Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2022/0061

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл би, Д.М*******ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагч нараас тус шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийн талаар талууд харилцан тохиролцож Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар дараах зүйлийг тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Тохиролцсон байдал:

1. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дүгээр тушаалын Д.М*******т холбогдох хэсгийг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Д.М******* татгалзах,

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нэхэмжлэгч Д.М*******ийн өмнө ажиллаж байсан ажилтай дүйцэх албан тушаал болох Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн даргын албан тушаалд томилж, ажил олгогчийн зүгээс ажилгүй байсан хугацааны 2022 оны 01 дүгээр сарын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүхэд Д.М*******ээс Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан ...Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дүгээр тушаалын Д.М*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч Д.М*******, хариуцагч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Э******* нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээг тус шүүхэд ирүүлжээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар тус гэрээ нь хуульд харшилсан, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Д.М*******, нөгөө талаас хариуцагч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Э******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь хуульд харшилсан, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан Д.М*******ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох ...Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дүгээр тушаалын Д.М*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сайханзаяад даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