| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/00815/И |
| Дугаар | 135/шш2024/00920 |
| Огноо | 2024-07-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 135/шш2024/00920
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/00815/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ***** баг, ***** байр, *****тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ***** баг, ***** байр, *****тоотод оршин суух, ******* овогт ******* *******
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ***** баг, ***** байр, *****тоотод оршин суух, ******* овогт ******* *******
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ***** баг, ***** байр, *****тоотод оршин суух, ******* овогт нарт холбогдох,
"Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнээс хариуцагч нарын нэрийг хасуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд
Хариуцагч Д.*******,
Хариуцагч бөгөөд хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******,
Хариуцагч нарын өмгөөлөгч Ө.Ганзориг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.
/Хамтран хариуцагч Д.од шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...Нэхэмжлэгч нь Дархан хотын Мах кабинтад ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэрт гарсан. Энэ байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан гэж үзээд Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 15 дугаар байрны 63 тоот 2 өрөө орон сууцыг байгууллагаас нь ид өгсөн байдаг. Нэхэмжлэгч нь гэр бүлгүй ганцаараа амьдардаг байсан учраас Д. болон түүний гэр бүлийн хүмүүс хөдөө орон нутгаас шилжиж ирээд таны байранд хамт түр байя гэсэн агуулгаар байрыг нь хөлсөж хамт амьдарч эхэлсэн. Уг байрыг 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 22 тоот тогтоолоор өмч хувьчлалаар хувьчилж авсан байдаг. О.******* хувьд байр хувьчилж авах үйл ажиллагаанд бусадтай үзэл бодлоо илэрхийлээд ярих боломжгүй байсан учраас хариуцагч Д.*******ийг байр хувьчлах асуудал дээр явуулсан байдаг. Гэвч Д.******* нь , Г.*******, Д. болон өөрийн нэрийг оруулан хамтран өмчлөгчөөр өмчлөх эрхийн гэрчилгээ дээр нэрээ оруулж өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байсан. Энэ асуудлын талаар нарийн сайн мэдэхгүй. Хамт ажиллаж байсан гэдэг найзындаа өмчлөх эрхийн гэрчилгээгээ хадгалуулсан байдаг. Энэ хүмүүстэй хамт амьдарч байсан учраас нэр байгаа юм байна гэдэг ойлголттой явж байсан. Гэтэл найзынх нь хүүхдүүд нь таны өмчлөх эрхийн гэрчилгээ дээр ийм ийм хүмүүс хамтран өмчлөгчөөр тогтоогдсон байна гэдгийг хэлж тайлбарлаж өгсөн. Энэ хүмүүс хамтран өмчлөгчөөр миний байран дээр нэрээ оруулсан байна гэдгийг мэдээд л 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 15 дугаар байрны 63 тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнээс Д., Д.*******, Г.*******, нарын нэрийг хасуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Д.******* гэр бүл нэхэмжлэгчийг гомдоосон. Энэ хүнийг орон гэрээс нь хөөдөг. Орон гэртээ тайван тухтай байж чадахгүй гадуур л явж байдаг. Харвачихсан эрүүл мэндийн шалтгаантай байх цаг хугацаанд орон байрнаас нь хөөж гомдоосон нөхцөл байдал байгаа. Мөн эрүүл мэндийн шалтгаантай ийм үед орон гэртээ тайван тав тухтай байх нөхцөл бүрдэхгүй олон ам бүлтэй ийм хүмүүс гэрт нь байгаад байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасны дагуу өмлөгчийн шаардах эрх байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
2. Хариуцагч Д.*******, Д., Г.******* нар шүүхэд гаргасан болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...Бид 1997 онд Орхон сумаас шилжиж ирээд байр хөлслөх зар тавиад ахтай таарч байсан. Миний дүү нар байр түрээсэлж байхаар ахтайгаа цуг бай, ах нь ганцаараа байгаа гэж хэлсэн. Цуг амьдрахад түрээс энэ тэр гэсэн зүйлийг ерөөсөө ярьж байгаагүй. 1998 онд байр хувьчлахад яваад байр хувьчлаад өг. Ах нь ганцаараа байдаг юм чинь миний дүү нар энэ байрыг нэр дээрээ болгож ав гэсэн. Тэгэхэд нь бид нар юу гэж таны байрыг нэр дээрээ авах юм. Хамтран эзэмшигчээр оръё гээд би хөөцөлдөж байгаад байрыг нь хувьчлаад хамтран эзэмшигчээр нэрээ оруулсан. Гэрчилгээ нь гарангуут нь би гэрчилгээг нь өөрт нь авчраад өгсөн. Тэрнээс хойш бид нар тэр байрны гэрчилгээг нэг ч удаа харж байгаагүй. Ямар ч байсан өөрт нь өгсөн. Уг байрны тухайд анх 1991 онд ашиглалтад орж Мах кабинетын ажилчдад өгч байсан байр байгаа юм. Түүнээс биш яриад байгаа шиг нь түрээс энэ тэр өгч байгаагүй. О.******* эхнэр нь 80,000 төгрөгт зарчхаад явчихсан байсныг нь түүний найз талийгаач, манай хадам ах хоёр хөөцөлдөж байж авч өгч байсан. Тэр цагаас хойш бид бүхэл бүтэн 27 жил цуг амьдарч байгаа. Цуг амьдар байх хугацаанд нэхэмжлэл дээр бичсэн шиг хөөж барьсан асуудал бол байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Хариуцагч нарын өмгөөлөгч Ө.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
