Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 707

 

“КМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/00361 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “КМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “СГ” ХХК холбогдох

Гэрээний үүрэгт 34 155 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бат-Өлзий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч “КМ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Аззаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “СГ” ХХК-тай 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр К-013 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр манай компани Киа серато маркийн автомашин нэг ширхгийг нийлүүлэх, “СГ” ХХК барааны нийт үнэ болох 44.000.000 төгрөгийн 50 хувь 22.000.000 төгрөгийг гэрээ байгуулагдсанаас хойш 6 сарын хугацаанд сарын 1 хувийн хүүтэйгээр төлнө. Харин үлдсэн 50 хувь буюу 22.000.000 төгрөгийг талуудын хооронд 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан К-014 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу зар сурталчилгааны ажил гүйцэтгэн төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн. Бидний зүгээс гэрээний зүйл автомашиныг худалдан авагч талд Автомашин хүлээлцэх акт үйлдэн хүлээлгэн өгсөн. Харин худалдан авагч нь барааны үнийн дүнгийн 50 хувийг гэрээнд заасан хүүгийн төлбөрийн хамтаар нийт 22.770.000 төгрөгийг гэрээний 4.3 дахь хэсэгт заасан хуваарийн дагуу төлөх ёстой байсан ч хугацаандаа төлөөгүй. Хугацаа хэтрүүлэн 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 3.666.666 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 1.871.666 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 3.486.666 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 12.205.000 төгрөг, нийт 21.230.000 төгрөгийг төлсөн. Ингээд гэрээний үндсэн төлбөрөөс 770.000 төгрөгийг төлөөгүй. Мөн хамгийн сүүлийн төлөлт хийсэн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш 1.033 хоног хугацаа хэтрүүлсэн тул гэрээнд заасны дагуу алданги тооцож, 11.655.208 төгрөг болсон боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу 385.000 төгрөгийн алданги тооцсон. Ингээд К-013 тоот гэрээний хувьд 1.155.000 төгрөгийг төлөөгүй байна. К-013 тоот худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 50 хувийг зар сурталчилгааны ажил гүйцэтгэж барагдуулахаар тохиролцож 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр К-014 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 2016 оны 1 дүгээр сарын 29-нөөс 2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Форбес Монголиа сэтгүүлд худалдагч талын мэдээлэл бүхий сурталчилгааг байрлуулж, хамтарсан контент хөгжүүлэн нийтлэх буюу 22.000.000 төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх зар сурталчилгааны ажлыг гүйцэтгэх байсан. “СГ” ХХК, “М Жи Эл Капитал” ХХК нар хамтран ажилладаг бөгөөд тус байгууллагын эрхлэн гаргадаг Форбес Монголиа сэтгүүл дээр манай компанийн контент, зар сурталчилгааг байрлуулахаар тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу “М Жи Эл Капитал” ХХК-аас 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 1/005 тоотоор манай компанид хандан гэрээний дагуу зар сурталчилгааг хуваарийн дагуу байршуулах болохоо илэрхийлсэн. Бидний зүгээс “СГ” ХХК-д гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах талаар албан бичгээр хандаж мөн хамтарсан уулзалтыг зохион байгуулсан боловч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрсэнгүй. Ингээд К-014 тоот гэрээний дагуу 22.000.000 төгрөгийн үнийн дүнд дүйцэх зар сурталчилгааг Форбес Монголиа сэтгүүлд байршуулах үүргийн гүйцэтгэл өнөөдрийг хүртэлх хугацаанд биелэгдээгүй. Мөн “М Жи Эл Капитал” ХХК-ийн манай компанид ирүүлсэн мэдэгдэл зэргээс харахад К-014 тоот гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу энэ гэрээнээс татгалзаж байх тул К-014 тоот гэрээний хувьд үндсэн төлбөр болох 22.000.000 төгрөг, гэрээний 6.3-т заасны дагуу алданги 11.000.000 төгрөг, нийт 33.000.000 төгрөг болно. Дээрх хоёр гэрээний дагуу нийт 34.155.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Манай зүгээс учирсан хохирлоо нэхэмжлээгүй. Талууд 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. К-013 тоот гэрээгээр 22.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй төлөх байсан ч үндсэн төлбөр 22.000.000 төгрөг төлсөн нь үнэн. Харин хүү 770.000 төгрөгийг төлөөгүй тул энэ мөнгийг алдангийн хамт гаргуулахаар шаардаж байгаа болно гэжээ.

Хариуцагч “СГ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус гэрээ нь 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан бөгөөд гэрээний дагуу 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гэхэд төлбөрөө төлж барагдуулах үүргийг хүлээсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д  зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Мөн түүнчлэн манай компанийн зүгээс гэрээний төлбөрөө төлсөн бөгөөд “КМ” ХХК нь төлбөрийн үлдэгдэлтэй гэж төлбөрөө төлөхийг шаардаж манай компанид нэхэмжлэх явуулж байгаагүй. Тус гэрээний хувьд манай компани “КМ” ХХК-д 22.000.000 төгрөгийн үнэ бүхий зар сурталчилгааг өөрийн хамтран ажилладаг байгууллага болох “М Жи Эл Капитал” ХХК-ийн эрхлэн гаргадаг Форбес монголиа сэтгүүлд байршуулах үүргийг хүлээсэн боловч манай компанийн буруутай үйл ажиллагаанаас бус “М Жи Эл Капитал” ХХК-ийн удирдлагын өөрчлөлттэй холбоотой дээрх үүргээ цаг тухайд нь гүйцэтгэх боломжгүй болж, энэ талаар “КМ” ХХК-д мэдэгдсэн. “КМ” ХХК, “М Жи Эл Капитал” ХХК-ийн эрх бүхий удирдлагуудтай уулзаж “М Жи Эл Капитал” ХХК-ийн асуудал шийдэгдэх үед дээрх зар сурталчилгааг байршуулах ажлыг хийж гүйцэтгэхээр ярилцсан билээ. Манай компаниас тухайн гэрээнд заасан зар сурталчилгааны ажлыг хийе гэж “КМ” ХХК-ийн удирдлагуудад удаа дараа хандаж байсан. Нэхэмжлэгч байршуулах зар сурталчилгаагаа өгөөгүйгээс гэрээний үүргээ биелүүлж чадаагүй. Мөн одоо энэ үүргийг биелүүлэх боломжтой тул мөнгө шаардсаныг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6, 205 дугаар зүйлийн 205.1 дэх  хэсэгт заасныг баримтлан хариуцагч “СГ” ХХК-аас 22.770.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “КМ” ХХК-д олгож, үлдэх 11.385.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 328.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 271.800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч “СГ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч "КМ" ХХК-ийн буруугаас болж бидний хооронд байгуулагдсан 2016 оны 1 сарын 29-ний өдрийн К-014 тоот ажил гүйцэтгэх гэрээний үүрэг биелэгдээгүй өнөөдрийг хүрсэн билээ. Гэтэл анхан шатны шүүх маргааны үйл баримтанд үндэслэлтэй дүгнэлт өгч шийдвэрлээгүй ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 22.000.000 төгрөгийг манай компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байхад 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 3-013 тоот гэрээний үүрэгт 770.000 гаргуулахаар шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.

