Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 214

 

                                                                           

Б.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар магадлалтай, Б.М-д холбогдох 1816002000108 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Д овогт Б-ын М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.М-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг бодитой тогтоогоогүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаажээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ гаргасан гомдолдоо “Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгохдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж дүгнэсэн атлаа ямар журам зөрчсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээ, шинж чанарыг бодитой тогтоогоогүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй болно. Хохирогч нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн үеэс өмгөөлөгчтэй оролцсон бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад хохирлыг дахин тогтоолгох талаар ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй байхад давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр тогтоогдоогүй нөхцөл байдлыг шийдвэрийн үндэслэл болгохгүй гэж заасан байхад хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдоогүй нүдний сохролыг тогтоолгохоор шийтгэх тогтоолыг хүчингүй болгосныг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгчийн учруулсан гэмтлээс шалтгаалж, хүндэрч нүд сохорсон бол иргэний хэргийн шүүхээр хохирлоо нэхэмжлэх бүрэн эрхтэй болно. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.  

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.М-гийн үйлдсэн гэмт хэргийн хувьд хэрэгт цугларсан нотлох баримаар бүрэн нотлогдсон боловч хохирогчийн зүүн нүдэнд учирсан гэмтлийг бүрэн шалгаж тогтоогоогүй байна.  О.Мягмартүшин анх хохирогчоор мэдүүлэг өгөхдөө нүд нь юм харахгүй байгаа талаар мэдүүлсэн байхад энэ талаар ажиллагаа хийгээгүй орхигдуулсан байна. Шүүгдэгч Б.М ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлого олох боломж нь тодорхойгүй байхад анхан шатны шүүхээс түүнд хуульд заасан торгох ял оногдуулсан нь үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн Б.М-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Б.М-г 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг дэвсгэрт хохирогч О.М-г зодож, эрүүл мэндэд нь гавлын суурийн зүүн их бага далавч ясны хугарал, тархины зүүн дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, зүүн хоншоор, хацар, зүүн чамархай ясны хацрын сэртэн, баруун ухархайн дээд ханын хугарал, зүүн хацар, шанаа, чамархай, нүд орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байх тул шүүхийн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлэхийн тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой билээ.

Хохирогч энэхүү хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах замаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлдэг.

Гэтэл хохирогч О.М нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн шүүхийн хэлэлцүүлэг хүртэл өгсөн мэдүүлэгтээ зүүн талын нүд нь юм харахгүй байгаа талаар удаа дараа мэдүүлсээр байтал энэ талаар мөрдөгч, прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулалгүй хохирогчийн эрхийг ноцтой зөрчжээ.

Нөгөө талаараа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийн тулд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, хохирол, хор уршгийн хэмжээг бодитой тогтоох нь чухал юм.  

Хохирогч О.М-ийн зүүн нүдэнд гэмтэл учирсан эсэх, хэрэв гэмтэл учирсан бол энэ нь шүүгдэгч Б.М-гийн үйлдлийн улмаас учирсан эсэх болон учирсан хор уршгийн хэмжээ зэргийг тогтоолгохоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН