| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/01063/И |
| Дугаар | 135/ШШ2024/00939 |
| Огноо | 2024-07-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 135/ШШ2024/00939
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/01063/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, Хар ус, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******)-ийн хүсэлттэй,
“Ажилласан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Ч.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ч.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
“...Миний бие 1987 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 7 жил тасралтгүй Дарханы Сангийн аж ахуйд ажилласан болно. Тэтгэвэрт гарахаар ажилласан жилээ тооцуулж үзэхэд жил хүрэхгүй байна. Иймд намайг Дархан сангийн аж ахуйд саальчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн тодорхойлолт, 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 292 дугаартай Дархан-Уул аймгийн Төрийн архивын тодорхойлолт, ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн. (хх 2-6 хуудас )
3.Шүүхээс Д.*******, Б. нараас гэрчийн мэдүүлэг авч, 2024 оны 07 дугаар сарын 17-ний өдрийн 326 дугаартай Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын албан бичиг, 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 154 дугаартай Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 11-10/106 дугаартай Дархан-Уул аймгийн Архивын Тасгийн албан бичиг, Дархан-Уул аймгийн Төрийн архивын газрын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 351 дугаартай тодорхойлолт, мөн тус газрын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 354 дугаартай тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ч.*******гийн ХААТР-1 маягт зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн болно. ( хх 9-25, 32-38 хуудас )
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Ч.******* нь 1987 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг Дархан-Уул аймгийн Дархан сангийн аж ахуйд саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч нь шүүх хуралдаанд хүсэлтийнхээ үндэслэлийг “...Миний бие нь Дарханы Сангийн аж ахуйд 1987 оны 06 дугаар сард илгээлтээр ирж ажиллаж байсан. 1992 оны ажилласан хугацааны баримт дээр үзгээр бичсэн зөрчилтэй байна. Шимтгэл төлсөн, төлөөгүй гэдэг дээр мөн асуудал үүссэн. Энэ нэг жилийг тооцуулчихвал тэтгэвэртээ гарах гээд байна. Иймд 1987-1992 оныг хүртэл тус газарт ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэж тодруулж, тайлбарласан.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т “Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно; 135.2.6-т хүний ажиллаж байсан байдал” гэж заажээ.
Хүсэлт гаргагч Ч.******* нь ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байна.
4.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу хүсэлт гаргагч нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
5.Хүсэлт гаргагч нь 1987-1992 оныг хүртэл Дархан-Уул аймгийн Дархан сангийн аж ахуйд ажиллаж байсан үеийн нотлох баримт байхгүйн улмаас тэтгэвэр тогтоолгох боломжгүй болж ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.
6.Хавтаст хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч Д.*******ын “...Миний бие Д.******* нь Ч.*******тэй 1987 оноос 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хонгорын сангийн аж ахуйд саальчнаар хамт ажиллаж байсан. Ч.*******тэй нэг ангид суралцаж төгссөн” гэх мэдүүлэг, гэрч Б.ийн “...Миний бие Б. нь Ч.*******тэй 1987 оноос 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дархан Сангийн аж ахуйн Саалийн механикжсан фермд саальчнаар хамт ажиллаж байсан. Одоо тус байгууллага нь татан буугдсан” гэх мэдүүлэг, 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 154 дугаартай Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын “...1992 оны цалингийн буюу хөдөлмөрийн хөлсний сангаас тооцон нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсныг тодорхойлов” гэх тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Ч.*******гийн ХААТР-1 баримт зэргээр хүсэлт гаргагч Ч.******* нь 1987 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн Дарханы Сангийн аж ахуйд саальчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
7.Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* (РД:*******)-г 1987 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг Дархан-Уул аймгийн Дарханы Сангийн аж ахуйд саальчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НОМИН