Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2019/0923

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар Д ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Д ХХК /РД:****/

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: 'Газар ашиглах эрхийг дуусгавар болгох. газар ашиглах зөвшөөрөл олгох тухай Байгаль орчин. ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн ** тоот тушаалын Д ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэжээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нарийн бичгийн дарга Э.Батболд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр А/220 тоот тушаалаар Нийслэлийн Хан-Уул дүүрэг Богдхан уулын дархан цаазат газрын Түрэгний ам"-нд Д ХХК-д 5 га газрыг Аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг олгосон. Гэвч уг эрхийг 2016 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн ** тоот тушаалаар хүчингүй болгосон байх бөгөөд энэ талаар Д ХХК-д Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдээгүй тул бид 2019 оны 03 дугаар сарын 25-нд 19/22 тоот албан бичгээр БОАЖЯ-нд хандаж, бидний Түргэний аманд авсан газрыг 2016 оны 08-р сарын 24-ний өдрийн ** тоот тушаалаар цуцалсан болохыг Д ХХК-д мэдэгдсэн эсэх хэрэв мэдэгдсэн бол мэдэгдсэн албан бичгийн хуулбарыг авах мэдэгдэл хүргүүлээгүй бол энэ талаараа бидэнд албан бичгээр мэдэгдэхийг хүссэн. Уг хүсэлтийн хариуг БОАЖЯ-наас 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 10/3126 тоот "Тайлбар хүргүүлэх тухай" албан бичгээр ирүүлжээ. Уг албан бичигт дурдсанаар манай газрын эрхийг цуцалсан талаарх мэдэгдлийг манай албан хаягаар хүргүүлсэн гэх бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 28-нд хаяг дээрээ байхгүй гэсэн шуудангийн магадалгаагаар буцан ирсэн гэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д "Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэнээс хойш 10 өдөр өнгөрсний дараа уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно" гэсэн байх бөгөөд ү үнээс үзэхэд Б0АЖЯ захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг хуульд заасны дагуу бүрэн хийгээгүй гэж үзэж байна. Үүний улмаас Д ХХК нь өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн захиргааны актыг мэдэгдээгүй өнгөрсөн буюу яамнаас захиргааны актьг Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдээгүй өнгөрчээ.

БОАЖ-ын яамны сайдын 2016 оны ** тоот тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар 47.1.6-д заасан "иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад хууль зөрчиж гаргасан илт хууль бус захиргааны акт гэж үзэх дараах үндэслэл байна. Үүнд:

БОАЖ-ын яамны сайдын 2016 оны ** тоот тушаал нь газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай хууль тогтоомжоор тогтоосон үндэслэлд нийцээгүй холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байна. Тодруулбал, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай Монгол Улсын хуулийн 40 дүгээр зүйлийн 1-д Газрын тухай хуулийн 39 дүгээр зуйлд заасан үндэслэлээр болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд газар ашиглах эрх дуусгавар болохоор тогтоожээ. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй, газар эзэмшигч аж ахуй нэгж татан буугдсан. эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан, газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон, газрын тусгай хэрэгцээнд авч нөхөн олговрыг газар эзэмшигчид бүрэн төлсөн тохиолдлуудад газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор заасан байна. Д ХХК нь дээрх хуулийн заалтуудыг огт зөрчөөгүй, газар ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээний 5 жилийн хугацаа дуусаагүй. компани татан буугдаагүй, тухайн газар нь тусгай хэрэгцээнд авагдаагүй болно

Ийнхүү газар ашиглах эрхийг дуусгавар болгох хууль зүйн үндэслэл байхгүй байхад БОАЖ-ын сайд энэхүү тушаалыг хуулиар гадуур, өөрийн үзэмжээр гаргаснаараа Д ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчиж байна

