| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
| Хэргийн индекс | 128/2021/0224/З |
| Дугаар | 128/ШШ2021/0280 |
| Огноо | 2021-05-05 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2021/0280
Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн би Я.Б*******ын нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг
ХЯНАВАЛ:
Я.Б*******ын нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэрэгт хариуцагч нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Сахилгын шийтгэл оногдуулах тухай ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ажлаас халсан 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бодон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлөх, нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлагаасаа татгалзах талаар харилцан тохиролцож, эвлэрснээ баталгаажуулан, 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Хариуцагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт заасан эвлэрэх эрхээ мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2 дахь хэсэгт зааснаар өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2/1759 дүгээр итгэмжлэлээр олгосон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д******* эвлэрлийн гэрээ байгуулах бүрэн эрхтэй байна.
Эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дугаар зүйлийн 21.1.1-д ... хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2-т Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, 68.3-д Нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүгч эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасантай нийцсэн байх тул эвлэрлийн гэрээг батлах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иймд талууд нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх арга замаа харилцан тохиролцохдоо эвлэрлийн гэрээ байгуулан, маргаанаа дуусгавар болгосон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д ... шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн эвлэрлийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Мөн талууд уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах, эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд үүсэх үр дагаврыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дүгээр зүйлийн 68.1, 68.4-д заасныг тус тус баримтлан талуудын эвлэрлийг баталж, Я.Б*******ын нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Я.Б*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН