Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2023/0314

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, шүүх бүрэлдэхүүнд Г.Урангуа, шүүгч А.Мөнх-Өлзий нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Д.С*******, С.Э*******;

Хариуцагч:Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Б*******, Д.А******* нарын хооронд үүссэн, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1******* дугаартай тогтоолын хавсралаар баталсан газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоох тухай тогтоолын хавсралтын Д.С*******, С.Э******* нарын эзэмших газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******, Д.А*******, иргэдийн төлөөлөгч Б.Ш*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1******* дугаартай тогтоолын хавсралаар баталсан газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоох тухай тогтоолын хавсралтын Д.С*******, С.Э******* нарын эзэмших газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна. 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дараахь үйл баримтыг дурдсан байна.Үүнд:

2.2.Нэхэмжлэгч Б.С******* нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Шар хоолой хаягт байрлах 1******* нэгж талбарын дугаартай газар газар эзэмших эрхийн 0 дугаартай гэрчилгээгээр 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр газар эзэмшсэн.

2.3.Нэхэмжлэгч С.Э******* нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Шар хоолой хаягт байрлах 1 нэгж талбарын дугаартай газар газар эзэмших эрхийн 0 дугаартай гэрчилгээгээр 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр газар эзэмшсэн.

2.4.Нэхэмжлэгч нар нь 2013 оноос эхлэн газрын төлбөрт жил бүр 13,650 /арван гурван мянга зургаан зуун тавин/ төгрөгийг төлдөг.

2.5.Нэхэмжлэгч Б.С*******ийн газар эзэмших эрхийг 2020 оны Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 546 тоот захирамж, нэхэмжлэгч С.Э*******ы газар эзэмших эрхийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 459 дүгээр захирамжаар сунгаж, газар эзэмших гэрээг байгуулсан.

2.6.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1******* дугаартай тогтоолын хавсралтаар баталсан Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоох тухай тогтоолын хавсралтаар газрын үнэлгээний зэрэглэлийг шинэчлэн тогтоохдоо 6 дугаар бүсэд хамааруулж 1 га газрыг 273,000,000 төгрөгөөр үнэлсэн байна.

2.7.Нэхэмжлэгчийн эзэмшлийн газар нь бүсчлэлийн хувьд ойн сан бүхий газар, усны сан бүхий газар, усны сан бүхий газар нь зэрэгцэн байрладаг бөгөөд газрууд нь 12 дугаар бүсэд буюу газрын төлбөр бага ногдох хэсэгт хамаарч байгаа атал ойтой, голтой шууд залгаа биш, хэвгий налууд байрлах гэр, орон сууцны зориулалтын эзэмшлийн газрыг 6 дугаар бүсэд оруулахаар тогтоосон нь Газрын тухай хуулийн 4.1.3-т зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр гаргах зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 61.1.4-д заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээг акт гарсны дараа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь аливаа байдлаар хөндөгдөх бүлгийг тодорхойлж, тус хуулийн 62.2-т заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд заавал хэлэлцүүлэг хийх ажиллагааг хэрхэн хийсэн эсэх нь тодорхойгүй, газрын бүсчлэлийг ийнхүү өөрчилж, иргэний төлөх газрын төлбөрийг өмнөхөөс 10 дахин ихэсгэж тогтоохдоо байгаль орчны үнэлгээ, бодит нөхцөл, судалгаа, үнэлгээнд үндэслээгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч Д.С, С.Э*******ы эзэмшлийн газрын бүсчлэлд холбогдох хэсгийн үндэслэлийг хянуулж, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

3.Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын эзэмшиж байгаа газар 6 дугаар бүсэд хамаарч байгаа. Нийслэлийн хэмжээнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газрыг 13 бүсэд хувааж байгаа гэж ойлгосон. Нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газар ойгоос жаахан зайтай. Ойн захад байдаг айлуудын газар 12 дугаар бүсэд хамаардаг. Бүс газрын суурь үнэлгээний асуудал яригдахад гарч ирдэг.

Нэхэмжлэгч нарын хувьд энэ үнэлгээ дээр маргаангүй. Засгийн газрын 182 дугаар тогтоолоор тогтоочихсон. 6 дугаар бүсэд байршиж байгаа 1 га газрын суурь үнэлгээ 273 000 000 төгрөг. 12 дугаар бүс буюу ойн захад байдаг бүс нь 27 000 000 төгрөг болж байгаа. Ойн захад байрлаж байгаа нь илүү үнэлгээтэй байна, ойгоос зайтай бол газрын үнэ цэнэ буурах юм байна гэж ойлгосон боловч энэ маргаан дээр эсрэгээр нь тогтоосон. Газрын тухай хуульд тухайн газрыг аль бүсэд хамааруулах вэ гэдэг солбицлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэм хэмжээний актын хавсралт 1 дүгээр нэг бүрчлэн тогтоосон. Засгийн газар актаараа тогтоосон боловч 1 дүгээр бүс, 2 дугаар бүсэд аль газар хамаарч байгаа вэ гэдгийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21******* дугаар албан бичгээр оруулсан байдаг. Үр дагавар нь суурь үнэлгээ өндөр болоод ирэхээр газрын төлбөрийн асуудал гарч ирж, 1 га газрыг 273 000 000 төгрөг гэж үзвэл нэхэмжлэгч нарын эзэмшиж байгаа газар 500 м.кв 19 000 000 төгрөг болно.

12 дугаар бүсэд байгаа газрын суурь үнэлгээ 1 667 000 төгрөг байна. Газрын төлбөр ийм ялгаатай байдлаар орж ирж байна. Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тохиолдолд газрын суурь үнэлгээнээс хамаараад татвар төлөхөөр хуульчилсан.

Тэгэхээр газраа бусдад шилжүүлэх болбол 19 000 000 төгрөгөөс 1 911 000 төгрөгийг улсад төлнө гэсэн үг. Гэтэл зэргэлдээ байдаг хүмүүс газраа шилжүүлэхдээ 160 000 төгрөгийн татвар төлөхөөр ийм ялгамжтай, хуулийг өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчиж байна. Хариуцагч нарын зүгээс ойжих бүсэд хамаарч байгаа гэж тайлбартаа бичсэн байсан. Ойжиж магадгүй гэж үзээд ирээдүйд болох зүйл дээр үндэслэн газрын төлбөрийг өндөр авч байгаа нь шударга бус гэж нэхэмжлэл гаргасан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны А/ дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг эс зөвшөөрч байна. Газрын төлбөрийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тогтооно гэж заасан. Энд заасан ойгоос зайтай гэдэг байдлыг харгалзаж үзээгүй юм болов уу гэж бодож байна. Шүүхээс шууд хүчингүй болгох боломжгүй. Хуулиар батлагдсан бүсчлэлд учраас хариуцагч шийдвэрээ хянаад дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх байдлаар шийдвэрлэвэл аль аль талдаа хэрэгтэй гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б******* шүүхэд бичгээр гаргасан тайлбараа:

4.1.Иргэн Д.С*******. С.Э******* нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Газрын Үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг Хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоох тухай" 1******* дүгээр тогтоолын Д.С******* С.Э******* нарын эзэмшлийн газрын бүсчлэлд хамаарах хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

4.2.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь хэсэгт заасны дагуу төрийн бүрэн эрхийн хүрээнд дээрх тогтоолыг баталж уг тогтоолоо Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх хүсэлтийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүргүүлсэн байх ба уг тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 5671 дугаарт бүртгэсэн тухай мэдэгдлийг Хууль зүй дотоод хэргийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/210 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

4.3.Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг болон тус хуульд заасан актад тавигдах зохих шалгууруудыг хангасны үндсэн дээр хэм Хэмжээний актын нэгдсэн санд бүртгэгдсэн тул уг акт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн ба дээрх тогтоолоор нийслэлийн хэмжээнд газрын нэгдмэл сангийн ангиллын ойн болон усан сан бүхий газруудыг нийтэд нь байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах зайлшгүй шаардлагыг харгалзан газрын үнэлгээний 6 дугаар зэрэглэл /бүс/-д хамааруулсан болно.

4.4.Мөн 1*******, 1 дугаартай нэгж талбар бүхий газрууд нь Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25, 2020 оны 13 дугаар тогтоолоор газрын үнэлгээний 6 дугаар зэрэглэл /бүс/-д хамаарч байсан бөгөөд газрын нэгдмэл сангийн ангиллын ойн тэлэн ургах нөөц газарт хамаарч байсан байх ба нэхэмжлэгч Д. С*******, С.Э******* нар нь 2021 оны 6 дугаар сард Газар эзэмшүүлэх гэрээг байгуулахдаа /гэрээний 2.4 дэх хэсэг/ газрын зэрэглэл, бус, итгэлцүүр, төлбөрийн хувь хэмжээ өөрчлөгдсөн тохиолдолд тэрхүү өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхөө илэрхийлж гэрээнд гарын үсэг зурсан байна. Иймд Д.С*******, С.Э******* нарын нэхэмжлэлийг үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нарын газар 6 дугаар бүсэд хамаарч байгаа. Яагаад гэвэл Газрын төлбөрийн тухай хуулийн 6.3 дахь хэсэгт эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно гэж заасан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд олгогдсон бүрэн эрхийн дагуу хуульд заасан хязгаарт багтаагаад үнэлгээг тогтоосон. 6 дугаар бүсэд хамаарч байгаа газар нь Газрын тухай хуулийн 14 дүгээр зүйлд ойн сан бүхий газрыг тодорхойлсон. Үүнд ойн тэлэн ургах бүхий газар орно. Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газраас ирсэн албан бичигт нэхэмжлэгч нарын газар ой тэлэн ургах газарт хамаарч байна гэсэн байдаг. Газрын төлбөрийн тухайд 6 дугаар бүсэд 1 м.кв нь 273 төгрөг үүнийг Газрын төлбөрийн тухай хуульд зааснаар 2 дахин үржүүлээд 90 хувь чөлөөлөгдөөд жилд 27 300 төгрөг төлөхөөр байгаа. Д.С******* нэхэмжлэгчийн хувьд 2022 онд нэхэмжлэл гаргах үед Баянзүрх дүүрэгт эзэмшлийн 2 газар байсан. Газрын төлбөрийн тухай хуулийн 8.1.2 дахь хэсэгт газрын төлбөрөөс чөлөөлөх заалт байгаа. 700 м.кв газрыг 90 хувь чөлөөлнө гэж заасан. Үүний дагуу нөгөө газар нь чөлөөлөлтөд хамаараад нэхэмжлэл гаргасан газар чөлөөлөлтөд ороогүй байсан. Газрын удирдлагын нэгдсэн системд уг заалт ороогүй байж байгаад 500 м.кв хүртэл 273 төгрөг буюу 137 500 төгрөгөөр нэхэмжлэх үүссэн. 2023 оны төлбөр яагаад 27 300 төгрөгөөр бодсон бэ гэвэл эзэмшил нэг газрынхаа эрхийг шилжүүлсэн тул нэхэмжлэл хамаарч байгаа газрын төлбөр 90 хувь чөлөөлөгдөөд 27 300 төгрөгөөр үүсэж байгаа гэв.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Тус иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хууль тогтоомжоор олгогдсон тухайн газар нутгийн нийгэм эдийн засаг, хүн ам тухайн салбарын хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэх эрхтэй байгууллага. Үүний дагуу 2021 оны А/ тогтоолыг батлан гаргаж уг хэм хэмжээний актыг Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагын дагуу Хууль зүй дотоод хэргийн яаманд бүртгүүлж хүчин төгөлдөр мөрдүүлж байгаа. Хууль зүй дотоод хэргийн яамны 2022 оны 01 сарын 11-ний өдрийн 1/210 дугаар албан бичгээр хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлийн 5671 дугаарт бүртгэсэн хууль ёсны акт.

Тухайн газрыг иргэн өөрөө бүсчлэн тогтоохгүй. Манай байгууллага тогтоодог. Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас ирсэн лавлагаанд тус газрын 2023 оны 02 сарын 03-ны өдрийн 1/205 албан бичгээр нэхэмжлэгч Д.С*******, Э******* нарын нэгж талбар бүхий газар нь төлбөрийн 6 дугаар бүсэд хамаарч байгаа бөгөөд энэ нь ойн тэлэн ургах газарт хамаарна гэсэн байна.

Зориулалт байршлаас гадна байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, ногоон бүсийг хамгаалах зайлшгүй шаардлага бий болж байгаа. Энэ агуулгаар байгалийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалах байгаль орчинд нөлөөлөх үзүүлэлтийг харгалзан үзээд энэ нэгж талбар нь 6 дугаар бүсэд хамаарч байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд дурдсан асуудал газрын төлбөр өндөр байна гэсэн байгаа. Яг л хууль тогтоомжид нийцсэн төлбөр учраас маргах шаардлагагүй байх.

Маргаан анх эхлэхдээ бид нарын газрын төлбөр хэтэрхий өндөр болчихлоо гэж байсан. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн 2023 оны 02 сарын 03-ны өдрийн 1/205 дугаар албан бичигт ойн тэлэн ургах газарт хамаарсан гэсэн.

Газрын төлбөрийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлд зааснаар эрх олгогдсоны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж хэм хэмжээний актыг баталсан. Уг хэм хэмжээний актыг бүртгүүлээд ямар хуулийн зөрчилгүй мөрдүүлж байгаа. Нэхэмжлэгч нар 2019 онд тухайн газрыг эзэмшиж эхэлсэн. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25 дугаар тогтоол, 2020 оны 13 тогтоолоор тухайн газрууд өмнө ч гэсэн 6 дугаар бүсэд хамаарч байсан нэгж талбар бүхий газар байгаа.

Гэнэт өөрчилсөн зүйл биш. Газар эзэмшүүлэх харилцааг гэрээгээр зохицуулдаг. С*******, Э******* нар нь Баянзүрх дүүргийн Газрын албатай гэрээ байгуулсан. Гэрээний 2.4-т зэрэглэл, бүс, итгэлцүүр төлбөрийн хувь хэмжээ өөрчлөгдсөн тохиолдолд энэ байдлыг хүлээн зөвшөөрнө гээд гарын үсгээ зурсан. Өнөөдөр биш гэхэд маргааш өөрчлөгдөхөд энэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрнө гэдгээ илэрхийлсэн байна. Энэ байдлыг харахад ч гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нар 2 газартай байх үедээ нэхэмжлэл өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг газраа бусдад шилжүүлсэн. Тэгэхээр төлбөр нь 27 300 төгрөг болж бууж байгаа. Энэ байдлыг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

7.Шүүх хуралдаанд иргэдээс сонгогдсон иргэдийн төлөөлөгч Б.Ш******* Ойн хажууд би газартай байлаа гэхэд өөрийнхөө үнэлгээгээр төлдөг юм болов уу гэж бодож байсан юм. Цаанаасаа тогтоож өгдөг юм байна. Ингэж төлдгийг нь ойлголоо гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, нэхэмжлэлийн шаардлагын талаар:

1.1.Энэ хэргийн маргаанд газрын эрх зүйн харилцаан дахь газрын бүсчлэл, төлбөр тогтоосонтой холбоотой үйл баримт хэлэлцэгдсэн болно.

1.2.Нэхэмжлэгч нар нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1******* дугаартай тогтоолын хавсралаар баталсан газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоох тухай тогтоолын хавсралтыг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.

1.3.Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1******* дугаартай тогтоолын хавсралаар баталсан газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоох тухай тогтоолын хавсралтын Д.С*******, С.Э******* нарын эзэмших газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодруулсан болно.

Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

2.1.Нэхэмжлэгч Д.С******* нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны, Шар хоолой хаягтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1******* нэгж талбарын дугаартай 500 метр квадрат газрыг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр олгосон 0 дугаартай гэрчилгээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 01110-2021/02629 дугаар гэрээний үндсэн дээр /ХХ-1-н 12-15 дахь тал/, нэхэмжлэгч С.Э******* нь мөн хаягтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1 нэгж талбарын дугаартай 500 метр квадрат газрыг 2021 оны 06 дугаар сарын 23-ний өдөр олгосон 0 дугаартай гэрчилгээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 01110-2021/01449 дугаар гэрээний үндсэн дээр /ХХ-1-н 16-18 дахь тал/ тус тус эзэмшдэг байна.

2.2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Газрын үнэлгээний зэрэглэл Бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоох тухай 1******* дүгээр тогтоолын Нэгдүгээр хавсралтаар нийслэлийн нутаг дэвсгэрийн газрын зэрэглэл /бүс/-ийн зааг, хязгаарыг /солбицол, газрын зааг хязгаарын зураг/ баталсан байна.

2.3.Нэхэмжлэгч Д.С*******, С.Э******* нар нь хил зэрэгцээ газрыг эзэмшдэг байх бөгөөд нэгтгэж гаргасан нэхэмжлэлээрээ дээрх тогтоолын Нэгдүгээр хавсралтаар баталсан газрын зэрэглэл /бүс/-ийн зааг, хязгаар /солбицол, газрын зааг хязгаарын зураг/-ыг тогтоохдоо өөрсдийн эзэмшиж буй газрын хилийн бүсчлэлийг буруу тогтоосон, эзэмшиж буй газар нь 12 дугаар бүсэд байх ёстой байхад дээрх бүсчлэлээр 6 дугаар бүсэд оруулсан нь газрын төлбөр шударга бусаар тогтоох үндэслэл болсон гэж маргаж байна.