БОАЖ-ын сайдын ** тоот тушаалын үндэслэх хэсэгт Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 324 тоот Тогтоолыг дурьджээ. Засгийн газрын 2015 оны 324 тоот Тогтоолоор "Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр'-ийг баталсан байх бөгөөд үг хөтөлбөрт аялал жуулчлалын бүсчлэл, дэд бүтэц, бүтээгдэхүүн үйлчилгээ, мэдээллийг хөгжүүлэх зорилт тусгагдсанаас бус түүнд газар ашиглах эрхийг дотоодын аж ахуйн нэгжүүдээс ямар ч үндэслэлгүйгээр шууд дуусгавар болгох замаар буцаан авах тухай огт тусгагдаагүй байна

Харин тушаалын тогтоох хэсэгт Монгол Улсын Засгийн газар Кувейт улсын Засгийн газар хооронд байгаль орчныг хамгаалах талаар байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангахаар энэ бүхэнд бусдын газар ашиглах эрхийг дуусгавар болгож байгаа гэх үндсэн агуулга байна. Монгол Улсад Монгол Улсын олон улсын гэрээнд тус улсын хуулиудад зааснаас өөр зохицуулалт тусгагдсан бол олон улсын гэрээний заалтыг нь дагаж мөрддөг жишиг бий. Гэвч БОАЖ-ын сайд хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан санамж бичгийг Монгол Улсын олон улсын гэрээ мэт ойлгож Монгол Улсын хууль тогтоомжоос дээгүүр тооцсон нь хууль бус үйлдэл мөн хэмээн үзэж байна. Санамж бичиг бол олон улсын гэрээ биш тул бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчих хууль зүйн үндэслэл болохгүй юм. Д ХХК-ийн ашиглаж буй газрын ойролцоо Кувейтын судалгааны төв байрладаг бөгөөд БОАЖ-ын сайдын 2008 оны 77 тоот тушаалаар Кувейтын судалгааны төв ТББ-д 3.5 га газрыг мөн 2015 оны А-277 тоот тушаалаар 10.1 га газар ашиглах зөвшөөрөл олгосон байдаг ба Д ХХК-д олгосон газар нь Кувейтын судалгааны төвд ашиглуулсан дээрх газруудтай солбицлын хувьд давхцалгүй болохыг мөн энд дурдах нь зүйтэй.

БОАЖ-ын сайдын 2016 оны ** тоот тушаал нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмын дагуу хийгдвэл зохих ажиллагаанууд нь хийгдээгүй хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад гаргасан илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Тухайлбал, уг тушаалын улмаас эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй талаар эрх нь хөндөгдөж буй хуулийн этгээдийг сонсох зэрэг дээрх хуулиар тогтоосон ажиллагаа хийгдээгүй нь уг тушаалыг илт хууль бус болохыг мөн харуулж байна.

Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн "Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай" Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн ** тоот тушаалын Д ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч талын шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбартаа: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016.07.07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар Д ХХК-нд Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар 5.0 га талбай газар олгосон

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016.08.24-ний өдрийн ** дугаар тушаалаар Монгол улсын засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-д заасан сайдын эрх хэмжээний хүрээнд, Монгол улсын засгийн газар, Кувейт улсын засгийн газар хооронд байгаль орчныг хамгаалах талаар байгуулсан санамж бичгийн дагуу Д ХХК-ний газар ашиглах эрхийг дуусгавар болгосон

Компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус сайдын тушаалыг хүчингүй болгох эсвэл илт хууль бусад тооцуулах нь ойлгомжгүй бөгөөд хүчингүй болгуулах шаардлагын хувьд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан, илт хууль бусад тооцуулах шаардлагын хувьд тушаалд дурдсан үндэслэл бүхий захиргааны акт гарсан.

Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Д ХХК нь Газар ашиглах эрхийг дуусгавар болгох. газар ашиглах зөвшөөрөл олгох тухай Байгаль орчин. ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн ** тоот тушаалын Д ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар Д ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Хан-Уул дүүргийн Түргэний ам-д байрлах 5.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгосон.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай ** дүгээр тушаалаар Монгол улсын засгийн газар, Кувейт улсын засгийн газар хооронд байгаль орчныг хамгаалах талаар байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангах, гадаад дотоодын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх жуулчдын тав тухтай аялах, амрах орчинг нэмэгдүүлэхийн хүрээнд гэсэн үндэслэлээр Д ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газар ашиглах гэрээг цуцалсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасан байна.

