Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 135/ШШ2024/00941

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хэргийн индекс: 135/2024/01024/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* байр, ******* оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******, )-ийн хүсэлттэй,

“Ажилласан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

“...Миний бие 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Дархан хорооны АДХГЗ-д үйлчлэгчээр орж байсан ба 1988 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 34 тоот захирамжаар үйлчлэгчийн ажлаас чөлөөлөгдөн бичээчээр дэвшин ажилласан.1998 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Дархан сумын Тамгын газарт бичээч, бичиг хэргээр ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон тушаал байсаар байхад тамга нь бүдэг, тамган дээр бичилт хийсэн байна гэдэг шалтгаанаар мөн архиваас ажилд орсон тушаал гарч ирэхгүй байгаа болно. Одоо тэтгэвэрт гарах болсон тул ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Иймд намайг 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дархан хотын ЗДТГ-т ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1988 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 34 дугаартай Дархан хотын Дархан хорооны АДХ-ын гүйцэтгэх захиргааны “Үйлчлэгчийн ажлаас чөлөөлж, бичээчийн ажилд шилжүүлэх тухай” захирамж, 1993 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Дархан хотын Дархан хорооны Ардын хурлын гүйцэтгэх захиргааны “Ээлжийн амралт олгох тухай” захирамж, 1994 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дугаартай Дархан хотын Дархан хорооны Ардын хурлын гүйцэтгэх захиргааны “1994 оны ээлжийн амралт олгох тухай” захирамж, 1994 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 11 дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын “Ээлжийн амралт олгох тухай” захирамж, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 495 дугаартай тодорхойлолт, мөн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 539 дугаартай тодорхойлолт, мөн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тодорхойлолт, 1998 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 33 дугаартай “Ажлаас халах тухай” тушаал, Д.*******ийн баярын бичиг, гэрэл зураг, 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа, даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа, гэрч Р. 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолт, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн гэрч Х. тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

3.Шүүхээс 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 330 дугаартай Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын албан бичиг, 1995-1998 он хүртэлх даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ХААТР баримт, гэрч Р. мэдүүлэг зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Д.******* нь 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дархан хорооны Ардын депутатын гүйцэтгэх захиргаанд бичээч, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Хүсэлт гаргагч нь шүүх хуралдаанд хүсэлтийнхээ үндэслэлийг “...Дархан хорооны Ардын депутатын гүйцэтгэх захиргаанд 1986 он 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бичээч, бичиг хэргийн ажилтан хийж байгаад ажлаасаа гарсан. Ардын депутатын гүйцэтгэх захиргаа дараа нь нэр өөрчлөгдөж Дархан сумын Засаг даргын Тамгын газар болсон. Хөдөлмөрийн дэвтэрт байгаа тамга бүдэг, тамга дарсны дараа гарын үсэг зурсан гэсэн зөрчилтэй байна гэсэн учраас шүүхэд хандсан. Архиваас ямар ч баримт гарч ирээгүй. Иймд намайг тус газар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэж тодруулж, тайлбарласан.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т “Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно. 135.2.6-т хүний ажиллаж байсан байдал” гэж заажээ.

Хүсэлт гаргагч Д.******* нь ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байна.

4.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу хүсэлт гаргагч нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

5.Хүсэлт гаргагч нь 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дархан хорооны Ардын депутатын гүйцэтгэх захиргаанд ажиллаж байсан үеийн нотлох баримт байхгүйн улмаас тэтгэвэр тогтоолгох боломжгүй болж ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.

6.Хавтаст хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1988 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 34 дугаартай Дархан хотын Дархан хорооны АДХ-ын гүйцэтгэх захиргааны “Үйлчлэгчийн ажлаас чөлөөлж, бичээчийн ажилд шилжүүлэх тухай” захирамжийн 1-т “...Хорооны АДХ-ын гүйцэтгэх захиргааны үйлчлэгч ажилтай Д.*******ийн гаргасан өргөгдлийг үндэслэн, үйлчлэгчийн ажлаас 1988 оны 08 дугаар сарын 01-нээс чөлөөлөн, бичээчээр дэвшүүлэн ажиллуулсугай” гэх хуулбар, 1993 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Дархан хотын Дархан хорооны Ардын хурлын гүйцэтгэх захиргааны “Ээлжийн амралт олгох тухай” захирамжийн 1 дүгээр хавсралтын 7-д Д.******* архив бичиг хэрэг гэх хуулбар, 1994 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дугаартай Дархан хотын Дархан хорооны Ардын хурлын гүйцэтгэх захиргааны “1994 оны ээлжийн амралт олгох тухай” захирамжийн хавсралтын 10-д Д.******* бичиг хэрэг, архивч гэх хуулбар, 1994 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 11 дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын “Ээлжийн амралт олгох тухай” захирамжийн хавсралтын 2-т Д.******* бичээч, бичиг хэрэг гэх хуулбар, 1998 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 33 дугаартай “Ажлаас халах тухай” тушаалын 1-т “... бичээч, бичиг хэргийн ажилтай Дашням овогтой *******ийг 1998 оны 03 дугаар сарын 31-нээс дуусгавар болгон үүрэгт ажлаас халсугай” гэх хуулбар, Д.*******ийн баярын бичиг, гэрэл зураг, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 1995 оноос 1998 он хүртэлх даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа, гэрч Р. “...Дархан хотын  Дархан хорооны АДХ-ын гүйцэтгэх захиргаанд намайг орлогч даргаар ажиллаж байх хугацаанд Д.******* нь бичээч буюу бичиг хэргийн эрхлэгчээр ажилладаг байсан. Намайг орлогч дарга болсноос хойш 1986 оны 10 дугаар сараас 1998 оны 04 дүгээр сар хүртэл Д.*******тэй хамтарч ажиллаж байсан” гэх мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ХААТР баримт зэргээр хүсэлт гаргагч Д.******* нь 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын Тамгын газарт бичиг хэрэг, бичээчээр ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

7.Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* (РД:*******)-ийг 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын Тамгын газарт бичиг хэрэг, бичээчээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.НОМИН