Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ДШМ/578

 

 

 

 

 

 

      2022            6            02                                        2022/ДШМ/578

 

 

       М.М, С.Д нарт холбогдох

        эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Төгөлдөр,

хохирогч Д.Г, түүний өмгөөлөгч С.Намжилмаа,

шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч А.Бүдханд,

шүүгдэгч М.М, түүний  өмгөөлөгч М.Билгүтэй, Ш.Сарангэрэл, Ц.Батзаяа,

иргэний нэхэмжлэгч Ш.Төмөрсүхийн өмгөөлөгч Б.Нармандах,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/241 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Д-гийн өмгөөлөгч А.Бүдханд, шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч М.Билгүтэй, Ц.Батзаяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн М.М, С.Д нарт холбогдох эрүүгийн 201625021996 дугаар хэргийг 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. .......... овгийн М-ын М, 19.... оны .. дүгээр сарын ..-ний өдөр ................ төрсөн, .. настай, эрэгтэй, ........... боловсролтой, ............ мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., .................... хамт ................... дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр хороолол, .. дүгээр байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......................./,

2. .............. ...... овгийн С-ын Д, 19.. оны .. дугаар сарын ..ий өдөр ................... төрсөн, .. настай, эмэгтэй, .... боловсролтой, .................... мэргэжилтэй, “....................” ХХК-д ................ ажилтай, ам бүл .., ................... хамт .................... дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр хороолол, ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .................. дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны ... тоотод түр оршин суух бүртгэлтэй, /РД: ........................../,

2016 онд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан.

Шүүгдэгч М.М, С.Д нар нь бүлэглэн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр “түр хугацаагаар барьцаанд тавиад буцаагаад өгнө” гэж худал хэлэн хуурч Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах нотариатын газарт Д.Г-ийн өмчлөлийн Б дүүргийн .. дугаар хороо ................ хорооллын  ... дүгээр байрны ... тоот 58.6 мкв бүхий 2 өрөө байрыг барьцаанд тавих, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах итгэмжлэл хийлгэн авч улмаар 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Ш.Төмөрсүхэд барьцаалан Д.Г-ийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч 112.383.080 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

С.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.М, С.Д нарыг бүлэглэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүхээс гэм буруутайд тооцогдсон С.Д-гийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.М-ыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.М-ын цагдан хоригдсон 11 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.М, С.Д нараас тус бүрээс 56.191.540 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Г-т олгож, иргэний нэхэмжлэгч Ш.Төмөрсүхийн 75.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч С.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Д-гийн өмгөөлөгч А.Бүдханд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн 2022/ШЦТ/241 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

С.Д-д Д.Г-ийг залилах гэмт хэргийн сэдэл байгаагүй. Түүний ажиллаж байсан “Эм эс эй энд трейд” ХХК-ний захирал М.М нь компанийн үйл ажиллагаанд 14 хонгийн хугацаатай мөнгө олох хэрэгтэй байна гэж хэлж итгүүлэхэд дүү Д.Г-т туслах зорилгоор түүний “Банк бус санхүүгийн байгуулга”-д барьцаанд байсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын ... дүгээр байрны ... тоот 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлж, улмаар байраа барьцаанд тавиулсны төлөө дээрх төлбөрийг буцаан төлөхгүй байхаар тохирсон байдаг. Ингээд Д.Г дээрх орон сууцандаа М.М-д итгэмжлэл хийж өгдөг. М.М нь Д.Г-ийн байрыг Ш.Төмөрсүхэд барьцаалж, түүнээс 50.000.000 төгрөгийг авч Б.Батбаатарт шилжүүлж тодорхой хугацааны дараа энэ мөнгөө эргүүлэн авсан ч Ш.Төмөрсүхээс авсан 50.000.000 төгрөгийг төлөөгүй тул Ш.Төмөрсүх нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 164\ШШ2019\02915 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 334 дугаар магадлал тус тус гарсан.  

С.Д, Д.Г-ийн адил М.М-д итгэж өөрийн орон сууцаа барьцаанд тавьж, залилуулсан хохирогч. Өнөөдрийн байдлаар Д.Г өөрийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын ... дүгээр байрны ... тоот 2 өрөө орон сууцандаа амьдарч байгаа бол С.Д-гийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 54 дүгээр байрны 35 тоот /1-р хх 223/ дуудлага худалдаанд орж зарагдсан.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 3 дугаар сарын 09-ны өдөр 2022/ШЦТ/241 дугаартай шийтгэх тогтоолоор С.Д-гээс 56.191.540 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь бодит байдалтай нийцээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч М.Билгүтэй давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 241 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Хяналтын прокурор нь “М.М, С.Д нар бүлэглэн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр “түр хугацаагаар барьцаанд тавиад өгнө” гэж худал хэлэн хуурч Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах нотариатын газарт Д.Г-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын ... дүгээр байрны ... тоот 58.6 мкв бүхий 2 өрөө байрыг барьцаанд тавих, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах итгэмжлэл хийлгэн авч, улмаар 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Ш.Төмөрсүхэд барьцаалан Д.Г-ийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч 112.383.080 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.” гэж дүгнэсэн. Гэтэл анхан шатны шүүх нь “...Дээрх нотлох баримтуудаар М.М, С.Д нар нь хохирогчид “манай компани нь гаднаас бараа бүтээгдэхүүн оруулж ирсэн ба гааль дээр бараа гацчихаад байна. Богино хугацаанд танай байрыг зээлийн барьцаанд тавьж, хурдан буцаагаад чөлөөлж өгнө” гэж итгэл үнэмшил төрүүлэн төөрөгдүүлж, улмаар хохирогч Д.Г-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Баянмонгол хороолол, Их Монгол улсын гудамж, 414-р байрны 174 тоотод байрлах 58.6 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг түүнээс зээлийн барьцаанд тавих, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах итгэмжлэлийг М.М-д олгож, тэрээр 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Ш.Төмөрсүхтэй 50.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийж барьцаа хөрөнгөд Д.Г-ийн эд хөрөнгөө өмчлөх эрх зөрчигдсөн нөхцөл байдал үүсчээ гэж зөрүүтэй дүгнэлт хийсэн.

Шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсгийн хохирол төлбөрийн талаар гэсэн хэсэгт “Иргэний нэхэмжлэгч Ш.Төмөрсүх нь шүүгдэгч М.М, С.Д нарт 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 50.000.000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээний үндсэн дээр барьцааны гэрээ байгуулан Д.Г-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын ... дүгээр байрны ... тоот 58.6 м.кв бүхий 2 өрөө байрыг барьцаалсан байх ба Ш.Төмөрсүх нь шүүгдэгч нарын хууль бус үйлдлийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан тул түүний эрхийг хөндөхгүйгээр нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нэхэмжлэлээ иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж өмгөөлөгч нарын хувьд үзэж байна.

Учир нь, шүүхээс М.М, С.Д нарыг “Д.Гээс авсан итгэмжлэлийг ашиглан, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэж байгаа. Энэ тохиолдолд “Ш.Гөмөрсүх нь шүүгдэгч нарын хууль бус үйлдлийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан” эсэхээс үл хамаарч М.М, С.Д болон Ш.Төмөрсүх нарын хооронд үүссэн зээл, барьцааны гэрээний харилцааг хүчингүйд тооцох ёстой байсан.

Гэтэл шүүх зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр байна гэж дүгнэж иргэний журмаар шийдвэрлүүлэхээр зааж хууль зөрчсөн. Энэхүү шүүхийн дүгнэлтээс шалтгаалан Ш.Төмөрсүх нь иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах тохиолдолд зээл болон барьцааны гэрээний нэг тал буюу зээлдэгч, барьцаалагч М.М, С.Д нарыг хариуцагчаар тодорхойлох хууль зүйн үр дагавар үүснэ. Энэ нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын ... дүгээр байрны ... тоот 58.6 мкв бүхий 2 өрөө байрны өмчлөгч нь М.М, С.Д юм гэх дүгнэлтэд хүрэхээр байгаа болно. Бодит байдал дээр уг үл хөдлөх эд хөрөнгө нь Д.Г-ийн өмчлөлийнх бөгөөд шүүгдэгч нарын Д.Гээс итгэмжлэл авч, уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж байгаа үйлдэл нь хууль бус гэж дүгнэгдсэн.

Өөрөөр хэлбэл, шүүх харилцан эсрэг үр дагавар үүсгэх дүгнэлтийг хийж байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсгийн хохирол төлбөрийн талаар гэсэн хэсэгт “Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Г-ийн эд хөрөнгөө өмчлөх эрх нь зөрчигдөж 112.383.080 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэсэн тул шүүгдэгч нараас тухайн мөнгөн дүнг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэв” гэж дүгнэсэн. Эд хөрөнгөө өмчлөх эрх нь зөрчигдөж гэсэн дүгнэлтийг хийж байгаа энэ тохиолдолд хохирогч Д.Г нь үл хөдлөх эд хөрөнгөө бодит байдлаар буцаан авах бус шүүгдэгч нараас дээр дурьдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэ буюу 112.383.080 төгрөгийг аваад Ш.Төмөрсүхтэй шүүгдэгч нарын байгуулсан зээл, барьцааны гэрээний маргаанд огт оролцохгүй гэж ойлгогдохоор байна. Хэрэв ингэж ойлгохгүйгээр хохирогч Д.Г нь үл хөдлөх эд хөрөнгөө бодит байдлаар өөрийн өмчлөлдөө авч үлдээд, дээрээс нь шүүгдэгч нараас эд хөрөнгөө өмчлөх эрх нь зөрчигдсөн гэх үндэслэлээр 112.383.080 төгрөгийг хувь тэнцүүлэн авах нь бодит байдал, шударга ёсонд нийцэхгүй.

Энэ тохиолдолд шүүгдэгч нарын хувьд хохирогч Д.Г-т үл хөдлөх эд хөрөнгийг нь бодит байдлаар буцааж өгсөн атлаа дээрээс нь уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлөх, цаашлаад иргэний нэхэмжлэгч Ш.Төмөрсүх иргэний журмаар нэхэмжлэл гаргах үед зээлийн гэрээний төлбөрүүдийг төлөх үр дагаврыг үүсгэхээр байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нарын тухайд хохирол төлбөр төлөхтэй холбоотой эрх зүйн байдал нь дордохоор байна. Өмгөөлөгчийн хувьд дүгнэхэд хохирогч Д.Г нь үл хөдлөх эд хөрөнгөө биет байдлаар авч үлдэн, иргэний нэхэмжлэгч болон шүүгдэгч нарын хооронд үүссэн иргэний харилцаа нь хүчингүйд тооцогдож, иргэний нэхэмжлэгч Ш.Төмөрсүх нь өөрт учирсан бодит хохирол /зөвхөн үндсэн зээл/-оо гэмт хэргийн улмаас үүссэн хор уршиг гэж дүгнүүлэн шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах байсан бөгөөд энэ талаар шүүх дүгнэлт хийх байсан гэж үзэж байна.

Уг үл хөдлөх эд хөрөнгө нь одоо ч хохирогч Д.Г-ийн өмчлөлд байгаа бөгөөд хохирогч уг байрандаа амьдарч байгаа болно. Шүүгдэгч нарын хувьд иргэний нэхэмжлэгч Ш.Төмөрсүхэд учруулсан 50.000.000 төгрөг /үндсэн зээл/-ийг л хувь тэнцүүлэн хариуцах ёстой байсан.

Хяналтын прокурор нь “М.М, С.Д нар бүлэглэн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр “түр хугацаагаар барьцаанд тавиад өгнө” гэж худал хэлэн хуурч Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах нотариатын газарт Д.Г-ийн өмчлөлийн Б дүүргийн .. дугаар хороо ................ хорооллын  ... дүгээр байрны ... тоот 58.6 мкв бүхий 2 өрөө байрыг барьцаанд тавих, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах итгэмжлэл хийлгэн авч улмаар 2015 оны 8 дугаар сарын 24- ний өдөр Ш.Төмөрсүхэд барьцаалан Д.Г-ийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, 112.383.080 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.” гэж дүгнэсэн ба шүүгдэгч С.Д-г хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл бйадал үүсч байхад хяналтын прокурор тус хуулийг зөрчиж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь Эрүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/241 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Ц.Батзаяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудаас зөвхөн хуурч гэх нөхцөл байдлаар яллах дүгнэлт үйлдсэн. Энэ байдлаар шүүхийн хэлэлцүүлэг явагдсан. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо өөр нөхцөл байдлуудыг дүгнэсэн. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Худал хэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчийг хуурч, төөрөгдүүлсэн, Ураг садангийн харилцаа, холбоогоо ашиглан худал хэлж, итгэл эвдэн төөрөгдүүлсэн,Хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсангэж 4 өөр дүгнэлт хийсэн байгаа. Яллах дүгнэлтээс давсан дүгнэлтийг анхан шатны шүүх хийсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх яллах дүгнэлтэд тусгагдаагүй нөхцөл байдлыг тогтоож байгаа нь хууль зөрчиж байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх өөрөө бие дааж дүгнэлт хийхгүйгээр хэргийг прокурорт буцаах замаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулах ёстой байсан. Ингэж байж мэтгэлцэх эрх хангагдах байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд Эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан болгэх 2 дахь гол нөхцлийг зүйлчилсэн байгаа. Гэтэл гэмт хэрэг гарсан гэх өдөр буюу 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэл тус 2 өрөө орон сууц нь Д.Г-ийн өмчлөлд байгаа. Уг эд хөрөнгийн өмчлөл хэн нэгэн рүү огт шилжээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад Шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тус тусад нь дүгнэнэ гэж заасан. Шийтгэх тогтоолоос харахад хүн тус бүрийн үйлдэлд нарийвчлан дүгнэлт хийгээгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч С.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч М.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нарынхаа давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Ш.Сарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Билгүтэй, Ц.Батзаяа өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг дэмжиж байна. Би энэ хэрэгт 2016 оноос эхлээд өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Хохирогч Д.Г-т 112.383.080 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байгаа прокурор болон шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Д.Г одоо байраа өмчилж, эзэмшиж байгаа. Гэтэл энэ үнийн дүнг хохирол төлбөрт тооцож, хоёр шүүгдэгчээс гаргуулахаар заасан нь хуульд нийцэхгүй байна. Д.Г-т хохирол бус хор уршиг учирсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хор уршиг учирсан талаар нотлон тогтоосон үйл баримт хэрэгт авагдаагүй. Хохирогчид хохирол учраагүй учраас гэмт хэрэг биш гэж үзэж байна. ...” гэв.

Хохирогч Д.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай нөхрийн эгч С.Д өмнө нь компанийн захирал Г.Бавуудорж гэх хүнтэй намайг хэд хэдэн удаа уулзуулж байгаад Сүхбаатар дүүргийн нотариатын газарт М.М гэдэг хүнээр итгэмжлэл хийлгүүлсэн. Би М.М гэдэг хүнийг ганц ч удаа харж байгаагүй. “Захирал ажилтай болохоор гараад явчихлаа, энэ нь дээр гарын үсэг зурчихгээд надаар гарын үсэг зуруулчихсан. Би тухайн үед маш завгүй байсан бөгөөд бэр эгч гэдэг утгаараа итгээд гарын үсгээ зурсан. Итгэмжлэлийнхээ хувийг ч надад өгөөгүй. 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гэртээ ирэхэд манай гэрийг битүүмжилчихсэн байсан. Түүнээс өмнө Би байраа авмаар байна, юу болсон бэ гэж маш олон удаа асууж, хэлж байсан. Тэгэж хэлэх болгонд Бараа болоогүй байна, компаний ажил болоогүй байна гэж хэлж байгаад 2016 оны 3 дугаар сарын эхээр сураг, чимээгүй болсон. Анхнаасаа зохион байгуулалттайгаар намайг залилсан гэж бодож байна. Би М.М гэх хүнийг огт мэдэхгүй. Энэ хооронд надаас ганц ч удаа уучлалт гуйж байгаагүй. С.Д Надад наад асуудал чинь хамаагүй, би мэдэхгүй гэж надад хэлдэг. М.М гэх хүнийг би танихгүй учраас С.Дтэй холбогддог. Би энэ хооронд 10.000.000 орчим төгрөгөөр буюу өмгөөлөгчийн зардал, хөрөнгийн үнэлгээний зардал, сэтгэл санаагаараа хохирсон. Шүүгдэгч нараас болж миний бүх эрх хаагдсан. ...” гэв.

Хохирогч Д.Г-ийн өмгөөлөгч С.Намжилмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 3 дугаар сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. С.Д-гийн өмгөөлөгчийн зүгээс Миний үйлчлүүлэгч эндээс ганц ч төгрөг аваагүй гэж хэлж байна. С.Д-гийн мөнгө авсан эсэх нь хамааралгүй. Хамгийн гол нь С.Д үйлдлээрээ хамтран оролцсон бөгөөд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн юм. Хамгийн анх Г.Бавуудорж гэх хүнтэй Д.Г-ийг уулзуулаад, нотариатын гадаа Д.Г-ийг оруулахгүйгээр суулгаж байгаад захирал явчихлаагэж хэлээд гарын үсэг зуруулсан байгаа юм. Энэ талаар С.Д гэрчийн мэдүүлэг өгөхдөө М.М нотариатын гадаа машин дотор сууж байсангэдэг. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд буцаад ирэхдээ С.Д яллагдагчаар татагдсан. Энэ гэмт хэргийг зохион байгуулж байгаа хүн нь С.Д болохыг хэлээд байхад цагдаа С.Д-г огт яллагдагчаар татдаггүй. М.М, С.Д хоёр Хил дээр манай бараа ороод ирчихсэн. Энэ мөнгө ороод ирвэл мөнгийг чинь өгнөгэдэг боловч тэр бараа нь аль хэзээний орж ирээд зарагдчихсан байдаг. М.М Би Д.Г гэдэг хүнийг ганц ч удаа харж байгаагүйгэж мэдүүлдэг. Тухайн мэдүүлгээр зохиомол байдал бий болгосон гэдэг нь нотлогддог. С.Д өөрийнхөө байрыг М.М-д барьцаалчихсан юм. С.Д тухайн компанийн нягтлан учраас өөрийнхөө эрх мэдлийг ашиглаж нөгөө мөнгийг нь байгууллагын данс руу оруулалгүйгээр шууд өөртөө авчихсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Ш.Төмөрсүхийн өмгөөлөгч Б.Нармандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Д.Г нь М.М-д итгэмжлэл хийж өгсөн. 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Ш.Төмөрсүх итгэмжлэлийг ашиглан зээл, барьцааны гэрээ хийж, 50.000.000 төгрөг зээлсэн. Зээл олгоход шаардагдах барьцаа эд хөрөнгө ямар ч асуудалгүй, итгэмжлэл нь хуулийн дагуу байсан учраас Улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан. Барьцаа эд хөрөнгөгүй байсан бол тухайн зээлийг анхнаасаа гаргахгүй байх байсан. Зээл олгох гол шалтгаан нь барьцаа эд хөрөнгө байсан. Итгэмжлэл өгөхгүй байх эрх нь Д.Г-т өөрт нь байсан. Бүх ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл энэ хэрэг бүх төрлийн шүүхээр явж байгаа. Одоог хүртэл Ш.Төмөрсүх ганц ч төгрөг авч чадаагүй. Ш.Төмөрсүх, М.М хоёр Д.Г-т мэдэгдэлгүй эвлэрсэн байсан. Үүний дагуу гуравдагч этгээдэд мэдэгдэлгүй эвлэрсэн нь хууль бус хэмээн шүүх хэрэгсэхгүй болгосон. Үүний дараа Иргэний шүүхэд хандаад явж байтал Д.Г Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрыг хариуцагчаар татаж хэсэг явсан, тэр хооронд дахиад түдгэлзсэн. Дараа нь Захиргааны хэргийн шүүхийн Улсын Дээд шүүх хүртэл явсан. Дахиад Иргэний хэрэг үүсээд явж байтал н.Батсүх шүүгчийн Барьцаа эд хөрөнгөөр хангуулах нь зүйтэйгэх шийдвэр гарсан. Гэтэл тэр хэрэгт ямар ч эрүүгийн материал авагдаагүй байхад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тэгээд давж заалдах шатанд явж байтал анхан шатны шүүхэд хэргийг буцаасан. Бид нар анхан шатны шүүхэд хэргийг буцаах үндэслэлгүй хэмээн Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан. Тэр хооронд буюу хэрэг Улсын Дээд шүүхэд шийдэгдтэл одоо үүссэн эрүүгийн хэрэг хэлэлцэгдээд явж байгаа юм. Одоо хэрэг иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаад очсон байгаа. Анхан шатны шүүхийн шүүх хурлыг хийх гэсэн боловч энд эрүүгийн хэрэг үүссэн байгаа юм бол бид нар яаж шийдэх юм бэ гээд огт шийдэж өгдөггүй. Анхан шатны шүүх хохирогч Д.Г-т 112.000.000 орчим төгрөг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэхдээ Ш.Төмөрсүхэд холбогдох асуудлыг авч хэлэлцэлгүй үлдээсэн. Барьцаа эд хөрөнгө, итгэмжлэл нь хүчин төгөлдөр учраас иргэний журмаар явж, барьцаа эд хөрөнгөөрөө асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэйгэх утга агуулга бүхий шийдвэр гаргасан гэж өмгөөлөгчийн зүгээс ойлгож байгаа. Гэтэл М.Mөнхсоёлын өмгөөлөгч нар 120.000.000 төгрөг болон байр зэрэг олон зүйлсийг энэ хүн авах гээд байна гэж ойлгож байх шиг байна. Би үгүй гэж харж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна. Энэ хэрэг нь иргэний хэргийн дараа үүссэн. Иргэний хэрэг нь 2015 оноос тасралтгүй явж байгаа. ...” гэв.

