан байна. Гавлын ясны хугарал тархины гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хүч үйлчилсэн цэг нь дагзны ар хэсэгт үйлчилсэн гэж үзэхээр толгой хэсгээр газар унах механизмын үед үүсэх боломжтой болж байна. Энэ нь гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгчийн мэдүүлэгт дээр дурдсан газар ус асгарсан байдаг. Шүүгдэгч Ж.Гын мэдүүлэгт хэлснээр Б ахтай барьцалдаж аваад асгарсан усан дээр ноцолдож байхдаа халтирч унасан гэж мэдүүлсэн. Хэрэв шүүгдэгч Ж.Г, Б нар нь ноцолдож байх үед амь хохирогч нь газар хойшоо унах үед гавлын ясны хугарал гэмтлийг авсан байх боломжтой байна. Учир нь, шинжээч эмч Энхбаярын мэдүүлэгт “дагзны гадаргуугаас өргөн зүйлээр цохисон байж болно, эсвэл өөрөө хойш савж унасан байж болно” гэж мэдүүлсэн зэрэг нь хоорондоо тохирч байна. Амь хохирогч нь хойшоо савж унах үед тархины дагз хэсэгт хүч үйлчилж гэмтэл авч, улмаар дагз хэсэгт нэг удаагийн хүч үйлчилсэн цэгээс гавлын ясны хугарал, тархины няцрал, аалзан хальсан доторх цус хуралт гэмтэл нь үүсэж улмаар талийгаач нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас төвийн гаралтай зүрх судас, амьсгалын дутагдалд орж нас барсан гэж үзэхээр шүүгдэгч Ж.Г амь хохирогчийг алахаар шууд чиглэсэн санаатай үйлдэл хийж үйлдлээ төгсгөсөн. Гын амь хохирогч руу шууд чиглэж хийсэн ухамсарт идэвхтэй үйлдлийн улмаас амь хохирогч үхэлд хүргэх гэмтлийг шууд аваагүй. Шүүгдэгч Гын үйлдэл амь хохирогчийн үхэлд хүргэсэн гэмтлийн хооронд үүссэн шууд шалтгаант холбоо нь амь хохирогчид хүнд зэргийн гэмтэл учруулсан энэ гэмтлийн хүндрэлээр үхэлд хүргэсэн гэмтлүүд нь үүсэж байна. Өөрөөр хэлбэл, амь хохирогчийн дагз хэсэгт яллагдагч Ж.Г шууд цохиж гэмтэл учруулаагүй бөгөөд амь хохирогч болон шүүгдэгч Ж.Г нарын зодолдож, ноцолдож, хэн альныхаа үйлдэлд эсэргүүцэл үзүүлэхдээ газар асгарсан байгаа усыг тооцоолоогүйн улмаас ийм төсөөлөөгүй харамсмаар үр дагавар үүссэн байна. Үүнд дан ганц шүүгдэгч Ж.Гыг хүнийг санаатай алсан гэж буруутгаж байгаа нь шүүгдэгч Ж.Гын гэм буруутай үйлдэлд тохироогүй гэж үзэж байна. Иймд миний үйлчлүүлэгч шүүгдэгч Ж.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барах гэмт хэргээр хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Ж.Гын эрүүл мэндийн байдал, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, мөн 52 настай зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын харгалзан үзэж үзэж оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ж.Гын өмгөөлөгч Ц.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ж.Г нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл бүхий эргэлзээ тогтоогдсон гэж түүний өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр шүүгдэгч Ж.Г нь “унтаж байгаад сэрэхэд амь хохирогч над руу хутга бариад дайрсан, би маш их айсны улмаас ийм зүйл болсон” гэх агуулга бүхий зүйл хэлсэн байдаг. Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан гэж хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг хэлнэ. /Монгол Улсын Эрүүгийн хуулийн тайлбар. УБ хот 2010 он. 268 дахь тал/ Амь хохирогчийн согтолтын зэрэг өндөр, Ж.Гаас согтолтын зэрэг гараагүй. Өмгөөлөгч Г.Тамирын хэлсэнчлэн шүүгдэгч, амь хохирогч нар ноцолдож байхад талийгаач савж унахдаа үхэлд хүргэх гэмтлийг авсан гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Ж.Г нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл бүхий эргэлзээ тогтоогдож байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн давж заалдах гомдолдоо “...хутга алга болсон...” гэдэг. Тухайн өдөр гэрт ороход ус, цус холилдсон ба дунд нь аав минь хэвтэж байсан. Би түүнийг хараад маш их өрөвдсөн бөгөөд цагдаад хэлэх тухай санаад ороогүй, хурдхан шиг дулаацуулъя гэж бодоод орон дээр гаргаж хэвтүүлсэн. Гэр цэвэрлэхэд Ж.Г хамт цэвэрлэлцсэн. Тэнд хутга огт байгаагүй. Манай ар гэрийнхэн үнэхээр гомдолтой байна. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уын өмгөөлөгч Ө.Учрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий гарсан. Өмгөөлөгч Г.Тамир давж заалдах гомдолдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэдэг боловч чухам ямар зүйл заалтыг ноцтой зөрчсөн талаар тайлбарлалгүй, хэргийн үйл баримт болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг буруу дүгнэсэн гэж тайлбарлаж байна. Өмгөөлөгч Д.Гансүх ч мөн адил хэргийн зүйлчлэлд маргаж гомдлоо бичсэн. Хүнийг алах гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаандгүй учруулах гэмт хэргүүд өөр шинжтэй гэмт хэргүүд юм. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, маргаж оролцсон. Хүнийг алах гэмт хэрэг хүнийг алснаар үйлдэгдсэнд тооцогддог. Хохирогч тэр дороо нас барсан эсвэл гэмтэл авснаас хэсэг хугацааны дараа нас барснаас хамаарч гэмт хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
Прокурор Г.Мижиддорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ж.Г удаа дараа өгсөн мэдүүлэгтээ талийгаач над руу хутга барьж дайрсан гэж мэдүүлдэг. Талийгаачийн эхнэр Энхтуяа хэрэг болдог өдөр шүүгдэгчийн мэдүүлэгтээ дурдсан хутгыг хоол хийх зорилгоор ажил руугаа авч явсан нь шүүх хуралдааны шатанд болон хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. Ж.Гын гомдлоос үзэхэд гэм буруугаа гэмшиж байгаа мэт боловч эцсийн зорилго нь зүйлчлэлийг хөнгөрүүлэх зорилготой. Мөн хохирогч Б.У болон гэрч Энхтуяа нар мэдүүлэхдээ архи нь гараад гайгүй болох байх гэсэн итгэл найдвартай байсан учраас эмнэлгийн тусламж дуудалгүй хугацаа алдсан байхыг үгүйсгэхгүй гэж мэдүүлдэг. Түргэн тусламжийн эмч Згийн мэдүүлэгт дуудлагын дагуу очиход амь хохирогчийн амин үзүүлэлт буурсан байсан тул амь дэмжих тариа хийгээд авч явсан талаар дурдсан. Хэрэг гардаг өдөр шүүгдэгч амь хохирогчтой хоёулхнаа байсан талаар гэрч Г, шүүгдэгчийн эхнэр С, шүүгдэгч Ж.Г нарын удаа дараа өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг зэргээр нотлогддог. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 2022/ШЦТ/255 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Шүүгдэгч Ж.Г нь - тоот буюу - “М” ХХК-ийн эзэмшлийн хашаанд дахь Монгол гэрт 2021 оны 6 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө иргэн Х.Бтай маргалдан зодож, биед нь гавлын дагз, баруун чамархай, зүүн зулай ясны хугарал, тархины няцрал, аалзан хальсны доорх цус харвалт, нүүр, их биеийн мөчдийн шарх, зулгаралт, цус хуралт гэмтлийг учруулан амь насыг нь хохироосон болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уын “...Аавын хамтран амьдрагч Д ... залгаад “аав чинь хүнд зодуулсан юм шиг байна, сонин байгаад байна” ... гэсэн. ...Гэр рүү нь ороход эд хогшлууд эмх замбараагүй, ... баруун талын орон дээр Г гэх хүн унтаж байсан. ...Аавын хувьд ... баруун хэсэгт шалан дээр толгой хэсэг нь хоймор руугаа, хөл нь үүд рүү харсан байдалтай, хоёр нүд нь цохиулсан, анигдсан байдалтай, толгойны ард хэсэгт миний харснаар 2 хэсэг газраас цус гарсан, урд хэсгийн баруун талд бас 1 газар язарсан маш их цус гарчихсан, ...зүүн талын хөмсөгний хэсэгт бас язарсан цус гарчихсан байсан. ...Тухайн үед амьсгаатай, согтуу хүн шиг “аа, аа” гээд дуугарч байсан. ...Аавыг орон дээр гаргаад, хувцас нь нойтон байсан учраас бүгдийг нь тайлаад, биеийнх нь цусыг арчаад, хамар, нүүрний хэсэгт цус болчихсон, ... баруун хэсгийн шал нь маш их цус гарч гоожсон байдалтай байхаар нь тухайн Г гэх хүнтэй нийлж шалаа угаасан. ...Түргэн ирэхэд аав муухан амьсгалж байсан. ...Аав сэргэлгүй байсаар байгаад нас барсан. ...Толгойн баруун урд дээд хэсэгтээ язарсан, цус гоожсон, толгойны ард хэсэгтээ баруун тал руу 2 хэсэг газарт хагарсан, цус гоожиж үсэнд нь наалдсан, цусыг нь тогтоож хөвөнгөөр арчсан. ...Нурууны ард хэсгийн баруун тал руу бас зулгарсан шарх харагдаж байсан. ...Шалан дээрх цус ер нь талбай нэлээн хамарчихсан, гэрийн уруу хэсэг рүү тунасан байдалтай байсан. ...Шилэн ширээ хагарч бутарсан, ... модон сандал ... жижигхэн салж хугарсан байдалтай байсан. ...” /1хх 43-46, 49-50/,