 

Нэхэмжлэгч “КМ” ХХК нь “СГ” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 34.155.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг  хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч КМ” ХХК нь Киа серато маркийн автомашиныг худалдагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч “СГ” ХХК автомашины үнэ үнэ 44.000.000 төгрөгийн 22.000.000 төгрөгийг 6 сарын хугацаанд, сарын 1 хувийн хүүтэйгээр гэрээнд заасан хуваарийн дагуу 2016 оны 6 дугаар сарын     25-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр, 22.000.000 төгрөгт ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүнг  тооцохоор харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. /хх 8-13/

 

Дээрх худалдах, худалдан авах гэрээгээр автомашины үнийн зарим хэсгийг 22.000.000 төгрөгийн ажлын үр дүнд тооцохоор тохиролцсон. Зохигчдын хооронд холимог гэрээ байгуулагдсан байх бөгөөд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дах хэсэгт  холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна гэж зааснаар талуудын хоорондын харилцааг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн тодорхойлсныг зөв гэж үзлээ. /хх-ийн 14-18/   

 

Зохигч 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж уг гэрээгээр гүйцэтгэгч  “СГ” ХХК нь 12 сарын хугацаанд М Жи Эл Капитал ХХК-ийн эрхлэн гаргадаг Форбес Монголиа сэтгүүлд захиалагч “КМ” ХХК болон гэрээний 2-т заасан компаниудын постер, зар сурталчилгааг байршуулах, хамтарсан контент хөгжүүлэн нийтлэхдээ гэрээний хавсралтад заасан үнэ тарифын дагуу 22.000.000 төгрөгийн ажлын үр дүнг автомашины үнэд  тооцохоор харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Хариуцагч автомашиныг хүлээн авсан, автомашины үнэд 21.230.000 төгрөг төлсөн, 770.000 төгрөгийг төлөөгүй үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч нь автомашины үнийн төлөгдөөгүй 770.000 төгрөг, 385.000 төгрөгийн алданги нэхэмжилсэн байхад “хүү 770.000 төгрөг, алданги 385.000 төгрөг гаргуулахаар шаардсан гэж, хүүгээс алданги тооцож 385.000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дах хэсэгт хүүгээс анз тооцохгүй гэж заасантай нийцээгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

Харин нэхэмжлэгч алданги 385 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн автомашины үнийн төлөгдөөгүй 770 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор дүгнэж, анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулж байна.

 

Мөн ажил гүйцэтгэх гэрээний 22.000.000 төгрөгийн ажлын үр дүнд автомашины үнийг тооцохоор тохиролцсон боловч уг ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ  хариуцагч нь биелүүлээгүй тул ажил гүйцэтгэх гэрээгээр хариуцагчийн хүлээсэн үүргийн оронд 22.000.000 төгрөгийн мөнгөн төлбөрийн үүргийг  шаардсан нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлтэй байхад шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар дүгнэлт хийсэн нь буруу болсон тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулж байна.

 

“М Жи Эл Капитал” ХХК-иас Форбес Монголиа сэтгүүлд нэхэмжлэгчийн зар сурталчилгааг байршуулах боломжгүй болсон тухай 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А-16/295, А-16/296 тоот албан бичгүүдээр мэдэгдсэн байх бөгөөд Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.3 дах хэсэгт “гуравдагч этгээд хариуцлага хүлээхээр хуульд заагаагүй бол түүний гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн хариуцлагыг үндсэн үүрэг гүйцэтгэгч хариуцна” гэж заасан тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

Мөн нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж хариуцагчид 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тус тус мэдэгдэл хүргүүлсэн, уг мэдэгдлийг хариуцагч хүлээн авсан талаар маргаагүй, өөр хоорондоо  холбоотой 2 гэрээний үүргийн талаар 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр өртэй болохыг баталгаажуулж тооцоо нийлсэн акт үйлдсэн   тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзнэ. /хх-ийн 26, 28/

 

Анхан шатны шүүх  гэрээний үүрэгт 22.770.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, алданги 11.385.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул шийдлийг хэвээр үлдээв. 

 

Иймд анхан шатны шүүхийн зарим дүгнэлтийг дээрх байдлаар залруулан дүгнэж шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг  хангав.        

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/00361 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “205 дугаар зүйлийн 205.1” гэснийг “хасч” өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ш.ОЮУНХАНД

                                           ШҮҮГЧИД                                       Г.ДАВААДОРЖ

                                                                                                  Н.БАТЗОРИГ