Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2015/0980/З |
Дугаар | 128/ШШ2016/0413 |
Огноо | 2016-05-31 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2016/0413
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааныг захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т ХХК
Хариуцагч: Улсын бүртгэлийн статистикийн ерөнхий газар
Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо /13332/ Нарны зам 70 дугаар хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай болон Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо /13332/ Нарны зам 70/1 дугаар хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг М******* ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийг Т ХХК-ийн өмчлөлд бүртгэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Эрдэнэбат, нэхэмжлэгч Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Т*******, нэхэмжлэгч Т ХХК-ийн өмгөөлөгч Г.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, гуравдагч этгээд М******* ХХК-ийн өмгөөлөгч Ш.Э, Р.П******* нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК-ийн гүйцэтгэх захиал Ц.Т******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .....Монгол улсад бүртгэлтэй Т ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд бизнесийн чиглэлээр үйл ажиллагааг тогтмол явуулж байгаа болно. Тухайн хугацаанд Т ХХК нь өөрийн хөрөнгөөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд нэгж талбарын 6009/045 дугаартай 1700 мкв газрыг эзэмшиж байсан бөгөөд тус газар дээрээ 2 барилга барьж улсын мэргэжлийн хяналтын газраас "Барилга ашиглах" шийдвэрийг гаргуулж шинээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар бэлдэж байсан билээ.
Гэтэл Т ХХК-ийг төлөөлөх ямар нэгэн эрхгүй этгээд болох Н.У******* гэгч нь Техник-форум ХХК-ийн хүчингүй болсон тамга, хуурамч албан бланк ашиглан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр "Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо Нарны зам 70, 70\1 хаягтай үл хөдлөх хөрөнгүүдийг М******* ХХК-ийн өмч хөрөнгө болоход татгалзах зүйлгүй" гэсэн утгатай албан бичиг хуурамчаар үйлдэн өгч улмаар улсын бүртгэгч тухайн хуурамч албан бичигт үндэслэж М******* ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн байна.
Манай компанийн зүгээс тухайн хууль бус бүртгэлийг хүчингүй болгуулахаар 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 15\265 дугаартай албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан. Гэтэл 2015 оны 09 дүгээр сарын 07-ны 11571 дугаартай албан бичгээр бүртгэл зохих журмын дагуу явагдсан, улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх, үүний улмаас үүсэх хариуцлагыг өөрөө хүлээх үүрэгтэй, өмчлөлийн маргаантай асуудлаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасны дагуу холбогдох хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй байна" гэсэн хариуг өгсөн.
Уг 2 үл хөдлөх эд хөрөнгийг Н.У******* нь хууль бусаар бусдад шилжүүлсэн асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар гомдол гаргасан бөгөөд улмаар эрүүгийн дугаартай хэрэг шалгаж хэргийг прокурорын зүгээс эцэслэн шийдвэрлээд байна. Тус хэрэгт тухайн 2 үл хөдлөх эд хөрөнгийг дураараа аашилж бусдын компанийн өмчлөлд шилжүүлсэн болохыг тогтоосон бөгөөд эргүүлэн Т ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх нь зүйтэй гэсэн албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн боловч М******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгож эргүүлэн Т ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхгүй байна.
Компанийн зүгээс Улсын бүртгэлийн ерөнхий газраас өгсөн хариуг болон буцаан шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Улсын бүртгэгч нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар өмчлөх эрхийг бүртгүүлэх мэдүүлгийг хүлээн авалгүй татгалзах ёстой байтал хүлээн авч өмчлөх эрхийг М******* ХХК дээр бүртгэсэн бүртгэл хийж гэрчилгээг гаргаж өгсөн байна. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар "бүртгэл үнэн зөв байх" зарчим алдагдсан гэж үзэж байгаа бөгөөд эдгээр бүртгэлүүд хууль бус бүртгэл болох нь баримтуудаар нотлогдож байгаа юм.
