Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2022/ДШМ/612

 

 

 

 

 

 

      2022             6              9                                         2022/ДШМ/612                                 

 

 

      Г.Пд холбогдох эрүүгийн

                    хэргийн тухай                  

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхням,

нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/813 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Энхнямын бичсэн 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 17 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Г.Пд холбогдох эрүүгийн 2208 0068 60591 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Гын П, ........ оны .... дугаар сарын ....-ны өдөр .................. аймгийн .................. суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ................. аймгийн .............. сум, .............. багийн ............... гэх газар оршин суух бүртгэлтэй боловч ................ дүүргийн ... дугаар хороо, ....................  дүгээр гудамжны .... тоотод түр оршин суух, /РД:.............................../,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 504 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, тус шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 342 дугаартай шүүгчийн захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар торгох ялаас өршөөн хэлтрүүлсэн.

            Шүүгдэгч Г.П нь 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дэн буудлын 301 тоотод хохирогч А.М-Эийн эзэмшлийн “Samsung A-52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч А.М-Ээд 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Пын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, ...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн ...6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ...ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна.” гэж, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ...6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилсан байна. Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх...”, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэжээ. Гэтэл прокурор шүүгдэгч Г.Пд ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал болон яллах дүгнэлтийн хавсралтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж...” гэж хуульд байхгүй 2002 оны Эрүүгийн хуулийн нэг томьёо ашиглаж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Түүнчлэн, санал болон дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 3 төрлийн эрүүгийн хариуцлагаас ямар эрүүгийн хариуцлагыг тэнсэх талаар тусгаагүй. Энэхүү нөхцөл байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдолд хамаарах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогддог. Иймд улсын яллагчаас шүүгдэгч Г.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, тус зүйл хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авхуулах талаар гаргасан хууль бус санал, дүгнэлтийг шүүх зөвтгөн шийдвэрлэх боломжгүй, нөгөө талаар энэхүү хууль бус санал, дүгнэлтийг яллах дүгнэлтэд гарсан техникийн шинжтэй алдаа гэж шүүх залруулах боломжгүй тул шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Г.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор С.Энхням бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Пд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд даруй шилжүүлсэн. Хялбаршуулсан журмаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд прокурор улсын яллагчаар оролцохдоо шүүгдэгч Г.Пд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрхийн хязгаарлалт тогтоох тухай санал гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлд нийцэж байх тул Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхээс Г.Пд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан журмаар хянан хэлэлцсэн атлаа мөн хуулийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй үндэслэлээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан”шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэх заалтыг зөрчсөн. Шүүгдэгч Г.П нь хүсэлтээсээ татгалзаагүй, тэрээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Г.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлэн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэх шаардлагад шүүгчийн захирамж нийцээгүй байна. Үүнд:

Шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамж гаргахдаа хялбаршуулсан журмаар хэргийг хянан хэлэлцэж буцаах үндэслэлд хамаарахгүй үндэслэл зааж хэргийг прокурорт буцаасан төдийгүй хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хянан хэлэлцсэн атлаа шүүгчийн захирамжид удирдлага болгох хуулийн заалтад хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж буцаасан мэтээр “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалт, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгосон. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлсэн ажиллагаанд “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэ хангах ажиллагаа”-г баримтлахгүй гэж заасан атал уг заалтыг баримталж, мөн шүүгчийн захирамжид гэмт хэрэг үйлдсэн хүнийг яллагдагч, шүүгдэгч гэж хольж ойлгомжгүй дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино. ...Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулж болно гэсэн хуулийн агуулгаас үзэхэд хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд ердийн журмаас илүү богино хугацаанд, шуурхай оролцогчийн эрхийг хангаж хялбарчилсан байдлаар шийдвэрлэхээр байна. Шүүгдэгч Г.Паас прокурорын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай гаргасан хүсэлт шүүхийн шатанд хязгаарлагдсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх журам, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд тус тус нийцээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Г.Пыг 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дэн буудлын 301 тоотод хохирогч А.М-Эийн эзэмшлийн “Samsung A-52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас А.М-Ээд 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, мөн Г.Пд холбогдох эрүүгийн хэргийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах заалтын дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрхийн хязгаарлалт тогтоох тухай саналын хамт хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.17 дугаар хэсэгт прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавихдаа “Эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх, эсхүл энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай саналыг шүүхэд хүргүүлэх” эрхтэй, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл ...эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх...”, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан.

Хэргийг хянан үзэхэд, анхан шатны шүүхээс прокурорын шүүгдэгч Г.Пд ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал болон яллах дүгнэлтийн хавсралтад Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 3 төрлийн эрүүгийн хариуцлагаас ямар эрүүгийн хариуцлагыг тэнсэх талаар тусгаагүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай хуульчилсан  нь хорих ял оногдуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж тэнсэх хуулийн зохицуулалт бөгөөд прокурорын шүүхэд гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан журмын дагуу гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал нь мөн хуульд заасан журмыг зөрчөөгүй, энэ талаар гаргасан анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна гэж үзлээ.

Прокурорын шүүгдэгч Г.Пд ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал болон яллах дүгнэлтийн хавсралтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж...” гэж бичсэн байх хэдий ч агуулгын хувьд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх...”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Г.Пд холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/813 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Пд холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Г.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