Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2016/00869

 

Ц.Дэнсмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2016/00302 дугаар шийдвэртэй,

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 78 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Ц.Дэнсмаагийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч байгууллага: Орхон аймгийн Засаг даргад холбогдох, 

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Дэнсмаа, түүний өмгөөлөгч С.Батмөнх-очир, хариуцагчийн төлөөлөгч Л.Түмэннаст, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цэцэрлэг дээр хүүхдээ оруулмаар гэж нэг хүн удаа дараа ирсэн учир би “...сургуульд орох хүүхэд учир авья манай цэцэрлэгийн 40 жилийн ой болж байгаа та 20000 хүртэл төгрөгийн хандив өгөх боломжтой юу?...” гэж асуухад тэр хүн боломжгүй гэж хариулаад Би аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Чулуунбат гэж хүн байна Чи наад хүүхдээ авах юм уу үгүй юмуу” гэж загнасан. Ингээд маргааш нь намайг Д.Чулуунбат төлөөлөгч дуудаж “...Энэ авилгачыг ажлаас хал өөр ямар ч асуудал байхгүй...” гэж хэлсэн. Мөн хурлын төгсгөлд “Тайлбар заавал бичиж өг. Чиний хэлсэн ярьсан бүх зүйлийг утсан дээрээ хураасан байгаа” гэж шахаж шаардаж, эхний бичсэн тайлбарыг “Буруу байна дахин бичиж өг, чи санал болгосон гэдгээ бич” гэж тулган шаардаж дахин бичүүлсэн. Ийнхүү аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Чулуунбат нь өөрийн хувийн ажилтныхаа хүүхдийг цэцэрлэгт оруулахын тулд эрх мэдлээ ашиглаж, намайг дарамталж ажлаас халах саналыг Засаг даргад хүргүүлсний дагуу 2015.10.09-ний өдрийн Б/22 тоот захирамжийг гарсан. Миний үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан бөгөөд 10 сарын цалин бууруулан цалингаас суутгасан. Сахилгын шийтгэлийг эдэлж байх хугацаанд засаг дарга 2015.10.28-ны өдөр А/534 захирамжийг гаргаж, өмнөх захирамжийг хүчингүй болгож улмаар 2015.11.04-ний өдрийн Б/23 тоот захирамжийг гаргаж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, намайг ажлаас халсан. Би тухайн иргэнийг заавал хандив өг гэж шаардаагүй бөгөөд өгөх боломжтой эсэхийг л асуусан. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх хүсэлтэй байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Иргэн Ц.Давааням, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Чулуунбат нараас Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Дэнсмаа нь “иргэнээс хандив нэхсэн” гэх гомдлын талаар шалгаж тодруулахад Ц.Дэнсмаа нь иргэн Ц.Даваанямаас цэцэрлэгийн 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаанд зориулж 20000-30000 төгрөгийн хандив өгвөл хүүхдийг цэцэрлэгт авна гэдэг шаардлага тавьж, иргэн татгалзахад хүүхдийг нь авах боломжгүй гэсэн хариу өгсөн нь дээрх иргэний өргөдөл, Ц.Дэнсмаа аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэст 2015.9.18-ны өдөр бичгээр гаргасан тайлбар, мөн өдрийн аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын өрөөнд болсон хурлын тэмдэглэлээр нотлогдсон байгаа. Мөн өөрөө үүнийг хүлээн зөвшөөрдөг. Тойргийн бус буюу харьяаллын бус хүүхдийг цэцэрлэгт хамруулахгүй байх талаар ямар нэг хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр байдаггүй бөгөөд хэрэв мөнгө өгвөл хүүхдийг цэцэрлэгт хамруулна, өгөхгүй бол тойргийн бус хүүхэд гэдэг шалтгаанаар татгалзаж байгаа үйлдэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17.1 дэх заалтыг зөрчиж байгаа болно. Ц.Дэнсмаагийн гаргасан зөрчилд хуулийн дагуу хариуцлага тооцож аймгийн Засаг даргын 2015.11.04-ний өдрийн Б/23 дугаар захирамжаар Ц.Дэнсмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, албан тушаал бууруулан ажлаар хангах арга хэмжээ авахыг аймгийн Боловсрол соёлын газрын даргад даалгасан. Дээрх захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор 8 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар Ц.Дэнсмааг 8-р цэцэрлэгийн арга зүйчээр ажиллуулах шийдвэрийг гаргасан байна. Ц.Дэнсмаагийн гаргасан зөрчилд хуулийн дагуу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 3.1, 3.2, 3.5, 4.2-ийн д, е заалтуудыг үндэслэн албан тушаал бууруулж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох арга хэмжээ авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 302 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Ц.Дэнсмааг Орхон аймгийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Орхон аймгийн Засаг даргаас 3.447.614 төгрөгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шимтгэл тооцон гаргуулж Ц.Дэнсмаад олгуулж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Дэнсмаагийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасан байна.

