Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2019/0922

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Х******* нарыг оролцуулан,

Нэхэмжлэгч: Ө******* ХХК. РД:*******.

Хариуцач: Нийслэлийн Засаг дарга.

Гуравдагч этгээд: Б******* ХХК. РД:*******

Нэхэмжлэлийн шаардлага: ... Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар захирамжийг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох тухай захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Ө******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, Г.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Ө******* ХХК нь 2011 онд З******* ХХК-иас Москва хорооллын дуусаагүй барилгыг худалдаж авсан ба тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж авсантай холбоотойгоор эзэмшиж байсан газар шилжиж ирсэн.

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 781 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 29-р хорооны нутагт 27400 м.кв талбайтай орон сууцны зориулалт бүхий газрын эзэмших эрхийг манай компани олж авсан. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/452 дугаар захирамжаар манай компанийн газрыг барилгажсан талбайн хэмжээгээр багасган 12780 м.кв талбай болгон өөрчилсөн.

Газрын тухай хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй байхад, Нийслэлийн Засаг дарга 2018 оны 4-р сарын 5-ны өдөр А/293 дугаар захирамж гаргаж, 12780 м.кв талбайтай газраас маань 8500 м.кв газрыг хасч багасгаж, 4280 м талбайтай болгосон бөгөөд манай компаниас хүчээр булаан авсан 8500 м.кв газрыг Б******* ХХК-д шилжүүлэн, эзэмшиж буй газрын хэмжээг нь нэмэгдүүлсэн. Засаг даргын энэхүү шийдвэр нь илт хууль бус бөгөөд Ө******* ХХК газрын хэмжээгээ багасгуулах, гэрчилгээгээ хүчингүй болгуулах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байхад Газрын тухай хуулийг ноцтой зөрчиж манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэг буюу иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэн үндэслэлээр илт хууль бус захиргааны акт юм.

Захиргааны ерөнхий хуулийн 47.2-д илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж заасан байдаг тул захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгосноор нэхэмжлэгч Ө*******г ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/452 дугаар захирамжийн дагуу эзэмшиж буй 12780 м.кв газрын эзэмших эрх хэвээр үлдэх буюу газар эзэмших эрх сэргэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хангагдана.

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмшигчийн газар эзэмших эрх дуусгавар болгох боломжтой байхад, энэхүү хуулийн зохицуулалтыг баримтлалгүйгээр, дур зоргоороо, хуульд байхгүй эрх хэмжээ эдэлж, нэхэмжлэгчийн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасан газар эзэмшигч эзэмшиж буй газраа гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж ашиглах эрхийг ноцтой зөрчлөө.

Засаг даргын илт хууль бус энэхүү захиргааны актын улмаас ямар ч үндэслэлгүйгээр, хууль тогтоомжийн дагуу эзэмшиж буй газрынхаа гуравны хоёртой тэнцэх хэмжээний газраа алдаж, Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрх маань шууд зөрчигдсөн.

Нөгөө талаас төр буюу төрийг төлөөлж газрын харилцаатай холбоотой чиг үүргийг хэрэгжүүлж буй захиргааны байгууллага Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2-д заасан хууль дээдлэх зарчим, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг зөрчсөн.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар захирамжийг манай байгууллагад мэдэгдэн гардуулаагүй бөгөөд Б******* ХХК хашаа татаад эхлэхээр нь гайхан, үйл ажиллагааг нь зогсоолгох шаардлага тавихаар Нийслэлийн газрын алба уруу очиж ийм шийдвэр гарсныг мэдсэн ба тэр даруй буюу 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр манай байгууллагад захирамжийн хуулбарыг баталгаажуулан хүлээлгэн өгсөн.

Ингэж гардаж авсан өдрөөс хойш 18 дахь хоног дээрээ Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан ба Нийслэлийн Засаг дарга 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хариу өгөх хуулийн хугацаа дууссан ч хариу өгөөгүй.

Иймд зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалан сэргээлгэхээр Нийслэлийн Засаг даргын захирамжийг илт хууль болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд үүгээр гаргаж байна.