гэрч Д.Дгийн “...Г нөхрийн утсыг аваад ... “Ах бид хоёр шөнө 1 цагийн үед ирээд, ганц шил архи хувааж уугаад хооронд муудалцсан юм шиг байна, ... та яаралтай гэртээ ир ээ” гэж хэлсэн. ...Гэртээ иртэл ... Г баруун оронд дээр дээшээ харсан унтаж байсан. ...Манай нөхөр ... газарт шалан дээр хэвтэж байсан. ...Нөхрийгөө дуудсан чинь сэрэхгүй, нүүр нь цус болсон, хоёр нүд нь хавдаад хөх алаг өнгөтэй болсон, хамрын дээр нь арьс нь язраад хавдсан байсан. ...Гаас юу болсон талаар асуухад “ах бид хоёр шөнө 1 цагийн үед ирээд нэг шил архи хувааж уугаад, ...ах бид хоёр хоорондоо муудалцсан юм шиг байна. ...” гэсэн. ...Гыг ... харахад ... гар нь шуу хэсэгтээ нэлээд шалбарч мах нь гарчихсан, ... гар хөл нь шарх болсон байсан. ...Удалгүй эмч “энэ хүн нас барчихлаа” гэж хэлээд, нас барсан бичиг хийж өгөөд явсан. ...Гэрт нөхөр хэвтэж байсан газрын тэр хавьд тэр чигээрээ цус болсон, ... зурагтын доод хэсгийн шилэн тавиур хагарсан, модон явган сандал эвдэрсэн байсан. ...” /1хх 52-54, 3хх 47/,
гэрч Ү.Гын “...Гэрийн үүдэнд ирж шагайж харсан чин гэрийн баруун талын орон дээр танихгүй эрэгтэй хүн суусан, баруун талын үүдний газар хэсэгт нэг эрэгтэй хүн хэвтэж байсан. Би орон дээр сууж байсан хүнээс “энд юу болов” гэж асуухад тэр хүн “бид хоёр нэг нэгийгээ арай алчхаагүй сууж байна” гэж хэлсэн. ... “Б ах хаана байна” гэхэд орон дээр сууж байсан хүн толгойгоороо цаана чинь байна гэж ойлгогдохоор заасан. ...Би гэрийн хаалганы гадна талд, гэрийн үүд хэсэгт зогсож байгаад ярьсан. ...Би газарт хэвтэж байсан хүний зүс, царайг нь харж чадаагүй. Толгой нь гэрийн хоймор тал руу, хөл нь хаалга тийш харсан, доошоо харсан байдалтай хэвтэж байсан. ...Хэвтэж байсан хүний хувцас болон хэвтэж байсан хэсгийн шал тэр шигээрээ цус болсон байсан. ...Жижиг түшлэггүй модон сандал эвдэрсэн байсан. ...” /1хх 56-58/,
гэрч Х.Бгийн “...Ахын охин У над руу “аав хүнд зодуулсан юм шиг байна” гээд утсаар мэдэгдсэн. ...Очтол цагдаа нар ирчихсэн, ах маань нас барчихсан байсан. ...Ахын хашаанд машинаа тавьдаг хүн гэрт нь орсон чинь ах маань шалан дээр хэвтчихсэн хамаг бие цус болчихсон, ... Г нь орон дээр хэвтэж байсан гэсэн. Тэр гэрт нь орсон хүн Гаас “энэ юу болж байгаа юм бэ” гэж асуухад Г “өө бид хоёр ийм болчхоод сууж байна” гэж хэлсэн байна лээ. ...” /1хх 63-64/,
гэрч Ж.Дийн “...2021 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 14:36 цагт ... өчигдөр гэртээ зодуулсан хүн нас барчихсан гэсэн дуудлага ирсэн. ...Очиход, ...эрэгтэй хүний нүүр нь хөхөрч хавдсан, энд тэндээ шархтай нас барсан байдалтай байсан. ...103-н эмч ирж үзээд “нас барсан байна” гээд бичиг хийж өгсөн байсан. ...Гэрийн зурагтын тавиурын шил хагарсан, шалан дээр, тавиурын энд тэнд цус болсон, жижиг ширээн дээр эм, аяга зэрэг байсан. ...Гэрийг цэвэрлэсэн байх шиг байсан. ...Гэрийн шалан дээр энд тэнд цус болсон, дутуу арчсан байдалтай байсан. ...” /3хх 44/,
гэрч Л.Згийн “...2021 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 14 цагийн үед -лын хойд талд байх хашаанд гэрт ухаангүй хүн байна гэсэн дуудлага ирсэн. ...Монгол гэрт ороход 50 гаран насны эрэгтэй хүн нүүр ам нь хөхөрсөн, нэлээн их гэмтэлтэй ... зүүн орон дээр хэвтэж байсан. ...Зодуулсан гэх эрэгтэй хүн сүүлийн амьсгалаа хураагаад нас барж байсан. ... цээжинд шахалт буюу массаж хийсэн, ... өөрчлөлт өгөөгүй. Ер нь бол намайг орж ирэхэд л нас барсан, ... үзлэг хийж амжаагүй, сүүлийн амьсгалаа хурааж байсан. ...Хамт архи уусан хүн нь зодсон гээд яриад байсан. Эмнэлгийн байгууллагад мэдэгдээгүй зодуулсан согтуу архи нь гараагүй байхаар нь шууд дуудлага өгөөгүй гэж тэр хоёр эмэгтэй яриад уйлаад байсан. ....” /3хх 46/,