Шүүх дээрх заалтын дагуу хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж захиргааны байгууллагаас буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас дахин шинэ акт гарах хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ** дугаар тушаалын Д ХХК-д холбогдох хэсгийг 2 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ. Үндэслэлийг тайлбарлавал:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны Дотоод бүсийг шинэчлэн батлах тухай А/248 дугаар тушаалыг шүүхэд гарган өгсөн ба уг А/248 дугаар тушаалаар дотоод бүсийг шинэчлэн баталсны улмаас маргаан бүхий газар нь Богд хан уулын онгон бүсэд хамаарагдах болсон тул тус газрыг аливаа иргэн, хуулийн этгээдэд ашиглуулах боломжгүй болсон гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно, 36 дугаар зүйлийн 1-д Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглуулах эсэх шийдвэрийг гаргах нь сайдын бүрэн эрх байх ба харин дархан цаазат газрын онгон болон хамгаалалтын бүсэд газар ашиглуулах боломжгүй байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны Дотоод бүсийг шинэчлэн батлах тухай А/248 дугаар тушаалаар Богд хан уулын дархан цаазат газрын дотоод бүсийг шинэчлэн баталсан байх ба уг тушаалын хавсралтаар дотоод бүсийн солбицол, эргэлтийн цэг, хэмжээг нарийвчлан тогтоосон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй,  32.8-д Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй. гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу хариуцагч нь өөрийн маргаж буй үндэслэлээ нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд ийнхүү өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй ба сайдын Дотоод бүсийг шинэчлэн батлах тухай А/248 дугаар тушаалын дагуу маргаан бүхий газар нь Богдхан уулын онгон болон бусад бүсэд хамаарах болсныг тодорхой, ойлгомжтой нотолсон, солбицол, эргэлтийн цэгийг тодорхойлсон, давхцалтай эсэхийг харуулсан кадастрын зургийг шүүхэд гаргаж өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй ба уг зургийг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй юм.

Сайдын дээрх 2017 оны Дотоод бүсийг шинэчлэн батлах тухай А/248 дугаар тушаалын хавсралтын дагуу Д ХХК-д ашиглах эрх олгосон байсан газар нь Богдхан уулын онгон болон бусад бүсэд хамаарах эсэхийг солбицол, эргэлтийн цэгийн дагуу тодорхойлсон кадастрын зураг үйлдэх нь хариуцагчид хуулиар олгогдсон чиг үүрэг бөгөөд хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй байх ба маргаан бүхий газар онгон бүсэд хамаарах эсэхийг солбицол, эргэлтийн цэгийн дагуу тодорхойлсон кадастрын зураг үйлдэх нь шүүхийн чиг үүрэг биш харин хариуцагч захиргааны байгууллагын үүрэг тул нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн ба нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул маргаан бүхий газар онгон бүсэд хамаарах эсэхийг солбицол, эргэлтийн цэгийн дагуу тодорхойлох шаардлагатай байна.

Мөн нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай ** дүгээр тушаалыг манайд мэдэгдээгүй, гардуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д заасны дагуу нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно. гэж заасан байна.

2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны бичиг хэрэг болон веб сайтад шүүхээс үзлэг хийсэн ба сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ** дүгээр тушаал гарсан талаар нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр буюу веб сайтад мэдээ байршуулсан эсэхийг шалгасан болно.

Шүүхийн дээрх үзлэгээр нөхцөл байдлыг шалгахад тус яамны веб сайт шинэчлэгдсэн тул веб сайтын архивын мэдээлэл хадгалагдаагүй байна гэж уг асуудлыг хариуцсан яамны ажилтан тайлбарласан ба манай яамны веб сайтын сервер, дата бааз буюу мэдээллийн бааз М корпорацад хадгалагддаг тул Мын мэдээллийн баазаас шүүж, шалгаж үзсэний үндсэн дээр уг мэдээллийг гаргах боломжтой, шүүж, шалгаж үзэх нь хугацаа шаардсан ажил тул одоо гаргаж өгөх боломжгүй гэж тайлбарласан болно.

