Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 426

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: С ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Татварын Ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Н.Туул, П.О нарт холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын Ерөнхий Газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Н.Туул болон П.О нарын 2015 оны 7-р сарын 10-ны өдрийн дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ж*******нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С ХХК-ийн захирал Р.Мөнхчимэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 

“Манай компани нь 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон.

С ХХК нь 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Од консалтинг ХХК-д инженерингийн зөвлөх ажил үйлчилгээг хийж гүйцэтгэхээр тохирч ажил гүйцэтгэх гэрээг 1,115,163,127.47 төгрөгийн үнийн дүнтэйгээр байгуулсан бөгөөд тус гэрээт ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээг М ******* ХХК-тай мөн 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 948,737,651.60 төгрөгийн үнийн дүнгээр байгуулсан. М ******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу сар бүр 174,028,800.00 төгрөгийг нийт 6 удаа төлж барагдуулахаар тус гэрээний Хавсралт 1 дэх хэсэгт тохиролцсон. Тохиролцсоны дагуу бид 9 удаагийн гүйлгээгээр ажил үйлчилгээний төлбөрөө шилжүүлэн төлсөн. Хамгийн сүүлийн төлбөрийг 2015 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 58,297,217.73 төгрөгийг шилжүүлсэн

Дээрх гэрээний дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг М ******* ХХК нь 2012 онд үйлдэж өгсөн байдаг боловч манай компани эдгээр худалдан авалтыг хийхдээ худалдан авалт хийж, төлбөр төлсөн үедээ буюу өр төлбөрөө төлсөн тайлант тухайн сардаа нэмэгдсэн өртгийн албан татварыг тайлагнаж байсан. 

2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хан- Уул дүүргийн татварын хэлтсийн байцаагч И.Ч*******, А.Т******* нар манай компанийн 2012 оны 1-р сарын 1-ний өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг санхүүгийн баримтуудад үндэслэн шалгалт хийж 2014 оны 5 дугаар сарын төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 86,319,711.3 төгрөг гэж 232014014 тоот актаар баталгаажуулсан. Гэвч тус актыг 2014 оны 12 дугаар сарын 11-ны өдөр 2014/55 дугаар актаар Татварын Ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Н.Туул, Ч.Н******* нар давхар шалган баталгаажуулж улсын төсвөөс буцаан авах НӨАТ-ын үлдэгдлийг 86,319,711.3 төгрөг биш 63,354,033.87 төгрөг байна гэж үзсэний үндсэн дээр НӨАТ-ын илүү төлөлт 63,354,033.87 төгрөгийг улсын төсвөөс буцаан авч байсан. 

Үүний дараагаар бид М ******* ХХК-д улсын төсвөөс буцаан авсан 63,354,033.87 төгрөгийг оролцуулан нийт 121,651,251.60 төгрөгийн үлдэгдэл өрийг 2015 оны 2-р сарын 13-нд төлж барагдуулсанаар бид нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан авалттай болсон тул энэхүү илүү төлөлтөө улсын төсвөөс буцаан авахаар Хан-Уул дүүргийн татварын албанд хүсэлт тавьсаны үндсэн дээр манай компанийн 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг санхүүгийн баримтуудад үндэслэн Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Д.Н*******, Ч.Э******* нар 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 23150500163 дугаар акт үйлдсэн. Уг 23150500163 дугаар актаар манай компанийн 2015 оны 3 дугаар сарын улсын төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 22,965,677.4 төгрөг гэж баталгаажуулсан байдаг. Гэвч Татварын Ерөнхий Газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Н.Туул болон П.О нар 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дугаар актаар дээрх актыг дахин шалгаж баталгаажуулахдаа улсын төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 0 төгрөг болгон баталгаажуулсан. Өмнө нь худалдан авалтандаа төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буюу 63,354,033.87 төгрөгийг улсын төсвөөс буцаан авч болж байсан боловч ижил төрлийн худалдан авалтанд 2 өөр акт тавьсан нь ойлгомжгүй байсан тул Татварын маргаан таслах зөвлөлд дугаар актын талаар гомдол гаргасан боловч тус актыг хэвээр үлдээсэн.