нь хариуцагч нарт холбогдуулаад нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнээс энэ хүмүүсийн нэрийг хасуулъя гэдэг шаардлагыг гаргасан. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тодорхой боллоо. 1998 оны 10 дугаар сард байр хувьчлалаар нь өөрөө зөвшөөрөөд энэ хүмүүсийн нэрийг оруулсан байна. Энэ нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т заасны дагуу хуульд зааснаар буюу хэлцлээр хамтран өмчлөх дундын өмч болж байгаа. Хуульд заасны дагуу дундын өмч үүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бол нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтыг өөрсдөө гаргаж өгөх ёстой. Шаардах эрхийн үндэслэл нь яг ямар хуулийн ямар заалтаар тодорхойлогдож байгаа гэдгийг тайлбарлах ёстой. Бүрхэг юм яриад байхаар мэтгэлцэж байгаа хүний хувьд юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байна. Хэрвээ 1998 оны өмчлөх эрхийн гэрчилгээг хууль бус гэж үзээд байгаа бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар яг алинаар нь хүчин төгөлдөр бус гэж үзээд байгаагаа эсхүл Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар залилан мэхэлж хийсэн хэлсэн гэж үзээд байгаа юм уу? эсхүл дундын өмчлөлтэй зохицуулалт гэж үзэж байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байгаад байна. Тэгэхээр хариуцагч нарын хувьд хуульд заасны дагуу уг 2 өрөө орон сууцны өмчлөгч болсон. Энэ нь нотлох баримтаар тогтоогдож байна. Хэрвээ үнэхээр гомдоосон, хууран мэхэлсэн гэж байгаа бол үүнийгээ нотлох ёстой. Анхнаасаа л худлаа мэдүүлэг өгөөд байгаа. Бүх юм нь зөрдөг. Хэрэгт авагдсан багийн засаг даргын тодорхойлолт дээр 2022 онд харвасан, бид тусламж үйлчилгээ үзүүлсэн гэсэн байдаг. Мөн багийн засаг даргын тодорхойлолт дээр уг тоот дээр ганц бүртгэлтэй байна гэсэн байдаг. Энэ таван хүн байгаа гэдэг нь тодорхой зүйл. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүртэл 2018 онд харвасан гэдгийг нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлдээ болон тайлбартаа гэдэг хүний хүүхэд нь хараад хэлж өгсөн гэж байна. Тэгвэл нэхэмжлэгч тал , гэдэг гэрч нарыг гэрчээр асуулгаж болоод байгаа бол энэ хүүхдийг нь дуудаад гэрчээр асуулгахгүй яасан юм. Өөрсдөө нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ёстой. Нэхэмжлэгч гэдэг хүний ард худлаа үнэн юм яриад байж байдаг хүн байна гэж би харж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох ёстой. Ингэж дарамтад байдаг, ингэдэг гээд амаараа яриад л байдаг. Хэрвээ тийм бол цагдаагийн байгууллагад хандаад үүнийгээ нотлох ёстой. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий зөв шийдвэр гаргаж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгч талаас 1998 оны 10 сарын 20-ны өдрийн Улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ****** дугаартай гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, О.******* иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
5. Шүүхээс зохигчийн хүсэлтээр дараах баримтыг бүрдүүлсэн байна. Үүнд: Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 сарын 13-ны өдрийн 01/604 дугаартай албан бичгээр 1998 оны 12 сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, О.******* нэр дээр бичигдсэн орон сууц эзэмших эрхийн бичиг, Аймгийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөл, 1998 оны 07 сарын 06-ны өдрийн ам бүлийн тодорхойлолт, худалдаа хөгжлийн банкны гүйлгээний баримт, гэрчээр С., нараас мэдүүлэг авсан тэмдэглэл.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч О.******* хариуцагч Д., Д.*******, Г.*******, нарт холбогдуулан гаргасан орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээнээс хариуцагч нарын нэрийг хасуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ ...тус орон сууцыг анх нэхэмжлэгч ид ажиллаж байсан байгууллагаас нь олгосон бөгөөд хариуцагч нар түр хугацаанд хамт амьдрахаар хүсэлт тавьсны дагуу хамт амьдарч байхдаа тухайн орон сууцыг өөрсдийн нэрийг оруулан хамтран өмчлөгчөөр бүртгүүлэн гэрчилгээг гаргуулж авсан. Иймд хариуцагч нарын өмч биш тул өмчлөх эрхийн гэрчилгээнээс нэрийг хасуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ... анх 1998 онд О.******* зөвшөөрснөөр тус байранд ороод одоог хүртэл амьдарч байгаа, анх энэ байрыг хувьчилж авахад бид нарыг өөрсдийн нэр дээр ав гэснийг бид зөвшөөрөөгүй.Тэгээд О.******* саналаар хамтран өмчлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ авсан. Тухайн үедээ биднийг байрнаас гар гэсэн бол аль хэдийн өөрийн гэсэн байртай болсон байгаа. 27 жил амьдарч байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг болно.