2.4.Ингэхдээ нэхэмжлэгч нараас дээрх тогтоолын газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга-тай маргаагүй гэдгийг тодруулсан болно.

2.5. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Газрын үнэлгээний зэрэглэл /Бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоох тухай 1******* дүгээр тогтоолоор Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны, Шар хоолой амны газрын бүсчлэлийг тогтоохдоо Захиргааны хэм хэмжээний актын төсөлд хийсэн нөлөөллийн шинжилгээ /ХХ1-1н 90-139 дэх тал/, нийслэл хотод газар эзэмшдэг иргэн, аж ахуйн нэгжүүдээс санал авч /ХХ-1-н 144-215 дахь тал/, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2020 онд тогтоож байсан газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утгыг үндэслэн, тус дүүргийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн саналыг харгалзан, уг тоон утгыг өөрчлөхгүйгээр тогтоосон болох нь Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ирүүлсэн бичгийн нотлох баримтаар нотлогдлоо.

2.6.Мөн Нийслэлийн газрын зэрэглэлийн 6 дугаар бүс нь тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэр, мөн ногоон бүсийн ой хамгаалалтын нутаг дэвсгэр, ундны усны хамгаалалтын бүс гэх зөвхөн хамгаалалтын бүсүүдийг хамааруулсан болох нь уг тогтоолыг хэлэлцэх хуралдаан дээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газрын үнэлгээ төлбөрийн хэлтсийн даргын тайлбараар тогтоогдож байна. /ХХ-1-н 77 дахь тал/

2.7.Уг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Газрын үнэлгээний зэрэглэл Бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоох тухай 1******* дүгээр тогтоолын дагуу үйлдсэн газрын бүсчлэлийн зураглалаар нэхэмжлэгч Д.С*******, С.Э******* нарын эзэмших Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны, Шар хоолой хаягтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1*******, 1 нэгж талбарын дугаартай газрууд нь ой тэлэн ургах нөөц газарт хамаарч байгаа болох нь Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газрын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1/205 дугаар албан бичигт хавсарган үйлдсэн зураглалаар тогтоогдсон гэж үзлээ. /ХХ-2-н 103 дахь тал/

2.8.Түүнчлэн хариуцагчаас дээрх тогтоолоор тогтоосон газрын үнэлгээний зэрэглэл, бүсийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарын дагуу нэхэмжлэгч Д.С*******, С.Э******* нарын эзэмших газрын төлбөрийн хэмжээ нь тус бүр нь жилийн 27300 төгрөг төлөх тооцооллыг гаргаж, шүүхэд төлбөрийн нэхэмжлэхийг нотлох баримтаар ирүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно гэж, 7 дугаар зүйлийн 5-д Ойн сан бүхий газар болон усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хотын бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцно гэж, Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 60.1-т Захиргааны хэм хэмжээний акт дараах шаардлагыг хангасан байна гээд 60.1.1-т Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх гэж, 60.1.2-т тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх гэж тус тус заасан байна.

3.2.Ийнхүү газрын төлбөрийг байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцох эрх хэмжээ нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т зааснаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хадгалагдаж байна.

3.3.Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоохдоо үндэслэлгүйгээр тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна.

3.4.Тухайлбал, уг тогтоол нь батлагдан гарахдаа Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т Зохицуулах харилцаа нь бусад захиргааны байгууллагын чиг үүрэгт давхар хамаарч байгаа бол тухайн захиргааны байгууллагаас албан ёсоор санал авна гэж, мөн зүйлийн 61.4-т Захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээг энэ хуулийн 61.6-д заасан аргачлалын дагуу хийж, түүнд дараах нөхцөл байдлыг тусгаж, танилцуулга бэлтгэнэ гэж, 62 дугаар зүйлийн 62.1-т Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна гэж заасан шаардлагуудыг хангасан байгаагаас гадна, Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж Хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн нь нотлогдсон тул холбогдох хууль зөрчөөгүй байна.

3.5.Нэхэмжлэгч нараас өөрийн эзэмшиж буй газрыг бүсчлэлийн 12-т хамаарах ёстой байхад 6 дугаар бүсэд хамааруулж, буруу тогтоосон гэх, ой модонд ойрхон газар эзэмшиж буй иргэнээс бага төлбөр авч байгаа атлаа ойгоос хол газар эзэмшиж буй биднээс илүү хэмжээний төлбөр тогтоосон нь шударга бус гэх агуулгаар маргасан.

