Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 135/ШШ2024/00854

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2024/00295/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, өөрийн байранд байрлах “******* *******” ******* (утас: *******)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** холбогдох,

“Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “******” Х*******-ийн төлөөлөгч Ч.*******, Б.******* (цахимаар),

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “******* *******” ******* нь хариуцагч ****** холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн дугаар тогтоолоор “******* *******” *******-аас 5,862,250,942 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 29,539,407 төгрөгийг тус тус гаргуулж, Төрийн банканд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх төлбөрийн үүргийг биелүүлээгүй тохиолдолд Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* багт байрлах агуулахын барилгын зориулалттай, 3620 м.кв талбайтай дугаартай, эд хөрөнгийн өмчлөх эрхийн дугаар гэрчилгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* багт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 532 метр урттай төмөр зам, хоногт 150 тонн улаан буудай боловсруулах хүчин чадалтай Алапала брэндийн гурилын үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагаанд зориулсан түүхий эд, бэлэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа материал, бэлдэц, ирээдүйн борлуулалтын орлого, бусдаас авах бүх төрлийн авлага, Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* багт байрлах үйлдвэрийн зориулалттай 7860 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* багт байрлах үйлдвэрийн зориулалттай 7860 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* багт байрлах 8748 м.кв талбайтай контор, граж, механик цехийн барилга, Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* багт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 3428 м.кв талбайтай, дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, дүүргийн хороо, хотхоны байрны тоот, 6 өрөө, 171.6 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүх шийдвэрлэж, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дугаар гүйцэтгэх хуудас олгосон.

Мөн Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай шийдвэрээр “******* *******” *******-ийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн ******* багт байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 6840 м.кв талбайтай, спорт, сургалт, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахаар даалгасан.

Гүйцэтгэх баримт бичигт заасан барьцаа хөрөнгүүдэд үнэлгээ тогтоолгохоор шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай тогтоол үйлдсэн байх бөгөөд уг тогтоолд төлбөр авагч Төрийн банк болон “******” Х*******-д холбогдох нийт гүйцэтгэх баримт бичгүүдийг дурдаж, улмаар тогтоох хэсгийн 1-д хэд хэдэн төлбөр авагчид барьцаалсан хөрөнгүүдэд үнэлгээ тогтоолгохоор “******” Х*******-ийг шинжээчээр томилсон байна.

Төлбөр авагч Төрийн банк болон “******” Х*******-д холбогдох шүүхийн шийдвэр нь өөр өөр улсын бүртгэлд бүртгэгдсэн хөрөнгүүдийг барьцаалсан, хэд хэдэн гүйцэтгэх баримт бичигтэй атал нэг тогтоолоор хөрөнгийн үнэлгээ тогтоолгох үйл явцыг хэрэгжүүлсэн нь үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д нэг төлбөр төлөгчдөд холбогдох хөрөнгийн шинжтэй хэд хэдэн шаардлагыг нэгтгэн гүйцэтгэж болохоор, мөн зүйлийн 25.2-д ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гаргахаар хуульчилжээ. Гэтэл “******* *******” *******-д холбогдох хэд хэдэн гүйцэтгэх баримт бичигт заасан барьцаа хөрөнгүүдэд холбогдох ажиллагааг нэгтгэн гүйцэтгэх үндэслэлгүй, хуульд заасан нэгтгэн гүйцэтгэх шийдвэр гаргасан эсэх нь тодорхойгүй, энэ талаар төлбөр төлөгчид танилцуулаагүй атлаа нэг тогтоолоор шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээний тайланг нэгтгэн гаргуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.7-д “Энэ хуулийн 44.2-т заасан арга хэмжээ нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын хэмжээнд тохирсон байна” гэж заасан байхад өөр өөр төлбөр авагчид барьцаалагдсан хөрөнгөд явагдах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр нэгтгэн гүйцэтгэсэн байна.

"******” Х*******-ийг шинжээчээр томилсон шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны дүгээр тогтоолын тогтоох хэсгийн 2-т “Шүүх шинжилгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг танилцуулж, үнэлгээ тогтоох хугацааг тогтоожээ", гэтэл 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Шүүх шинжилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлд “Шинжилгээний объектыг шинжилгээний байгууллагад хүргүүлэх, хадгалах, шилжүүлэх, устгах", мөн хуулийн 14 дүгээр зүйлд “Шинжилгээ хийх" талаар хуульчилсан байна. Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хууль шинэчлэн найруулагдаж, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаанд мөрдөж эхэлсэн байхад хүчингүй болсон хуулийг шийдвэр гүйцэтгэгч хэрэглэж, тогтоол үйлджээ. Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын тогтоох хэсгийн 2-т заасан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13-д “Үнэлгээний хараат бүс байдал”, 14 дүгээр зүйлд “Үнэлгээчний эрх олгох шалгалтад орох этгээдэд тавигдах шаардлага, шалгалт зохион байгуулах үндэслэлийг тус тус хуульчлагджээ. Шийдвэр гүйцэтгэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүх шинжилгээний хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан, эрх, үүргийг шинжээчид танилцуулаагүй, хүчингүй болсон хууль хэрэглэж, тогтоол үйлдсэн байх бөгөөд энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан шаардлагад нийцээгүй байна. Мөн шинжээчид эрх, үүрэг танилцуулаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг тодруулаагүй, хүлээлгэх хариуцлагыг шинжээчид сануулаагүй, ажиллагаанд томилон оролцуулсан байна.

