| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2110000001241 |
| Дугаар | 2022/ДШМ/580 |
| Огноо | 2022-06-02 |
| Зүйл хэсэг | 10.1.2.6., 10.1.2.11., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2022/ДШМ/580
2022 6 02 2022/ДШМ/580
М.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Пүрэвтогтох,
яллагдагч М.Б, түүний өмгөөлөгч У.Батцэцэг,
нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЗ/620 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Пүрэвтогтохын бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаартай эсэргүүцлээр М.Бд холбогдох эрүүгийн 2110000001241 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Мгийн Б, ..... оны ... дүгээр сарын ...-ний өдөр ................. аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ..................... дүүргийн ... дугаар хороо, ................. дугаар гудамжны ..... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................................/,
Яллагдагч М.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Гтой бүлэглэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19-ийн автобусны буудлын хажууд “Д н” хүнсний дэлгүүрийн гадна 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 07 цагийн үед иргэн О.Цг хувийн таарамжгүй харилцааны улмаас толгойн тус газар нь цохиж, өшиглөн О.Цгийн биед тархины няцралт, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун талын бөмбөлөгийн хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, ховдол дахь цус харвалт, цусан хураа бүхий хүнд гэмтэл учруулж хүнийг алсан,
мөн ганцаараа 2018 оны 12 дугаар сарын 31-нээс 2019 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 82-1173е тоотод хойд эцэг Х.Отэй маргалдаж, улмаар түүнийг хана руу түлхэж унагаан гавал тархины битүү гэмтэл, зүүн чамархайн, зулай ясны шугаман хугарал, тархины дух, дагз хэсгийн эд дэх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн хэсгийн хатуу хальсан доорх ялтаслаг цус хураа, тархины эдийн няцрал, баруун, зүүн тал бөмбөлгийн суурийн хэсгийн аалзан хальс доорх голомтлог цус харвалт баруун, зүүн хажуу болон 3, 4-р ховдлын цус харвалт, баруун тал бөмбөлгийн суурь хэсэг, уртавтар тархины гүүр ба дунд тархины эдийн няцрал, тархины эдийн тархмал цэгчилсэн цус харвалт, толгойн хуйхны дотор зүүн талын зулай, чамархай хэсэг, баруун чамархай булчингийн цус хуралт бүхий гавал тархины гэмтлийг учруулан, хүнийг алж улмаар хоёр хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: М.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ...Яллагдагч М.Бийн холбогдсон О.Гтой бүлэглэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19-ийн автобусны буудлын хажууд “Д н” хүнсний дэлгүүрийн гадна 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 07 цагийн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн О.Цг хувийн таарамжгүй харьцааны улмаас толгойн тус газар нь цохиж, өшиглөн О.Цгийн биед тархины няцралт, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун талын бөмбөлгийн хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, ховдол дахь цус харвалт, цусан хураа бүхий хүнд гэмтэл учруулж хүнийг алсан гэх хэргийн хувьд прокурорын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2110000091214 дугаартай тогтоолоор О.Гт холбогдох эрүүгийн 2110000000732 дугаартай хэргээс яллагдагч М.Бд холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэснийг шүүхээс хэргийн буруу тусгаарласан гэж үзэв. Учир нь, яллагдагч М.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...”Д н” дэлгүүрийн гадаа ууж байгаад нэг мэдсэн би тасарсан, ухаан санаа орж гараад байсан бөгөөд Г, Цг цохиж байсан, эхлээд би салгасан, Г над руу уурлаад намайг зодох гээд байсан. Тэгээд Цг газарт унасан үед Г элэг, нүүр хэсэг рүү нь өшиглөж, гараараа цохиж байсан. ...Г үргэлжлүүлэн нүүр нүдгүй балбасан, би Цг 2-3 удаа өшиглөсөн, Цэнгэлмаа мөн цохиж байсан...” /2хх 9/ гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаас дүгнэхэд яллагдагч М.Бийг О.Гтой бүлэглэж хүнийг алсан гэх хэргийг тусгаарласан нь буруу, яллагдагч М.Б нь “...болсон асуудлын талаар зарим зүйлийг санахгүй, тухайн зодооныг салгасан...” гэж эргэлзээ бүхий мэдүүлэг өгсөн байхад О.Гт холбогдох хэргээс тусгаарласан нь үндэслэл бүхий болж чадаагүй, яллагдагч М.Б, О.Г нарын холбогдсон дээрх хэргийг хамтад нь шийдвэрлэх нь ач холбогдолтой гэж шүүх дүгнэлээ. ... Яллагдагч М.Бд холбогдох 2110000001241 дугаартай 3 хавтас бүхий эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад, 1 дүгээр хавтаст хэргийн 30 дугаар талд эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолоор 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Д н” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг” гэсэн бичиглэлтэй дугтуйнд хийсэн нэг ширхэг сиди цахим баримтыг эд мөрийн баримтаар тооцож, хурааж авсан, 31-34 дүгээр талд “Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл” авагдсан байх бөгөөд мөрдөгчийн тогтоолоор хурааж авсан сидиг хэрэгт ирүүлээгүй, тухайн сиди энэ хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй, мөн хамааралтай бол тухайн сидиг шүүхийн хэлэлцүүлэгт үзлэг хийх, шүүхээс гарах шийдвэрт бичигдэх эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж шүүх үзэв. Иймд мөрдөн шалгах дээрх ажиллагааг хийсний дараа хэргийг шүүхэд шилжүүлэх нь ач холбогдолтой байх тул яллагдагч М.Бд холбогдох эрүүгийн 2110000001241 дугаартай хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч М.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Н.Пүрэвтогтох бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, О.Г, М.Б, Х.Ц нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаас үзэхэд хэн аль нь хэргийн үйл баримтын талаар маргаагүй, хэргийг тусгаарлаж шийдвэрлэх боломжтой байсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй” гэж үзэж хэргийг тусгаарлан 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 697 дугаартай яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр О.