гэрч Г.Сгийн “...2021 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 10 цаг өнгөрч байхад Ө аавынхаа - дугаарын утас руу залгахад “би жолооч ахынд байна ахтай архи уугаад ахтай маргалдсан байна. Намайг ирээд аваадах” гээд байна гээд хүүхэд надад хэлсэн юм. Ө “жолооны үнэмлэх байхгүй” гээд яваагүй юм. ...” /1хх 79-80/,
гэрч Г.Өын “...Машины эзэн гэх настай, буурал үстэй ах ирсэн. ...Тэгээд аав Маяти машинд жолооч ахын хамт суугаад би араас нь машинтайгаа дагаад ... явсан. Бид гурваас өөр хүн бол байгаагүй юм. Тэгээд гэртээ 00 цаг өнгөрч очоод машин дээр байсан зүйлийг аав, би, дүү Ө болон жолооч ахын хамт буулгаад гэрт хоол идсэн юм. Тэгсэн аав тэр ахын хамт гэрт очино гээд 01 цаг өнгөрч хамт гараад явсан. …Маргааш өглөө нь буюу 2021 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 10 цаг өнгөрч байхад аавын дугаар руу залгаад … ярьсан чинь аав согтуу байсан бөгөөд “чи намайг ирээд авчих” гэхээр нь би “аав машин асахгүй байна” гэж хэлсэн. Тэгсэн аав нөгөө ахтай хамт архи уугаад хоорондоо маргалдаад зодоон болсон гэсэн утгатай зүйл хэлэхээр нь ээжид энэ талаар хэлсэн юм. ...Аав бид хоёр машин дээр барилгын эд зүйл ачиж дуусаад машины ... эзэн ирээд гэрийнхээ хаалгыг түлхүүрээр онгойлгоод орсон бөгөөд ... гэрт ороход гэрийн баруун болон зүүн талд нэг нэг ор, гэрийн голд зуух, зуухны хойд хэсэгт бараан өнгийн ширээ, гэрийн хоймор хэсэгт бараан өнгийн зурагтын тавиур дээр нь хар өнгийн зурагт байсан. Гэрийн эд зүйл эвдэрсэн зүйлгүй эмх цэгцтэй байсан. ...Тухайн өдөр аавын болон жолооч ахын биед ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх бол байгаагүй. ...” /1хх 83-84/,
гэрч Г.Өын “...Машин дээр байсан ачааг аав, би дүү Ө мөн жолооч ахын хамт буулгаад 01 цаг өнгөрч байхад дууссан. ...Аав тэр хүний хамт гарах гэж байхаар нь би ааваас “та хаачих гэж байгаа юм бэ” гэхэд “энэ ахын гэрт нь очно, гэртээ ганцаараа байгаа бөгөөд хань болж хононо” гээд, дүү Өт хандаад “өглөө эрт очоод намайг аваарай маргааш байшингийнхаа суурийг цутгана” гэж хэлсэн юм. Тэгээд аав жолооч ахын хамт 01 цаг өнгөрч байхад явсан юм. ...Тэгээд би 12 цагийн үед аав руу утсаар ярихад аав хэвийн байсан бөгөөд ... цаана нэг эмэгтэй хүнтэй яриад, … яриаг нь сонсоход тэр эмэгтэй нэг хүнийг орон дээр хэвтүүлэх гээд байх шиг байсан. …Би 16 цагийн үед аавын утас руу залгахад ... “аав нь гадуур ажилтай явж байна, өчигдөр ирсэн жолооч ахтай чинь архи уугаад хоорондоо маргалдсан байна, гэрийнх нь эд зүйлийг засаж байна.” гэж хэлсэн. ...” /1хх 96-97/,
шинжээч М.Энхбаярын “...Амь хохирогч 2021 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 00 цаг 40 минутад цогцосны үзлэг хийхэд цогцосны хөрөлт, хөшилт, зэргээр нас бараад 12-14 цаг болсон байх гэж үзсэн. Нас барсан цагийг нарийн тогтоох боломжгүй, баримжаалсан цаг хугацаа юм. Тэгэхлээр 2021 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 10 цаг 40минутаас 12 цаг 40 минутын хооронд нас барсан байх гэж үзсэн. ...Гавал тархины гэмтэлтэй хүнд шууд амь нас аврагдах эсэхэд хэлэхэд хэцүү талийгаачийн биед ийм гавал тархины хүнд гэмтэл учирсан байсан учир амь насыг аврах боломж багатай. ...” /1хх 179-180, 3хх 70/,
шинжээч Б.Шинэбаярын “...Надад ирүүлсэн хутга, заазуур хөвөнд шингээсэн зүйлд шинжилгээ хийж 3447 дугаартай дүгнэлтийг гаргасан. Шинжилгээнд ирүүлсэн зүйл дээрээс ... цусны ДНХ-ийн мөрдөгчийн тогтоолд дурдагдсаны дагуу манай байгууллага дээр шинжилгээ хийгдсэн 2712 дугаартай Х.Бмябажав, Ж.Г нарын ДНХ-ийн тогтоцтой харьцуулахад заазууран дээрээс илэрсэн цусны ДНХ тогтоц нь Х.Бын цусны ДНХ-тэй тохирч байсан. Зурагтын доороос авсан гэх хөвөн бамбаранд шингээсэн цусны ДНХ тогтоц нь холимог байсан. Уг холимог тогтоц нь Ж.Г, Х.