Дээрх шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилогдсон шинжээч “****** Х*******, түүний Дархан-Уул аймаг дахь салбарыг төлөөлж үнэлгээчин И. тогтоолтой танилцаж, гарын үсэг зурж, улмаар хөрөнгийн үнэлгээний тайланг үнэлгээчин гэх И., Б.******* нар үйлдэж, баталгаажуулсан байна. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж буй Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 6.1-д “...хөрөнгийн үнэлгээг гэрээний үндсэн дээр хийнэ" гэж заасан, уг гэрээ байгуулагдсан тухай төлбөр төлөгчид танилцуулаагүй, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагааг эрхлэхээр заасан. Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 39 дүгээр хуудаст хавсаргасан “Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл"-д 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр сунгалт хийсэн тэмдэглэгээ хийгдсэн байх ч шинээр батлагдсан хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл олгогдсон тэмдэглэгээ байхгүй байгаа нь тухайн хуулийн этгээд нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн хөрөнгийн үнэлгээний тайлангийн 40 дэх хуудсанд хавсаргасан тодорхойлолтоос үзэхэд үнэлгээчин И. тусгай зөвшөөрлийн хугацаа 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болсон, эрх сунгагдсан баримтгүй, үнэлгээ тогтоох эрх бүхий этгээд мөн эсэх нь эргэлзээтэй, эрхгүй этгээд гэж үзэхээр байна. Шинжээчээр томилсон этгээд нь “******* *******" *******-ийн байранд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13 цаг 50 минутад нэвтэрч, улмаар 14 цаг 47 минутад буцаж гарсан, өөрөөр хэлбэл нийт гурилын үйлдвэрийн цогцолбор 9 үл хөдлөх эд хөрөнгө болох барилгын шинж чанар, гурилын үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмжүүд, дагалдах зүйлийн бодит байдалтай ердөө 1 цаг 37 минутын хугацаанд танилцах үйл явцыг хэрэгжүүлж, үнэлгээ тогтоосон байгаа нь хөрөнгийн үнэлгээ бодитой тогтоох үйл явцыг хэрэгжүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Шинжээч нь эрхийн улсын бүртгэлийн , , , , , , , , дугаартай, нийт 9 үл хөдлөх эд хөрөнгийг 26.386.067.842 төгрөгөөр, Алапала брэндийн гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 13.013.439.034 төгрөгөөр тус тус үнэлж, нийт хөрөнгийн үнэлгээг 39.399.506.876 төгрөгөөр тогтоожээ. Түүнчлэн хөрөнгийн мэдээлэл олдоц муу гэх үндэслэлээр 9 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоохдоо орлогын болон зах зээлийн хандлагын аргыг ашиглаагүй, өртгийн хандлагын аргаар үнэлсэн байх бөгөөд хөрөнгийн үнэлгээний тайлангийн 6 хуудаст “...үнэ огцом өөрчлөгдөхгүй гэсэн таамаглалаар үнэлгээний ажлыг хийсэн" болохыг тэмдэглэж, тайлангийн 6 дахь хуудаст барилгын нэгж хүчин чадлын жиших нэгжийн аргаар 2016 онд батлагдсан дүрэм, итгэлцүүрийг үндэслэн үнэлсэн талаар дурдсан байна. Гэтэл Хөрөнгийн үнэлгээний тухай хууль 2022 онд батлагдаж, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байхад хуучин хуульд нийцүүлэн баталсан баримт бичгүүдийг үндэслэн үнэлгээ тогтоосон байгаа нь хуульд нийцэхгүй байна. Мөн тайлангийн 16 дугаар хуудаст эрсдэлгүй хүүг 6 хувиар тооцсон талаар заасан байна. Уг хувийг хэрхэн тооцсон аргачлал, үндэслэл нь тодорхойгүй байна. Эрсдэлгүй хүүгийн хувийг Засгийн газрын бонд эсхүл Монгол банкны бодлогын хүүтэй хэрхэн уялдуулан тогтоосон баримт, мэдээлэлгүй, аргачлал тооцсон нотлох баримт байхгүй байна. Банкны зээлийн хүү 18 буюу түүнээс дээш байхад ашгийн дундаж хувийг 6 хувиар тооцсон нь үндэслэлгүй байна. Мөн хөрөнгийн үнэлгээний тайлангийн 7 дугаар хуудаст төмөр замын үнэлгээг төмөр замын мэргэжилтнүүдтэй хийсэн ярилцлагыг үндэслэн тогтоосон талаар дурдсан байх бөгөөд ямар чиг үүрэг бүхий мэргэшсэн мэргэжилтнүүдтэй ярилцаж, үнэлгээ тогтоосон талаарх эх сурвалж, баримт, мэдээлэл тодорхойгүй, ямар баримт, мэдээлэл үндэслэж хөрөнгийн үнэлгээ хийсэн нь тодорхойгүй, хаанаас ямар арга замаар мэдээлэл олж авсан нь нотлогдоогүй, тайланд хавсаргагдаагүй байх бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2.3, 8.3.9-д заасан шаардлагад хөрөнгийн үнэлгээний тайлан нийцэхгүй байна.

Дээрх үндэслэлээр шинжээч нь хөрөнгийн үнэлгээг бодитой үнэлээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хөрөнгийн зах зээлийг бодит үнэлгээ тогтоогдоогүй гэж үзэж байна.

Иймд шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тухай 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дүгээр тогтоолоор “******” Х*******-аас тогтоосон хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги хариу тайлбартаа:

“Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн дугаар тогтоолоор “******* *******” *******-иас 5,891,790,349 төгрөгийг гаргуулж Төрийн банканд, Дархан Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэрээр “******* *******” *******-иас Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* багт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 6840 м.кв талбайтай спорт, сургалт үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж Төрийн банканд олгох, мөн шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн дугаар шийдвэрээр "******* *******” *******-иас 2,044,352,473 төгрөгийг гаргуулж "******” Х*******-д олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү- 2003008913 дугаартай Дархан сум ******* багт байрлалтай 3620 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн дугаартай Дархан сум, ******* багт байрлалтай 532.0 метр урттай төмөр зам, эрхийн улсын бүртгэлийн дугаартай Дархан сум ******* багт байрлалтай 7860 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн дугаартай Дархан сум, ******* багт баярлалтай 8748 м.кв талбайтай контор, граж, механик цехийн зориулалттай барилга, эрхийн Улсын бүртгэлийн дугаартай Дархан сум, ******* багт байрлалтай 6840 м.кв талбайтай спорт, сургалт үйлчилгээний зориулалттай барилга, эрхийн Улсын бүртгэлийн дугаартай Дархан сум, ******* багт байрлалтай 566 м.кв талбайтай соёл урлаг, олон нийтийн үйлчилгээний зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн дугаартай Дархан сум, ******* багт байрлалтай, 1396.5 м.кв талбайтай контор, үйлчилгээний зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн дугаартай Дархан сум. ******* багт байрлалттай 936 м.кв талбайтай тариа хатаах зориулалттай барилга, 150 тонн улаан буудай боловсруулах хүчин чадалтай Алапала брэндийн гурилын үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл зэрэг эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 22071069/01, 22071069/02, 22071069/03, 22071069/04, 22071069/05, 22071069/5-1, 22071070/01, 2023 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 23071762/01, 23071762/02, 23071762/03 дугаартай тогтоолуудаар дээрх барьцаа эд хөрөнгүүдийг битүүмжилж, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 22071069/13. 22071069/14. 22071069/15,22071069/16. 22071069/17. 22071070/03-1, 23071762/04-01 дугаартай тогтоолуудаар эд хөрөнгүүдийг хураасан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д нэг төлбөр төлөгчид холбогдох хөрөнгийн шинжтэй хэд хэдэн шаардлагыг нэгтгэн гүйцэтгэж болно гэж заасан бөгөөд дээрх барьцааны хөрөнгүүдээр үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт заасан хөрөнгүүдийн байршил болон өмчлөгч нь тус тусдаа өөр тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн явуулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гаргаагүй тул талуудад танилцуулаагүй болно.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй байх тул 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 03/2231, 03/2232, 03/2233 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт шинжээчээр “******" Х*******-нийг томилон үнэлгээ хийх болохыг мэдэгдэж, шинжээчийг татгалзах эсэх талаарх саналыг авахаар албан бичиг хүргүүлсэн боловч талуудаас аль аль нь шинжээчээр “******” Х*******-иас татгалзсан хариу ирүүлээгүй болно.

Иймд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай тогтоолоор "******" Х*******-ийг шинжээчээр томилсон бөгөөд Шүүх шинжилгээний хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан дагуу Шинжээчийн эрх үүрэг, хариуцлагыг нэг бүрчлэн тэмдэглэлд тусган, танилцуулж гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжилсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө” гэж заасны дагуу үнэлгээний тайланг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр танилцуулсан.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2.3, 8.3.9-д заасны дагуу орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханш болон тухайн хөрөнгийн насжилт, элэгдлийн байдал, адил төстэй хөрөнгийн үнийн харьцуулалт зэрэг нөхцөл байдлыг харгалзан үнэлгээ хийж, хөрөнгийн үнэлгээ хийсэн газар, үнэлгээчингийн гарын үсэг, тамга тэмдэг, мөн зургаар баримтжуулсан байна. Мөн төлбөр төлөгч талууд хөрөнгийн мэдээлэл болон үнийн санал авахаар шинжээч удаа дараа холбогдсон боловч нэг ч удаа өөрийн хөрөнгийн үнийн санал болон хөрөнгийн мэдээлэл өгөхгүй, хөрөнгийн үнэлгээ хийхэд их чирэгдэл учруулж байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу зохион байгуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Монгол шуудангийн шууданчийн гардуулалтын хуудас, фото зургууд, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ****** дугаартай “******” Х*******-ийн үнэлгээний тайлан, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/04 дугаартай итгэмжлэл, М.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. /хх 6,7,8,9, 20-61,66,67,179 хуудас/

4.Хариуцагчаас улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ****** дугаартай “******” Х*******-ийн үнэлгээний тайлан, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай шинжээч томилох тухай тогтоол, шинжээчийн эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэл, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 03/2232 дугаартай “үнийн санал ирүүлэх тухай” албан бичиг, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 03/2231 дугаартай “үнийн санал ирүүлэх тухай” албан бичиг, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 22071069/18 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 22071009/17 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 22071069/13 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай гүйцэтгэх хуудас, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 23071762/07 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 23071762/06-3 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 23071762/04-1 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 23071762/05-2 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 135/ГХ2023/00581 дугаартай гүйцэтгэх хуудас, 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 23071762 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 22071070/03-1 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 219 дугаартай гүйцэтгэх хуудас, итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. /хх 91,96-127,1 хуудас/

5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “******” Х*******-иас тусгай зөвшөөрлийн цахим тодорхойлолтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. /хх139,141 хуудас/

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “******* *******” *******-ийн хариуцагч ****** холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгчээс “...Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн дугаар тогтоолоор “******* *******” *******-аас 5,862,250,942 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 29,539,407 төгрөгийг тус тус гаргуулж Төрийн банканд олгож, дээрх төлбөрийн үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүх шийдвэрлэсэн. Үүний дагуу дугаартай гүйцэтгэх хуудас олгосон. Мөн Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай шийдвэрээр “******* *******” *******-ийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн 1 дүгээр багт байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 6840 м.кв талбайтай, спорт, сургалт, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахаар даалгасан. Гүйцэтгэх баримт бичигт заасан барьцаа хөрөнгүүдэд үнэлгээ тогтоолгохоор шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай тогтоол үйлдсэн байх бөгөөд уг тогтоолоор хэд хэдэн төлбөр авагчид барьцаалсан хөрөнгүүдэд нэгтгэн үнэлгээ тогтоолгохоор “******” Х*******-ийг шинжээчээр томилсон байна. Төлбөр авагч Төрийн банк болон “******” Х*******-д холбогдох шүүхийн шийдвэр нь өөр өөр улсын бүртгэлд бүртгэгдсэн хөрөнгүүдийг барьцаалсан, хэд хэдэн гүйцэтгэх баримт бичигтэй атал нэг тогтоолоор хөрөнгийн үнэлгээ тогтоолгох үйл явцыг хэрэгжүүлсэн нь үндэслэлгүй, хуульд заасан нэгтгэн гүйцэтгэх шийдвэр гаргасан эсэх нь тодорхойгүй, энэ талаар төлбөр төлөгчид танилцуулаагүй, мөн хуучин хүчингүй болсон хууль хэрэглэж тогтоол үйлдсэн, хүчин төгөлдөр хуулийн дагуу шинжээчид эрх үүрэг хариуцлагыг танилцуулаагүй, томилогдсон шинжээч нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй гэж үзэх үндэслэлгүй, хөрөнгийн үнэлгээ бодитой тогтоогдоогүй, үнэлгээг хуучин хуульд нийцүүлэн гаргасан баримт бичгүүдийг үндэслэн тогтоосон, ямар баримт бичиг, юуг үндэслэж хөрөнгийн үнэлгээ хийсэн нь тодорхойгүй байх тул шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дүгээр тогтоолоор “******” Х*******-аас тогтоосон хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлж байна.

3.Хариуцагчаас “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хөрөнгийн үнэлгээ хуульд нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

4.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

-Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай гүйцэтгэх хуудсаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн дугаар тогтоолоор

Төлбөр төлөгч “******* *******” *******-аас 5,862,250,942 төгрөг,

Хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох “******* *******” *******-ийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт байрлах агуулахын барилгын зориулалттай, 3620 м.кв талбайтай дугаартай, эд хөрөнгийн өмчлөх эрхийн дугаар гэрчилгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 532 метр урттай төмөр зам, хоногт 150 тонн улаан буудай боловсруулах хүчин чадалтай Алапала брэндийн гурилын үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, гурилын үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагаанд зориулсан түүхий эд, бэлэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны шаардлагатай бараа материал, бэлдэц, ирээдүйн борлуулалтын орлого, бусдаас авах бүх авлага, Дархан сумын 1 дүгээр багт байрлах үйлдвэрийн зориулалттай 7860 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт байрлах үйлдвэрийн зориулалттай 7860 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт байрлах 8748 м.кв талбайтай контор, граж, механик цехийн барилга, Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 3428 м.кв талбайтай, дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, дүүргийн 5 дугаар хороо, Төгөл хус хотхоны 9 дүгээр байрны 6 тоот, 6 өрөө, 171.6 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар,

Хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 29,539,407 төгрөгийг тус тус гаргуулж, төлбөр авагч Төрийн банк Х*******-д олгохоор заажээ.