Харин шүүхийн дээрх үзлэгээр тус яамны мэдээллийн технологи хариуцсан ажилтан нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлах болсныг болон цуцласныг мэдэгдэж байсан гэх Microsoft word файлыг гарган өгсөн болно.

Дээрх үйл баримтаас үзэхэд мөн маргаан бүхий сайдын тушаалыг нийтэд мэдээлснийг нотлох баримтыг гаргаж өгөх нь хариуцагчийн үүрэг ба энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй юм.

Тодруулбал маргаан бүхий сайдын тушаалыг нийтэд мэдээлснийг нотлох баримтыг гаргаж өгөх нь шүүхийн чиг үүрэг биш харин хариуцагч захиргааны байгууллагын үүрэг ба Мын мэдээллийн баазаас шүүж, шалгаж үзэх нь хариуцагчийн үүрэг тул шүүх үүнийг шалгаж тодруулах боломжгүй, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж шүүх дүгнэлээ.

Эндээс дүгнэвэл хариуцагч нотлох баримт цуглуулах, нягтлан шалгах, шүүхэд нотлох баримт гаргаж өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх ба хариуцагч дээрх нөхцөл байдлуудыг шалган үзсэний дараа Д ХХК-д газар ашиглах эрх олгох эсэхээ хуульд нийцүүлэн шийдвэрлэх нь ёстой юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь дараах нөхцөл байдлуудыг шалган тодруулсны дараа Д ХХК-д газар ашиглах эрх олгох эсэх асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй. Үүнд:

         Д ХХК-д ашиглах эрх олгосон байсан газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны Дотоод бүсийг шинэчлэн батлах тухай А/248 дугаар тушаалд хамрагдсан эсэх буюу Богдхан уулын онгон болон бусад бүсэд хамаарах эсэхийг тодорхой, ойлгомжтой нотолсон, солбицол, эргэлтийн цэгийг тодорхойлсон, давхцалтай эсэхийг харуулсан кадастрын зураг үйлдэх

         Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай ** дүгээр тушаалыг нийтэд мэдээлсэн эсэхийг буюу тус яамны веб сайтад байршуулсан эсэхийг М корпорацийн мэдээллийн баазаас шүүж, шалгаж үзсэний үндсэн дээр маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д заасны дагуу нийтэд мэдээлсэн, мэдэгдсэн эсэхээ нотлох         

Шүүх дээрх нөхцөл байдлуудыг хариуцагч шалгаж тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж шалгаж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн буюу шүүх дээрх нөхцөл байдлуудыг шалгаж тодруулах боломжгүй гэж үзсэн болно.

Хариуцагч нь дээрх нөхцөл байдлуудыг шалган тодруулсны дараа Д ХХК-д газар ашиглах эрх олгох, эсхүл эс олгох асуудлыг шийдвэрлэсэн захиргааны шинэ акт гаргах нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хуулиар олгогдсон бүрэн эрх юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана гэж заасан байна.

Дээрх зохицуулалтаас үзэхэд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь шүүхээс тогтоосон 2 хүртэл сарын хугацаанд дээр дурдсан нөхцөл байдлуудыг шалган шийдвэрлэж, Д ХХК-д маргаан бүхий газрыг ашиглуулах, эсхүл эс ашиглуулах асуудлыг шийдвэрлэсэн шинэ акт гаргаагүй бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай ** дүгээр тушаалын Д ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36-р зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас дахин шинэ акт гаргах хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай ** дүгээр тушаалын Д ХХК-д холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хоёр сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь энэ шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нөхцөл байдлуудыг шалган тодруулсны дараа Д ХХК-д газар ашиглах эрх олгох эсэхийг шийдвэрлэсэн шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас Д ХХК-д газар ашиглуулах эсэхийг шийдвэрлэсэн шинэ актыг шүүхээс тогтоосон хоёр хүртэлх сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай ** дүгээр тушаалын Д ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