Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2015/0232/З |
Дугаар | 128/ШШ2016/0411 |
Огноо | 2016-05-31 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2016/0411
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл даргалж тус шүүхийн хуралдааны Засгийн газрын 11 дүгээр байранд байрлах 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: У
Хариуцагч: Гааль, татварын ерөнхий газар
Гуравдагч этгээд: С,
Нэхэмжлэлийн шаардлага: Гааль, Татварын ерөнхий газар нь Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн онцгой албан татвараас чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, онцгой албан татвараас чөлөөлөх тухай захиргааны акт гаргуулахыг даалгах, Гааль, Татварын ерөнхий газраас гаргасан хууль бус шийдвэрийн улмаас төлөх ёсгүй байсан онцгой албан татварт төлсөн 640 094 154 төгрөгийг буцаан гаргуулах захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, Д.Э*******, Ч.Т*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д*******, С.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.О******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уийг байгуулах тухай БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээрийн 10 дугаар зүйлд, хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг нь өөрийн хэрэгцээнд технологийн зориулалттай техник тоног төхөөрөмж, автобензин, дизелийн түлш, бусад сэлбэг хэрэгслийг импортлоход Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа болон ирээдүйд бий болох аливаа татвар, хураамж ногдуулахгүй байхаар зохицуулсан.
Уийг байгуулах тухай БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын Олон Улсын гэрээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу олон улсын гэрээнд хамаардаг. Гаалийн тухай болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заасан бол Олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэж заасан байна.
Уээс 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10/87 тоот албан бичгээр Гаалийн Ерөнхий газарт хандан Сүхбаатар дахь хилийн боомт дээр ирээд байгаа ОХУ-ын Роснефть Монголия компанитай байгуулсан 2014.05.30-ний өдрийн UBJD/14/035 тоот гэрээний дагуу нийлүүлэгдэж буй УБТЗ ХНН-ийн технологийн зориулалттай дизелийн түлшийг дээр дурдсан хэлэлцээрийн 10 дугаар зүйлд заасны дагуу гааль, НӨАТ, онцгой албан татвар ногдуулалгүй гаалийн бүрдүүлэлт хийж хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл хүссэн боловч Гаалийн ерөнхий газрын дэд дарга Н.Э*******оос 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 02/325 тоот албан тоотоор гаалийн байгууллага бие даан шийдвэр гаргах боломжгүй Засгийн газар, Санд ханд хэмээн хариу өгсөн.
Манай байгууллага энэ хариуг аваад 2015 оны 1 дүгээр сарын 27-ний өдрийн 14/109 албан тоотоор ГЕГ-ын дарга О.Г*******ад хандан гомдол гаргасан, 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 10/148 тоот албан бичгээр хариу өгөхийг хүссэн боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй, гомдлыг шийдвэрлээгүй. Гаалийн байгууллагын энэхүү эс үйлдлийн улмаас бид төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоохгүйн тулд хил дээр зогсч буй дизелийн түлшний онцгой албан татварыг төлж гаалийн бүрдүүлэлт хийж дизелийн түлшний онцгой албан татварыг төлж гаалийн бүрдүүлэлт хийж дизелийн түлшээ авахаас аргагүй байдалд хүргэсэн тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
Монгол Улсын Олон улсын гэрээний тухай хуулийн 19 дүгээр зүйлд Монгол Улсын яам, тусгай газар болон тухайн гэрээгээр зохицуулж байгаа асуудлын хүрээнд хамрагдах бусад байгууллага монголын талын гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангана гэсэн байх тул гаалийн байгууллага, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хоёр улсын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийн заалтыг баримтлан төмөр замын үйл ажиллагаанд ашиглах зорилгоор импортолсон автобензин, дизелийн түлшийг гаалийн болон бусад татвараас чөлөөлж дээрх хэлэлцээрийн биелэлтийг хангах үүрэгтэй.
Гаалийн ерөнхий газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 хууль тогтоомж, ерөнхийлөгчийн зарлиг, засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах, 7.1.8 Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, холбогдох хууль тогтоомжийг тэдгээрт нийцүүлэх санал боловсруулж сайдад танилцуулах гэсэн нийтлэг асуудал эрхэлдэг.
Гаалийн байгууллага хуулийн эдгээр заалтыг хэрэгжүүлэхдээ олон улсын гэрээний заалтыг анхаарч үзэх ёстой.
Гэтэл гаалийн ерөнхий газар хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд холбогдох шийдвэрийг гаргалгүй, олон улсын гэрээ болон холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж, хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортолсон дизелийн түлшинд онцгой албан татвар ногдуулж энэ талаар гаргасан гомдлыг шийдвэрлэхгүйгээр үл барам Засгийн газрын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангахаас зайлсхийж байна.
Иймд Гаалийн Ерөнхий газар нь УБТЗ ХНН-ийн дээр дурдсан гэрээний дагуу өөрийн хэрэгцээнд импортолсон дизелийн түлшинд онцгой албан татвар үндэслэлгүйгээр ногдуулж, энэ талаар гаргасан гомдлыг шийдвэрлэлгүй орхин, үүний улмаас УБТЗ ХНН, онцгой албан татварыг төлж гаалийн бүрдүүлэлт хийхээс аргагүй байдалд хүргэснээр УБТЗ ХНН-ийг онцгой албан татвараас чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, УБТЗ ХНН нь МУ-ын олон улсын гэрээнд заасны дагуу гаалийн болон НӨАТ, онцгой албан татвараас чөлөөлөгдөх тухай захиргааны актыг гаргахыг даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Гаалийн байгууллагаас гаргасан хууль бус шийдвэрийн улмаас төлөх ёсгүй татвар төлсөн тул уг татварт төлсөн 640 094 154 төгрөгийг буцаан гаргуулах гэжээ.
Хариуцагч Гаалийн ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Гаалийн байгууллага нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах гэж заасан байх бөгөөд энэхүү хуулийн дагуу шийдвэрийг гүйцэтгэдэг байгууллага болно. Улаанбаатар төмөр зам ХНН нь импортын автобензин, дизелийн түлшний албан татвар болон онцгой албан татварыг 1998 оноос хойш төлж ирсэн бөгөөд энэ хугацаанд улсын төсөвт нийт 55,734,148,930.00 төгрөгийн татвар төлж байсан.
Мөн тус нийгэмлэгээс гаргасан хүсэлтэд Гаалийн ерөнхий газрын газрын дэд дарга Н.Э******* 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02/325 тоот албан бичгээр Гаалийн байгууллага бие даан шийдвэр гаргах боломжгүй гэсэн хариу өгсөн боловч 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01/437 тоот албан бичгээр Сангийн сайд Ж.Эрдэнэбатад хүсэлтийг уламжилсан болно.
Снаас ирүүлсэн 2015 оны 03 дугаар сарын 04-ний 4-2/1085 тоот албан бичигт Улаанбаатар төмөр зам ХНН нь автобензин дизелийн түлшинд ногдуулах албан болон онцгой татварыг холбогдох хуулийн хүрээнд төлөх үүрэгтэй гэсэн хариу ирүүлсэнийг Гаалийн ерөнхий газрын 2015 оны 03 дугаар сарын 10-ны 02/827 тоот албан бичгээр тус нийгэмлэгт мэдэгдсэн байна. Дээрхээс үзэхэд Гаалийн байгууллага нь Засгийн газрын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн Сны 2015 оны 03 дугаар сарын 04-ний 4-2/1085 тоот албан бичгийн дагуу Улаабаатар төмөр зам ХНН нь автобензин дизелийн түлшинд ногдуулах албан болон онцгой татварыг холбогдох хуулийн хүрээнд төлөх үүрэгтэй гэж үзэж байна.
Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй гэж заасан.
