Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2017/ШЦТ/43

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа 

Улсын яллагч: Ч.Энхжаргал

Шүүгдэгч: Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н-т холбогдох 1727000000015 дугаартай, 146/2017/00040/Э индекстэй, эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 07 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг, Эмт, 2 гудамж, 19 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Д.Н

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.Н нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багт хохирогч Д.Д-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н мэдүүлэхдээ: Хэрэг гарсан өдөр онцгой байдлын 2 хүн манайд ирээд аавтай архи уугаад явсан. Аав гадаа юм хийж байсан. Манай найз охин давхар биетэй. Тэр өдөр манайд ирсэн байсан. Би найз охиндоо хоол хийж өгөх гээд байж байтал аав эхлээд тог тасалсан. Тэгэхээр би гараад тог залгатал дахиад тог тасалсан. Гэрлийн 3-80-г унтраасан байсан. Би аавд давхар биетэй хүнд хоол хийж өгөх гэж байна гэж хэлсэн. Аав 3 дахь удаагаа тог таслаад 3-80-г нь аваад шидэж байсан. Тэгээд би гараад аавд хэлтэл машины чиргүүл дээр байсан боолт /оосор/ аваад намайг цохиод зайл гээд байсан. Орой 20 цагийн үед би найз охинтойгоо тэнд хоноод маргааш өглөө нь 10 цагийн автобусаар хот явсан. Цагдаагаас 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр надруу залгаад аав чинь цагдаад гомдол гаргасан байна ир гэж дуудсан. Тогноос болж аав бид хоёр маргалдсан. Би ааваас 2-3 удаа очиж уучлалт гуйсан. Манай эхнэр хотод эмчийн хяналтанд байгаа бие нь тааруу байдаг. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч Ч.Д-ийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр орой 20 цагийн орчим гэрийнхээ хашаан дотор ажлаа хийж байхад хүү Д.Н нь барьж авч газар унагааж байгаад шанааны 2 тал руу гараараа цохиж унагаасан. Тухайн үед би ухаан алдсан. Намайг хэдэн удаа цохисныг санахгүй байна. Тэгээд сэргээд гэртээ ороод унтаад өгсөн. Би өмнө нь гурвуул нэг шил 0.5 граммийн сархад нэртэй архи уучихсан байсан. Д.Н нь архи уугаагүй, эрүүл байсан. Тухайн өдөр Б-ын машинд би засвар хийж байсан. Тэгээд зүсэгч пламз ажиллуулж байх хооронд хүү Д.Н нь 2 удаа дуудуулж байж гэрээс гарч ирсэн. Тэгээд гарчихаад ороод ирсэн чинь мөн л хүү Д.Н гэртээ телевизор үзээд ажил хийгээгүй байхаар нь би гэрийн тогийг тасалсан. Тэгтэл хүү уурлаж намайг зодсон. Би он сарыг сайн мэдэхгүй байна. Нэг удаа намайг гэрээс хөөж байсан. Гэр бүл дотор жижиг маргаан гарч байсан. Мөн нэг удаа ажлын талбай дээр намайг боож унагааж байсан. Би гомдолтой байна. Тухайн үед ойр орчимд хэн ч байгаагүй. Гэрт хүмүүс байсан. Намайг боосон зодож цохиж авсан асуудал байхгүй Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Гэхдээ нээх согтуу байгаагүй...” гэжээ. /хх-ийн 7-9 дүгээр хуудас/

Гэрч Б.Б-ийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр би найз залуу Д.Н-ийн гэрт нь байж байсан чинь Д.Н-ийн аав болох Ч.Д 15 цагийн үед гэрт орж ирээд гэрээс 1 шил архи аваад гарсан юм. Тэгээд би нээх удалгүй гэрээс гараад нойлын өрөө орох гээд явж байсан чинь Ч.Д хашаан дотроо нэг улаан өнгийн машин дотор 2 хүнтэй суугаад архи ууж байсан юм. Тэгээд би буцаад гэрт ороод хоёр дүү Д.Н-ийн хамт зурагт үзээд байж байсан чинь Ч.Д орж ирээд бид бид харж байгаа гараад явсан юм. Тэгээд нээх удалгүй байж байсан чинь тог тасархаар нь би өө яанаа гэрэл тог байхгүй болчихлоо гэж хэлсэн чинь Д.Н аав тог тасалсан байх гэж хэлээд гэрээс гарсан юм. Тухайн үед Ч.Д 2-3 удаа тог салгаж байсан юм. Д.Н аавтайгаа зодолдож байсныг нь хараагүй. Шөнө орондоо орохдоо Д.Н-оос чи аавтайгаа маргалдсан уу гэж асуусан чинь Д.Н би аавтай маргалдаж ганц 2 удаа аавыг цохиж авсан гэж хэлж байсан юм. Тухайн үед манай 2 төрсөн дүү Б.Н, Ш.О нар байсан. Өөр хүн байгаагүй. Ч.Д согтуу байсан. Гэрт орж ирээд тэр 2 маргалдаж зодолдсон асуудал байхгүй. Тэр хоёрт ямар нэгэн шарх сорив болсон юм байхгүй байсан. Тэр хоёр гэрт орж ирээд хоорондоо нэг ч үг дуграагүй. Манай найз залуу тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Ер нь архи тамхи хэрэглэдэггүй...” гэжээ.  /хх-ийн 10-11 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэгийн 287 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Ч.Д-ийн биед, тархи доргилт, зүүн завьжинд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь насанд аюулгүй гэмтэл байна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ.  /хх-ийн 14 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/

Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай /хх-ийн 13 дугаар хуудас/

Д.Н-ийг урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23-24 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.Н нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багт хохирогч Ч.Д-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч Ч.Д, гэрч Б.Б нарын мэдүүлсэн мэдүүлэг, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэгийн 287 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Ч.Д шүүх хуралдаанд оролцохгүй, хохиролгүй гэсэн тул шүүгдэгч  бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид  торгох ял оногдуулав.

Шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдав. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6 дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Д.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун/ мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай. 

4. Шүүгдэгч Д.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өверхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Э.ДУЛМАА