-Мөн Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 219 дугаартай гүйцэтгэх хуудсаар:

Төлбөр төлөгч “******* *******” *******-аас барьцааны зүйл болох ******* ******* *******-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, багт байрлалтай, улсын бүртгэлийн дугаартай, 6840 м.кв талбайтай, спорт, сургалт үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж, төлбөр авагч Төрийн банканд олгохоор тусгажээ. /хх127х/

-Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 135/ГХ2023/00581 дугаартай гүйцэтгэх хуудсаар:

Төлбөр төлөгч “******* *******” *******-иас 2,033,954,550 төгрөгийг гаргуулж, төлбөрийг сайн дураар эс төлбөл “******* *******” *******-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, ****** 566 м.кв Соёл урлаг, олон нийтийн үйлчилгээний зориулалттай, 000536542 гэрчилгээний дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, ******, 1396.5 м.кв талбайтай контор, үйлчилгээний зориулалттай, 000536541 гэрчилгээний дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг, Дархан сум, багт байрлах тариа хатаах зориулалттай, 936 м.кв талбайтай, цэвэрлэгээний зориулалттай, 000232696 гэрчилгээний дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, улсын тэмдэгтийн хураамжид 10,397,923 төгрөг гаргуулж, төлбөр авагч “******” Х*******-д олгохоор заажээ. /хх124х/

-2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 23071762 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор дээрх 581 тоот гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байх ба 219, дугаартай гүйцэтгэх баримт бичигт мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа талаар зохигчид тайлбарлаж, энэ үйл баримтад маргаангүй байна. /хх125х/

-Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангиас нэхэмжлэгч “******* *******” *******-д шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлж, эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дугаартай үйлдвэрийн барилга, дугаартай тарианы агуулах, дугаартай тариа хатаах зориулалттай барилга, дугаартай соёл урлаг, үйлчилгээний зориулалттай барилга, дугаартай контор үйлчилгээний барилга, дугаартай үйлчилгээний барилга зэрэг хөрөнгүүдийг хураасан байна. /хх116,117,118,120,121,122,123,126х/

-Хариуцагчаас 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 03/2231 болон 03/2232 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч “******* *******” *******-д дуудлага худалдаа явуулах үнийн саналыг ирүүлэхийг мэдэгдсэн байна. /хх114,115х/

-Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”-оор дээр дурдсан , 219, 581 дугаартай гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үнэлгээг тогтоолгохоор “******” Х*******-ийг шинжээчээр томилж, эрх үүрэг хариуцлага танилцуулсан тэмдэглэл үйлдсэн байна. /хх110-113х/

Үнэлгээ тогтоолгох эд хөрөнгүүдийг “******* *******” *******-ийн өмчлөлийн:

1.Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт байрлах агуулахын барилгын зориулалттай, 3620 м.кв талбайтай дугаартай үл хөдлөх эд хөрөнгө,

2.Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 532 метр урттай төмөр зам,

3.Алапала брэндийн гурилын үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл,

4.Дархан сумын 1 дүгээр багт байрлах үйлдвэрийн зориулалттай 7860 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт байрлах үйлдвэрийн зориулалттай 7860 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө,

5.Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 3428 м.кв талбайтай, дугаартай үл хөдлөх эд хөрөнгө,

6.Дархан-Уул аймаг, Дархан сум, багт байрлалтай, улсын бүртгэлийн дугаартай, 6840 м.кв талбайтай, спорт, сургалт үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

7.Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, ****** 566 м.кв Соёл урлаг, олон нийтийн үйлчилгээний зориулалттай, дугаартай үл хөдлөх эд хөрөнгө,

8.Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, ******, 1396.5 м.кв талбайтай контор, үйлчилгээний зориулалттай, дугаартай үл хөдлөх эд хөрөнгө,

9.Дархан-Уул аймаг, Дархан сум, багт байрлах тариа хатаах зориулалттай, 936 м.кв талбайтай, цэвэрлэгээний зориулалттай, дугаартай үл хөдлөх эд хөрөнгө гэж дурджээ.

-“******” Х*******-ийн үнэлгээний тайлангаар тогтоолд дурдсан эд хөрөнгүүдийг нийт 39,399,506,876 төгрөгөөр үнэлжээ. /хх20-41, 96-105х/

-Хариуцагч нь үнэлгээний тайланг хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад танилцуулж, тэмдэглэл үйлдсэн байна. /хх106,107х/

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан ба нэхэмжлэгч нь үнэлгээний тайланг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шуудангаас хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хуулийн хугацаанд гомдлоо гаргажээ. /хх7х/

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Дараах хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.1-д заасан үнэлгээчнээр үнэлүүлнэ: 55.2.2.үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө” гэж зааснаар талууд үнэлгээний талаар саналаа ирүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэгч үнэлгээчин томилжээ.  

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны цар хүрээ, хамрах нутаг дэвсгэрийг харгалзан гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх зорилгоор хоёр, түүнээс дээш шийдвэр гүйцэтгэгчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг даалгаж болно” гэж, 25.2-т “Энэ хуулийн 25.1-д заасан шийдвэрийг улсын хэмжээнд ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, орон нутгийн хэмжээнд ахлах шийдвэр гүйцэтгэгч гаргах бөгөөд ажлын хэсгийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хариуцсан тойргийн шийдвэр гүйцэтгэгч ахална” гэж, 25.3-д “Нэг төлбөр төлөгчид холбогдуулан хөрөнгийн шинжтэй хэд хэдэн шаардлагыг гүйцэтгэх зорилгоор хэд хэдэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн бол энэ хуулийн 25.2-т заасан шийдвэр гаргах журмын дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн нэг шийдвэр гүйцэтгэгчид даалгаж болно” гэж хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, дээрх хуульд зааснаар нэг төлбөр төлөгчид холбогдуулан хөрөнгийн шинжтэй хэд хэдэн шаардлагыг гүйцэтгэх зорилгоор хэд хэдэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн бол иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн нэг шийдвэр гүйцэтгэгчид даалгаж болох ба энэ тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгч нэгтгэх шийдвэр гаргасны үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэж явуулахаар зохицуулсан байна.

8.Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар төлбөр авагч “Төрийн банк” Х*******, “******” Х******* нарын нэг төлбөр төлөгчтэй тусдаа гүйцэтгэх баримт бичигтэй иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу нэгтгэн явуулах талаар эрх бүхий этгээд шийдвэр гаргаагүй байхад хөрөнгө үнэлэх иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нэг тогтоолоор шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээний тайланг нэгтгэн гаргуулсан болох нь тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгчээс “...шийдвэр гүйцэтгэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүх шинжилгээний хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан, эрх, үүргийг шинжээчид танилцуулаагүй, хүчингүй болсон хууль хэрэглэж, тогтоол үйлдсэн” гэж маргаж байх ба хэрэгт авагдсан шинжээч томилох тухай тогтоол, шинжээчийн эрх үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэл /хх110-113х/ зэргээр шийдвэр гүйцэтгэгч нь хүчингүй болсон хуулийн зүйл заалтыг тогтоолдоо дурдаж, түүний дагуу шинжээчид эрх үүрэг, хариуцлагыг танилцуулсан нь хуульд нийцсэн гэж үзэхгүй.

Шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тухай 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай тогтоол нь хуульд нийцээгүй байх тул тухайн тогтоолын дагуу гарсан хөрөнгийн үнэлгээг үндэслэл бүхий гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ****** дугаартай “******” Х*******-аас тогтоосон хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй.

9.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.7-д зааснаар 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ****** дугаартай “******” Х*******-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.НОМИН