Иймд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо \13332\ Нарны зам 70 дугаар хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо \13332\ Нарны зам 70\1 дугаар хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг М******* ХХК-ийн \регистр-*******\ өмчлөлд бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн бүртгэлийг хүчингүй болгож, дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийг Т ХХК-ийн өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т ХХК-ийн гүйцэтгэх захиал Ц.Т******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ........Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Т ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа үл хөдлөх эд хөрөнгийг Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байршилтай 2 үл хөдлөх эд хөрөнгийг Монтрак гурпп ХХК-ийн захирал Н.У******* гэдэг хүн 213 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Т ХХК-ийн өмнөөс хуурамч тодорхойлолт гаргаж улсын бүртгэгчийг санаатайгаар хуурч М******* ХХК-ийн нэр дээр бүртгүүлсэн байдаг. Мөн 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр М******* ХХК-ийн нэр дээр бүртгүүлсэн байдаг. Тухайн үед Н.У******* гэдэг хүн Т ХХК-тай хамааралгүй залилангийн хэргээр шалгагдаж байсан.
Мөн маргаан бүхий итгэмжлэл байгаа. Итгэмжлэл дээрх газрын үсэг Т ХХК-ийн захирал Б.Э*******ийн гарын үсэг мөн боловч энэ итгэмжлэл маргаан бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх эрх олгосон итгэмжлэл биш байгаа.
Мэргэжлийн хяналтын дүгнэлт болон техникийн нөхцөл бол Т ХХК-ийн нэр дээр хамгийн гол материал байгаа. Бусад фото зураг зэрэг материалууд бол ач холбогдолгүй. Тэгэхээр Мэргэжлийн хяналтын дүгнэлт болон техникийн нөхцөлийг Улсын бүртгэлийн байгууллага тодруулж шийдвэрээ гаргах ёстой байсан. Н.У******* гэдэг хүнд олгосон итгэмжлэл болон Т ХХК-ийн захирлын тушаал бол хуурамч байгаа. Итгэмжлэл нь бол захиргааны хэрэг үүсэхэд гарч ирсэн. Т ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ц.Т******* гэдэг хүн 2015 онд болсон гэж байна. Гэтэл би 2008 оноос Т ХХК-ийн гүйцэтгэх захирлаар одоог хүртэл явж байгаа учраас тухайн үйл баримтыг мэдэж байгаа. Тэгэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй. 2011 онд Б.Э*******, Н.У******* нар хамт амьдрахаа болсон байгаа.
2012 онд Н.У******* Т ХХК-ийг залилж авсан. Тухайн үед компанийн тамга, тэмдгийг би авсан боловч Н.У*******т компанийн тамга, тэмдэг болон гэрчилгээ илүү 1 хувь байсан. Энэ хуурамч тамга, тэмдгийг 2014 он хүртэл ашигласан байдаг. Манай зүгээс цагдаагийн байгууллагад мэдэгдэж хуурамч илүү тамга, тэмдгийг нь хурааж авч байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Т ХХК-ийн өмгөөлөгч Г.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа:........ Уг газар нь эхэлж Т ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн. Үүний дараа тухайн газарт маргаан бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгийг барьсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт оруулж улсын байцаагчийн дүгнэлт Т ХХК-ийн талд гарсан учраас Улсын бүртгэлд бүртгүүлж улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байгаа. Мөн түр техникийн нөхцөлийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас авсан байсан. Энэ хооронд Н.У******* гэдэг хүн компанийн тамга тэмдэг хуурамчаар ашиглаж компанийн захирал гэж Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр албан бичгээр хандаж маргаан бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгийг авсан байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлд 17.3-д Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан.
Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө 17.2-д Хуулийн этгээд нь өөрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэх гэрээг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр бүртгүүлэх бол тухайн итгэмжлэл нь уг байгууллагын эрх баригч, нягтлан бодогч буюу түүний үүрэг гүйцэтгэгчийн гарын үсэг, тамга/тэмдэг/-тай, нотариатаар гэрчлэгдсэн байна гэж заасан. Тэгэхээр Т ХХК Н.У******* гэдэг хүнд хуульд заасан эрх олгосон байсан нөхцөлд тус компанийн гүйцэтгэх захирал, нягтлан бодогчийн гарын үсэг, санхүүгийн тамга, болон нотриатор баталгаажуулагдсаны үндсэн дээр тухайн эд хөрөнгийг бусад этгээдэд шилжүүлэх эрх нь хуулийн зохицуулалтаар нээгдэх ёстой. Гэтэл Т ХХК-д хамааралгүй хүн маргаан бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн асуудал нь бүртгэл үнэ зөв байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна
Н.У******* гэдэг хүн Т ХХК-ийг төлөөлөх эрх байхгүй, үүсгэн байгуулаагүй. Т ХХК-ийн захирал болон үүсгэн байгуулагчид нь мэдэгдэлгүйгээр компанийн эд хөрөнгийг бусад этгээдэд шилжүүлсэн байгаа. Энэ үйлдэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу зохих баримтуудыг дутуу хянаж бүрдүүлж авсан улсын бүртгэгчийн буруутай үйл ажиллагаа байгаа гэж үзэж байна. Мөн бүртгэлийн байгууллага тухайн аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс гадна тухайн компанийн дүрмийг хуулбарлаж авдаг байгаа. Компанийн дүрэм дээр тухайн компанийн үүсгэн байгуулагч, захирал, гүйцэтгэх захирал нар нь тодорхой байгаа. Тэгэхээр тухайн үед тухайн компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрмийг нь нягтлан шалгасан бол маргаан бүхий 2 үл хөдлөх хөрөнгө Т ХХК-иас М******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэх үндэслэл болохгүй байсан. Ийм учраас хуульд заасан бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцээгүй гэж үзэж байна.
Тус компанийн захирлын 2006 оны тушаал болон 2010 оны итгэмжлэлээр Н.У******* гэдэг хүнд маргаан бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрх нээгдсэн гэж байна. Итгэмжлэл гэдэг бол Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-д Бичгээр олгосон итгэмжлэл нь дараах шаардлагыг хангасан байвал зохино 64.2.1-д итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх 64.2.2-д хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх гэж заасан. Тэгэхээр Т ХХК-ийн захирлын тушаал болон итгэмжлэл нь энэ маргаанд хамааралгүй.
Т ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө бусдын өмчлөлд байгаа учраас захиран зарцуулах эрх нь зөрчигдөж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:: .......Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, /13332/ Нарны зам 70 дугаар хаягт байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын өмчлөх эрхийг бүртгэхдээ 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн мэдүүлэгт "М*******" ХХК-ний бүртгүүлэхийг хүссэн албан бичиг, "Т" ХХК-ийн 2013 оны В13/006 тоот албан бичиг, 2007 оны 405 тоот Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж, 2012 оны газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, "М*******" ХХК-ийн нэр дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, 2012 оны барилга хот байгуулалт төлөвлөлтийн газраас олгосон албан ёсны хаяг, газрын кадастрын зураг, 2012 оны Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар улсын байцаагчийн дүгнэлт, цахилгааны зөвшөөрөл олгосон техникийн нөхцөл, эд хөрөнгийн план зураг, эд хөрөнгийн фото зураг зэрэг нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэж ******* тоот гэрчилгээг М******* ХХК-ийн өмчлөлд олгосон байна.
Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, /13332/ Нарны зам 70/1 дүгээр хаягт байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын өмчлөх эрхийг бүртгэхдээ 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн мэдүүлэгт М******* ХХК-ний бүртгүүлэхийг хүссэн албан бичиг, "Т" ХХК-ийн 2013 оны 013/006 тоот албан бичиг, 2007 оны 405 тоот Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж, 2012 оны газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, "М*******" ХХК-ийн нэр дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, 2012 оны барилга хот байгуулалт төлөвлөлтийн газраас олгосон албан ёсны хаяг, газрын кадастрын ураг 2012 оны Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар улсын байцаагчийн дүгнэлт, цахилгааны зөвшөөрөл олгосон техникийн нөхцөл, эд хөрөнгийн план зураг, эд хөрөнгийн фото зураг зэрэг нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэж 000234825 тоот гэрчилгээг М******* ХХК-ийн өмчлөлд олгосон байна
Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдэд "Т" ХХК-ийн 2015 оны 15/263 тоот албан бичгийг үндэслэн урьдчилсан тэмдэглэгээ хийсэн мөн М******* ХХК-ийн 2015 оны 15/356 тоот албан бичгийг үндэслэн урьдчилсан тэмдэглэгээ хийсэн байгааг цуцлаагүй байна.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 09 -ний өдрийн 5/613 тоот, 2015 оны 10 дугаар сарын 16 -ны өдрийн 18 тоот албан бичиг тус бүр хувийн хэрэгт хавсрагдсан байна. "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т "Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагынбайгуулагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна" гэж заасан байгаа.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д "Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө" хэмээн заасан байдаг. Хэрэв тухайн анхны бүртгэлүүдийг санаатайгаар хуурамч нотлох баримт бүрдүүлэн хийлгэсэн бол буруутай этгээд нь бусдад учирсан хохирлыг нөхөн төлөх нь зүйтэй юм.