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар газар эзэмшигчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжийг зааж өгсөн байхад өөр байдлаар буюу төр, аж ахуй нэгжийн газрыг өөртөө шилжүүлж авахгүйгээр дур мэдэн зэргэлдээ аж ахуй нэгжид шууд шилжүүлсэн. Иймд дур зоргоороо эрх олгогдоогүй байхад шилжүүлсэн. Мөн энэ шийдвэрийг гаргасны өмнө эсхүл дараа мэдэгдээгүй. Хуульд заасны дагуу уг шийдвэрийг гаргахаас өмнө эсхүл дараа эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж буй Ө******* ХХК-д мэдэгдэх, тайлбар гаргах ёстой байхад ямар нэг ажиллагаа огт хийгдээгүй. Мөн энэ талаар өнөөдрийг хүртэл шүүхээс удаа дараа нотлох баримтыг гаргаж өгөхийг шаардахад нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Нөгөөтэйгүүр 8500 м.кв газрыг булаан Б******* ХХК-д өгсөн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 сарын 07-ны өдрийн 817 дугаар захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ба Улсын Дээд шүүхийн 2017 оны 05 сарын 29-ны өдрийн 197 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэж, Ө******* ХХК нь ямар нэг байдлаар газар давхацсан зүйл байхгүй гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Нийслэлийн Засаг даргын Ө******* ХХК-ийн газрыг багасгаж, өөр аж ахуй нэгжид шилжүүлсэн захирамжийн гол үндэслэл нь Нийслэлийн газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2017 оны 09 сарын 08-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлт дээр тулгуурласан гэсэн байдаг. Гэтэл тэр хурлаар Ө******* ХХК-тай холбоотой ямар нэгэн асуудал хэлэлцэгдээгүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/293 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Засаг дарга нь Монгол Улсын засаг захиргаа нутаг, дэвсгэрийн нэгж болон Газрын тухай хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ дагуу дээрх захирамжийг батлан гаргасан бөгөөд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 21.2.4, 33.1-т заасныг үндэслэл болгон захирамжилсан.

Нэхэмжлэлийн шаардлагад заасныг ямар үндэслэлээр илт хууль бусад тооцуулах гэж байгаа нь тодорхой бус байна. Маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус болох үндэслэлгүй байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд захирамж гарсан. Маргаан бүхий захиргааны акт нь утга агуулгын илэрхий алдаагүй, тодорхой акт юм. Алдаагүй акт гэж хариуцагчаас үзэж байгаа, хэрэгжүүлэх этгээд нь тодорхой байгаа. Иймд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 сарын 05-ны өдрийн А/293 захирамжийг бүхэлд нь илт хууль бус тооцох үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдсан зүйл байгаагүй. Яагаад гэвэл, дуусгавар болгох гол үндэслэл нь сургууль, цэцэрлэг барих үүргээ биелүүлээгүй. Газар эзэмших эрхээ сунгуулаагүй, харилцаа дуусгавар болсон. Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд зааснаар өөрийн санаачлагаар хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх боломжтой тул захиргааны байгууллага өөрийн санаачлагаар газар эзэмших эрхийг дуусгавар болгосон ба Б******* ХХК-д Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасны дагуу шаардлагатай сургууль, цэцэрлэг барих үүргийг хэрэгжүүлэхээр шилжүүлсэн. Иймд маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны газар эзэмших эрх ашиг хөндөгдөөгүй, мөн нэхэмжлэлд дурдсанчлан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус болох нөхцөл байдал байхгүй байна.

Нийслэлийн Засаг дарга дээрх захирамжийг гаргаснаараа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг хэрэгжилтийг хангаж ажиллах, Улсын Их Хурлаас баталсан Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллах зорилгоор дээрх захирамжийг батлан гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Б******* ХХК-иас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон өмгөөлөгч Д.Х******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Ө******* ХХК-аас Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 сарын 05-ны өдрийн А/293 захирамжийг бүхэлд нь илт хууль болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Б******* ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар захирамжтай, өөрийн эзэмшлийн 1.3 га газар дээр одоогийн байдлаар 5 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийж, 4 давхар 940 айл, 260 хүүхдийн цэцэрлэгийн барилга, сагсан бөмбөг болон хөл бөмбөгийн талбай, тоглоомын талбай зэргийг байгуулсан. Үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болсон ба энэ талаар фото зургаар баталгаажуулан шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа Нийслэлийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 захирамж гаргахдаа Ө******* ХХК-иас газрын хэмжээгээ багасгах хүсэлт гаргаагүй байхад Газрын тухай хуулийг ноцтой зөрчсөн, мөн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа дууссан байхад хуулийн зохицуулалт ашиглаагүй гэсэн үндэслэл гаргаж байна. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь дуусгавар болсон гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн үүнийгээ нэхэмжлэл дээрээ бичсэн.