Прокурор Ц.Төгөлдөр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...С.Д, М.М нар тухайн хэргийг хамтарч үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан гэм буруутайд тооцсон. Гэм буруутайд тооцсон учраас шүүгдэгч нараас 56.000.000 төгрөгийг хувь тэнцүүлж шүүгдэгч С.Д, М.М нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч М.Билгүтэйн давж заалдах гомдлын хувьд хэлэхэд хяналтын прокурор яллах дүгнэлтдээ товчхон дурдсан байгаа. Шүүгч шийтгэх тогтоолдоо яллах дүгнэлтээс утга найруулгын хувьд зөрүүтэй дүгнэлт гаргаагүй. Яллах дүгнэлтийн хүрээнд дүгнэсэн. Ш.Төмөрсүхтэй байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох ёстой байсан гэж байна. Ш.Төмөрсүхтэй байгуулсан гэрээ нь уг эрүүгийн хэрэгтэй ямар нэгэн байдлаар хамааралгүй. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс уг Ш.Төмөрсүхтэй байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус байсан гэж дүгнэхгүйгээр Иргэний шүүхээр тусад нь жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн нь үндэслэлтэй байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох хууль зүйн үндэслэл байхгүй. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа шүүгдэгч С.Д-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокурорт яллагдагчаар татах хангалттай үндэслэлтэй байвал эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах эрх байгаа. Гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж С.Д-г яллагдагчаар татсан. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан” гэж дүгнэсэн нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Яллах дүгнэлтийн хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах шаардлага байхгүй. Мөн тухайн гэмт хэргийг хэд хэдэн хүн үйлдсэн байхад үйлдэл, оролцоог нь нарийвчлан тогтоогоогүй гэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “Шүүгдэгч С.Д хохирогчид итгэл үнэмшил төрүүлэн, дэмжлэг үзүүлж гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн” гэж үйлдэл оролцоог нь дүгнэсэн байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч С.Д-гийн өмгөөлөгч А.Бүдханд, шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч М.Билгүтэй, Ц.Батзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурьдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.М, С.Д нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.М, С.Д нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ “хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурьдаж”, “шүүгдэгч нараас тус бүрээс 56.191.540 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Г-т олгож”, “иргэний нэхэмжлэгч Ш.Төмөрсүхийн 75.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон...” байдлаар тус тус шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Прокуророос шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэгт гэм буруутай эсэхийг тогтоолгохоор шүүхэд шилжүүлсэн байх ба уг гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй тул шүүх хохирол, хор уршгийг хамтруулан шийдвэрлэх шаардлагатай болдог.   

Тодруулбал, прокурор “М.М, С.Д нар нь бүлэглэн Д.Г-ийг хуурч түүний 2 өрөө орон сууцыг барьцаанд тавих итгэмжлэл хийлгэн авч Ш.Төмөрсүхэд барьцаалан 112.383.080 төгрөгийн хохирол учруулсан” гэсэн байдлаар яллах дүгнэлт үйлдсэн атлаа энэ эрүүгийн хэрэгт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2, 26.1 дүгээр зүйлүүдэд заасан “эд хөрөнгө битүүмжлэх”, “хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах” талаар зохих ажиллагааг хийгээгүй нь ойлгомжгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.М, С.Д нарыг “өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан” гэж гэм буруутайд тооцож, мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тухайн орон сууцны үнэлгээгээр хохирлыг төгрөгөөр нь гаргуулахаар шийдвэрлэж, хохирогч /өмчлөгч/-ийн орон сууцыг хэрхэх талаар шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.

Улмаар тухайн орон сууцыг барьцаалан зээл олгосон иргэний нэхэмжлэгч Ш.Төмөрсүхийн 75.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж заажээ.

Гэтэл Ш.Төмөрсүх нь тухайн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэр гарсны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсоноос гадна шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн зарим оролцогчдоос иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхээс түдгэлзүүлсэн байгаа талаар тайлбарлаж байгаа хэдий ч энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул шүүхээс нэг мөр дүгнэлт хийн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсч байна.

Иймд эрүүгийн хэрэгт тухайн орон сууцыг битүүмжлэх ажиллагааг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар зайлшгүй хийж, тухайн маргаан бүхий орон сууцны талаар иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг авч хэрэгт бэхжүүлэх, иргэний нэхэмжлэгч Ш.Төмөрсүхийг иргэний хариуцагчаар татан оролцуулах замаар эрүүгийн хэргийн шүүх шийдвэр гаргах боломжит ажиллагааг гүйцэтгэх шаардлагатай.

Энэ ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд дээрх баримт хуулийн дагуу бүрдсэн тохиолдолд шүүх хохирогч Д.Г, иргэний нэхэмжлэгч Ш.Төмөрсүх нарын хохирлын асуудлыг нэг мөр шийдвэрлэх боломжтой болох юм гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тохиолдолд иргэний болон захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах боломжгүй буюу эрүүгийн хэргийн шийдвэрлэлтээс шалтгаалж тус тусын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, эсхүл үүсгэсэн иргэний болон захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгодог эрх зүйн үндсэн зарчимтай билээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4 дэх заалтуудад заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол“, “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ гэж, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэж тус тус заажээ.

201625021996 тоот эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлийг бүрэн шалгаж тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй дүгнэлтэд хүрэх шалтгаан болсон байна гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.М, С.Д нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцааж шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дээр дурьдсан үндэслэлүүдээр хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн тул шүүгдэгч С.Д-гийн өмгөөлөгч А.Бүдханд, шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч М.Билгүтэй, Ц.Батзаяа нарын гаргасан давж заалдсан гомдлуудад дүгнэлт хийгээгүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/241 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.М, С.Д нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч С.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч М.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                    Б.ЗОРИГ