Иймд Т ХХК өмчлөлд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлэн бүртгэх боломжгүй тул Техник Форум ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд М******* ХХК-ийн захирал Н.У******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ........ Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр "Т" ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх Ц.Т*******гээс Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо /13332/ Нарны зам 70 дугаар хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Нарны зам 70/1 дугаар хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг М******* ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэгчийн бүртгэлийг хүчингүй болгуулах, дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийг "Т" ХХК-ийн өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даатгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасантай холбогдуулан дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
1. Б.Э*******, Н.У******* нар нь 2005 оны 01 дүгээр сараас 2012 оны 08 дугаар сар хүртэл хамтран амьдарч байсан бөгөөд дундаасаа төрсөн охинтой, анх Б.Э*******тэй 2005 онд танилцаж байхад эрүүгийн хэрэгт шалгагдаж, орон байр хоол унааны мөнгөгүй нэн ядруухан байх үеэс эхлэн түүнд тусалж шүүх цагдаа өр ширнээс нь салгаж урьдчиланурдчилан хорих газраас 10 сая төгрөг хүнээс зээлэн байж, батлан даалтад гаргаж байсан төдийгүй бусдын хөрөнгө завшсан хйлсан хохирлуудыг төлж барагдуулахад 7500,000 төгрөг зарцуулж бүх өрийг нь дарж байсан баримт нь байдаг гэвч энэ хүн Н.У*******ийг хуурч эд хөрөнгийг ашиглан шамшигдуулсан талаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1829/г дугаартай шийдвэрээр тогтоогдсон байдаг.
2. 2006 оны 2 дугаар сард нөхөр Б.Эрдэнэбилгийг шоронд хоригдож байхад түүний үнэмлэхийг авч очиж бүртгүүлэн байгуулсан компани ба 1991 оноос эхлэн явуулж байсан бүх бизнес эд хөрөнгө мөнгө санхүүгээ "Т" ХХК-д төвлөрүүлэн Э.Солонго Э.Ариунзаяа 2 хүүхдийнхээ хамтаар 4 ам бүл болон амьдарч байсан боловч надад хуулийн дагуу Б.Эрдэнэбилгийн хийсэн 2006 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06/42 дугаартай "Ажилд томилох тухай" тушаалаар эхнэр Н.У*******ийг дэд захирлаар томилон, байгууллагын албан бичиг, гадаад болон дотоод худалдааны гэрээ, контракт харилцах данс эзэмших, тайлан баланс бүртгэл, эд хөрөнгө, бараа материалд хяналт тавих, захиран зарцуулах бүрэн эрхийг олгон, компанийн цаашдын бизнесийн үйл ажиллагааны чиг хандлага, бодлого, зохион байгуулалт, бүтэц бүрэлдэхүүн, маркетинг, менежментийн бүхий л асуудлыг бие даан хариуцан шийдвэрлэж, удирдан зохион байгуулахыг зөвшөөрсөн итгэмжлэл, тушаал байдаг. Тиймээс тухайн үед Н.У******* нь хууль тогтоомжийн дагуу олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд албан бичгийн хэвлэмэл хуудас компанийн тэмдгийг хэрэглэн өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлсэн болно.
