Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/588

 

  

Э.Ө, Ц.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Мөнхөө, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор К.Чимгээ,

шүүгдэгч Э.Өын өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Ц.Мандал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/524 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Дийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Ө, Ц.Д нарт холбогдох 2106000002376 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Б овгийн Эын Ө, 1995 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хадам эцэгийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;

            урьд нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 1077 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, нийт эдлэх ялыг нэмж нэгтгэн 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 358 дугаартай захирамжаар Өршөөлийн үзүүлэх тухай хуульд хамруулан 5 cap 28 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон;

            2. Б овгийн Цын Д, 1989 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;

            урьд Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 451 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 137 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 9 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

            Шүүгдэгч Э.Ө нь 2021 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө -д үйл ажиллагаа явуулдаг “Т” гэх нэртэй цайны газрын цонхоор буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1.449.140 төгрөгийн хохирол учруулсан,

            шүүгдэгч Ц.Дтай бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 13-ны шөнө -д үйл ажиллагаа явуулдаг “Т” цайны газрын вакум цонхыг гараараа түлхэн онгойлгон 974.255 төгрөгийн үнэ бүхий 2 сетик өндөг, ахуйн хэрэглээний жин, цахилгаан цохилттой дрилл, тасдагч, 40 ширхэг кимчитэй гоймон, “Хаан” банкны пос машин, 30 ширхэг ургамлын тос зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 974.255 төгрөгийн хохирол учруулсан,

            Ц.Дтай бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө -д үйл ажиллагаа явуулдаг “Т” цайны газрын вакум цонхыг хагалж, бэлэн мөнгөний кассын машиныг эвдэж, дотор нь байсан 100.000 төгрөгийг авч, ганцаараа болон Ц.Дтай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 2.523.395 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Д, Э.Ө нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б овогт Эын Ө, Б овгийн Цын Д нарыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ц.Д, Э.Ө нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Э.Өт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхийн ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 358 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 cap 28 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялаас эдлээгүй үлдсэн 23 хоногийн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 23 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт тус тус зааснаар Ц.Дид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, Э.Өт оногдуулсан 2 жил 23 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Дийн цагдан хоригдсон 71 хоног, шүүгдэгч Э.Өын цагдан хоригдсон 75 хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Өаас 2.478.017 төгрөгийг, шүүгдэгч Ц.Даас 1.028.878 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Пүрэвээд тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалах, 1 метрийн урттай төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ц.Д, Э.Ө нарт урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ц.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие шүүх хуралдааныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүгдэгч Э.Өын үгээр шүүсэн. Миний бие шүүгдэгч Э.Өтай хэргийн хамтрагч гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний шүүх хуралдаанд хэлсэн бүхэн үнэн, шударга байсан. Харин шүүх Э.Өын үгийг илтэд үгэнд тооцож, миний болон миний өмгөөлөгч Ц.Мандалын авч үзээгүй учир маш их гомдолтой байна. Иймд надад оногдуулсан 2 жилийн хорих ял болон 1.028.878 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгож, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Дийн өмгөөлөгч Ц.Мандал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ц.Дийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхнаасаа буюу хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлээд “санаандгүй уг хэрэгт холбогдсон, хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй” талаараа мэдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх ингэж шийдвэрлэсэн. ...” гэв.

Шүүгдэгч Э.Өын өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Шүүгдэгч Э.Ө анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүгдэгч Ц.Дийн гаргасан давж заалдах гомдолтой холбоотой хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Прокурор К.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолж тогтоосон. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын эрхийг хассан, хязгаарласан зөрчил байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ц.Дийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Э.Ө нь 2021 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө -д үйл ажиллагаа явуулдаг “Т” нэртэй цайны газрын цонхоор буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1.449.140 төгрөгийн хохирол учруулсан,

            шүүгдэгч Ц.Дтай бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 13-ны шөнө -д үйл ажиллагаа явуулдаг “Т” нэртэй цайны газрын вакум цонхыг гараараа түлхэн онгойлгон 974.255 төгрөгийн үнэ бүхий 2 сетик өндөг, ахуйн хэрэглээний жин, цахилгаан цохилттой дрилл, тасдагч, 40 ширхэг кимчитэй гоймон, “Хаан” банкны пос машин, 30 ширхэг ургамлын тос зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 974.255 төгрөгийн хохирол учруулсан,

            шүүгдэгч Ц.Дтай бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө -д үйл ажиллагаа явуулдаг “Т” цайны газрын вакум цонхыг хагалж, бэлэн мөнгөний кассын машиныг эвдэж, дотор нь байсан 100.000 төгрөгийг авч, ганцаараа болон Ц.Дтай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 2.523.395 төгрөгийн хохирол учруулсан гэх эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Шүүгдэгч Э.Ө, Ц.Д нарт холбогдох хэргийн бүрдэл хангагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дутуу явагдсан байхад хэргийг шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 524 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

            Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Э.Ө, Ц.Д нарт холбогдох эрүүгийн 2106036770310, 2106037440277, 2106000002376 хэрэг тус бүрт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан яллагдагчаар тус бүрээс мэдүүлэг авсан бөгөөд Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын Прокурорын 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 72 дугаартай тогтоолоор шүүгдэгч Э.Өт холбогдох эрүүгийн 2106036770310, 2106037440277 дугаартай хэргүүдийг яллагдагч Э.Өт холбогдох 2106000002376 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэн шийдвэрлэжээ.

            Улмаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 57 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт, Прокурорын яллах дүгнэлтийн тодорхойлох болон тогтоох хэсэгт яллагдагч Э.Өыг ганцаараа болон бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хуул бусаар авсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3,7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ...” гэсэн эрхийн актуудыг гаргажээ.

            Дээрх прокурорын тогтоол болон яллах дүгнэлтэд “яллагдагч Э.Ө”-т холбогдох эрүүгийн хэргийн үйл баримт авагдсан бөгөөд шүүгдэгч Ц.Дид холбогдох эрүүгийн хэргийн үйл баримт үйлдлийн талаар бичигдээгүй байхад түүнийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн,

мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй” гэсэн,

мөн хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт ...ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, сэжигтний ...нэр, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа тухай заана” гэсэн,

мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3,2-т “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, ...” гэсэн, 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд хамаарна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 524 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Ө, Ц.Д нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч Ц.Дийн гомдлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Мөн шүүгдэгч Э.Ө, Ц.Д нарын хувийн байдлыг харгалзан хэргийг прокурорт очтол тэдгээрийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2022/ШЦТ/524 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Ө, Ц.Д нарт холбогдох хэргийг мөн дүүргийн шүүхээр дамжуулан Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч Ц.Дийн гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

2. Прокурорын газарт хэрэг очтол шүүгдэгч Э.Ө, Ц.Д нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                                       Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