Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 725

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Б.Чимгээ,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн овогт Д ийн Б д холбогдох эрүүгийн 1706 0143 70208 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн ажилтай, ам бүл, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, овогт Д ийн Б

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Холбоо толгойн 49 дүгээр гудамжинд эхнэр Л.Н тай маргалдан толгойн тус газар нь цохих, хэвлий орчим өшиглөх зэргээр хүч хэрэглэснээс түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Д.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад эхнэр Н 03 цагт согтуу орж ирээд таксины мөнгө нэхсэн. Тэгэхлээр нь би чамд өдөр өөртөө байсан бүх мөнгөө өгсөн шүү дээ тэрийг яасан юм бэ гэж асуусан. Надад чамд өгөх мөнгө байхгүй гэсэн. Тэгсэн Н гэрээс гараад явчихсан. Би гэртээ чагнаад хэвтэж байсан чинь гадаа хүн ирээд нохой дуугарсан. Гараад хартал манай найз Н эхнэртэйгээ хамт машинтай гадаа ирчихсэн, манай эхнэр Н сууж байсан. Тэгэхээр нь чи наанаа юу хийж байгаа юм бэ хүүхэд уйлаад байна орж хүүхдээ хөхүүл гэж хэлсэн. Би машины хаалгыг онгойлгож түлхээд буулгасан. Эхнэр Н намайг нөхөр зодлоо гээд гудамжаар гүйгээд цагдаад өгчихсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 36-37 дугаар хуудас/,

Хохирогч Л.Н ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 17-ны орой Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байх ганц худгийн орчим би нөхөр Б ийн хамт найз Н ынд оччихоод ирж байтал намайг машинаас буу гээд толгой руу цохиод буулгасан. Тэгээд найз   Н н машинд суугаад гэртээ иртэл Б намайг яасан их тэнэдэг хар гавш бие үнэлж байгаад ирж байгаа юм уу гээд миний толгой, чих рүү гараараа цохиж гэдэс рүү өшиглөсөн. Тэгээд би цагдаа дуудаж өгчихөөд байж байтал өглөө нь ирээд намайг алчий гээд хаалга мөргүүлэхээр нь би зугтаж гартал хажуу айл руу цагдаа дуудсан. Намайг сарын өмнө машинтайгаа явж байхдаа нэг хүнийг ярихаар нь хүнийг ингэж ярьж болохгүй гэтэл чи явалддаг болоод өмөөрөөд байгаа юм уу гээд гараараа цохиод хоолой боож байсан. Намайг ер нь урьд нь хэдэн удаа зодож байсан. Өөдөөс нь юм хэлэхээр чамаар заалгах юм уу ээжээрээ заалгаж байгаагүй гээд зоддог. Намайг аав ээжийнхээ дэргэд зодож байсан. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 33-35 дугаар хуудас/,

Гэрч Д.Ц ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Б нь манай төрсөн хүү. Н нь манай бэр болоод 5 жил болж байна. Энэ хоёр хоёулаа түргэн ууртай байнга хэрэлддэг би боль гэж зөндөө хэлдэг. Б нь Улаанбаатар нэгдэлд ачигч хийдэг, өглөө гараад орой ирдэг. Эхнэр Н нь хоёр хүүхдээ хараад гэртээ байдаг. Эхнэрээ зодож цохиод байдаг зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 9 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн ¹470 дүгнэлтэд “Л.Н д тархины доргилт, хуйх, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, хэвлийн урд хананы цус хуралт, баруун өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 13 дугаар хуудас/,

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн 2017.10.30-ны өдрийн 323 дугаар албан бичиг /хэргийн 38 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 19 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 22 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Холбоо толгойн 49 дүгээр гудамжинд эхнэр Л.Н тай маргалдан толгойн тус газар нь цохих, хэвлий орчим өшиглөх зэргээр хүч хэрэглэснээс түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Б д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Д.Б д холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Д.Б д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.