Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ДШМ/581

 

 

 

 

     2022           6             2                                    2022/ДШМ/581

 

М.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Зориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Бадрал,

шүүгдэгч М.Агийн өмгөөлөгч Б.Баттулга,  

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч И.Ганбат, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/263 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Агийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2210000000028 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.         

М.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хабитат Тайван 20-н айлын хашаанд байрлах гэр хотхонд хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Мийн эсрэг зэвсэг буюу хутга ашиглаж зүүн гуя, зүүн шуунд нь хатгаж эрүүл мэндэд нь “зүүн гуяны хураагуур судас гэмтээсэн шарх, зүүн шуунд шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: М.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар М.Ад 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Ад оногдуулсан 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Агийн цагдан хоригдсон 86 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Агаас 454.610 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээс хохирогч Б.М нь бүхэлд нь татгалзсан болохыг тэмдэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, М.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.А давж заалдах гомдолдоо: “...Миний хувьд эрүүгийн хариуцлага оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруу болон хийсэн хэргийн талаар маргах зүйл байхгүй, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна.

Хохирогчид учруулсан бие болон сэтгэл санааны хохирол, цаашид гарч болзошгүй хохирлыг ухамсарлан бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна.

Миний бие өндөр настай, бие муутай эхийнхээ хамт амьдардаг бөгөөд ээж маань байнгын асаргаа сувилгаа, хэн нэгэн хүний хараанд амьдардаг тул ээжийнхээ хажууд байж, ээжийгээ асарч сувилах, цаашдаа энэ төрлийн гэмт хэргээс холуур байж, нийгэмшиж төлөвших, хайрт ээжийнхээ ачийг хариулах сүүлчийн боломж олгоно уу гэж хүсэж байна.

Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан 6 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлж, хорих ялын дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч М.Агийн өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Б.М өөрийн биеэр оролцсон. Хохирогч Б.М шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө “Энэ хэрэгт миний буруутай үйлдэл байгаа. Хохирол  төлбөр нэхэхгүй. Нэхэмжлэхээс татгалзаж байна” гэж хэлсэн.  Миний үйлчүүлэгч өмнө нь 3 удаа ял шийтгэл эдэлж байсан боловч шийтгэлийг эдэлж дууссан учраас энэ нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй. Өндөр настай эхтэйгээ хамт амьдардаг гэх хувийн байдлыг нь харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялын хугацаа болон дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Э.Бадрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаж оролцсон. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа гэм буруугаа хүлээж байгаа нь логик алдаатай байна. Тэгэхээр нээлттэй дэглэмтэй болгох шаардлагагүй гэж үзэж байх бөгөөд анхан шатны шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

М.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хабитат Тайван 20-н айлын хашаанд байрлах гэр хотхонд хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Мийн эсрэг зэвсэг буюу хутга ашиглаж зүүн гуя, зүүн шуунд нь хатгаж эрүүл мэндэд нь “зүүн гуяны хураагуур судас гэмтээсэн шарх, зүүн шуунд шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Дуудлагын лавлагааны хуудас /хх 2/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-8/, Б.Мийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-10/, М.Агийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 11-13/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 14-15/, хүрэн өнгийн модон иштэй ажлын хэсэг нь 12 см, бариул хэсэг нь 11 см урттай хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 16/, Б.Мд хүрэн өнгийн малгайтай цамц 1 ширхэгийг хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх 17/, хохирлын баримтууд /хх 80-82/, Б.Мийн өвчний түүх /хх 105-112/ зэрэг нотлох баримтууд болон,

хохирогч Б.Мийн “...17 цагийн үед А нэг найзынхаа хамт ирсэн. Тэгээд бид нар хамт архи уусан бөгөөд А бид хоёр урд нь шоронд хамт байсан бөгөөд намайг хүмүүст “миний шээсийг зөөдөг байсан” гэж хэлсэн байхаар нь би энэ асуудлыг хэлээд бид хоёр бага зэрэг маргалдаад, зууралдаад авсан бөгөөд М болон нөгөө эрэгтэй хоёр “боль” гээд салгасан юм. Дахиад А бид хоёр маргалдсан юм. Тухайн үед М унтчихсан байсан. ...гэрийн гадна амбаарын үүдэнд зогсож байхад араас А гарч ирэхээр нь “чи намайг шоронд шээлтүүр зөөдөг байхыг харсан юм уу” гэж хэлсэн чинь “чи тийм л байсан шүү дээ” гээд бид хоёр маргалдаад зогсож байсан чинь гэдэс рүү 1-2 удаа цохихоор нь гар руу нь харсан чинь баруун гартаа хутга барьчихсан байсан бөгөөд тухайн үед гадаа харанхуй байсан болохоор ямар өнгөтэй хутга байсныг бол сайн анзаарч хараагүй юм. Тэгэхээр нь би шууд хутгатай гарыг нь хоёр гараараа бугуйгаар нь барьсан чинь хутгаа тавихгүй бид хоёр ноцолдож байгаад би хутгыг авах гээд зүүн гараараа бугуйнаас нь авсан чинь дийлэхгүй гарыг алдсан. Тэгсэн чинь шууд миний зүүн гар орчимд хоёр чичлэх шиг болохоор нь хоёр гараараа зүүн гарыг нь мушгиж байгаад хутгыг булааж аваад харсан чинь хүрэн өнгийн иштэй хутга байхаар нь гэрийн амбаарын хаалганы чигт шидчихээд гэр тойроод байдаг жижиг намхан хашааны хаалганы хажууд очоод зогссон. Тэгэхэд зүүн гуя дагаад халуу дүүгээд байхаар нь гараа хийгээд үзсэн цус гоожсон байхаар нь хашааны хажууд гуяа дараад сууж байсан чинь нэг мэдсэн эмнэлэгт сэрсэн юм. ...Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд төлбөр гараагүй. Тэгэхээр би эмчилгээнд зарцуулсан 454.610 төгрөгийг буруутай хүнээс гаргуулах хүсэлтэй байна. ...” /хх 20-21, 22, 93/,

гэрч Б.Мийн “...2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байсан чинь М ганцаараа эрүүл 16 цагийн үед орж ирсэн юм. Тэгээд бид хоёр нэг том пиво хувааж уугаад байж байсан чинь манай найз А Сүхээгийн хамт 19 цагийн үед ирсэн юм. А ирэхдээ нэг шил 0,75 литрийн Хараа архи, 1 том Сэнгүүр пиво авчирсан юм. А, Сүхээ хоёр бага зэрэг халамцуу байсан бөгөөд бид дөрөв архи, пиво уугаад сууж байсан чинь А, М хоёр хоорондоо маргалдаад байсан. Учир нь, энэ хоёр Багануурын хорих ангид хамт байсан талаараа яриад, маргалдаад байхаар нь “за одоо боль, манайд хэрүүл хийж болохгүй. Хэрвээ маргалдах юм бол би гэрээсээ хөөгдөнө” гэж хэлсэн. Бид дөрөв нилээн согтсон байсан бөгөөд тэр хоёр бага зэрэг маргалдаж байгаад больсон. Би орон дээрээ нэг хэсэг унтчихсан байсан бөгөөд хүмүүс маргалдаад байхаар нь сэрсэн чинь гэрт хүн байхгүй байхаар нь гараад харсан чинь цагдаа нар ирчихсэн байсан. Би унтчихсан байсан болохоор сайн мэдэхгүй байна. ...Би Мтэй эр, эмийн харилцаатай болоод 1 сар болж байгаа. Харин Атай энгийн найзууд. ...Энэ хутга нь манай гэрийн хутга мөн бөгөөд гал тогооны шургуулганд байсан. ...” /хх 25-26/,

гэрч А.Огийн “...2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 20:00 цагийн орчимд гэртээ байж байтал манай гэрийн хажуу талын үүдний амбаарыг хүн цохиод үл таних эрэгтэй хүн “намайг хутгалчихлаа” гээд чанга дуугараад байсан. Тэгээд гэрээс гараад иртэл манай хажуу айлын гадаа, Гэр хотхоны хамгийн эхний айл буюу М гэх эмэгтэйн хамтаар амьдарч байгаа М гэх эрэгтэй газар цус алдсан байдалтай доош хараад хэвтэж байсан. Би юу болсон талаар тодруулж асуухад дуугарахгүй байсан. Тэгээд түргэн тусламж дуудаж үзүүлсэн. ...” /хх 28/,

гэрч Д.Сын “...найз М 18 цагийн үед утсаар яриад “манай гэрт хүрээд ир” гэхээр нь А бид хоёр 19 цагийн үед очсон юм. Гэрт нь очиход М, мөн нэг танихгүй залуу байсан. М бид хоёр хамт дэлгүүр ороод нэг шил 0,75 литрийн Хараа архи, нэг том савтай пиво аваад гэрт ороод уусан. Тухайн үед М, А нар шоронгийн тухай ярьж, маргалдаж байгаад гараад явсан. Гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь би гараад харсан чинь М цус болчихсон хэвтэж байхаар нь гайхаад “эмнэлэг дууд” гээд байж байтал удалгүй эмнэлэг ирээд Мийг аваад явсан. Тухайн үед би нилээн согтуу байсан. А бас дунд зэргийн согтолттой байсан. Харин М нилээн согтуу орон дээрээ унтаад байх шиг байсан. ...Гэрт нэг нэгнийгээ цохиж зодсон асуудал болоогүй. ...” /хх 36-37/,

яллагдагч М.Агийн “...2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хапитат-20н гэрт хотхонд Мийн гэрт М, С бид нар архи уусан юм. Урьд нь М бид хоёр шоронд хамт ял эдэлж байсан. Архи уугаад бид хоёр шоронд байсан талаараа яриад хоорондоо маргалдаад хэсэг намжсан юм. Тэгсэн 21 цагийн үед бид хоёр маргалдаад М гэрээс гарахаар нь би араас нь гарахдаа шургуулганд байсан хүрэн өнгийн модон иштэй хутга авсан юм. Гэрээс гарахад үүдэнд М зогсож байсан бөгөөд бид хоёр маргалдаад би гартаа барьсан байсан хутгаараа дүрсэн. Хаана, хэдэн удаа дүрсэнийг бол санахгүй байна. Нэг харсан чинь М хашааны буланд цусандаа хутгалдан хэвтэж байсан. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Удалгүй өөр гэрт байсан хүмүүс ирсэн байсан. ...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би хохирлыг барагдуулах болно. ...” /хх 91/ гэсэн мэдүүлгүүд,  

“...Б.Мийн биед зүүн гуяны хураагуур судас гэмтээсэн шарх, зүүн шуунд шарх, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл. Амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтоов. Зүүн гуяны хураагуур судас гэмтээсэн шарх гэмтэл нь хүнд зэрэг, зүүн шууны шарх гэмтэл нь хөнгөн зэрэг болно. Цээжний зулгаралт гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. ...” гэсэн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 812 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 44-46/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч  М.Аг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “...Энэ хуульд заасан "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. ...” гэж тодорхойлсон байх бөгөөд шүүгдэгч М.А нь Б.Мийг ахуйн зориулалттай хутга буюу зэвсэг хэрэглэн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвөөрсөн, түүний үйлдэл нь  хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч М.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч М.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Ад оногдуулсан 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй төдийгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс “...шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар М.Ад 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв. ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч М.Агийн “...хорих ялыг хөнгөрүүлж, хорих ялын дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/263 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.А нь 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл нийт 52 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/263 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Агийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл нийт 52 /тавин хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                  ШҮҮГЧ                                                              Б.ЗОРИГ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