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 78 дугаартай магадлал гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэн Ц.Даваанямтай ярилцаж байхад нярав байсан бөгөөд гэрчээр орохдоо дарамталж, сүрдүүлсэн зүйл байхгүйг нотолдог. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байна. Иргэн Ц.Даваанямын хүү нь 2015.9.22-ны өдрөөс одоог хүртэл сургуулийн өмнөх насны боловсролыг хүргэж байгаа учир хөдөлмөрийн гэрээний 4.2-ийн “д” заалтыг зөрчөөгүй. Засаг даргын Б/22 захирамжийн дагуу миний үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан бөгөөд заасан хувиар бууруулсан, 10 сарын цалингаас 138.840 төгрөгийг суутгасан. Би 2015.11.04-нд ажлаас халагдсан боловч халагдсанаас хойш 43 хоногийн дараа буюу 2015.12.16-нд буцаан олгосон. Тиймээс сахилгын 1 зөрчилд 2 арга хэмжээ тооцсон гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж болох боловч Засаг дарга “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр, “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлого”, “Боловсрол” хөтөлбөр зэргийг анхаарч үзээгүй, байгуулсан гэрээний үр дүнгийн хэрэгжилтийг үнэлээгүй байна. Түүнчлэн, зөрчил гэж дүгнэх үндэслэл болсон Засаг даргын Тамгын газрын хууль зүйн хэлтэст 2015.9.18-ны өдөр бичгээр гаргасан тайлбар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын өрөөнд болон хурлын тэмдэглэл гэх баримт хэрэгт авагдаагүй байх ба цэцэрлэгийн тохижилтын ажилд хандив өгөх боломжтой эсэхийг асуусан үйлдлийг хандив тусламж хүссэн идэвхитэй үйлдэл буюу зөрчил гаргасан эсэхийг шалгаж ажиллагаа явуулаагүй, энэ талаарх баримт хэрэгт байхгүй байхад сахилгын зөрчил гаргасан гэж үзэж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т зааснаар сахилгын зөрчил гарснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ноогдуулна гэснийг зөрчсөн байх тул энэ гомдлыг гаргаж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ц.Дэнсмаа нь Орхон аймгийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага тавьсныг хариуцагч байгууллага буюу Орхон аймгийн засаг дарга зөвшөөрөөгүй маргасан байна.  

Нэхэмжлэлийг хангасан  анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг Ц.Дэнсмаа эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргажээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  1. Хэргийн үйл баримтын талаар

Орхон аймгийн Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаартай захирамж гаргаж, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2, Сургуулийн өмнө боловсролын тухай хуулийн 16.1, хөдөлмөрийн гэрээний 3.2, 4.1 “б” заалтыг үндэслэн "...хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан...” гэж  нэхэмжлэгчийн цалинг 3 сар 20 хувиар бууруулсан боловч мөн сарын 28-ны өдөр а/534 дугаар захирамж гарган Б/22 захирамжийг хүчингүй /хх 4, 5/ болгожээ.                                                           

Хариуцагч нь А/534 дугаар захирамж гаргаж А/22 захирамжийг хүчингүй болгосны дараа 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Б/23 тоот захирамж гаргаж /хх 6/ Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.8, 40.1.4, 50.2, Боловсролын тухай хуулийн 30.1.15, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.3, хөдөлмөрийн гэрээний 3.1,3.2,3.5,4.2-ийн д, е-г баримтлан “...бусдаас цэцэрлэгийн хэрэгцээнд зориулан санхүүгийн туслалцаа хүсч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17.1 дэх заалтыг зөрчсөн...” гэсэн үндэслэл зааж, нэхэмжлэгчийн албан тушаал бууруулж, гэрээг дуусгавар болгосон байна.

Ц.Дэнсмаа нь дээр дурдсан захирамжуудыг буюу Орхон аймгийн Засаг даргын 2015 оны Б/22, А/534, А/22 дугаар захирамжийг нэхэмжлэлийн үндэслэл болгожээ.

Магадлалыг хүчингүй болгох үндэслэлийн талаар

а/ Орхон аймгийн Засаг дарга 2015 оны 10 дугаар  сарын 09-ний өдрийн Б/22 дугаар захирамжаар “...бусдаас цэцэрлэгийн хэрэгцээнд зориулан санхүүгийн туслалцаа шаардсан...” гэсэн үндэслэлээр Ц.Дэнсмаад хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, цалингаас нь суутгал хийсэн атлаа дахин 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Б/23 дугаар захирамж гаргаж хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсгийн “...сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй...” гэснийг зөрчжээ.

б/ Хариуцагч 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Б/23 тоот захирамж гаргаж Ц.Дэнсмаагийн албан тушаалыг бууруулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт нийцээгүй буюу хөдөлмөрийн гэрээний нэг тал болох /хх 7-8/ нэхэмжлэгчид хуульд байхгүй сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу байна.

в/. Ц.Дэнсмаа нь “...бусдаас санхүүгийн туслалцаа шаардсан...” гэх зөрчлийг 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан, үүнийг хариуцагч тухайн өдөр мэдсэн талаар зохигчид маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.

2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан зөрчилд хариуцагч 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсгийн “...сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна...” гэснийг зөрчсөн тул Б/23 тоот тушаал хууль бус байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгов.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлийн талаар:

Ц.Дэнсмаагийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Засаг даргад холбогдох хэргийг анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсгийн “...сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна...” гэснийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Сахилгын зөрчлийг илрүүлсэн бол тэр өдрөөс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулж болно. Харин  илрүүлээгүй байсан бол сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах боломжтой бөгөөд зөрчил гарснаас хойш зургаан сар өнгөрсөн бол илрүүлсэн ч арга хэмжээ авах боломжгүй.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн боловч хэргийн бусад нөхцөл байдлын талаар уг хуульд нийцсэн дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 78 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2016/00302 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                  Б.УНДРАХ