Б нарын цусны ДНХ-тэй тохирч байсан. Хүний цус холилдоод холимог болсон ч ДНХ-г ялгах боломжтой байдаг. Жижиг, шар иштэй хутга дээрээс цус илэрсэн боловч шинжилгээнд тэнцэхүйц гарч ирээгүй юм. Мөн би 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 2712 дугаартай дүгнэлтийг гаргасан. Уг шинжилгээнд 3-н ширхэг хөвөн бамбар ирсэн. ...Бамбараас цус ... илэрсэн цусны ДНХ тогтоогоод харьцуулах дээж болгон биологийн лабороторын илгээх бичигт 3264 дугаартай Х.Б /хатаасан цус/ химийн лабороторын 2689 дугаартай Ж.Г гэж хуруу шилтэй цуснаас дээж авч ДНХ-г тогтоож харьцуулахад Ж.Гын ДНХ-ийн тогтоцтой З-н ширхэг хөвөн бамбаранд шингээсэн цусны ДНХ тохирч байсан. Харин 3264 дугаартай Х.Бын цусны ДНХ-тэй тохирохгүй байсан. Мөн би энэ хэрэгт, хэргийн газраас авсан объектуудад ДНХ шинжилгээ хийхэд муудаж хөгцөрсөн байсан тул ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байсан. Би дээрх шинжилгээнүүдийн цусны бүлгийг тодорхойлооогүй юм. Ер нь бол ДНХ шинжилгээ нь өндөр нарийвчлалтай 99,9% байдаг юм. ДНХ тогтоц нь давхцахгүй /нэг өндгөн эсийн ихрүүд давхцах боломжтой/. Цусны 4-н төрөл байдаг бөгөөд олон хүнийх давхцдаг юм. Цус нь хоорондоо холилдоход өөр ислэг гарч ирэх боломжтой юм. ...” /3хх 51/,
шинжээч Б.Дгийн “...Миний өмнө хийсэн 2703 дугаартай шинжилгээнд ирүүлсэн хэргийн газарт үзлэгээр хураан авсан 8 ширхэг хувцсанд үзлэг хийж биологийн дүгнэлт гаргасан байдаг. Дээрх хувцасанд үзлэг хийхэд нилдээ нойтон, үнэр орж муудсан, толбо бохирдолтой байсан. Уг хувцаснуудаас ... илэрсэн хүний цусны бүлгийн харьяаллыг тогтоохоор ... шинжилхэд 1 дүгээр бүлгийн цусны урвал өгч байсан тул дээрх хувцаснууд дээрх цус 1 дүгээр бүлгийн харьяалалтай хүний цус байна гэж дүгнэлт гаргасан. Бүлгийн харьяаллаар хэн нэгэн хүнийх мөн гэдгийг тогтоох боломжгүй. Учир нь, нийт 4-н төрлийн цусны бүлэг байдаг. Уг бүлгүүд нь өөр хоорондоо давхцдаг. Мөн бүлэг хоорондоо холилдох, муудах, өмхийрөх, хөгцрөх үйл явц болход цусны бүлэг харьяалал өөрчлөгдөж өөр гардаг юм. Тэгэхээр шинжилгээнд ирүүлсэн хувцас нь нойтон, муудаж хөгцөрсөн байсан тул цусны бүлгийн харьяалал өөрчлөгдөх боломжтой. Тухайн хүний цус мөн гэдгийг ДНХ шинжилгээгээр 99.9% магадлагаагаар нарийн тогтоож шинжилдэг юм. ДНХ шинжилгээ нь бүрэн гүйцэд тогтоодог юм. ...Эцэг эхийн цусны бүлгийн харьяалал нь ямар бүлэг байхаас шалтгаалаад тухайн төрөх хүүхдийн цусны бүлэг 1, 2, 3, 4 бүлгийн цустай хүүхэд төрж болно. Жишээ нь, эцэг нь 2, ээж нь 3 бол 1 дүгээр бүлгийн цустай хүүхэд гарах магадлалтай. Энэ хэргийн хувьд хохирогч холбогдогч 2 нь 3 дугаар бүлгийн цустай байх бөгөөд уг 2 хүний муудаагүй шингэн цус хоорондоо холилдоход холилдсон цус нь 1 дүгээр бүлгийн цус болон хувирах боломжгүй, хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн цустай хувцаснууд нь хөгцөрч муудсан учраас уг гадаргуу дээрх цуснууд нь бүтцийн өөрчлөлтөд орж урвалд орсноос шалтгаалаад хурдавчилсан тестийн урвал нь 1 дүгээр бүлгийн урвал гэж уншигдсан болно. ...” /3хх 64-65, 66-67/
Ж.Гын яллагдагчаар өгсөн “...Эхнэрт нь “бид хоёрын дунд асуудал үүссэн байна, агсан согтуу тавилцаад” гэж хэлсэн чинь “байж байгаарай, би очлоо” гэж хэлсэн. ...Гэрийн эд зүйлийг ажиглахад шалан дээр цус, ус болсон гэрийн хойморт байсан зурагт нь хөндлөн болоод зурагтын тавиураас хар юм хагарчихсан ... байсан. Б ... нүүр нь цус болсон. Орж ирэхээр нь би “ийм зүйл болсон байна, бид хоёр нэг нэгнийгээ хутгалж алаагүй нь их юм гэж хэлсэн”. ...” /1хх 208-213/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Х.