Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2019/0288

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл би, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор С.Ц*******ийн дүгнэлттэй, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Г.Г*******т холбогдох зөрчлийн хэргийг авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор С.Ц******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Г.Г******* нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа Ж******* ХХК-ийн ажилтан А.С******* нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зорчигч бус хүнд 1 ширхэг Sky нэртэй архийг худалдаж Гаалийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1.6-д заасныг зөрчсөн гэх мэдээллийг шалгаж, 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 024******* дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар 2000 нэгж буюу 2,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.

Гаалийн улсын байцаагч Г.Г******* нь Ж******* ХХК-д шийтгэл оногдуулахдаа Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 15 дахь хэсэг гэж тэмдэглэсэн атлаа шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг гэж хуулийн зүйл, заалтыг буруу тусгаж, ноцтой зөрчил гаргасан байна. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Г.Г*******ийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 024******* дугаар шийтгэлийн хуудсыг зөвтгөж, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Г.Г******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: миний бие Ж******* ХХК-ийн татваргүй барааны дэлгүүрийн горимын шаардлага зөрчсөн асуудлыг шалгаад Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт заасан торгуулийн шийтгэл оногдуулж, 024******* дугаар шийтгэлийн хуудас бичихдээ дээрх хэсэгт заасан 2000 нэгжийн торгуулийн шийтгэлийг үнэн, зөв ногдуулсан мөртлөө санамсаргүй байдлаас хуулийн зүйлчлэлийг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг гэж буруу бичсэн байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Г.Г******* нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 024******* дугаар шийтгэлийн хуудсаар Ж******* ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж үзэж, тус компанид 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн торгууль оногдуулсан байна.

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор С.Ц******* нь улсын байцаагч Г.Г******* Ж******* ХХК-д шийтгэл оногдуулахдаа Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 15 дахь хэсэг гэж тэмдэглэсэн атлаа шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг гэж хуулийн зүйл, заалтыг буруу тусгасан, иймд улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 024******* дугаар шийтгэлийн хуудсыг зөвтгөж, өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэн прокурорын дүгнэлт ирүүлснийг хариуцагч Г.Г******* тус шүүхэд ирүүсэн хариу тайлбартаа хүлээн зөвшөөрчээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, ...эрхтэй, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууь ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно, 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасан байна.

Иймд хариуцагч Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Г.Г******* прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөс үүсэх үр дагавартай танилцаж, гарын үсэг зурсан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор С.Ц*******ийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хариуцагч Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Г.Г******* хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