3. Хуулийн дагуу олгогдсон эрхийн хүрээнд Н.У******* нь компанийн үйл ажиллагааг явуулахдаа ******* улсын бүртгэлийн дугаартай, 5520169 регистрийн дугаартай "М*******" ХХК-ийг буюу 100 хувийн хувьцааг У.Үнэнбатад 2012 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн "Компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ", "Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн бөгөөд энэхүү гэрээ нь нотариатаар баталгаажуулан, улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг. У.Үнэнбат нь тухайн үед "М*******" ХХК-ийг удирдаж байхдаа өөрийн хөрөнгөөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Нарны замд байрлах 70 дугаарт хаягтай Ү-*******, Нарны зам 70/1 дугаар хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьж ашиглалтад оруулан ажилласан бөгөөд энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг бий болгоход Т" ХХК нь хөрөнгө мөнгө болон бусад ямарваа нэгэн байдлаар оролцоогүй.
4. Б.Э*******ийн үндэслэлгүй гомдлоор Н.У******* нь Б.Э*******ийн нэрын үсгийг хуурамчаар дуурайлган зурж, "Т" ХХК-ийг хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлсэн залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурор Н.Ганбатын 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 289 дүгээр тогтоол, прокурор Л.Бадралтын 2015 оны 10 дугаар сарын 16-ы өдрийн "Доод шатны прокурорын гаргасан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай" 18 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгон шийдвэрлэсэн 2016 оны 01 сарын 07-ны өдрийн 5/35 тоот албан бичиг мөн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/04 тоот Улсын Ерөнхйи Прокурорын газрын прокурорын тогтоол байгаа. "Үндсэн хууль", "Прокурорын байгууллагын тухай хуулиар Прокурор нь бусдын гэм буруутайг тогтоож, эд хөрөнгө захиран зарцуулах, шилжүүлэхийг шийддэг албан тушаалтан биш бөгөөд өмчлөгчийн эрхийг гагцхүү шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор азгаарладаг билээ.
5. Одоо "Т" ХХК-ийг үүсгэн байгуулагч Н.У******* нь уг компанийн өмчлөл болон дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд шүүгч Б.Цолмонбаатарын 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн иргэний хэрэг үүсгэх тухай" 39864 дүгээр захирамжаар хэрэг үүсгэн уг шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа билээ. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Гуравдагч этгээд М******* ХХК-ийн өмгөөлөгч Ш.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа:.......Н.Урачимэг гэдэг хүнд эрх олгосон итгэмжлэл дангаараа байдаггүй. 2006 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Т ХХК-ийн захирал 0642 тоот тушаал гарсан байдаг. Энэ тушаал дээр захиран зарцуулах болон тухайн эд хөрөнгийг худалдах эрхийг олгосон байгаа. Тэгэхээр эдгээр баримтуудыг үндэслэж улсын бүртгэгч бүртгэсэн үйлдэл нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Мөн Б.Э*******, Н.У******* нарын эд хөрөнгөтэй холбоотой асуудал иргэний хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа учраас энэ маргааныг 1 зүйл болж байгаа гэв.
Гуравдагч этгээд М******* ХХК-ийн өмгөөлөгч Р.П******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа:.......Нэхэмжлэгч компани нь маргаан бүхий үл хөдлөх 2 эд хөрөнгийг Т ХХК-ийн нэр дээр бүртгэж ёстой байтал бүртгээгүй учраас энэ 2 үл хөдлөх эд хөрөнгийг Т ХХК-ийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж өгөх бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1-д маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох мөн хуулийн 70.2.4-д захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон бол шаардагдах захиргааны актыг гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах гэж заасны дагуу нэхэмжлэл гаргасан байна.
Тэгэхээр маргаан бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгө 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бүртгэгдсэн байгаа. Гэтэл нэхэмжлэгч компани нь 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 15/265 дугаартай албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан байгаа. Маргаан бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгийг М******* ХХК-ийн нэр дээр бүртгүүлснээс хойш гомдол гаргасан байгаа. Энэ гомдолд дурдагдсан үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад тогтоогдохгүй байгаа. Өөрөөр хэлбэл Н.У******* гэдэг хүн хууль бус үйлдэл хийж бусдын эд хөрөнгийг дураараа өөрийн нэр дээр шилжүүлсэн авсантай холбоотой ямарч баримт нотлох баримтаар хэрэгт авагдаагүй. Харин хавтаст хэрэгт Улсын Ерөнхий прокурорын газрын орлогч прокурор н.Эрдэнэбатын тогтоол гарсан байгаа.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар ноцтой зөрчсөн гэж байна. Тэгэхээр мөн хуульд заасан татгалзах үндэслэл тухайн эд хөрөнгийг бүртгэж байгаа улсын бүртгэгчид ийм эрх байхгүй. Яагаад гэвэл Т ХХК Н.У******* гэдэг хүнтэй салшгүй холбоотой байгаа. Тухайн үед Ц.Т******* гэдэг хүн байгаагүй. Ц.Т******* гэдэг хүний бүртгэлтэй холбоотой асуудал 2015 онд үүссэн байдаг. Тэгэхээр Ц.Т******* гэдэг хүн Т ХХК-тай холбоотой гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасны дагуу маргаан бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүртгэсэн. Харин тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцааж Т ХХК-д шилжүүлж бүртгэх эрх байхгүй гэж байна. Тэгэхээр хуурамчаар маргаан бүхий эд хөрөнгүүдийг шилжүүлж бүртгэсэн гэсэн эрх бүхий байгууллагын гаргасан акт байхгүй. Мөн дундын буюу хувийн эд хөрөнгөтэй холбоотой иргэний маргаан иргэний шүүхээр хянагдаж байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч тал Т ХХК-ийн 2 үл хөдлөх эд хөрөнгийг Н.У******* гэдэг хүн хууль бусаар шилжүүлсэн гэдгийг нотолсон байх шаардлагатай. Гэтэл үүнийг нотлох, нотлох баримт байхгүй учраас энэ гаргасан нэхэмжлэл ямарч үндэслэлгүй гэж үзэж байна.
Хариуцагчийн тайлбарт 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн М******* ХХК-ийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хүссэн албан бичиг, Т" ХХК ний 2013 оны В13/006 тоот албан бичиг, 2007 оны 405 тоот Баянзүрх дүүргийн засаг даргын захирамж, 2012 оны газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, "М*******" ХХК-ийн нэр дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, 2012 оны барилга хот байгуулалт төлөвлөлтийн газраас олгосон албан ёсны хаяг, газрын кадастрын зураг, 2012 оны Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар улсын байцаагчийн дүгнэлт, цахилгааны зөвшөөрөл олгосон техникийн нөхцөл, эд хөрөнгийн план зураг, эд хөрөнгийн фото зураг зэрэг нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн газарт М******* ХХК-ийн нэр дээр бүртгэсэн. Тэгэхээр хариуцагчийн тайлбарт дурдсан албан бичгүүдийг хуурамчаар бүрдүүлсэн гэдгийг нотлох баримтыг нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй.
Улсын бүртгэлийн байгууллагын хариу тайлбарт тухайн компанийн бүртгэлтэй холбоотой баримтуудыг хүлээн авч бүртгэсэн байгаа. Бүртгэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу тухайн компанийн гэрчилгээ очоогүй байгаа нь хууль бус гэж байна. Тэгэхээр Т ХХК-ий захирал, гүйцэтгэл захирал болон ерөнхий нягтлан н.Насанчимэг нар Т ХХК-ийн эзэмшлээс бусдад шилжсэн буюу М******* ХХК-д шилжсэн эд хөрөнгийг нэхэмжлэх эрх нээгдэх үү, үгүй юу гэдэг асуудал тавигдана. Яагаад гэвэл маргаан бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгө М******* ХХК-ийн нэр дээр 2015 онд шилжүүлсэн. 2013 онд Т ХХК-д Б.Э*******, Н.У******* нар байсан. Тэгэхээр Ц.Т******* гэдэг хүн би Т ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан гэж ярьж байгаа боловч тухайн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэдгийг нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй.
Мөн Ц.Т******* гэдэг хүн өөрөө би тухайн үед Т ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээн дээр өөрийгөө бичүүлээгүй энэ бол асуудал биш гэж байсан. Тэгвэл Н.У******* гэдэг хүн Б.Э******* гэдэг хүнтэй гэр бүл байсан учраас Т ХХК-ийн захирлын тушаал болон олгогдсон итгэмжлэлийн дагуу Т ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагааг нь удирдаад явж байсан. Мөн түүнчлэн үүнтэй холбоотой захиран зарцуулах эрхүүд нь нээлттэй, маргаан бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрх нь нээлттэй байсан.
Мөн М******* ХХК-ийн гаргасан тухайн 2 үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн өргөдлийн дагуу Т ХХК-ийн захирлаар ажиллаж байсан этгээд энэ хүсэл зоригийг Улсын бүртгэлийн байгууллагад гаргасан байна. Яагаад гэвэл Т ХХК-ийн гаргасан албан тоот болон нэхэмжлэгч компанитай холбоотой нэмэлт баримтууд дээр талууд маргаагүй. Мөн Н.У******* гэдэг хүн Т ХХК-ийн захирлын тушаал болон өөрт олгосон итгэмжлэлийг үндэслэж хуурамч гэж байгаа тамга, тэмдгийг ашиглаж байсан. Гэтэл энэ хуурамч гээд байгаа тамга, тэмдэгтэй хэн нэгэн этгээд маргаагүй.
Маргаан бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгө Т ХХК-ийн эд хөрөнгөөр барьсан гэдгийг нотлох нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Хавтаст хэрэгт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу энэ үйл баримтыг зохицуулсан. Тэгэхээр 3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжлүүлэхдээ маргаан бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн. М******* ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүлж өгнө үү, манай байгууллага нийт хөрөнгөө авах хүсэлттэй байна гэсэн утгатай хүсэлт гаргасан байдаг.
Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргааныг Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт заасны дагуу уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэсэн үндэслэлээр иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэтэл гэрч мэдүүлэхдээ энэ үл хөдлөх эд хөрөнгө нь бусдад шилжих шилжихдээ холбоотой асуудлыг мэдэж байсан. Ийм учраас эрүүгийн хэрэг үүсгэхдээ шалгуулсан гэсэн. Гэтэл хууль бусаар шилжсэн гэдэг асуудал яригдаагүй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.2-д маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэж заасан. Тэгэхээр бүртгэлийг маргаан бүхий захиргааны акт гэж үзэж мөн хуулийн 70.2.4 дэх хэсэгт заасны дагуу захиргааны байгууллагад даалгаж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Иргэний хуулийн 183.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч байгаа этгээд эрхийн улсын бүртгэл буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд тийнхүү эрх шилжүүлж авч байгаа этгээдийн хувьд эрхийн улсын бүртгэл үнэн зөв гэж тооцно гэж заасан. Тэгэхээр Б.Э*******, Н.У******* гэдэг хүмүүс 2013 онд салсан байсан гэж байна. Гэтэл тухайн үед бүртгэлтэй холбоотой асуудалд гомдол гаргаагүй энэ бүртгэлийг өнөөдрийг хүртэл үнэн зөв гэж явж байсан.
Мөн маргаан бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгө Т ХХК-ийн үндсэн хөрөнгөөр баригдаж байсныг нотлох нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байгаа. Энэ үйл баримттай холбоотой асуудлаар иргэний маргаан үүссэн байгаа. Хэрэв шүүх зарим нэг асуудлыг тодруулах шаардлагатай гэж үзвэл энэ шүүх хуралдааныг хойшлуулах асуудал нээлттэй байгаа гэдгийг анхаарч үзнэ үү. Яагаад гэвэл тухайн эд хөрөнгө хэний өмчөөр баригдсан бэ гэдгийг нотлоогүй байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК нь Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо /13332/ Нарны зам 70 дугаар хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай болон Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо /13332/ Нарны зам 70/1 дугаар хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг М******* ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийг Т ХХК-ийн өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд анх гаргасан байна.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно. Үүнд:
Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо /13332/ Нарны зам 70 дугаар хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай болон Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо /13332/ Нарны зам 70/1 дугаар хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг М******* ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах
Дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийг Т ХХК-ийн өмчлөлд бүртгэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгах
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан байх ба дээрх заалтаас үзэхэд мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч болох нь нотлох баримтаар баттай, лавтай нотлогдохгүй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан байна.
Энэ тохиолдолд Н.У******* нь Т ХХК-ийн захирал буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэхийг нь нягтлан шалгах үүргээ бүртгэлийн байгууллага биелүүлээгүй байна.
Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг М******* ХХК-ийн өмчлөлд бүртгэхэд татгалзах зүйлгүй гэсэн утга, агу бүхий тодорхойлолтыг олгох бүрэн эрх бүхий этгээд нь Н.У******* нь мөн болохыг нотлох баримт байгаа эсэхийг бүртгэлийн байгууллага шалгаж тодруулах үүрэгтэй ба хэрэв мэдүүлэгт энэ талаархи баримт байхгүй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах ёстой.
Тодруулбал хавтаст хэргийн 28 дугаар хуудасд байгаа Т ХХК-ийн 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №013/0016 тоот Тодорхойлолт гаргах тухай албан бичигт захирал Н.У******* гэж гарын үсэг зурсан байх ба энэ тохиолдолд бүртгэлийн байгууллага нь Н.У******* нь Т ХХК-ийн захирал буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэхийг компанийн дүрэм, компанийн үүсгэн байгуулагчийн шийдвэр, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудад үндэслэн нягтлан шалгах ёстой байжээ.
Мөн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг түр техникийн нөхцөлүүд Т ХХК-д олгогдсон, Барилга ашиглалтын тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт Т ХХК-д чиглэсэн буюу хаяглагдсан байхад эдгээр зөрүүтэй нөхцөл байдлуудыг тодруулалгүйгээр, нягтлан шалгалгүйгээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг М******* ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийн байгууллагын үйлдэл нь хууль зөрчсөн байна.
Дээрх үйл баримтуудаас үзэхэд хариуцагч буюу бүртгэлийн байгууллага нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг М******* ХХК хууль ёсоор олж авсан эсэхийг буюу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд М******* ХХК-ийн өмч болох нь нотлох баримтаар баттай, лавтай нотлогдож байгаа эсэхийг шалгаагүй буруутай үйлдэл гаргасан нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг зөрчсөн байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д Улсын бүртгэгч нь дараахь эрх, үүрэгтэй байна:, 11.5.1-д улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах, 11.5.3-д энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэж тус тус заасан ба дээрх хуульд заасан чиг үүргээ улсын бүртгэгч хэрэгжүүлээгүй байна гэж шүүх үзэв.
Иймд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг М******* ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн хариуцагчийн үйлдэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцэхгүй байна.
Түүнчлэн хавтаст хэргийн 130 дугаар хуудсанд байгаа Т ХХК-ийн захирлын 2006 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Ажилд томилох тухай тушаал, хавтаст хэргийн 162 дугаар хуудсанд байгаа Итгэмжлэл олгох тухай 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Т ХХК-ийн албан бичиг зэргийг Н.У******* 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргахдаа хавсаргаж өгөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн үүнийг хүлээн зөвшөөрөн тайлбарлаж байгаа ба дээрх баримтуудыг тус захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээс гаргаж өгсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгчид Улсын бүртгэлийн ерөнхий газар 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 11571 тоот албан бичгээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг Монтрак гурпп ХХК-ийн нэр дээр зохих журмын дагуу бүртгэсэн байх тул бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй байна гэсэн утга, агу бүхий татгалзсан хариу өгсөн үйлдэл нь хууль бус байх тул хариуцагчийн энэ үйлдлийг хууль бус болохыг тогтоож, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг Т ХХК-ийн өмчлөлд бүртгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1, 11.5.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг тус тус баримтлан Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо /13332/ Нарны зам 70 дугаар хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг М******* ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт, Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо /13332/ Нарны зам 70/1 дугаар хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг М******* ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт тус тус бүртгэсэн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгож, дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийг Т ХХК-ийн өмчлөлд бүртгэхгүй байгаа Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын үйлдэл хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо /13332/ Нарны зам 70 дугаар хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг болон Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо /13332/ Нарны зам 70/1 дугаар хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Т ХХК-ийн өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