Захиргааны акт илт хууль бус, хууль зөрчсөн гэж ялгаж үзэж байна. Онолын хувьд илт хууль бус захиргааны акт нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байдаг. Захиргааны акт илт хууль бус болох үндэслэл нь алдаа ноцтой болон илэрхий байхыг шаарддаг. Маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус захиргааны актын аль нэг шинжийг хангаагүй. Гуравдагч этгээдийн зүгээс маргаан бүхий захиргааны акт гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны акт болох А/293 захирамжийг хүчээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д хамааруулан нэхэмжлэл гаргаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэрэглэхгүй байх оролдлого хийж байна.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалт нь хууль зөрчсөн актад хамаарах бөгөөд өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын А/293 захирамжийг гаргахдаа ямар нэгэн хуулийг баримтлаагүй байхыг ойлгоно. Гэтэл тус захирамж нь хуульд үндэслэсэн буюу Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасан чиг үүргийнхээ хүрээнд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 болон мөн хуулийн 33.1.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 214 дүгээр тогтоолыг баримтлан гаргасан.

Иймд дээрх захиргааны актыг эрх зүйн зөрчилтэй маргаан бүхий захиргааны акт гэдгийг тодорхойлж байна. Иймд илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна. Тухайн үндэслэсэн хуулийн хувьд маргах гэж байгаа бол маргаан бүхий захиргааны акт болно. Мөн нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж нэхэмжлэл гаргах хуулийн хугацаагаа алдсан.

2004 онд тухайн газар дээр сонгон шалгаруулалт зарласан ба уг сонгон шалгаруулалт нь сургууль, цэцэрлэгийн барилга барих байсан ба Б******* ХХК нь шалгарч 13500 м.кв газар олгосон. Уг газар нь Москва хорооллын барьсан гадаадын хөрөнгө оруулалт бүхий компаний барьсан дутуу барилгатай хил залгаа байсан ба тухайн компани нь Ө******* ХХК-д худалдсан. Энэ нь газар худалдсан биш зөвхөн барилгын суурийг худалдсан асуудал болсон. Ингэж худалдахаасаа өмнө газар сунгуулах хүсэлт гаргахдаа тухайн газрыг сунгуулах тухай хүсэлт гаргаснаас солбицлыг өөрчлөх хүсэлт гаргаагүй байхад солбицлыг шилжүүлж Б******* ХХК-ийн газар луу оруулж олгосон байдаг. Шүүхээс эрх ашиг хөндөгдөөгүй хөөн хэлэлцэх хугацаа алдсан гэсэн шийдвэр гарсан. Тухайн газар зөвхөн сургууль цэцэрлэг барихаар баталсан газар байсан. Ө******* ХХК нь тухайн газар дээр орон сууц барихаар зураг төсөл хийсэн байсан.

Захиргааны акт илт хууль бус болох үндсэн ойлголт нь тухайн захиргаанаас гаргасан актын алдаа нь ноцтой бөгөөд тэр нь илэрхий байхыг хэлдэг. Алдаа нь ноцтой бөгөөд илэрхий байх ойлголтыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д жагсаах, тоочих аргаар хуульчилж өгсөн байна. Тэгэхээр бид дээрх захиргааны актыг хуулийн заалтын алинд багтаж байгаагаар Эрх зүйн зөрчилтэй захиргааны акт эсвэл Илт хууль бус захиргааны акт гэдгийг тодорхойлно юм. Гэтэл дээрх маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан нөхцөлийн алинд ч хамаарахгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалт нь хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн алдаанууд хамаарах бөгөөд өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг дарга А/293 дугаар захирамжийг гаргахдаа ямар нэгэн хууль хэрэглээгүй, баримтлаагүй байхыг ойлгоно. Гэтэл Нийслэлийн Засаг дарга А/293 дугаар захирамжийг гаргахдаа хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 29 дүгээр зүйлийн 29.2 болон Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 514 дүгээр тогтоолыг баримтлан захирамжилсан байгаа нь дээрх захиргааны актыг эрх зүйн зөрчилтэй маргаан бүхий захиргааны акт гэдгийг тодорхойлж байна. Харин тухайн хуулиудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн талаар маргаж болох бөгөөд энэ нь илт хууль бус захиргааны актын ойлголтод хамаарахгүй юм гэв.

ҮНДЭСЛЭХ нь.