4. Хэрэгт авагдсан ****** дугаартай гэрчилгээгээр нэхэмжлэгч нь Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 10 сарын 20-ны өдрийн тогтоолоор Дархан сумын 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 15 дугаар байрны 63 тоот, 30,8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хувьчлан авсан тул 1998 оны 10 сарын 20-ны өдрөөс эхлэн өмчлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд хувьчлагдсан сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүд хэсэгт Д., Д.*******, Г.*******, гэж бичигдсэн байна.
Тус гэрчилгээгээр орон сууцыг улсын бүртгэлд 1998 оны 12 сарын 16-ны өдөр дугаарт бүртгэжээ. /хх-ийн 3 дугаар хуудас/
Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтаар нэхэмжлэгч нь орон сууцыг 31547 дугаартай орон сууц эзэмших эрхийн бичгийн үндсэн дээр 1998 оны 04 сарын 17-ны өдрөөс эхлэн эзэмшиж байсан, Аймгийн орон сууц хувьчлах товчоонд 1998 оны 10 сарын 12-ны өдөр хариуцагч Д.******* өөрийн нэрээр өргөдөл гаргаж, өргөдөлдөө уг сууцыг эзэмших эрхтэй гишүүдээр , Д., Д.*******, Г.*******, нарыг бичсэн бөгөөд түүний үндсэн дээр тухайн орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч, хариуцагч нар бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна.
5. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д: Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ, 183 дугаар зүйлийн 183.1-т: Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж тус тус заажээ.
Энэхүү хуульд зааснаар маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр , Д., Д.*******, Г.*******, нар нь 1998 оны 12 сарын 16-ны өдөр бүртгэгдсэн бөгөөд тус бүртгэл хүчинтэй байна. Өөрөөр хэлбэл зохигчид нь тухайн орон сууцны хамтран өмчлөгчид байна.
6. Хариуцагч нар тухайн байранд 27 жил амьдарч байгаа, тухайн үед О.******* зөвшөөрсний үндсэн дээр өмчлөгчөөр бүртгүүлсэн гэж, нэхэмжлэгч тал өмчлөх эрхийн гэрчилгээ дээр хариуцагч нарын нэр бүртгэлтэй талаар гэрчилгээ гарсан тухайн үед мэдсэн боловч хамт амьдарч байгаа учир нэр нь бичигддэг юм байна гэсэн буруу ойлголттой байсан, одоо байрнаас нь хөөж гомдоогоод байна гэж тус тус тайлбар гаргаж, маргадаг болно.
Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2-т зааснаар бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардах эрхтэй боловч мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхаар хуульчилжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг тус орон сууцыг өмчлөх эрхгүй гэж маргаж, хамтран өмчлөгчөөс хасуулах шаардлага гаргаж байх тул энэхүү шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т зааснаар арван жил байна.
Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т: хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2-т: хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заажээ.
Шүүх хуралдаан дээр гаргасан талуудын тайлбараас үзэхэд тухайн орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарах үед хариуцагч нарыг хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн талаар нэхэмжлэгч мэдсэн болох нь тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 онд тархины цус харвалт өгсөн, байрыг авах үед өөрийгөө илэрхийлэх чадвар муу байсан тул хариуцагч нараар орон сууцыг хувьчлах асуудлыг хөөцөлдүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь дээрх хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч нарыг орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлээс хасуулах талаар нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзнэ.
7. Дээрх дурдсан үндэслэлүүдээр .О.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч О.******* хариуцагч Д., Д.*******, Г.*******, нарт холбогдуулан гаргасан Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнээс хариуцагч нарын нэрийг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