Г нарт холбогдох эрүүгийн 2110000000732 дугаартай хэргийг хянан хэлэлцээд О.Гийг М.Бтэй бүлэглэж “хохирогч О.Цг зодож биед нь хүнд гэмтэл учруулан алсан” гэх хэрэгт гэм буруутайд тооцон, ял оногдуулж 2022/ШЦТ/240 дугаартай шийтгэх тогтоол гаргасан. Мөн “Д н” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тогтоол зэрэг нь хэргийн 30-34 дүгээр талд авагдсан байгаа бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой юм. Иймд хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Батцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Прокурор хэргийн тусгаарлаж шийдвэрлэсэн нь буруу. Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдааны шатанд гэм буруу дээрээ маргадаг. Уг хэргийг нэгтгэж шийдвэрлэх боломжтой байсан. Мөн мөрдөгчийн хурааж авсан сидиг хэрэгт хавсаргаагүй. Миний үйлчлүүлэгч гэм буруугийн асуудалдаа маргаж байгаа учир энэхүү сидинд үзлэг хийлгэх шаардлагатай гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд анхан шатын шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр О.Гтой бүлэглэн О.Цг зодсон гэмт хэрэгт холбогдсон. Би 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны үеэр оргон зайлсан. Оргон зайлсан нь миний буруу. Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх хүсэлтэй байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Яллагдагч М.Бийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Гтой бүлэглэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19-ийн автобусны буудлын хажууд “Д н” хүнсний дэлгүүрийн гадна 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 07 цагийн үед иргэн О.Цг хувийн таарамжгүй харилцааны улмаас толгойн тус газар нь цохиж, өшиглөн хүнд гэмтэл учруулж хүнийг алсан,
мөн ганцаараа 2018 оны 12 дугаар сарын 31-нээс 2019 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 82-1173е тоотод хойд эцэг Х.Отэй маргалдаж, улмаар түүнийг хана руу түлхэж унагаан гавал тархины гэмтлийг учруулан, хүнийг алж улмаар хоёр хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ М.Бийн О.Гтой бүлэглэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19-ийн автобусны буудлын хажууд “Д н” хүнсний дэлгүүрийн гадна 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 07 цагийн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн О.Цг хувийн таарамжгүй харьцааны улмаас толгойн тус газар нь цохиж, өшиглөн хүнд гэмтэл учруулж хүнийг алсан гэх хэргийн хувьд прокурорын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2110000091214 дугаартай тогтоолоор О.Гт холбогдох эрүүгийн 2110000000732 дугаартай хэргээс яллагдагч М.Бд холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэснийг шүүхээс хэргийн буруу тусгаарласан гэж үзэв. Учир нь, яллагдагч М.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...”Д н” дэлгүүрийн гадаа ууж байгаад нэг мэдсэн би тасарсан, ухаан санаа орж гараад байсан бөгөөд Г, Цг цохиж байсан, эхлээд би салгасан, Г над руу уурлаад намайг зодох гээд байсан. Тэгээд Цг газарт унасан үед Г элэг, нүүр хэсэг рүү нь өшиглөж, гараараа цохиж байсан. ...Г үргэлжлүүлэн нүүр нүдгүй балбасан, би Цг 2-3 удаа өшиглөсөн, Цэнгэлмаа мөн цохиж байсан...” /2хх 9/ гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаас дүгнэхэд яллагдагч М.Бийг О.Гтой бүлэглэж хүнийг алсан гэх хэргийг тусгаарласан нь буруу, яллагдагч М.Б нь “...болсон асуудлын талаар зарим зүйлийг санахгүй, тухайн зодооныг салгасан...” гэж эргэлзээ бүхий мэдүүлэг өгсөн байхад О.Гт холбогдох хэргээс тусгаарласан нь үндэслэл бүхий болж чадаагүй, яллагдагч М.Б, О.Г нарын холбогдсон дээрх хэргийг хамтад нь шийдвэрлэх нь ач холбогдолтой.
Яллагдагч М.Бд холбогдох 2110000001241 дугаартай 3 хавтас бүхий эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад, 1 дүгээр хавтаст хэргийн 30 дугаар талд эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолоор 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Д н” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг” гэсэн бичиглэлтэй дугтуйнд хийсэн нэг ширхэг сиди цахим баримтыг эд мөрийн баримтаар тооцож, хурааж авсан, 31-34 дүгээр талд “Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл” авагдсан байх бөгөөд мөрдөгчийн тогтоолоор хурааж авсан сидиг хэрэгт ирүүлээгүй, тухайн сиди энэ хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй, мөн хамааралтай бол тухайн сидиг шүүхийн хэлэлцүүлэгт үзлэг хийх шаардлагатай талаар заасан нь тухайн хэргийг шүүхээс хянан шийдвэрлэхэд заавал дээр дурьдсан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар хийх шаардлагагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэснийг хэрэгжүүлэх нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагаа буюу М.Бийн мэдүүлгийн зөрүүг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоож, харьцуулан дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдлыг зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны үед бус шүүх хуралдааны явцад ч хэрэгт авагдсан хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг үнэлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмжээний дотор, нотлогдсон хэмжээнд шүүгдэгч М.Бийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж шийдвэрлэвэл зохино.
Түүнчлэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сидиг хавсаргаж ирүүлээгүй гэх үндэслэлийн хувьд “Д н” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тогтоол зэрэг нь хэргийн 30-34 дүгээр талд авагдсан байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Иймд “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх...”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч М.Бд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЗ/620 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч М.Бд холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч М.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