Манай компанийн зүгээс дор дурдсан үндэслэлээр дугаар актыг эс хүлээн зөвшөөрч байна. 

1. М ******* ХХК нь 2012 онд бүх НӨАТ-ын падаануудыг бичиж өгсөн байдаг боловч манай компани Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно: 14.1.1.үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн” гэж заасан байдаг учир тухайн өр төлбөрөө төлсөн тайлант сардаа нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийж, тайлагнаж байсан. Тиймээс 2012 онд тус ажил, үйлчилгээний үнийг төлөөгүй учраас нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийлгүйгээр, түүнийг “хойшлуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоо” дансанд бүртгэсэн болно. Бид 2014 он дуустал ийм байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа өгч, өр төлбөрөө төлсөн үед нь худалдан авалтаа нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа оруулж, хасалт хийдэг байсан бөгөөд үүнийг Хан-Уул дүүргийн татварын улсын байцаагч болон Татварын Ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын хэлтсийн Хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагчид хяналт шалгалт хийж, хүлээн зөвшөөрч, улсын төсвөөс буцаан авах 63,354,033.87 төгрөгийг баталгаажуулж байсны үндсэн дээр бид нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан авалтыг 2014/55 дугаар актын дагуу авч байсан. Тиймээс 23150500163 дугаар актаар баталгаажуулсан 22,965,677.4 төгрөгийг үүний адил улсын төсвөөс буцаан авах үндэслэлтэй гэж үзэж байгаа юм.  

2. Сангийн сайдын 2009 оны 12  дугаар сарын 15-ны өдрийн 283 дугаар тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Худалдаж авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтыг хуулийн 14 дүгээр зүйлийн 7-д заасныг үндэслэн тооцно” гэж заасан бөгөөд ингэхдээ тус журмын 7 дугаар зүйлийн 7.3 дах хэсэгт Худалдан авалтын журналд бичигдсэн зээлээр хийсэн худалдан авалтанд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөгдөөгүй нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоо дансны ДТ-д бүртгэх бөгөөд төлбөр нь хийгдсэн тухай бүр уг дансны КТ-ээс нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоо дансны ДТ-д хаана гэж төлбөр хийгдтэл хойшлуулж бүртгэхээр зохицуулсан байдаг тул манайх нягтлан бодох бүртгэлээ хууль журмын дагуу хөтөлж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа тайлагнаж байсан. 

3. тоот актын хавсралт хэсгийн илрүүлсэн зөрчлийн утга хэсэгт “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хугацаанд нь төлөхгүй, хугацаа хожимдуулах” гэж дурдсан нь тайланг хугацаанд нь өгөхтэй холбоотой зөрчил бөгөөд энэхүү зөрчлийг үндэслэж илүү төлөлтийг бууруулж, 0 төгрөг болгон баталгаажуулсан нь үндэслэлгүй байгаа юм.

4. Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журмын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч нь нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлсөн татвараа буцаан авах хүсэлтээ хуулийн 15.1.1-д заасны дагуу харьяа татварын албанд гаргана” гэж заасны дагуу хүсэлт гаргасан бөгөөд энэхүү журам болон бусад холбогдох хууль тогтоомжид илүү төлөлтийг олгохгүй байх эсвэл бууруулж тооцох зэрэг үндэслэлүүдийг заагаагүй тул түүнийг буцаан авах эрхтэй. 

5. Татварын маргаан таслах зөвлөл нь Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийг баримтлан тоот актыг хэвээр үлдээх шийдвэр гаргасан. Гэтэл Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулах тухай заасан байдаг.  

Ийнхүү хууль, эрх зүйн үндэслэлгүй, холбогдолгүй шалтгаанаар манай компанийн улсын төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 0 төгрөг болгон баталгаажуулснаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай  хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг болон “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам”-д заасан илүү төлсөн татвараа буцаан авах эрхийг маань ноцтой зөрчиж байна гэж үзэж байна” гэв.

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 15.1.4-т заасан болон улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргын татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу С ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулдалт, төлөлтийг хянаж 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр дугаар актаар нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг 0 төгрөгөөр баталгаажуулсан болно. 

Татвар төлөгчийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаж, дараах тайлбарыг өгч байна. Үүнд: 

1. Татварын Ерөнхий хуулимйн 43 дугаар зүйлд Татвар ногдуулах, төлөх, тайлагнах журмыг зохицуулсан бөгөөд тус зүйлийн 43.1-д “Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө”, 43.5-д “Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна”, 43.3-д “Татварын тайланг татварын цахим баримт бичиг хэлбэрээр тушааж болох бөгөөд холбогдох журмыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална” гэж тус тус заасан. 

2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу албан татвар төлөгч нь тухайн сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг дараа сарын 10-ны дотор батлагдсан маягтын дагуу гаргаж, харьяалах татварын албанд тушаах хуулийн үйлчлэл хэрэгжиж байна. 

3. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Иргэн хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно”, 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн” гэж, Нэмэгдсэн өртгйин албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журмын 7.3-т “Худалдан авалтын журналд бичигдсэн зээлээр хийсэн худалдан авалтад ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөгдөөгүй нэмэгдсэн өртгийн тооцоо дансны ДТ-д бүртгэх бөгөөд төлбөр нь хийгдсэн тухай бүр уг дансны КТ-ээс нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоо дансны ДТ-д хаана гэж тус тус заасан нь төлбөр төлсөн худалдан авалтыг хасч тооцох, төлбөр төлөгдөөгүй худалдан авалтыг хойшлуулж бүртгэхээр заасан боловч хугацааны хувьд хойшлуулсан худалдан авалтын төлбөр төлөгдөх үед хасалт хийж хугацааг хязгааргүй үргэлжлэнэ гэж заасан хуулийн зохицуулалт байхгүй болно. 

4. Түүнчлэн татварын өр батлах, тоо мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, Татварын Ерөнхий хууль болон тухайн төрлийн татварын хууль холбогдох журамд заасны дагуу татвар ногдуулах, төлөх, тайлагнах хугацааг нарийн тогтоож өгсөн байлаг бөгөөд Татварын Ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.3, 43.5-д тус тус заасны дагуу Татварын Ерөнхий газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 53 дугаар тушаалаар баталсан Татварын тайлан хүлээж авах, хянах, нэгтгэл хийх журмаар нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан төдийгүй татварын бүх төрлийн тайланд татвар төлөгч ямар нэгэн байдлаар залруулга хийх бол хугацааны хувьд хязгаарыг тогтоож өгсөн. 

Энэ журмын 5.2-т “Тайланг сар бүр гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тайлангийн залруулгыг тухайн сарын, улирал бүр /өссөн дүнгээр/ гаргаж тайлагнахаар хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн эцсийн тайланд тус тус залруулга хийнэ”, 5.3-т “Энэ журмын 5.2-т заасан тайлангийн залруулгыг дараа оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэг удаа хийнэ”, 8.2-т “Жилийн эцсийн тайланд хийх залруулгыг энэ журмын 5.2-т заасан хугацаанаас хойш хийхийг хориглоно” гэж тус тус заасан. 

5. Татвар төлөгч санхүү, мөнгөний хүрэлцээгүй байдал болон бусад шалтгааны улмаас худалдан авалтыг хойшлуулж бүртгэж болох боловч Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд хугацааг төгсгөлгүй үргэлжлэх талаар хуулийн зохицуулалт, зүйл, заалт байхгүй тул хууль, журамд заасан хугацааны хязгаарт багтаж байгаа хойшлуулсан худалдан авалтын хасалтыг оруулж тооцох, хугацаанаас хойш төлөгдсөн худалдан авалтыг хасч тооцохоор байсан тул Татварын Ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.3, 43.5-т тус тус заасан болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Татварын тайлан хүлээж авах, хянах, нэгтгэл хийх журмын 5.2, 5.3, 8.2-т тус тус заасны дагуу тус С ХХК-ийн 2012 оны тайлант хугацааны худалдан авалтыг 2015 оны 01 дүгээр сарын тайланд илүү төлөлтөөр тусгасныг бууруулж, улсын төсвөөс буцааж авах илүү төлөлтийг 0 /тэг/ төгрөгөөр баталгаажуулсан болно. 

Түүнчлэн тус компаниас Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актыг зөвшөөрөхгүй байгаа талаарх гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гаргасны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Татварын маргаан таслах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 2015 оны дугаар актыг хуульд нийцсэн байна гэж үзэж хэвээр баталсан болно. 

Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан дугаар актыг хянаж, хуульд нийцүүлэн актыг хэвээр баталж өгнө үү” гэв.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “С ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртөгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг хянаж санхүүгийн баримтад үндэслэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.1.4-т заасны дагуу дахин хянаж шалгаж баталгаажуулсан акт байгаа. Хугацааны хил хязаарын тухай яргдаад байгаа. 2012 онд ажил үйлчилгээний гүйлгээгээ хийсэн байдаг. 2012 онд нөгөө тал нь падаанаа бичиж өгөөд өөрийн, тайландаа тусгасан байдаг. 2012 онд хийсэн ажил үйлчилгээг нөгөө тал нь хүлээн зөвшөөраад дууссан байхад нэхэмжлэгч тал нь 2014 оны падаан авчраад төлсөн гэдэг зүйл яриад байна. Татварын Ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д “татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна” гэж заасан. Үүний дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т дараа сарын 10-ны өдрийн дотор тайлан блансдпаа тусгаж өгөх талар зохицуулсан байна. Энэ заалтын дагуу 2012 онд хийсэн ажил үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг дараа сарын 10-ны дотор тайландаа тусгана. Гэтэл 2016 онд буюу хэлэн жилийн дараа тайлагнаж байгаа нь буруу юм. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Бараа, ажил, үйлчилгээ борлуулсан тухай бүрд албан татвар ногдуулах хугацааг доор дурдсан үйлдлийн аль түрүүнд хийгдсэн өдрөөр тогтооно”, 10.2.1-д “борлуулагч бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогыг хүлээн авсан өдөр”, 10.2.2-т “бараа, ажил, үйлчилгээг борлуулж төлбөрийн баримт үйлдсэн өдөр”, 10.2.3-т “бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан өдөр” гэж зааж өгсөн бөгөөд нэхэмжлэгч тал 2012 онд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичиж өгсөн байдаг. Үүний дагуу борлуулагч нь үйлдсэн өдрөөр хугацааг тогтоож өгсөн байдаг. Энэ хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д тайлан тушаах хугацааг зааж өгсөн. Энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг үндэслэж тайлбарлаж байгаа бөгөөд 14.1.1-т 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төсөвт дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүнийг төсөвт төлсөн гэж заасан. Төсөвт төлсөн гэдгийг үндэслээд 2012 онд ажил үйлчилгээгээ дууссан байхад 2015 онд нөхөж төлсөн нь хууль бус юм. 8 дугаар зүйлд тухай бүрт нь ногдуулна гэсэн байгаа. Тухай бүрт тогдуулаад нэхэмжлэгчээс нөгөө талдаа нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаа бичиж өгсөн байдаг бөгөөд өөрсдөө ч гэсэн ярьж байна. 2012 онд тайлан блансдаа тусгасан байсан бол хүлээн зөвшөөрч байна. 7, 8, 11-д зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвараа төлсөн, тайлагнасан бол хасалтаа хийлгэх боломжтой байсан. Шалгалтын нэхэмжлэгч талаас өгсөн хүсэлтийн дагуу 2014 оны 01 дүгээр сарын 01-ниы өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хийгээд нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 0 төгрөгөөр баталгаажуулсан” гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С ХХК-иас тус шүүхэд “Татварын Ерөнхий Газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Н.Туул болон П.О нарын 2015 оны 7-р сарын 10-ны өдрийн дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогчдын гаргасан тайлбарын хүрээнд шүүх хуралдаанаар хэлэлцээд Татварын Ерөнхий Газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Н.Туул болон П.О нарын 2015 оны 7-р сарын 10-ны өдрийн дугаар актыг хэрэгийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

С ХХК нь О******* ХХК-тай 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээг 1,115,163,127.47 төгрөгийн үнийн дүнтэйгээр байгуулж, уг ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээг М Си Эс Интернэйншл ХХК-тай 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 948,707,651.60 төгрөгийн үнийн дүнтэйгээр байгуулсан байна. 