Бын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын дагз, баруун чамархай, зүүн зулай ясны хугарал, тархины няцрал, аалзан хальсны доорхи цус харвалт, нүүр, их бие мөчдийн шарх, зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүдээс гавлын дагз, баруун чамархай, зүүн зулай ясны хугарал, тархины няцрал, аалзан хальсны доорхи цус харвалт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, нүүр, их бие мөчдийн шарх, зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин топгоогдоогүй болно. Талийгаач нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас төвийн гаралтай зүрх судас, амьсгалын дутагдалд орж нас баржээ. Талийгаач нь 2021 оны 6 дугаар сарын 6-ны 00 цаг 40 минутад нас бараад 12-14 цаг болсон байжээ. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь АВО системээр B(III) бүлгийн цустай байжээ. ...” гэсэн 1078 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 165-176/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Өнгө нь тодорхойгүй майк, өнгө нь тодорхойгүй футболк, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн дотоож, хар өнгийн хос оймс, өнгө нь тодорхойгүй эрээн майкнаас цус илэрсэн. ...” гэсэн 3446 дугаартай дүгнэлт /2хх 139-141/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...хөвөн бамбарнаас хүний цус илэрсэн, ...Шар өнгийн иштэй заазуур дээрээс илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь ДНХ-ийн шинжилгээний 2712 дугаартай Х.Б гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...хөвөн бамбараас илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь холимог байна. Уг холимог ДНХ-ийн тогтоцтой 2712 дугаартай Х.Б гэх хатаасан цусны ДНх-ийн тогтоц, ДНХ-ийн шинжилгээний 2712 дугаартай Ж.Гын гэх хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтоц тохирч байна. ...” гэсэн 3447 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх 133-136/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Хөвөн дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь химийн лабораторийн 2689 дугаартай Ж.Гын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.Шинжилгээнд ирүүлсэн хөвөн дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь биологийн лабораторийн 3264 дугаартай Х.Б гэж хаягласан хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна. ...” гэсэн 2712 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 185-188/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хувцаснууд дээр цусны ул мөр илэрсэн. ...Илэрсэн цус нь О(I) бүлгийн харьяалалтай хүний цус байна. ...” гэсэн 2703 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх 113-116/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн 27см урттай шар эрээн өнгийн иштэй заазуур, 19см урттай шар эрээн өнгийн иштэй хутган дээр цус илэрсэн. ...27см урттай заазуур дээр илэрсэн цус нь В(III) бүлгийн харьяалалтай хүний цус байна. ...” гэсэн 2735 дугаартай дүгнэлт /2хх 120-123/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн Ж.Г 52 настай, эрэгтэй гэж хаягласан F00546644 гэсэн хуруу шилний дугаартай, ягаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь В(III) бүлгийн харьяалалтай байна. ...” гэсэн 654 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх 58-60/,
дуудлагын лавлагаа /1хх 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 3-20/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 21-25/, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмчийн тэмдэглэл /1хх 223/, илтгэх хуудас /1хх 231/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 26-30/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 31-34/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх 35-40/ зэргээс үзэхэд шүүгдэгч Ж.Г нь хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хохирогч Х.Быг алсан болох нь нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, үүнд Ж.Гын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Ж.Гын хохирогч Х.Бтай маргалдаж, түүний эрүүл мэндэд нь амь насанд аюултай хүнд гэмтэл учруулан амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигджээ.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэнтэй нийцжээ.
Шүүгдэгч Ж.Г “...Миний өгсөн мэдүүлгийг дутуу бичиж, найруулга зүй, үг үсгийн алдаа гаргасан байна. Энэ нь гэрт ус асгарсан байсан гэдгийг цус асгарсан гэж бичсэн. ... Мөн хэргийн газарт хиам зүсэж байсан хутга гэрт байсан дэвсгэр даавууны хамт алга болгож, нотлох баримтыг устгагдсан гэснийг миний мэдүүлэгт орхигдуулсан. Хохирогч 0(I) дүгээр бүлгийн цустай гэж жолооны үнэмлэх дээр байгаа. Задлан шинжилгээний дүгнэлт дээр хохирогч 2021 оны 6 дугаар сарын 6-ны 00 цаг 40 минутад нас бараад (BIII) бүлгийн цустай гэсэн шинжээчийн дүгнэлт буруу байна гэж хэлсэн боловч үгийг минь шүүх хуралдаан дээр авч хэлэлцээгүйд гомдолтой байна. ...Мөн гэрчээр миний эхнэр С, охин Ө, хүү Ө нарын надтай утсаар ярьсан “аав чинь согтуу юм шиг байсан” гэсэн мэдүүлэг нь утасны цаанаас намайг согтуу байсныг нотлох боломжгүй тул шүүхэд гэрчийн мэдүүлгээр авч үзэж байгаа нь хууль бус тул гомдолтой байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгч Ж.Г нь анхан шатны шүүх хуралдаанд “шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан цусны бүлэг буруу” талаар маргасан ба шинжээч Б.Шинэбаяр “Цус нь хоорондоо холилдоход өөр ислэг гарч ирэх боломжтой” /3хх 51/ гэж, шинжээч Б.Д “...хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн цустай хувцаснууд нь хөгцөрч муудсан учраас уг гадаргуу дээрх цуснууд нь бүтцийн өөрчлөлтөд орж урвалд орсноос шалтгаалаад хурдавчилсан тестийн урвал нь 1 дүгээр бүлгийн урвал гэж уншигдсан. ...” /3хх 64-65/ гэж тус тус гаргасан дүгнэлтийн талаар тайлбарласан байна.
Түүнчлэн, энэ хэрэгт гэрч Г.С /1хх 79-80/, Г.Ө /1хх 96-97/, Н.Ө /1хх 83-84/ нарын мэдүүлэг авагдсан бөгөөд мөрдөгч нь эдгээр гэрчээс мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6, 25.1 дүгээр зүйлүүдэд зааснаар гэрчийн эрх, үүргийг тайлбарлан, хууль сануулсан баталгааны хуудсыг уншуулж танилцуулан гарын үсэг зуруулсан байх тул эдгээр гэрчээс гэрчийн мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.
Иймд шүүгдэгч Ж.Гын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Ж.Гын өмгөөлөгч Ж.Тамирын зүгээс хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх агуулга бүхий гомдол гаргажээ.
Хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэрэг нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, уг санаа зорилгоо хэрэгжүүлсэн үйлдэл, уг үйлдлээс учирсан гэмтлийн улмаас хохирогч үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалсан эмчилгээ, сувилгаа, бусад байдлаар учирсан хүнд гэмтэлтэй шууд холбоогүй хүндрэл үүсч нас барсан зэргээр тус тус ялгагдана.
Хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр байж, бусдын амь насыг хохирооход чиглэсэн, санаатай үйлдэл хийсний үр дагаварт хүн нас барсан явдлыг тооцдог бөгөөд хохирогч хэзээ нас барсан нь уг хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.
Харин хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хувьд анхнаасаа хүний амь насанд халдах зорилгогүй боловч эрүүл мэндэд нь хүнд зэргийн гэмтэл учруулсан байхыг ойлгоно.
