Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 133/ШШ2024/00357

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 133/ШШ2024/00357

Говь-Алтай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ………… оршин суух, …….. овгийн Б.С-н нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа оролцов.

Нэхэмжлэгч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд ….. аймгийн Холбооны газрын …… сумын холбооны салбарт залгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: ….. овгийн Б.С миний бие 1969 оны 06 сарын 23-ны өдөр төрсөн одоо 55 настай. Миний бие 1988 оны 11 сарын 01-нээс 1991 оны 11 сарын 02 хүртэл …. сумын Холбооны салбарт залгагч оператороор ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл Холбооны салбарт ажиллаж байсан тухай бичилт хийсэн хөдөлмөрийн дэвтрээ номын шкафны хэрэггүй цаас дэвтэр хавтас шатааж устгах үед санамсаргүй байдлаар шатааж үрэгдүүлсэн тул шүүхээр зайлшгүй тогтоолгох болсон. Аймгийн төрийн архиваас холбогдох лавлагааг гаргуулж хавсаргав. Иймээс 1988 оны 11 сарын 01-нээс 1991 оны 11 сарын 02 хүртэл ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

 

3.  Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-......... аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 356 дугаар тодорхойлолт,

-Холбооны яамны харьяа ......... аймгийн Холбооны газрын даргын 1988 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 136 дугаар тушаал,

-мөн Холбооны газрын даргын 1989 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар тушаал, хавсралт,

-........... аймгийн Холбооны газрын даргын 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 33 дугаар тушаал, хавсралт,

-мөн Холбооны газрын даргын 1991 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 127 дугаар тушаал,

-....... аймгийн Холбооны газрын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаар албан бичгээр ирүүлсэн Б.С-ийн цалингийн тодорхойлолт, цалингийн тооцооны бүртгэл,

-Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн CVL............, CVL........ дугаар төрсний бүртгэлийн лавлагаанууд.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Б.С нь 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд ….. аймгийн Холбооны газрын ......... сумын холбооны салбарт залгагчаар ажиллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

3. Б.С нь 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд ….. аймгийн Холбооны газрын ......... сумын холбооны салбарт залгагчаар ажиллаж байсан болох нь:

- ...... аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 356 дугаар “Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа аймгийн Холбооны газрын даргын 1989-1990 оны тушаалуудыг шүүж үзэхэд 1989 оны 03 дугаар тушаалаас өөр баримт байхгүй тул Б.С-д холбогдох лавлагаа олгох боломжгүй болно” гэх тодорхойлолт,

-Холбооны яамны харьяа ..... аймгийн Холбооны газрын даргын 1988 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 136 дугаар “............ сумын харъяат Б.С-ийг 11-р сарын 01-нээс оператор Б-ийн жирэмсний амралтын хугацаанд оператороор түр томилсугай...” гэх тушаал,

-мөн Холбооны газрын даргын 1989 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар “...1. 1989 оны орон тоонд ажиллах хүмүүс, олгох цалингийн дунджыг 1-р хавсралтаар баталсугай...” гээд 1-р хавсралтад “...191. оператор Б.С, зэрэггүй...” гэх тушаал, хавсралт,

-......... аймгийн Холбооны газрын даргын 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 33 дугаар “... 1. Ажилчин албан хаагчдын 1991 оны ээлжийн амралтын хуваарийг 1-р хавсралтаар баталсугай...” гээд хавсралтад “...194. ......... Б.С 1990.10.01...” гэх тушаал, хавсралт,

-мөн Холбооны газрын даргын 1991 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 127 дугаар “............, ...... сумын холбооны салбарын эрхлэгч нарын хүсэлтийн дагуу .........-н салбарын залгагч Б.С... нар жирэмсний амралтаа авсан тул орон тоонд нь ......... сумд Т.О-г 11 дүгээр сарын 02-ноос ... залгагчаар тус тус түр томилсугай...” гэх тушаал,

-........ аймгийн Холбооны газрын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаар “Б.С нь ......... сумын Холбооны салбарын залгагчаар 1988 оны 11-р сараас 1991 оны 11-р сар хүртэл ажиллаж байсан ба цалингийн тодорхойлолтыг хавсралтаар хүргүүллээ” гэх албан бичиг, Б.С-ийн 1988 оны 11 сараас 1989 оны 09 дүгээр сар, 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалингийн тодорхойлолт, цалингийн тооцооны бүртгэл,

-Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн CVL........ дугаар Б.С-ийн 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүүхэд төрүүлсэн гэх бүртгэл, CVL.....2 дугаар Б.С-ийн 1991 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүүхэд төрүүлсэн гэх төрсний бүртгэлийн лавлагаануудаар тогтоогдож байна.

4. Иймд …. овгийн Б.С-ийг 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд …… аймгийн Холбооны газрын ......... сумын холбооны салбарт залгагчаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ….. овгийн Б.С-ийг 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд ………. аймгийн Холбооны газрын ......... сумын холбооны салбарт залгагчаар ажиллаж байсныг тогтоосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                        

                        

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ҮЙТҮМЭН