3.6.Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т ой" гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг гэж, мөн зүйлийн 3.1.2-т "ойн сан" гэж энэ хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг ойлгохоор хуульчилсан байна.

3.9.Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ойн төлөв байдал, ойн сангийн эзлэх талбайн хэмжээ, нөөц, бүрэлдэхүүн, үнэлгээ, тэдгээрийн өөрчлөлт, ойг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээний талаарх цогц мэдээллийг агуулсан улсын хэмжээний ойн мэдээллийн сантай байна гэжээ.

3.10.Хуулийн энэ заалтын дагуу ойн сангийн мэдээллийг Байгаль орчны яам боловсруулж, сан үүсгэж мэдээллийг хадгалдаг байна.

3.11.Нэхэмжлэгч нараас өөрсдийн эзэмших газрыг Ойн тухай хуулийн дагуу тогтоосон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчноор тогтоосонтой маргаагүй боловч бүсчлэл буруу гэж маргасан нь хууль зүйн үндэслэлгүй, ой тэлэн ургахад шаардлагатай талбайг 6 дугаар бүсэд оруулсныг ч буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

3.12.Нөгөө талаас хариуцагчийн төлөөлөгч нар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1******* дүгээр тогтоолоороо газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоохдоо шинээр тогтоогоогүй, өмнө Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25 дугаар, 2020 оны 13 дугаар тогтоолоор баталсан итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг өөрчлөөгүй баталсан, нэхэмжлэгч Д.С*******, С.Э******* нар 2020 онд газар эзэмших хүсэлт гаргахдаа дээрх тогтоолыг мэдэж байсан тул уг газрын бүсчлэл, үнийг зөвшөөрсөн гэж мэтгэлцсэнийг үндэслэлтэй гэж дүгнэв.

3.13.Учир нь аливаа эзэмших хүсэлтэй газрын эрх зүйн харилцаанд орохыг хүссэн иргэн, хуулийн этгээд газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэрийг мэдэх эрхтэй, мэдэх ёстой бөгөөд ийм хэм хэмжээний актыг мэдээгүй нь газрын төлбөр төлөх хэмжээг тогтоосон шийдвэрийг буруутгах үндэслэл болохгүй эрх зүйн зарчимтай.

3.14.Иймд нэхэмжлэгч нар нь анх газрыг эзэмших хүсэлт гаргах үедээ болон газар эзэмшиж эхэлсэн үеэс өөрийн эзэмшиж буй газрын бүсчлэл, төлөх ёстой төлбөрийн хэмжээг мэдэх ёстой бөгөөд тэдгээрийг газар эзэмших эхлэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх тогтоолуудаар баталсан итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг өөрчлөөгүй байгаа тул Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1******* дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын нэхэмжлэгч нарын эзэмших газарт холбогдох хэсэг нь Д.С*******, С.Э******* нарын эрх зүйн байдлыг дордуулаагүй, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэлээ.

3.15.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж хориглосон тул анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нарын маргахгүй байгаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1******* дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан итгэлцүүрийн тоон утга тогтоосон үндэслэл, аргачлал тооцооллыг шалгах, газрын төлбөр төлөх хилийн заагийг зөв тогтоосон эсэх үйл баримтад холбогдох нотлох баримтыг цуглуулаагүй, энд дүгнэлт өгөөгүй болно.

3.16.Дээрх хууль зүйн үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч Д.С*******, С.Э******* нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй болох нь нотлогдсон тул тэдгээрийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дөрөв. Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан дагуу зөвхөн маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон нотлох баримтыг хэрэгт цуглуулсан.

4.2.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Тав.Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн тухайд:

5.1.Шүүх бүрэлдэхүүн нь иргэдийн төлөөлөгчийн Ойн хажууд би газартай байлаа гэхэд өөрийнхөө үнэлгээгээр төлдөг юм болов уу гэж бодож байсан юм. Цаанаасаа тогтоож өгдөг юм байна. Ингэж төлдгийг нь ойлголоо гэсэн дүгнэлтийг сонсож танилцсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т заасны баримтлан нэхэмжлэгч Д.С*******, С.Э******* нарын гаргасан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Газрын үнэлгээний зэрэглэл /Бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоох тухай 1******* дүгээр тогтоолын Нэгдүгээр хавсралтын Д.С*******, С.Э******* нарын эзэмших газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ

ШҮҮГЧ Г.УРАНГУА