Нэхэмжлэгч Ө******* ХХК-ийн зүгээс Нийслэлийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар захирамжийг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан ба нэхэмжлэлийн энэхүү шаардлага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөгдөөгүй болно.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа, илт хууль бус захиргааны акт болох хариуцагчийн А/293 дугаар захирамжаар эзэмшиж буй газрын талбайн хэмжээг үндэслэлгүй хасч, 8500 м.кв газрыг Б******* ХХК-д шилжүүлсэн нь илт хууль бус бөгөөд газрын хэмжээгээ багасгуулах, гэрчилгээгээ хүчингүй болгуулах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байхад Газрын тухай хуулийг ноцтой зөрчиж компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэг буюу иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэнд хамаарна хэмээн тодорхойлон маргасан бол хариуцагч захиргааны байгууллагын зүгээс Монгол Улсын засаг захиргаа нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Газрын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан Засаг даргын захирамжийг ямар үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгохыг хүсч байгаа нь тодорхой бус байна, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан утга агуулгын илэрхий алдаагүй, хэрэгжүүлэх этгээд нь тодорхой бус зүйл байхгүй, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан зүйл байхгүй тул илт хууль бус болох үндэслэлд хамаарахгүй хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрх нь дуусгавар болсон гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрч үүнийгээ нэхэмжлэлдээ дурдсан, Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус захиргааны актын аль нэг шинжийг маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/293 дугаар захирамж хангаагүй, харин маргаан бүхий захиргааны акт гэж үзэхээр байна хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамж нь илт хууль бус захиргааны акт болох хууль зүйн зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ө******* ХХК-д хамаарах үйл баримтын тухайд.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацааг сунгах тухай 744 дүгээр захирамжаар З******* в монголий ХХК-д 27400 м.кв газрыг орон сууцны зориулалтаар таван жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэгдсэн байсан ба уг газар нь газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ-ээр Ө******* ХХК-д шилжсэн байна. Ингэснээр Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Газар эзэмшүүлэх ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай 781 дүгээр захирамжийн[1] хавсралтаар Ө******* ХХК-д орон сууцны зориулалтаар 27400 м.кв газрыг таван жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр болжээ.

Үүний дараа уг газарт Нийслэлийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай А/452 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралт ёсоор[2] Ө******* ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд орон сууцны зориулалтаар 12780 м.кв газрыг нэг жил есөн сарын хугацаагаар эзэмшүүлж, улмаар 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ[3] олгогдсон байна. Ийнхүү эзэмшил газрын хэмжээг багасгасантай холбогдуулан Ө******* ХХК-ийн зүгээс захиргааны байгууллагатай маргаагүй байна.

Гуравдагч этгээд Б******* ХХК-д хамаарах үйл баримтын хувьд.

Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Газар эзэмшүүлэх, төсөл сонгон шалгаруулах тухай 286 дугаар захирамжийн[4] нэг дэх заалтаар Т******* ХК-ийн зүүн талд байршуулан сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын зориулалтаар 1.35 га газрыг төсөл сонгон шалгаруулах зарчмаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ захирамжийн дагуу зарлагдсан байршлууд дээр явуулсан газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан хэмээн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Газар эзэмшүүлэх эрх олгох тухай 366 дугаар захирамжаар[5] Б******* ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т******* ХК-ийн зүүн талд байршуулан сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын зориулалтаар 1.35 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх эрх олгосон байна.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглах эрхийн талбай, зориулалт, байршил, өөрчлөх тухай 815 дугаар захирамжаар Б******* ХХК-ийн эзэмшиж байсан газрыг 5000 м.кв болгон багасган, таван жилийн хугацаагаар эзэмшүүлэхдээ 2004 оны 366 дугаар захирамжийн Б******* ХХК-д холбогдох заалтыг хүчингүйд тооцжээ.

Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/246 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 366 дугаар захирамжийн Б******* ХХК-д, 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 815 дугаар захирамжийн Б******* ХХК-д холбогдох заалтыг тус тус хүчингүй болгожээ.

Ингэснээр 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд хандан дээрх А/246 дугаар захирамжийг хүчингүй болгуулах болон бусад шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, Б******* ХХКийн зүгээс маргааныг эхлүүлсэн ба уг маргаан нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 197 дугаар тогтоолоор эцэслэгдэн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 803 дугаар шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/246 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэгджээ.

Ийнхүү Б******* ХХК-ийн нэхэмжлэлээр үүсгэсэн маргаан шийдвэрлэгдсэнээр Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай 815 дугаар захирамж ёсоор гуравдагч этгээд Б******* ХХК сургууль, цэцэрлэгийн цогцолбор зориулалтаар 5000 м.кв газрыг эзэмших эрхтэй болж үлджээ.

