Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2016/1017/З |
Дугаар | 339 |
Огноо | 2018-09-24 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 339
Б.Д-ын нэхэмжлэлтэй, Мэргэжлийн
хяналтын ерөнхий газрын даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: М.Батсуурь
Шүүгчид: Л.Атарцэцэг
Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/226, Б/227 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Б.Дыг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0223 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0361 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч Б.Д
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.О
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нар,
Нэхэмжлэгч Б.Дын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0223 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалтыг тус тус баримтлан Б.Дын нэхэмжлэлийн шаардлагаас “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/226 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/227 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0361 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0223 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгч Б.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эсэргүйцэж байна. Шүүгч Д.Халиуны бичсэн “Үндэслэл” гэх дээрх дүгнэлт, шийдвэрийн тухайд дарааллаар нь тайлбар хийлээ. Нэхэмжлэгчийг, хууль тогтоомж зөрчин, төрийн албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон гэжээ. Үнэнийг хэлэхэд намайг, хууль тогтоомж зөрчиж төрийн албанд анх томилоогүй юм. Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно”, 21.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус заасан. Хуулийн дээрх заалтад “болно” гэсэн нь “заавал” эсвэл “зайлшгүй” гэх утгыг илэрхийлэхгүй. Иймээс эзгүй байгаа албан хаагчийн үүргийг “заавал” ажлаа хийж байгаа албан хаагчаар давхар /эсвэл хавсруулан/ гүйцэтгүүлэх ёстой гэж хатуу ойлгож болохгүй бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц боловсон хүчинтэй ч тохиролцон уг үүргийг түр гүйцэтгүүлэх эрх нь дээрх хуульд заасан эрх бүхий албан тушаалтанд хадгалагдаж байгаа юм. Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1-д “албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан гаргана, шийдвэрт түр орлон гүйцэтгэх хугацааг заана” гэж заасан байдаг. Иймээс дээрх хууль, журмын дагуу тухайн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ц.Шаравдорж 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Б/89 дүгээр тушаал гаргаж, “Удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлан явуулах хүртэлх хугацаанд Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг Б.Даар 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн түр орлон гүйцэтгүүлсүгэй” гэж заасан билээ.
4. Н.Цагаанхүү Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдмогцоо 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр яаран сандран хоёр тушаал /Б/226, Б/227/ гаргаж, намайг гэнэт халж, Ц.Мөнхбаяр гэх дүү залуугаа түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Сонгон шалгаруулалт зарлаагүй байхад намайг гэнэт халж, дахин үүрэг түр орлон гүйцэтгэгч томилох шаардлага бүхий бодит нөхцөл байдал үүсээгүй байсан бөгөөд олон хуулийн заалтуудыг зөрчсөн учир утгагүй, бүдүүлэг үйлдэл болсон. Намайг ажлаас халагдаад бараг бүтэн жил өнгөрсний дараа, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ажилтан Д.Дашдаваа 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргаж, намайг хууль бусаар ажилд томилогдон ажиллаж байсан гэж тогтоолгохоор 3 шатны шүүхээр дамжин заргалдаж бүтэн жил чирэгдүүлэн хохироосон. Эцэст нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0595 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 440 дүгээр тогтоол гарч намайг уг ажилд хууль бусаар томилогдсон гэдгийг тогтоогоогүй юм. Д.Дашдаваа бүтэн жилийн дараа гэнэт нэхэмжлэл гаргасан явдлыг би бодохдоо Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүүгийн шахалт, захиалгаар хийсэн аргагүй үйлдэл байсан байх. Улсын Дээд шүүх, давж заалдах шатны шүүхээр хянагдаад, хууль бусаар намайг томилон ажиллуулж байсан гэдгийг тогтоогоогүйг мэдсээр байж, дээд шатны шүүхийн шийдвэрийн эсрэг дүгнэлт бичиж суудаг анхан шатны шүүхийн шүүгч байж болох уу, шүүгчийн ёс зүйд нийцэх үү. Ийм утгагүй үндэслэл гарган бичиж, нэхэмжлэгчийг буруутгаж, хариуцагчийг зөвтгөх ямар шаардлага байсан юм. Үүнийг би “миний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох ямар ч үндэслэл биш” гэж үзэж, няцааж байна.
5. Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”- ын 4.6-д “эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсны дараа албан үүрэг түр орлон гүйцэтгэх албан хаагчид тухайн ажилтны ажлыг нь хүлээлгэн өгч, шийдвэрт заасан хугацаа дууссаны дараа эргүүлэн хүлээн авна” гэж заажээ. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Б/89 дүгээр тушаалд намайг ажилд томилохдоо “Удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлан явуулах хүртэл хугацаанд” гэж хугацааг нь тодорхой заасан. Иймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлан явуулж, би тэнцвэл уг ажлаа үргэлжлүүлэн хийж, өөр боловсон хүчин тэнцвэл би тэр хүнд нь ажлаа хүлээлгэн өгөх ёстой байлаа. Өөрөөр хэлбэл, миний хувьд шийдвэрт заасан хугацаа дуусаагүй байсан. Гэтэл Н.Цагаанхүү надад огт мэдэгдэлгүйгээр, гэнэт хууль бусаар халж, хохироосон. Төрийн хууль, журамд ийм тодорхой заасан байхад шүүгч Д.Халиунаа журмын 4.6-д зааснаар Б/226 дугаар тушаалаар түүний албан үүрэг түр орлон гүйцэтгэх хугацааг дуусгавар болгосныг буруутгах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь үнэхээр гайхшрал төрүүлж байна.
6. Шүүгч Д.Х “Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар томилогдож ажиллаагүй тул сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахдаа эрх нь зөрчигдөх этгээдэд мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй гэх үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй” гэж бичсэн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчим баримтална” гээд, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасан байдаг. Оролцоог нь хангахдаа мөн хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох ажиллагаа явуулдаг хуультай. Миний тухайд Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн заалтыг үндэслэн гаргасан, Засгийн газрын 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын дагуу томилогдсон тухайгаа энэхүү тайлбартаа тодорхой бичсэн.
7. Н.Ц яаран сандран хууль бус шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.4, 27.5, 27.6, 27.7-д тус тус заасныг огт хайхралгүй зөрчсөн үйлдлийг шүүгч хянаж үзэлгүй орхисон. Захиргааны ерөнхий хуулиар зохицуулсан захиргааны акт гаргахад тавих шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу томилогдон ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан хаагчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргахад ч тэдний эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн байдаг. Үүнээс гадна хуулийн 37.5-д “сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно”, 37.6-д “хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно”, 40.4-т “захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж тус тус заасныг шүүгч шийдвэр гаргахдаа харгалзан үзээгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн дээрх заалтуудыг гагцхүү Төрийн албан тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар томилогдсон хүмүүст хэрэглэх буюу эсвэл зөвхөн тэр хүмүүсийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн тохиолдолд хэрэглэдэг юм шиг үзэж, явцууруулан ойлгож, хэрэглэж байгаа нь буруу.
8. Шүүгч Д.Х үндэслэл, дүгнэлтдээ “...түүний албан үүрэг түр орлон гүйцэтгэх хугацааг дуусгавар болгосноос биш түүнийг ажлаас үндэслэлгүй халсан, чөлөөлсөн байна гэж шүүх үзээгүй болно” гэжээ. Шүүгчийн энэхүү сонирхолтой хачин дүгнэлт бас л үндэслэлгүй бөгөөд ихээхэн эргэлзээ төрүүлж байна. ...Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ” гэж заасан байдаг. Иймээс би нэгэнт төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг гүйцэтгэж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө, төрөөс “Т-9-3” зэрэглэлээр цалин хөлс авч, ажиллах бусад нөхцөлөөр хангагдан ажиллаж байсан болохоор түр орлон гүйцэтгэгч гэдэг нэр томьёоноос үл хамааран, намайг төрийн албан хаагч гэж үзэх ёстой. Төрийн албаны тухай хуульд ажил гүйцэтгэх хугацааг дуусгавар болгох тухай ямарч заалт байхгүй, харин төрийн албан хаагчдад дээрх хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу төрийн албанаас чөлөөлөх, 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн албанаас халах, 26 дугаар зүйлд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авдаг. Төрийн алба гүйцэтгэж байгаа хүний хөдөлмөрийн харилцааг эдгээр заалтын дагуу шийдвэрлэдэг. Гэтэл Б.Дыг ажлаас нь зайлуулахад хуулийн дээрх зүйл, заалтын алиныг нь ч үндэслэл болгож халах, чөлөөлөх, шийтгэх аргагүй болохоор Н.Цагаанхүү өөрийнхөө дүүг ажилд томилохын тулд зүгээр л муйхар хар ухаанаараа “дуусгавар болгосугай” гэж тушаал гаргасан байдаг.
9. Шүүгч Д.Х нь төрийн хууль тогтоомж болон тэдгээрийн заалтуудын уялдаа холбоог дутмаг ойлгож буруу хэрэглэсэн, маргаан дагуулсан захиргааны акт /Б/226, Б/227 дугаар тушаал/-ыг гаргах болсон шалтгаан, бодит шаардлага, үндэслэл, түүний заалтуудын утга агуулга, логик уялдаа холбоог нягтлан хяналгүй буруу дүгнэлт хийсэн, мөн миний гаргасан нэхэмжлэл болон удаа дараагийн тайлбар, баримт бичигтэй нягт нямбай танилцаагүй, хайхран үзээгүй, хариуцагч талын хууль бус үйлдлээ хаацайлан зөвтгөх гэсэн үндэслэлгүй тайлбар, нөлөөнд автаж, хэт нэг талыг барьсан. Энэ хэрэг нь эрүүгийн хэрэг биш, нэхэмжлэгч буюу хохирогч нь гэмт хэрэгтэн биш гэдгийг сайтар ялгаж, салгаж ойлгосон эсэх нь эргэлзээтэй. Дээр дурдсан байдлуудаас үзэхэд хэргийн баримт материал, объектив болон субъектив хүчин зүйлд даацтай дүн шинжилгээ хийж дөнгөөгүй, маргаангүй зөв дүгнэлт гаргаж чадаагүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
10. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг маргааны үйл баримтад холбогдуулан зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
11. Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болох”-оор, 21.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтоох”-оор, Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 4.3-т “...төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд албан хаагчийн албан үүргийг дараахь журмаар түр орлон гүйцэтгүүлнэ: ...4.3.2 дэд дарга, орлогчгүй байгууллагын даргын албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар”, 5.4-т “...сул орон тоо гарсан албан тушаалын албан үүргийг энэ журамд зааснаас бусад этгээдээр түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно” гэж зааснаас үзвэл сул орон тооны албан үүргийг түр орлон гүйцэтгэх этгээд нь тухайн байгууллагад ажиллаж байгаа албан хаагч байх үндсэн нөхцөлтэй, өөр этгээдийг /гаднаас/ түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулахыг хориглосон байна. Иймд, хуулийн заалтын “болно” гэснийг заавал тухайн байгууллагад ажиллаж байгаа ажилтнаас бус гаднаас ч өөр этгээдээр гүйцэтгүүлж болох утгыг илэрхийлсэн гэж тайлбарлах боломжгүй, энэ агуулгатай нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.
12. Мөн журмын 4.1-т “Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан гаргана. Шийдвэрт түр орлон гүйцэтгэх хугацааг заана”, 4.6-д “Эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсны дараа албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагчид тухайн ажилтны ажлыг нь хүлээлгэн өгч, шийдвэрт заасан хугацаа дууссаны дараа эргүүлэн хүлээн авна” гэж заасан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн “Албан үүрэг түр орлон гүйцэтгүүлэх тухай” Б/89 дүгээр тушаалд “удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлан явуулах хүртэл хугацаанд” гэснээс үзвэл уг хугацааг болох үйл явдлаар тодорхойлсон, маргаан бүхий 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/226 дугаар тушаалд журмын 4.6 дахь заалтыг үндэслэсэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарласан, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.
13. Албан үүргийг түр орлон гүйцэтгэх хугацааг шийдвэртээ заахыг журамласан уг зохицуулалт нь “шийдвэр”-т заасан хугацаанаас өмнө “түр орлон гүйцэтгүүлэх” хугацааг дуусгавар болгохгүй гэсэн агуулга биш бөгөөд захиргаа өөрийн шийдвэрийг өөрчлөх бүрэн эрхтэй, хариуцагчийг энэ үндэслэлээр буруутгах, хууль зөрчсөн гэж үзэхгүй. Үүний зэрэгцээ захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол захиргааны актыг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг сэргээх ёстой. Нэхэмжлэгчийн хувьд хууль ёсны эрх нь хөндөгдөөгүй, тэрээр “албан үүрэг түр орлон гүйцэтгүүлэх” шийдвэрт заасан хугацаагаар тухайн албан тушаалыг түр орлон гүйцэтгэх ашиг сонирхолтой байсан хэдий ч “түр орлон гүйцэтгэгч”-д тавигдах үндсэн нөхцөлийг хангаагүй байсны хувьд түүний хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдахгүй.
14. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох”-оор заасан, маргаан бүхий захиргааны актыг хариуцагч гаргахдаа үүнийг хэрэгжүүлээгүй нь буруу. Гэвч, энэ үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг бүхэлд нь үгүйсгэх боломжгүй, дээр дурдсанаар хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Дын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
15. Иймд, дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр,магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0223 дугаар шийдвэр,Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0361 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