Өөрөөр хэлбэл, гэмт этгээдийн хүний биед гэмтэл учруулсан үйлдэл, түүндээ хандсан сэтгэхүйн харьцаа, үүний улмаас учирсан гэмтэл зэргийг нэгдмэл байдлаар дүгнэсний эцэст хүнийг санаатай алах гэмт хэргээс хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг ялган зүйлчлэх ёстой.
Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Ж.Г нь амь хохирогч Х.Бын биед гавлын дагз, баруун чамархай, зүүн зулай ясны хугарал, тархины няцрал, аалзан хальсны доорхи цус харвалт, нүүр, их бие мөчдийн шарх, зулгаралт, цус хуралт бүхийн олон тооны гэмтэл учруулсан ба эдгээр гэмтлүүдээс толгойн тус газарт нь учруулсан гавал тархины хүнд гэмтэл нь хохирогчийн амь насанд аюултай нөхцөл байдлыг үүсгэж, уг үйлдлээ эцэст нь хүргэсэн санаатай үйлдэл буюу субъектив талын нэмэгдэл шинж болох гэмт хэргийн сэдэлт, зорилгыг хангаж, энэ нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ.
Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогддог ба амь хохирогч шууд эсхүл хэсэг хугацааны дараа нас барсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл, гэмт этгээдийн үйлдэл нь хохирогч нас барсан үр дагавартай шалтгаант холбоотой байна.
Иймд анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй талаар дүгнэсэнийг буруутгах үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч Ж.Гын өмгөөлөгч Ж.Тамирын гаргасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Гын өмгөөлөгч Ц.Гансүхээс шүүгдэгч Ж.Г нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэх агуулга бүхий гомдол гаргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцсэн бөгөөд санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний амь насыг хохироосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа талаар шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Учир нь, Эрүүгийн эрх зүйн “санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан” гэх ойлголтыг тодорхойлоход зөвхөн анагаахын шинжлэх ухааны тусгай мэдлэгт тулгуурладаггүй бөгөөд хэрэг гарах үеийн хохирогчийн хууль бус, ёс суртахуунгүй үйлдэл, түүний үр дагавар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн сэтгэхүйд хэрхэн хортойгоор нөлөөлсөн байж болохыг хэргийн үйл баримтад тулгуурлан өгөх хууль зүйн дүгнэлтээр илэрдэг ойлголт юм.
Гэмт хэрэг гарахад амь хохирогч Х.Бын зүгээс согтуугаар шүүгдэгч Ж.Гыг хэл амаар доромжилж, маргаан үүсгэсэн талаар шүүгдэгчийн хэлснээр буруутай үйлдэл нөлөөлсөн хэдий ч хэргийн энэхүү нөхцөл байдал нь Ж.Гыг бусдын эрхшээл дарамтад бодитой орж, санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүнийг алсан хэмээн дүгнэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуульд зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэл болохгүй гэж үзэв.
Учир нь, амь хохирогч Х.Бын цусанд хийсэн шинжилгээгээр 3.4% спиртийн зүйл илэрсэн /1хх 169/-ээс үзэхэд тэрээр хүнд зэргийн согтолттой үедээ гэртээ Ж.Гад агсам тавьсан гэх үйл баримтаас харахад Ж.Гыг хүчээр дарлагдаж, хүндээр доромжлогдсон буюу тэсвэрлэшгүй хэцүү нөхцөл байдалд орсны улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал нь алдагдан Х.Бд гарцаагүй хүнд гэмтэл учруулж алахад хүрсэн гэж үзэх боломжгүй.
Хэргийн үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч Ж.Г нь хохирогч Х.Бтай маргалдан зодож, биед нь гавлын дагз, баруун чамархай, зүүн зулай ясны хугарал, тархины няцрал, аалзан хальсны доорх цус харвалт, нүүр, их биеийн мөчдийн шарх, зулгаралт, цус хуралт зэрэг хохирогчийн амь хохирсон гэмтлийг учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон бөгөөд амь хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас шүүгдэгч сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал нь алдагдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, амь хохирогч нь ёс суртахууны хувьд нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд нийцэхгүй үйлдэл гаргасан гэх нөхцөл байдал буюу хохирогчид учирсан гэмтлээс үзэхэд агуулгын хувьд шүүгдэгчид шууд чиглэсэн тэсвэрлэшгүй хэцүү нөхцөл байдалд оруулсан нь тогтоогдохгүй байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх талаар гаргасан өмгөөлөгчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ.
Анхан шатны шүүх Ж.Гантулгад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийсний үндсэн дээр хүнийг алсан гэмт хэрэгт 10 жил хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Ж.Тамир, Ц.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 2022/ШЦТ/255 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Ж.Тамир, Ц.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гын 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