Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2017/0214/З |
Дугаар | 221/МА2017/0573 |
Огноо | 2017-08-10 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2017/0573
Ч.З-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 401 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ч.З-ын нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 401 дүгээр шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.6, 29 дүгээр зүйлийн 29.1, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.1.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.З-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн б/15 дугаар тушаалыг хүчингүй болгож, Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин 4.753.016 төгрөг, онцгой албан нэмэгдэл 1.403.270 төгрөг, нийт 6.156.286 төгрөгийг Налайх дүүргийн Засаг даргаас гаргуулж, дэвтэрт зохих бичилт хийхийг даалгаж” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М давж заалдах гомдолдоо: “Шүүхээс “...Ч.З-ын Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар ажил тасалсан үндэслэлээр ажлаас халсан шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Дүүргийн Засаг даргын Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан Ч.З нь улс төрийн албан тушаалтны хувьд улс төрийн хариуцлага хүлээж, хуулийн дагуу ажлаас чөлөөлөгдөнө гэдгээ ухамсарлан ойлгож байсан боловч, тэртэй тэргүй ажлаас чөлөөлөгдөх юм чинь яасан ч яахав гэсэн сэтгэлээр хандаж, ажлаас чөлөөлөх тухай Засаг даргын албан ёсны шийдвэр гаргаагүй байхад төрийн ажлын залгамж чанарыг умартан ажил, албан тушаалаа сайн дураараа орхин ажил тасалж явсан. Ийм учраас Засаг дарга захирамж гарган хууль, тогтоомж, хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн. Хэрэв Ч.З нь Засаг даргын Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчийн хувьд шинээр томилогдсон Засаг даргад ажлаа танилцуулан, хууль, тогтоомжийн дагуу зохих ёсоор ажиллаж байсан бол сахилгын шийтгэл, ногдуулах шаардлагагүй байсан.
Ч.З нь 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс ээлжийн амралтын тушаалаа гаргуулж, ээлжийн амралтын олговроо авч амралтаа биеэр эдэлсэн байдаг. Түүнийг ээлжийн амралтын тушаал, цалингийн картыг нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан талаар удаа дараа тайлбарласан боловч нэг талыг баримталсан шийдвэр гарсан.
Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.12-т зааснаар бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогчийг хамааруулсан байна. Ч.З нь төрийн улс төрийн албан тушаалыг эрхэлж байсны хувьд төрийн ажилд үргэлжлүүлэн ажиллах төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдахгүй бөгөөд шинээр томилогдсон Засаг даргын орлогчийн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах эсэх нь тухайн Засаг даргын эрх хэмжээнд хамаарах асуудал юм.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т зааснаар дүүргийн Засаг даргын орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх эрхийг дүүргийн Засаг дарга эдэлдэг. Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар хуралдаанаар бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон дүүргийн Засаг даргын орлогч нарыг ажил албан тушаалаас нь чөлөөлөх саналыг танилцуулж, зөвшөөрөхийг дэмжиж шийдвэрлэсэн байхад уг эрхэд шүүхээс халдаж дүүргийн Засаг даргын орлогчоор эргүүлэн томилох шийдвэрийг гаргах нь зохисгүй юм.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу эгүүлэн тогтоох эрх нь Засаг даргын бүрэн эрхэд хамаарах тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэхэд шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Налайх дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Ч.З-ыг тус дүүргийн Засаг даргын Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор томилж, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 40.2.3, 40.2.5-д заасныг тус тус үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс ажил, үүргээ орхин, ажил тасалж хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэж үзэн уг албан тушаалаас чөлөөлжээ.
Ч.З нь Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагчийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/15 дугаар тушаалын үндэслэл буюу Ч.З ажил үүргээ орхин, ажил тасалж хөдөлмөрийн дотоод журмыг зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Харин Ч.З-ын гаргасан “ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна, 6.1.12-т “бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч” гэж заасан бөгөөд дүүргийн Засаг даргын орлогч нь улс төрийн албан тушаалтан юм.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 31.1.2-т “сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж дүүргийн Засаг даргын эрх хэмжээг зааж өгсний дагуу 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд тус дүүргийн Засаг дарга “Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон дүүргийн Засаг даргын Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Ч.З-...... нарыг ажил, албан тушаалаас нь чөлөөлөх” гэж Ч.З-ыг чөлөөлөх саналыг гаргажээ.
Уг хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцээд Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар тэмдэглэлд “...Засаг даргын орлогч нарт хийсэн ажлын үр дүнг дүгнэж, хариуцлага тооцох, мөн холбогдох хууль тогтоомж болон Нийслэлийн Засаг даргаас баталсан бүтэц, орон тооны дагуу Засаг даргын орлогчийг томилон ажиллуулах саналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулж, зөвшилцөхийг Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар дэмжив” гэж шийдвэрлэсэн байх бөгөөд Ч.З-ыг тус дүүргийн Засаг даргын Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчийн албан тушаалаас чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн гэж үзэхээр байна.
Анхан шатны шүүх “...уг хуралдаанаар Засаг даргын орлогч нарын асуудлыг дахин оруулж ирж, зөвшилцөхөөр шийдвэрлэсэн байна...” гэж нотлох баримтыг буруу үнэлсэн.
Төрийн албан хаагчийг ажил, албан тушаалаас халсан шийдвэр нь үндэслэлгүй ба томилох эрх бүхий албан тушаалтны хувьд түүнийг үргэлжлүүлэх ажиллуулах үүрэгтэй байсан нь тогтоогдсон тохиолдолд төрийн албан хаагчийг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гаргах боломжтой байдаг бөгөөд Налайх дүүргийн Засаг даргад Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор Ч.З-ыг үргэлжлүүлэн ажиллуулах үүрэг үүсэхээргүй байна.
Хэдийгээр шүүхээс Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь улс төрийн албан тушаалтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэл болохгүй юм.
Ч.З-ын Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаатай холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...”-ыг олгоно гэж заасны дагуу “ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА