Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 135/ШШ2024/00888

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2024/00773/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* ******* хэсэг, ******* *******, ******* оршин суух ******* овогт ******* ******* (утас:)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, хороолол, байр, оршин суух овогт (утас:)-д холбогдох,

2,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.,

Хариуцагч П.,

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.

(Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв)

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч П.д холбогдуулан “2,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

“...П. нь 10,000,000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлээч, хүүд нь 2,000,000 төгрөг өгье, мөнгөний маш яаралтай хэрэг болоод байна. Зээлсэн 10,000,000 төгрөгөө 12,000,000 төгрөг болгож яг хугацаандаа төлж барагдуулна гээд гуйхаар нь зөвшөөрч, харилцан ярилцаж тохиролцоод 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр түүний Голомт банкны гэсэн данс руу шилжүүлсэн. Миний бие мөнгө зээлснээ баталгаажуулах зорилгоор П.гаас “2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөгийг зээлж Голомт банкны 4305016207 дансанд шилжүүлэн авсан. 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 12,000,000 төгрөг болгож зээлээ төлж барагдуулна” гэсэн гарын үсэг бүхий тодорхойлолтыг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр бичүүлж авсан. П. нь үндсэн зээл 10,000,000 төгрөгөө 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өгсөн хэдий ч тохирсон зээлийн хүү болох 2,000,000 төгрөгөө өгөөгүй. Иймд П.гаас зээлийн хүү болох 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагч П. хариу тайлбартаа:

“...П. миний бие Ц. гэх иргэнээс өдрийн 10 хувийн хүүтэй мөнгө зээлж их хэмжээний өрийн дарамтад орсон байхад Ц. нь намайг өрөө төлөхгүй бол фейсбүүкт тавина гэж айлган сүрдүүлж байсан тул арга буюу Г.*******гаас 10,000,000 төгрөгийг зээлж Ц.т өгсөн нь үнэн бөгөөд тус 10,000,000 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр буцааж Г.*******д өгсөн. Г.******* бид хоёрын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй мөн Г.******* нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй тул би түүнд зээлийн хүү гэх 2,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, өөрийн Хаан банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагч П.гийн гар бичмэл (хх 2-6 хуудас) зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

4.Шүүхээс Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 7-10/720 дугаартай тодорхойлолтыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Г.*******гийн хариуцагч П.д холбогдуулан гаргасан  2,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л. шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэлийг “...Нэхэмжлэгч Г.******* нь зээлийн хүү болох 2,000,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Г.******* нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөгийг П.д зээлсэн. Зээлийн хүүг 2,000,000 төгрөгөөр тооцож талууд бичгээр зээлийн гэрээ байгуулсан. Гэвч П. зээлийн хүүг өгөөгүй учир зээлийн гэрээний хүү болох 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарлаж, шаардах эрхээ тодорхойлж байна.

3.Хариуцагч П. нь “...Миний бие Г.*******гаас 10,000,000 төгрөг зээлж авсан. Би өмнө нь Ц. гэдэг хүнээс мөнгө зээлж авсан байсан. Тухайн хүн надаас мөнгөө авах гээд яаруулаад байсан. Ц. надад мөнгө зээлдэг таньдаг хүн байгаа гээд Г.*******г надад санал болгосон. Г.*******гаас 10,000,000 төгрөг зээлээд Ц.т өгөх ёстой байсан мөнгөө өгсөн. Ахаасаа 10,000,000 төгрөг авч Г.*******д өгсөн. Г.******* намайг өдөржин машиндаа суулгаж авч явж чи зээлийн хүүг төлнө гэж үүнд гарын үсэг зураад өгчих гэж дарамтлаад байсан. Би аргагүйн эрхэнд гарын үсэг зурсан. Зээлийн хүү 2,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би бусдад их хэмжээний өрийн дарамтанд орсон” гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

4.Хариуцагч П. нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.*******гаас зээлж авсан ба тус 10,000,000 төгрөгөө буцаан нэхэмжлэгчид өгсөн үйл баримт талуудын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байна. Энэ үйл баримтад зохигчид маргаагүй. /хх5-6х/

Харин талууд тэдний хооронд хүү тохирсон зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, нэхэмжлэгч хүү тооцон авах эрхтэй эсэх асуудалд маргаж байна.

5.Хавтаст хэргийн 4-р хуудсанд хариуцагч П.гийн “...Миний бие 3 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг авсан нь үнэн болно. 3 дугаар сарын 25-нд зээлээ 12,000,000 төгрөг болгож төлж барагдуулна” гэх гар бичмэл эх хувиар авагдсан байх бөгөөд хариуцагч үүнийг өөрөө бичсэн гэж хүлээн зөвшөөрсөн.

6.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэх зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

7.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж заасан.

Хариуцагч талаас “...нэхэмжлэгч нь байнга хүнд мөнгө зээлж ашиг олдог, байнгын шинжтэй зээлийн үйл ажиллагаа явуулдаг иргэн бөгөөд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар холбогдох эрх бүхий этгээдэд бүртгүүлэх ёстой ба мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй иргэн байнга, ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон бол хүү авах эрхээ алдана гэж зааснаар хүү авах эрхгүй” гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгчийг байнга ашиг олох зорилгоор зээлийн үйл ажиллагаа явуулдаг гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.*******, хариуцагч П. нарын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа нэг удаагийн шинжтэй байна.

8.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т “Гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар” гэрээ байгуулагдсанд тооцохоор заасан байна.

Хариуцагч П. нь 10,000,000 төгрөгийг 12,000,000 төгрөг болгож төлөхөө илэрхийлж нэхэмжлэгч Г.*******д гар бичвэр баримт бичиж өгснийг нөгөө тал болох нэхэмжлэгч хүлээн авсан байх тул талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагчааас “...нэхэмжлэгч намайг дарамталж байгаад хүчээр баримтад гарын үсэг зуруулсан” гэж тайлбарлаж байх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг болох хүүг шаардах эрхтэй, хариуцагч нь зээлийн гэрээний хүүг төлөх үүрэгтэй байна.

9.Нэмж дурдахад талуудын 10,000,000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлж 10 хоногийн хүүнд 2,000,000 төгрөгийг төлөх тохиролцооноос үзэхэд хүү илт өндөр тогтоогдсон гэх илэрхий үндэслэл байх боловч энэ талаар зохигчид маргаагүй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэж заасан ба хариуцагчаас энэ талаар ямар нэг хүсэлт, тайлбар гаргаагүй болно.

10.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68,200 төгрөгөөс 46,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 21,250 төгрөгийг төрийн сангийн орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 46,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч П.гаас 2,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68,200 төгрөгөөс 46,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 21,250 төгрөгийг төрийн сангийн орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 46,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.НОМИН