Нэхэмжлэгч дээрх гэрээний 1,013,784,661.30 төгрөгийн орлогыг 2014 онд тайлагнан 101,378,500.00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2014/55 дугаар актаар баталгаажуулснаар 63,354,033.87 төгрөгийг буцаан авсан. 

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс С ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг санхүүгийн баримтуудад үндэслэн шалгаж, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 22,965,677.40 төгрөгөөр баталгаажуулсаныг Татварын ерөнхий газрын харъяа Улсын төсвийн орлого, хяналтын газраас шалгаж 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дугаар актаар нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 0 төгрөгөөр баталгаажуулжээ. 

О******* ХХК нь 2012-2013 оны хооронд С ХХК-д гэрээт ажлын төлбөр болгож шилжүүлсэн нийт 952.603.5 мянган төгрөгөөс нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын тайланд 910.606,6 мянган төгрөгийг тухайн тайлангийн хугацаанд хамаарагдах ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар гэж хүлээн зөвшөөрсөн байна. Дээрх хугацаанд шилжүүлсэн төлбөр болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгасан нийт дүн хоёрын зөрүү болох 41.996.9 мянган төгрөгийн илүү төлөлтийг нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын тайланд оруулалгүй хойшлуулсан байна. 

Үүний шалтгааныг нэхэмжлэгч тайлбарлахдаа 012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0012849704 дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын дүн нь 18.596.050 төгрөгийн дүнтэй байсан бөгөөд уг падааныг С ХХК-ийн гэрээт ажлын үлдэгдэл төлбөр болох 162.559.7 мянган төгрөгийг 2015 оны 2 сард төлсний дараа хүлээн зөвшөөрөх шаардлагатай гэж үзэж санхүүгийн баримтаа дараах байдлаар бүртгэсэн гэжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно”, 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн”, мөн Сангийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 283 дугаар тушаалын хавсралт болох “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам”-ын 5.1-д Худалдаж авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтыг хуулийн 14 дүгээр зүйлийн 7-д заасныг үндэслэн дараах байдлаар тооцно”, 7.3-д буюу “7.3. “Худалдан авалтын журнал”-д бичигдсэн зээлээр хийсэн худалдан авалтанд ногдох Нэмэгдсэн өртгийн албан татварыг “Төлөгдөөгүй нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоо” дансны дэбитэд бүртгэх бөгөөд төлбөр нь хийгдсэн тухай бүр уг дансны керидитээс нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоо” дансны дебитэд хаана” гэж төлбөр хийгдтэл хойшлуулж бүртгэхийг, мөн журмын 7.4-д Мөнгөн орлогын журнал, Борлуулалтын журналуудыг үндэслэн борлуулсан бараа, ажил үйлчилгээндээ ногдуулан худалдан авагчаас нэхэмжилсэн буюу тухайн тайлангийн хугацаанд ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг, мөнгөний зарлагын журналыг үндэслэн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн буюу тухайн тайлангийн хугацаанд хасагдах нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тус тус тодорхойлно.” гэж төлбөр хийсэн үед нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын тайланд тусгахыг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч компани нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа бүртгэж тайлагнасан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, 2012, 2013, 2014, 2015 оны журналын бичилтүүд, ерөнхий дэвтрүүд зэргээр нотлогдож байна. 

Дээрх баримтуудаас дүгнэж үзэхэд С ХХК-ийн 18,596,050.00 /Арван найман сая таван зуун ерөн зургаан мянга тавин/ төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг зөрчилтэй байна гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч “О*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.7 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3-т заасныг баримтлан Болгаргеомин ЕАД нэгдлийн эрх залгамжлагч нь Болгаргеомин лтд  мөн эсэхийг тодруулсны дараа дахин үүсгэн байгуулагчийг бүртгэх хүртэл Монголболгаргео ХХК-ийн бүртгэлд Болгаргеомин ХХК-ийг хувь нийлүүлэгчээр бүртгэсэн бүртгэлийг түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.АДЪЯАСҮРЭН