Иймд Гаалийн байгууллага нь гаалийн болон НӨАТ, онцгой албан татвараас чөлөөлөх захиргааны акт гаргах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй гэж заасан. Дээрхээс үзэхэд Гаалийн байгууллага нь гаалийн болон НӨАТ, онцгой албан татвараас чөлөөлөх захиргааны акт гаргах эрхгүй тул Гаалийн байгууллага хууль бус шийдвэр гаргасан гэх нь үндэслэлгүй байна. Иймд татварт төлсөн 640 094 154 төгрөгийг буцаан олгох боломжгүй тул нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Сны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т*******, А.Д******* нар шүүхэд гаргасан тайлбартаа: Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 1-т Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй гэж заасан учраас с эсвэл Гаалийн байгууллагад шийдвэр гаргах эрх байхгүй. Татварын ерөнхий хуулийн 2.2-т Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө гэж заасан. Өдийг хүртэл С, Гаалийн ерөнхий газар олон улсын гэрээнд заасны дагуу ажиллаж байна. Уг гэрээний 10 дугаар зүйлд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн газар нь хувь нийлүүлсэн нийгэмлэг тэдгээрийн салбар конторыг байгуулах ба ямар нэгэн албан татварыг үл хураана гэсэн байна. Уг гэрээний 4.1.3-т онцгой албан татвар ногдуулна гэж заасан байдаг. 1998 оноос хойш татвараа төлөөд 70 тэрбум орчим төгрөг болсон байна. Засгийн газар 30 мянган байсан татвараа нэмэгдүүлсэн гэж байна. Онцгой албан татварын тухай хуулийн 6.7-д энэ хуулийн хязгаарт заасан хэмжээгээр засгийн газар онцгой албан татварыг нэмэгдүүлж болно гэсэн байдаг. 1998 оноос хойш татварын улсын байцаагчийн захиргааны актыг Улаабаатар төмөр зам өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрөөд явсан байдаг. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хөөн хэлэлцэх хугацаа 30 хоногийн дотор дээд шатны байгууллагад мэдэгдэх ёстой. Тэр үеэс өөрсдийн эрх ашиг нь зөрчигдсөн бол ямар ямар алхам хийснийг харна. Ийм алхам хийгээгүй бол өнөөдрийн энэ заалтуудыг хүлээн зөвшөөрөөд явж байна гэсэн үг. Гэтэл гэнэт 2015 онд бид нар татвараа авна гэсэн. Үнэхээр авах ёстой байсан бол 1998 оноос энэ яригдах ёстой байсан. 2 улс хоорондоо яриад шийдсэн асуудал дээр тухайн компани татварын талаар яариад байгаа нь хууль зүйн ач холбогдолгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Монгол-Оросын Хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нь тус шүүхэд Гаалийн ерөнхий газарт холбогдуулан Гааль, Татварын ерөнхий газар нь Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн онцгой албан татвараас чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, онцгой албан татвараас чөлөөлөх тухай захиргааны акт гаргуулахыг даалгах, Гааль, Татварын ерөнхий газраас гаргасан хууль бус шийдвэрийн улмаас төлөх ёсгүй байсан онцгой албан татварт төлсөн 640 094 154 төгрөгийг буцаан гаргуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг нь 1949 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хоёр улсын Засгийн газрын баталсан хэлэлцээрийн үндсэн дээр байгуулагдсан, үйл ажиллагаа нь уг хэлэлцээрээр зохицуулагддаг бөгөөд хэлэлцээрийн 10 дугаар зүйлд, хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг байгуулагдах үеийн болон ирээдүйд бий болох аливаа татвар, хураамжаас чөлөөлөгдөхийг баталгаажуулсан.
Монгол улсын Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2-т Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө гэж заасны дагуу олон улсын гэрээг дагаж мөрдөх ёстой.
Дээрх 1949 оны хэлэлцээр нь олон улсын гэрээнд хамаардаг тул гаалийн байгууллага, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хоёр улсын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийн заалтыг баримтлан төмөр замын үйл ажиллагаанд ашиглах зорилгоор импортолсон автобензин, дизелийн түлшийг гаалийн болон бусад татвараас чөлөөлж хэлэлцээрийн биелэлтийг хангах үүрэгтэй гэх тайлбарын тухайд:
Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг байгуулах тухай 1949 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн БНМАУ-ын Засгийн газар ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд хэлэлцээр байгуулсан байна.