Илт хууль бус захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Газар эзэмших талбайн хэмжээг өөрчлөх тухай А/293 дугаар захирамж[6] гарч нэхэмжлэгч Ө******* ХХК-ийн эзэмшиж байсан газрын хэмжээг 4280 м.кв болгон 8500 м.кв-аар багасгаж орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, дээрх А/452 дугаар захирамжийн Ө******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцсон байна. Нэхэмжлэгч нь энэхүү А/293 дугаар захирамжийг бүхэлд нь илт хууль бус захиргааны акт болохыг шүүхээр тогтоолгохыг хүсч буй бөгөөд хариуцагч захиргааны байгууллага болох Нийслэлийн Засаг дарга уг захиргааны актыг гаргахдаа, Монгол Улсын засаг захиргаа нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтооолыг үндэслэжээ.

Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хуульд заасан шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, ашиглуулах, нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үр шимийг нь дээшлүүлэх зэрэг олон зохицуулалтыг Газрын тухай хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар өөртөө хадгалж хэрэгжүүлэх бүрэн эрхүүдийг нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон Нийслэлийн Засаг даргад олгосон байна.

Энэ утгаараа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д: иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ. Яагаад гэвэл, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д ... төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх шийдвэрийг ... тухайн шатны Засаг дарга гаргана гэж зааснаар сургууль, цэцэрлэгийн зориулалтаар бүрэн эрхийнхээ хүрээнд газар эзэмшүүлсэн хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй. Маргаан бүхий энэ тохиолдолд маргаан бүхий тухайн газар дээр 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг барьж ашиглалтанд оруулсан байгаа нь хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбараар нотлогдож, Газрын тухай хуульд заасан төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд гэх агуулгаар хариуцагчаас газар эзэмшүүлэх шийдвэрийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргасныг илэрхий алдаатай, гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй гэж үзэх үндэслэлгүй, илт хууль бус захиргааны акт гэж тогтоох, тэр дундаа Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх алдаа байхгүй байна.

Нөгөөтэйгүүр Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д: захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ, 42.2-т: хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ гэж зааснаар илт хууль бус захиргааны актаар тодорхойлон маргаж байгаа Нийслэлийн Засаг даргын А/293 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн хувьд, газар эзэмших эрх нь дуусгавар болсон байхад, газар эзэмших эрхээ хуульд заасны дагуу хугацаанд нь сунгуулаагүй байхад эерэг нөлөөлөл бүхий /Захиргааны ерөнхий хуулийн 37.4/ захиргааны актыг хариуцагч дээр дурдсанаар сонгох боломжийн хүрээнд гаргасан гэж үзэхээр байна.

Хамгийн гол нь нэхэмжлэгч Ө******* ХХК-ийн 27400 м.кв газрыг 12780 м.кв болгон багасгахад маргаж байгаагүй нь, түүнчлэн тухайн эзэмшил газрыг хамгийн сүүлд /2015 онд/ нэг жил есөн сарын хугацаатай эзэмшүүлж, гэрээ байгуулсан байхад газар эзэмших гэрээний хугацаа сунгагдаагүй байгаа нь одоо хариуцагчийн хэрэгжүүлсэн захиргааны үйл ажиллагааг илт хууль бус үндэслэлээр маргах, тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-аар маргаж эрхээ хамгаалуулах боломжгүй, маргаж буй захиргааны акт нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-ийг зөрчсөн, 39 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг баримтлаагүй, Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны актыг гардуулах, мэдэгдэх ажиллагаа хийгээгүй зэргээр нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа боловч эдгээр хууль хэрэглээний алдаа нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэв.

Шүүх, хариуцагч захиргааны байгууллагаас хамгийн сүүлийн байдлаар хэрэгжүүлсэн захиргааны үйл ажиллагаа буюу Нийслэлийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийг шалган шийдвэрлэхдээ, энэ хэргийн гуравдагч этгээд Б******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, гуравдагч этгээдээр одоо энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэхэмжлэгч Ө******* ХХК оролцсон Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 803 дугаар шүүхийн шийдвэртэй, уг хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 197 дугаар тогтоолтой захиргааны хэрэгт хамааралгүй, одоо хянан шийдвэрлэж байгаа захиргааны хэргийн хяналтын цар хүрээнд хамаатуулан шалгах үндэслэлгүй гэж дүгнэж, энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэх замаар илт хууль бус захиргааны актаар маргаж буй дээрх захирамжийг хариуцагчаас гаргаагүй байгааг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ө******* ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан ... Нийслэлийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 дугаар захирамжийг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН