Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ДШМ/579

 

             

 

 

 

 

   2022             6               02                                      2022/ДШМ/579

 

Б.Ц-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Төгсжаргал,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЗ/877 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Л.Төгсжаргалын бичсэн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 24 дугаар эсэргүүцлийг үндэслэн Б.Ц-т холбогдох эрүүгийн 2210008290454 дугаар хэргийг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

У........... овгийн Б-ийн Ц, 20.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ........................... төрсөн, .... настай, эрэгтэй, ..................... боловсролтой, ......................., ......................., ам бүл .., .................. нарын хамт ................ дүүргийн ..... дугаар хороо, ................ дугаар гудамжны ..... тоотод оршин суух, /РД: ......................../.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 630 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн.

Б.Ц нь 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Аэро” баарны гадаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “өгзөгнөөс базлаа, гаргуй банди” гэж доромжиллоо гэх шалтгаанаар Б.Ц-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар гараараа нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зуун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн талын чулуулаг, сэртэн болон хүзүүнд цус хуралт, хэлний үзүүрт шарх, зүүн талын завжинд шарх, духанд цус хуралт, дээд зүүн 1 дүгээр шүдний эмтрэл” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Б.Ц-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар ирүүлсэн байх ба шүүхээс хэргийг шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Ц-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг S46 гэсэн, мөр ба гар бугалгын түвшинд булчин ба шөрмөс гэмтэх оношоор 70 хувиар хугацаагүй тогтоосон /хх 41/, мөн тэтгэмжийн дэвтрийн хуулбар /хх 38/, хөгжлийн бэрхшээлтэй иргэний 4173 дугаартай үнэмлэх /хх 37/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг зөрчиж, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг өмгөөлөгчгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх заалтыг зөрчсөн ба уг зөрчлийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3 дахь заалт хангагдаагүй гэж үзэв. Шүүгдэгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн зохицуулалтыг шүүхээс мэдэгдэхэд өмгөөлөгч сонгож аваагүй тул өмгөөлөгчийн асуудлыг шүүх шийдвэрлэх боломжгүй юм.

Мөн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 630 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, энэ шийдвэр хэрэгт авагдаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзана” гэж заасан ба шүүгдэгч 2018 онд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт 450.000 төгрөгийн торгох ял шийтгэгдэж байсан, дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон байхад прокуророос түүний хувийн байдлыг харгалзалгүй дахин 450.000 төгрөгийн торгох ял тохиролцсон нь Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүйг цаашид анхаарах нь зүйтэй.

Хэргийг прокурорт очтол Б.Ц-ийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

Прокурор Л.Төгсжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэр хуулийн шаардлагад нийцээгүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй” гэж зааснаар яллагдагч Б.Ц-г эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал өмгөөлөгчтэй оролцуулна гэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, яллагдагч Б.Ц нь мөр ба гар бугалгын түвшинд булчин ба шөрмөс гэмтэх оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг S46 буюу 70 хувиар хугацаагүй тогтоосон боловч энэ нь түүнийг өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй нөхцөл байдалд хүргэсэн гэж үзэх боломжгүй юм.

Учир нь, хэрэгт авагдсан баримтаар Б.Ц нь өөрийгөө илэрхийлэх чадвартай болох нь түүний эзэмшсэн бүрэн дунд боловсрол, прокурорт өөрийн бичгээр гаргасан хүсэлт, уулын спортоор хичээллэдэг байдал зэргээр сэтгэцийн хувьд өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхтэй гэдгийг бүрэн нотолж байна.

Харин эсрэгээрээ хөгжлийн бэрхшээлтэй гэх шалтгаанаар хүнийг өөрийгөө илэрхийлэх чадваргүй гэж дүгнэх нь нийтэд өөрийг нь гадуурхах нөхцлийг бүрдүүлж байна.

Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хавтаст хэрэгт цугларсан хохирогч Б.Ц, гэрч Н.Энхтамир, яллагдагч Б.Ц нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4932 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогддог. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр гаргасан, шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугийн асуудал дээр маргаагүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч прокурорын тогтоол, санал зэрэгт гарын үсэг зурсан нөхцөл байдал тогтоогдож байхад, шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3 дахь заалт хангагдаагүй гэж үндэслэлгүй дүгнэсэн.

Прокуророос яллагдагч Б.Ц-тай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тохиролцсон байхад шүүх “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэж хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргасан мэтээр буруу бичсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хуульд зааснаас бусад үндэслэл зааж хүндрүүлж шийдвэрлэхийг хориглоно гэж заасан, яллагдагч Б.Ц нь хэдийгээр урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 630 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан боловч уг ялаа эдэлж дууссан талаарх баримт хэрэгт авагдсан байхад шүүхээс “...прокуророос түүний хувийн байдлыг харгалзалгүй дахин 450.000 төгрөгөөр торгох ял тохиролцсон нь Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй...” гэсэн.

Мөн прокурор, яллагдагч Б.Ц-тай 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тохиролцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4  дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” нөхцөл байдлыг тогтоогдсон гэж түүнд хөнгөн ял оногдуулах саналыг гаргасан нь үндэслэл бүхий юм.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЗ/877 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Б.Ц-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Б.Ц-ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоолгож, хялбаршуулсан журмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, “...шүүгдэгч Б.Ц-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг S46 гэсэн, мөр ба гар бугалгын түвшинд булчин ба шөрмөс гэмтэх оношоор 70 хувиар хугацаагүй тогтоосон байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг зөрчиж, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг өмгөөлөгчгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх заалтыг зөрчсөн ба уг зөрчлийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 630 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, энэ шийдвэр хэрэгт авагдаагүй, шүүгдэгч 2018 онд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт 450.000 төгрөгийн торгох ял шийтгэгдэж байсан, дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон байхад прокуророос түүний хувийн байдлыг харгалзалгүй дахин 450.000 төгрөгийн торгох ял тохиролцсон нь Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй...” гэсэн дүгнэлт хийж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрч, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцэл бичсэний дагуу хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж үзлээ.

Учир нь, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүд нь хэргийг зайлшгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж, дахин шалгуулах нөхцөл байдалд хамаарахгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй” сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэж эрүүгийн хэргийн процесс ажиллагаанд дагаж мөрдөх журмыг тодорхойлохдоо хөгжлийн бэрхшээлтэй байдал, эсхүл сэтгэцийн болон өөр бусад хүнд өвчтэйн улмаас өөрийн холбогдсон хэргийн талаар өөрийгөө илэрхийлэх, цаашлаад өөрөө өөрийгөө өмгөөлөх чадваргүй хүн байхаар ямар нэгэн өөр утга санаагүйгээр хуульчилжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Б.Ц нь “S46 мөр ба бугалгын түвшинд булчин ба шөрмөс гэмтэх” онош бүхий хөдөлмөрийн чадварыг “ердийн өвчний жагсаалтын 70 хувь”-иар алдсан бие махбодийн бэрхшээлтэй хэдий ч бүрэн дунд боловсролтой, уншиж бичих чадвартай, өөрийн оюун санааг удирдах бүрэн чадвартай, цанын спортын тамирчин болох нь тогтоогдсон байна.

Энэ нөхцөл байдлаас дүгнэхэд, шүүгдэгч Б.Ц-т зайлшгүй өмгөөлөгч оролцуулах хууль зүйн үндэслэл бүрдээгүй, тэрээр “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй” шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан байна /хх 79/.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах тусгай журмыг хуульчлахдаа “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөх, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” зэрэг нь хангагдсан бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан бөгөөд дээрх нөхцлүүдийн аль нэг нь хангагдаагүй, эсхүл шүүгдэгч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээс татгалзсан тохиолдолд хэргийг прокурорт буцаахаар зохицуулсан.

Гэтэл анхан шатны шүүх “урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүнд дахин ижил хэмжээний торгох ял оногдуулахаар прокурор ялын санал гаргасан нь буруу” гэсэн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүх ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэсэнтэй нийцэхгүй төдийгүй Б.Ц нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт” /хх 59/-ийг прокурорт бичгээр гаргасан байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Ц-т холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхэд прокуророос шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгүүлж байсан тогтоолыг шинээр гарган өгч хэлэлцүүлэх боломжтойг тэмдэглэж байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЗ/877 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Ц-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                               Б.ЗОРИГ