Уг хэлэлцээрийн 8 дугаар зүйлийн ж-д Төмөр замын хайгуул шинжилгээ ба барилга болон ашиглалтад чухал хэрэглэгдэх төхөөрөмж материалуудыг шалган үзэх ба гааль татвар хураахгүйгээр Бүгд найрамдах Монгол Ард Улсын /хуучин нэрээр/ нутаг дэвсгэрт оруулж байх,.......... мөн хэлэлцээрийн 10 дугаар зүйлээс дүгнэж үзвэл тухайлсан барааны хэрэглээ буюу импортод албан татвар ногдуулахгүй байх талаар хэлэлцээрт тусгайлан заагаагүй, бөгөөд ОХУ-ын Наушка Тосгоны Район дахь Монгол Оросын хил дээр байгаа хязгаарын боомтоор оруулж буй төмөр замын ашиглалтад чухал хэрэглэгдэх төхөөрөмж материалыг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр заасан байх бөгөөд бусад тохиолдолд Монгол Улсын холбогдох хуулийн дагуу татвар ногдуулахаар заасан байна.
Иймд Уийн Оросын холбооны улсаас оруулж ирсэн автобензин болон дизелийн түлшинд ногдуулах албан болон онцгой албан татварыг Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд заасны дагуу төлөх үүрэгтэй гэж хариуцагч үзсэн нь үндэслэлтэй байна.
Учир нь Гаалийн байгууллага нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах гэж заасан байх бөгөөд энэ хуулийн дагуу шийдвэрийг гүйцэтгэдэг байна.
У нь авто бензин, дизелийн түлшийг 1998 оноос хойш импортолж ирсэн бөгөөд 1949 оны хэлэлцээрт заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас Гаалийн байгууллага нь чөлөөлж харин онцгой албан татварыг ногдуулж ирсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар нотлогдож байна.
Мөн Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө гэж заасны дагуу Гаалийн байгууллага ажиллаж ирсэн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгч энэ тайлбарыг үгүйсгэж маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Түүнчлэн Уийн импортолсон бараа нь зөвхөн өөрийн нь үйл ажиллагаанд хэрэглэгдэх тохиолдолд буюу ашиг олох зорилгогүй барааг албан татвараас чөлөөлөх асуудлыг дээрх олон улсын гэрээ болон хуулиар зохицуулсан байна.
Бодит байдал дээр У нь импортоор оруулж ирсэн авто бензин, дизелийн түлшээ өөрийн үйл ажиллагаанд зориулсан ашиг олох зорилгогүй байсан гэдгээ нотолж чадаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй, Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хувь, хэмжээг энэ хуулийн 6.1,6.2-т заасан хязгаарт багтаан салбарын онцлогийг харгалзан Засгийн газар тогтооно гэж зааснаас үзвэл Гаалийн байгууллага болон С нь онцгой албан татвараас чөлөөлөх захиргааны акт гаргах эрхгүй байх бөгөөд Уийг ирээдүйд юунд зориулж ямар бараа материал оруулж ирэх нь тодорхойгүй байхад захиргааны хэргийн шүүхээс татварыг хөнгөлж чөлөөлөхгүй байгаа нь хууль бус гэж үзэж гаалийн байгууллагыг буруутгах үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Гаалийн ерөнхий газарт /хуучин нэрээр/ холбогдуулан гаргасан Уийн онцгой албан татвараас чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, онцгой албан татвараас чөлөөлөх тухай захиргааны акт гаргуулахыг даалгах, Гааль, Татварын ерөнхий газраас гаргасан хууль бус шийдвэрийн улмаас төлөх ёсгүй байсан Онцгой албан татварт төлсөн 640 094 154 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч Улаанбаатар төмөрзам нийгэмлэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү шийдвэр нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